Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 3(157)
Мэдрэл судлалын инфо-2011 олон улсын ээлжит сургалт-семинар болов
( Судалгааны өгүүлэл )
 

 

Монголын мэдрэлийн эмч нарын “Monneurol­ogy” нийгэмлэг өөрийн гишүүд эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, мэдрэлийн өвчний орчин үеийн оношилгоо, эмчилгээг танилцуулах, нэвтрүүлэх зорилгоор бүтэн жилийн турш 8–аас доошгүй удаагийн сургалт-семинарыг зохион байгуулж хэвшээд байна. Мөн жил бүр нэг удаа Олон Улсын сургалтыг мэдрэлийн өвчний тулгамдсан асуудлаар гадаадын эмч, эрдэмтэдтэй хамтран хийж Монголын хот, хөдөөд ажиллаж байгаа бүх мэдрэлийн эмч нараа хамруулан оролцуулдаг билээ. Энэ удаагийн Олон Улсын “INFO- 2011” ээлжит сургалт-семинарыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны санхүүгийн тусламжтайгаар Монголын мянганы сорилтын сангийн “Харвалт ба зүрхний шигдээс” төслийн багтай хамтран Улаанбаатар хотноо 2011 оны 8 дугаар сарын 26-28- ны өдрүүдэд ЭМЯ-ны сургалт-мэдээллийн төвд зохион байгууллаа.

Энэхүү сургалтад мэдрэл судлалын тулгамдсан асуудал болох “Хурц харвалтын орчин үеийн оношлогоо эмчилгээ” сэдвээр ХБНГУ-ын эмч, эрдэмтэд хүрэлцэн ирж, илтгэлүүд тавьж, харилцан санал бодлоо солилцлоо.

ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын дарга Д.Гончигсүрэн, ДЭМБ, ХБӨ багийн ахлагч Др Салик Говинд нар оролцож сургалт-семинарын ач холбогдлыг өндрөөр үнэлж, Тархины цус харвалттай өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулах, нас баралт болон тахир дутуу байдлыг бууруулахын тулд харвалтын тухай орчин үеийн оношлогоо, эмчилгээний тухай эмч нарын мэдлэг боловсролыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Тус сургалт-семинарт ХБНГУ-ын эмч, эрдэмтэн төлөөлөгчид болон манай орны эрдэмтэд дор дурьдсан сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Үүнд:

-ХБНГУ-ын Халле хотын Мартин-Лютерийн нэрэмжит Их сургуулийн Мэдрэлийн эмнэлгийн захирал доктор, профессор Stephan Zierz –“ Харвалт төст эмгэгүүд (Imitators of stroke)”, “Хурц харвалтын эрчимт эмчилгээ болон артерийн даралтын хяналт”

-ХБНГУ-ын Штутгарт хотын Ариун Винсентийн эмнэлгийн мэдрэлийн клиникийн захирал, доктор, профессор Aifred Lindner-“Хурц харвалтын дүрст оношлогоо”, “Транзитор ишемийн дайрлага болон бага харвалт: яаралтай тусламж хэрэгтэй юу?”

-- ХБНГУ-ын Халле хотын Мартин-Лютерийн нэрэмжит Их сургуулийн Мэдрэл судлалын эмнэлгийн Мэдрэлийн их эмч Доктор Hanisch “Хурц харвалтын менежмент: тромболиз ба эндоваскуляр ажилбар”, “Тархины эд доторх цус хурах харвалтын менежмент “

-ХБНГУ-ын Мартин Лютерийн ИС-ийн эмнэлзүйн эм судлалын тасгийн эрхлэгч, профессор, АШУ-ны доктор Peter Presek “Нейропротекци: судалгааг зогсоо– бодисууд үр дүнгүй“, “Харвалтын хоёрдогч урьдчилан сэргийлэлт” -ХБНГУ-ын Людвигсхафен Зүрхний эмч доктор Guenther Boehm “Зүрх ба харвалт “

-ХБНГУ-ын Халле хотын Мартин-Лютерийн нэрэмжит Их сургуулийн Мэдрэлийн эмнэлгийн мэдрэл судлалын тасгийн их эмч Diana Lehmann «Харвалтын нэгж: хурц харвалтын тусламжийг хэрхэн зохион байгуулах вэ?” зэрэг сэдвүүдээр мэдрэл судлал өндөр хөгжсөн орны эрдэмтэдийн илтгэлийг сонсож, харилцан ярилцав:

АУХ-ийн ЭШ-ний Тэргүүлэх ажилтан АШУ-ны доктор Д: Баасанжавын илтгэлд Улаанбаатар хотын хүн амын дунд сүүлийн 20 жилийн турш хийгдсэн судалгаанд харвалтын өвчлөл, нас баралтын түвшин тасралтгүй өсөх хандлагатай байна. 1978 онд харвалтын өвчлөл 1000 хүн амд 0,72 байсан бол, 1998 онд 2,96 болж өссөн байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын анхаарах ёстой тулгамдсан асуудлын нэг болохыг цохон тэмдэглэв. Мөн АУ-ны доктор, дэд профессор Д.Өлзийбаяр “Судасны шалтгаант деменци”, Анагаах ухааны доктор А.Балжинням, “Харвалтын эрт үеийн сэргээн засах эмчилгээ”, АУ-ны магистр, ЭМШУИС Л.Энхсайхан “Тархины цус хурах харвалтын даралтат бус шалтгаанууд”, анагаах ухааны доктор, ДЭМБ Д. Нарантуяа “Харвалт ба зүрхний шигдээс төсөл”, Мэдрэлийн эмч Ц.Оюунгэрэл “Харвалтын онцлог шигтгээ” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн нь Монголын мэдрэлийн эмч нарын өмнө тулгамдсан мэдрэл судлалын асуудлуудыг шийдвэрлэхэд шинэ мэдээлэл болж, чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.

Сургалт-семинар дээр эрдэмтэдийн хэлэлцүүлсэн илтгэлүүдийг гарын авлага болгон хэвлүүлж мөн дискэн дээр англи, монгол хэлээр бичиж, семинарт оролцогчдод тараалаа. Монголын хот, хөдөөгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 180 гаруй мэдрэлийн эмч нар оролцсон. 

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : АУХ-ийн ЭШАА, анагаах ухааны доктор, сургалт-семинар зохион байгуулах комиссын гишүүн Я.Эрдэнэчимэг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 737
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК