Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 4(76)
Монгол анагаах ухааны онол, Түүхийн өв сангаас Цагаан судал
( Судалгааны өгүүлэл )

Б.Жигжид

 

Хий мэдрэл гүйж махбодыг зохицуулдаг усан махбодтой тархи, нугас,цагаан судлыг ерөнхийд нь цагаан судал гэнэ. Үүнийг бас усан судал гэдэг. Бүхий л цагаан судал нь тархи нугас цагаан судал зэргийг багтаана. Цагаан судал бол хөврөлийн бойжилтийн явцад хүйснээс гарсан билэг судлыг түшиж бүрэлдэх тул усан махбодтой бөгөөд билэгт багтана.

Тархи «Онолын үндэс»-д «Тархины судал нь цагаан бөгөөд их далай мэт» гэж тэмдэглэсэн мэтээр маш олон цагаан судлаар бүрэлдсэн цагаан судлын их далайг тархи гэнэ. Тархи бол гавлын хөндийд байрлаж нугас хийгээд бүх биеийн цагаан судлын үндэс сурвалж болж байдаг. Тархины гадуур бүрхсэн нэгэн давхар тунгалаг бөгөөд боровтор өнгөтэй нимгэн хальсыг тархины тунгалаг бор хальс гэнэ. Түгээгч хийн үйлдлээр тамирын цусыг зүрхнээс тархинд хүргэдэг.Тархины амьдруулан дэлгэрүүлэгч судлаар тархины тамирын шимтгэл,ялгаралт явардана.Тархи бол амь баригч хий, хангагч бадганы орших орон болох бөгөөд бадганы үүсгэдэг цагаан судлын төв болно.Тархи бас амь баригч хий, хангагч бадганы захируул доор усан махбодын эрдмээр хий мэдрэлийн үйлийг үйлдэж,амьдрах зүйн ажиллагаанд зохицуулах  үйлдэл гаргана.

Нугас: Нугас бол амины гол цагаан судал болох бөгөөд тархинаас доош салж гараад дагзны ясны том нүх, хүзүү, сээр нуруу,бүсэлхий нуруу,ууц нуруу зэргийн нугасны гуурсаар дамжиж ахар сүүл хүрээд дуусна. Энэ тухай «Хөх биндзръяа»-д «Тархинаас үндэс мэт уруу хатгасан нугас бол амины цагаан судлын гол нь болох бөгөөд бүдүүн нарийн нь сумны хулсны төдий усан махбодын мөч чанараар дүүрсэн тул өнгө нь цагаан нурууны яснуудын дундуур оршиж, улмаар нарийсаад, ахар сүүл хүрээд зогсмой. Энэ нь цагаан судал  бүхнийг үүсгэх гол нь болох учраас амины цагаан судал гэсэн юм» гэж өгүүлсэн байдаг. Энэхүү тэмдэглэл нь нугасны бүтэц байрлал, өнгө хийгээд тархи цагаан судалтай холбогдлыг үндсэндээ тодорхойлжээ.

Цагаан судал тархи нугаснаас салбарлах бүх биед тархаж байгаа хий мэдрэл, гүйгч цагаан өнгөтэй судлыг цагаан судал гэнэ.

    Цагаан судал бол хийн гүйдэл болно.Тэр нь амь баригч хийн эрхтэний мэдрэлийг тодруулах, хангагч бадганы эрхтэний мэдрэлийг хангах зэрэг үйлдлээр амьдрах зүйн ажиллагааг эрхэлж, хий мэдрэлийн гүйдлээр махбодыг зохицуулах үйлдэл гаргана. Бүх биеийн цагаан судлыг дотор цул савтай барилдсан далд цагаан судал,гадна дөрвөн мөчтэй барилдсан ил цагаан судал гэж хоёр их төрөлд хуваана

Далд цагаан удал: таван цул, зургаан    савтай    барилдсан     арван гурван   (цагаан судлыг далд)    цагаан судал     гэнэ.     Тухайлбал,  зүрх, гэдэстэй барилдсан хийн дөрвөн судал, уушги, олгой, элэг, цөстэй барилдсан шарын дөрвөн судал ходоод, дэлүү  бөөр, давсагтай барилдсан бадганы дөрвөн судал сэмсээтэй барилдсан хурмалын нэг судалтай нийт арван гурван судал болно. Энэ арван гурван цагаан судал нь цөм дагз ясны том нүхээр тархинаас салж гараад доошоо нугасыг   дагаж   явсаар    нугаснаас салж тухайн    цул,    савтай    барилдана. Дотор    эрхтэнтэй    барилдах    цагаан судлын    салбар    олон    байх   боловч эртний     зохиолуудад     тэдгээрийн дотросс таван цул, зургаан савтай барилдсан арван гурван цагаан судлыг чухалчилж тодорхой өгүүлсэн байдаг. Үүний тархац нь доорх мэт зүрхтэй барилдсан цагаан судал хоёр байдаг. Энэ нь тархинаас доош нугасны хоёр талаар яваад нурууны долоодугаар үеийн тэндээс салж зүрхтэй барилдана, гэдэстэй барилдсан цагаан судал хоёр байдаг. Энэ нь тархинаас доош нугасны хоёр талаар нугасыг дараж яваад  нурууны арван долоодугаар үе хүрээд салж гэдэстэй  барилдана.  Уушгитай барилдсан цагаан судал нэг байдаг. Энэ нь тархинаас доош нугасыг дагаж яваад нурууны тавдугаар үе хүрээд салж уушгитай барилдана.   Олгойтой   барилдах цагаан судал нэр байдаг. Энэ нь тархинаас доош нугасыг дагаж яваад нурууны арван зургаадугаар үе  хүрч  нугаснаас  салаад олгойтой барилдана. Элэгтэй барилдсан цагаан судал нэг байдаг. Энэ нъ тархинаас доош нугасыг дагаж яваад нурууны есдүгээр үеийн тэндээс баруун тийш салж элэгтэй барилдана. Цөстэй барилдсан цагаан судал нэг байдаг. Энэ нь тархннаас доош нугасыг дагаж яваад  нурууны  аравдугаар үеийн тэндээс баруун тийш салж цөстэй барилдана. Ходоодтой барилдсан цагаан судал нэг байдаг. Энэ нь тархинаас доош нугасыг дагаж яваад нурууны арван хоёрдутаар үеийн тэндээс салж ходоодтой барилдана. Дэлүүтэй барилдсан цагаан судал нэг байдаг. Тархинаас доош нугасыг дагаж яваад нурууны   арван   нэгдүгээр   үеийн тэндээс зүүн тийш салж дэлүүтэй барилдана. Бөөртэй   барилдах  цагаан   судал  нэг байдаг. Энэ нь тархинаас доош нугасыг дагаж яваад нурууны арван дөрөвдүгзэр үе хүрээд зүүн баруун  тийш салж  хоёр  бөөртэй барилдана. Давсагтай  барилдсан цагаан судал нэг байдаг. Энэ нь тархинаас доош талыг  дараж  яваад  нурууны  арван наймдугаар үе хурч давсагтай барилдана, "Сэм­сээтэй барилдсан цагаан судал нэг байдаг. Энэ нь тархинаас доош нугасыг дагаж яваад нурууны арван гуравдугаар үеийн тэнд хүрч зүүн баруун хоёр салаа салж сэмсээтэй барилдана.

Ил цагаан судал: Дөрвөн мөчинд тархсан зургаан цагаан судлыг ил судал гэнэ. Дөрвөн мөчинд тархсан  цагаан судлын салаа олон байдаг боловч анагаах ухааны эртний зохиолуудад түүний доторх гол болох зургаан судлыг чухал болгон тодорхой өгүүлсэн юм. Энэ нь дээд мөчинд тархсан зүүн баруун хоёр тахирдуулагч судал, зүүн   баруун   хоёр   эрдэнэ   судал болно. Доод мөчинд тархсан  зүүн  баруун хоёр гуурст  судал зэрэг болно. Тэдгээрийн нарийн салаанууд нь булчин, шөрмөс, яс, үенүүдэд тархана. Зургаан ил судлын тархац нь доорх мэт: Гуурст судлыг бас бөгжин хөндийт гэж нэрийднэ. Энэ нь доод мөчний цагаан   судал   зүүн   баруун хоёр байдаг. Дагзны том нүхээр тархинаас салж гараад нурууны анхдугаар үеийн зүүн баруун талаар тус бүр нэг ямхын зайтай доошоо явж нурууны тавдугаар үе хүрээд амины гол цагаан судал болох нугастай барилдан   зэрэгцээд,   арван   хоёрдугаар нуруунаас  зүүн  баруун хоёр гуурст болон дахин салж сэмсээ хийгээд бөөрөнд барилдана. Үүнийг гуурст цараан судлын сэмсээ  бөөрний   салаа  гэнэ.  Гуурст цагаан судал бас доошоогоо яваад нурууны арван дөрөвдүгээр үе хүрээд дөрөв  (зүүн хоёр, баруун хоёр) болж сална. Түүнийг гуурст цагаан судлын ар, өмнө салаа гэнэ. Гуурст цагаан судлын ар салаа нь нурууны арван дөрөвдүгээр үеийн тэндээс доошоо яваад аарцагны хөндийн ар ханыг даган ахар сүүл болон суудал ясны хоорондуур аарцагны хөндийнөөс   хойш   гарч сүүжний зузаан булчингийн гүн  хэсгээр  доошоогоо гуяны гадар тал, тахимын хонхорын гадар ирмэг, шилбэний  булчингаар   доошоо явж гадар салаа ба борвийн хоорондуур урагшаа эргэнэ. Хөлийн өлмий дээгүүр дотогшоо нум хэлбэртэй, эргэж хөлийн өлмийн дотор  талаар  хөлийн  тавагт  хүрнэ. Энэ судал өлмий дээгүүр гарахдаа хөлийн чигчий хуруу, том хуруунд тус бүр нэг салаа барилдана.  Гуурст  цагаан судлын өмнө салаа нь нурууны арвандөрөвдүгээр үеийн тэндээс урагшаа явж цавины ховилоор хэвлийн хөндийгеөс гарч, гуяны өмнө, өвдөгний үе, шилбэ, өлмий зэргийн дотор тал, эрхий хурууны угаар явж, хөлийн уланд хүрч гуурст  цагаан  судлын  ар салааны үзүүртэй барилдана. Энэ судал нь хөлийн эрхий хурууны уг хүрэхэд нэг жижиг салаа салж хөлийн хуруутай барилдана, түүнийг  бийрийн үзүүрт цагаан судал гэнэ. Тахирдуулагч судлыг бас зажид буюу эрчимт  судал гэж  нэрийднэ.  Дээд мөчинд тархсан  цагаан судал,  зүүн  баруун тус бүр  нэг байна. Дагзны том нүхээр тархинаас гараад шилний хонхороор гадагш явж анхдугаар үеийн тэнд гуурст судлын гадуур нэг ямх зайтай газраар эгэм дал хоёрын завсраар доошоогоо шургаж ороод, хоёр салаа байна.  Нэг нь шуугаар дамжиж  атгаал ясны хүзүүний өмнө талаар гадагш гарч хонин сүүл булчингаар дамжиж доошоогоо эргээд атгаалын гадар талаар тохойн хонхорын гадна ирмэг хүрнэ. Нөгөө нэг салаа нь шууны хонхор, атгаалын дотор талаар доош тохойн хонхорын дундуур гадагш явж нөгөө салаатайгаа нийлнэ. Нийлсний хойно тохойн үетэй барилдаж, царвууны гадар талаар гарын эрхий хуруутай барилдаад гарын алганд орно. Эрдэнийн судлыг бас раднаа судал гэдэг. Дээд мөчний цагаан судал зүүн баруун талд тус бүр нэг бий. Тархинаас салж гараад чихний онцлогийн доогуур гадагшаа явж эгэмийн дотуур шургаж ороод шууны хонхор атгаал ясны дотор талаар, тохойн хонхорын дотор ирмэгээр царвуу бугуйн дотор талаар ядам хуруутай барилдана. Түүний салаанууд нь эрхий хуруутай барилдаж, гарын алганд хүрээд тахирдуулагч судлын үзүүртэй барилдана.

ХАР СУДАЛ

Бүх биеийн цус гүйх сүвийг хар судал гэнэ. Үүнийг бас цусны судал гэдэг. Хар судал бол хөндий сүв болох тул огторгуй махбодтой бөгөөд аргад багтана. Тэр нь хөврөл тогтоход хөврөлийн хүйснээс салбарлан гарсан арга судлаас үүснэ. Хар судал бол зүрхээр төв болгож бүх биеийн хэсэгт нийт тархаж бүхий битүү торлог гуурс болно. Зүрх ба хар судлын хөдөлгөөн нь түгээгч хийд захирагдана. Түгээгч хий нь хар судлаар гүйж түүний хөдөлгөх хүчин нь зүрхийг зогсолтгүй хөдөлгөхийн хамтад цусыг гүйлгэж бүх биеийн цусны эргэлт, өөрөөр хэлбэл их цусны эргэлтийг бий болгоно. Үүнд уушгины хар судлын цусны эргэлт, өөрөөр хэлбэл бага цусны эргэлт гэж бас байдаг. Энэхүү цусны эргэлт нь уушгины лугшуун судлаар зүрхний тамирын цусыг уушгинд хүргэж дахин уушгины намжуут судлаар дотор амьсгалын цусыг зүрхэнд хүргэх эргэлт болно. Уушгины хар судал гэдэг бол бүх биеийн хар судлын салаа биш, харин зүрхнээс шууд гарч уушгинд хүрээд дахин зүрхэндээ буцаж байгаа цусны эргэлтийн судал мөн. «Увидасын үндэс»-д «Зүрхний баруун зүүн хоёр судал нь уушгинд хатгамой» гэж тэмдэглэсэн нь даруй уушгины лугшуун судал уушгины намжуун судал хоёрыг зааж байх бөгөөд уушгины намжуун судал бол уушгин доторх олон намжуун судлын салаанууд нийлэлдсэн зүүн баруун уушгины намжуун судлын нийлбэр мөн. Уушгины лугшуун судал бол зүрхнээс гарч зүүн баруун хоёр салаа болж зүүн баруун уушгинд нэвтэрнэ. Хар судал бол идээ ундаанаас ялгарч гарсан шимийн долоон тунгалгийг биеийн эл хэсэгт хүргэж, үндсэн долоон тамирыг төлжүүлэхийн хамтад долоон тамираас ялгарч гарсан цөвүүдийг гадагш ялгах эрхтэнүүдэд хүргэх цус гүйдэг сүв болох тул тамирын шимтгэл, ялгаралтад чухал үйлдэл гаргахаар барахгүй хийн солилцоонд ч чухал үйлдэл үзүүлнэ. Хар судлыг лугшуун судал, намжуун судал, хялгасан судал гэж гурван их төрөлд хуваадаг.

Лугшуүн судал: зүрхнээс гадагш биеийн эл хэсгийн хялгасан судалд тамирын цус хүргэдэг судлыг лугшуун судал гэнэ.

Үүнийг бас улаан судал гэдэг бөгөөд эртний зохиолд «хий, цус нийлэлдсэн лугших судал» гэсэн байдаг. Лугшуун судлыг бас амины гол лугшуун судал, цул савын лугшуун судал, хүзүү толгойн хэсэгт тархах лугшуун судал, дөрвөн мөчний лугшуун судал гэж хуваадаг юм.

Амины гол лугшуун судлыг бас амины хар судал гэдэг. «Онолын үндэс»-д «Амины судал нь нурууны дотуур нарс модыг босгосон адил түүнээс салсан нарийн судал бүхий биед тархмой. Гуравдугаар үеийн орчимд гурван судал өмнөөсөө гармой. Дунд судлаас зүрх нь үрийн ёсоор оршмой» гэж тэмдэглэсэн нь одоо үеийн анатомийн ухаантай нэлээд нийцэж байна. Амины гол лугшуун судал бол нурууны гуравдугаар үеийн орчимд зүрхнээс дзэш салж гараад зүүн тийшээ нуман хэлбэрээр эргэж, нурууны тавдугаар үеийн тэнд хүрч багана нурууны зүүн захыг дагаж, доошоо цээжний хөндий, хэвлийн хөндийг дамжин, нурууны арван долоодугаар үеийн тэнд хүрч бэлхүүсний зүүн, баруун хоёр ерөнхий судал болж сална. Уушгины лугшуун судлыг гаргавал бүх биеийн лугшуун судал нь амины гол лугшуун судлаас сална.

Цул савын лугшуун судал: дотор эрхтэнд лугшуун судал олон байх боловч тэдгээрийн дотроос гол болох нь таван цул, зургаан савын лугшуун судал болно. Зүрхний лугшуун судал бол зүүн, баруун тус бүр нэг байдаг. Тэр нь амины гол лугшуун судлын угаас салж гараад зүрхэнд тархаж, тамирын цусыг хүргэнэ. Уушгины лугшуун судал бол зүрхнээс уушгинд тамирын цусыг хүргэж байгаа судал мөн. Нурууны дөрөвдүгээр үе (гуравдугаар сээр нуруу)-ний орчимд зүрхнээс салж гараад нурууны тавдугаар үеийн орчимд хүрч хоёр тийш салаалан зүүн баруун уушгинд орсноос уушгины доторх хялгасан судалд цус хүргэнэ. «Увидасын үндэс»-д уушгины доторх хялгасан судлыг «Уушгины дотор судал нь багцалсан өвсийг арьсаар бүрхсэн мэт» гэж дүрсэлсэн байдаг. Элэгний лугшуун судал бол нурууны арван гуравдугаар үеийн тэнд амины гол лугшуун судлаас салж гарсан судлын салбар мөн. Баруун тийш явж элгэнд тархаад тамирын цус хүргэнэ. Дэлүүний лугшуун судал бол нурууны арван гуравдугаар үе (арван хоёрдугаар сээр нуруу)-ний тэнд амины гол лугшуун судлаас салж гарсан судлын салбар мөн. Зүүн тийш явж дэлүүнд тархаад тамирын цус хүргэнэ. Бөөрний лугшуун судал бол нурууны арван тавдугаар үе (хоёрдугаар бүслүүр нуруу)-ний орчимд амины гол лугшуун судлаас хоёр тийш салж гараад хоёр бөөрөнд орж тамирын цус хүргэнэ. Ходоодны лугшуун судал бол нурууны арван гуравдугаар үеийн тэндээс амины гол лугшуун судлаас гурван бага салаа болон салж, ходоодонд тамирын цус хүргэнэ. Гэдэсний лугшуун судал нурууны арван дөрөвдүгээр үе (нэгдүгээр бүслүүр нуруу)-ний тэндээс амины гол лугшуун судлаас салж өмнө доошоогоо яваад олон салаалж

чацархайгаар дамжин голдуу гэдсэнд тархаж, тамирын цус хүргэнэ. Түүний зарим салаа нь олгойн өгсөх хэсэгт тархаж тамирын цус хангана. Олгойн лугшуун судал бол нурууны арван зургаадугаар үе (гуравдугаар бүслүүр нуруу)-ийн тэнд амины гол лугшуун судлаас салж өмнө доошоогоо явна. Түүний салаанууд нь олгой, ходорхой, хошногод тархаж тамирын цус хүргэнэ. Цөсний лугшуун судал бол амины гол лугшуун судлын салбар болох элэгний лугшуун судлын, нэг жижиг салбар мөн. Цөсний уутанд тамирын цус хүргэнэ. Давсагны лугшуун судал бол амины гол лугшуун судлын салбар болох бэлхүүсний дотор лугшуун судлаас салж гараад давсагт тархаж тамирын цус хүргэнэ. Сэмсээний лугшуун судал бол нурууны арван зургаадугаар үе (гуравдугаар бүслүүр нуруу)-ний хавьд амины гол лугшуун судлаас салж гарна. Үүнд эмэгтэйн сэмсээний лугшуун судал бол доошоо яваад аарцагны хөндийд орж эмэгтэйн сэмсээ болон улаан дусал дамжуулах гуурсанд тархаж тамирын цус хүргэнэ. Эрэгтэйн сэмсээний лугшуун судал бол доошоо яваад цагаан дусал дамжуулах гуурстай хамтад цавины ховилоор дамжиж гараад төмсөнд тархаж, тамирын цус хүргэнэ.

Хүзүү толгойн хэсэгт тархах лугшуун судал: Үүнд гол болох нь хүзүүн зүүн баруун талд байдаг лугшуун судал болно. Зүүн талынх нь амины гол лугшуун судлаас салж, баруун талынх нь амины гол лугшуун судлын салбар болох нэргүй лугшуун судлаас сална. Энэ хоёр судал нь бүр нурууны гуравдугаар үений тэндээс эхлээд дээш өгсөж төвөнхийн хоёр талд хүрээд хүзүүний дотор лугшуун судал хүзүүний гадар лугшуун судал болж салдаг юм. Хүзүүний дотор лугшуун судал бол гавлын хөндийд ороод олон салаалж голдуу тархинд тархаж тамирын цус хүргэнэ. Хүзүүний гадар лугшуун судал нь доод эрүүний өнцгийн ар хонхор, чихний өмнө талаар дээш явж олон салаа сална. Түүний салаанууд нь хоолой төвөнхийн хэсэг, нүүр, чамархай толгойн орой, хэл, хамар, нүд, чих, тархины бүрхэвчид тархаж тамирын цус хүргэнэ. Эртний хүмүүс эдгээр судлын дотроос тархины бүрхэвчид тархах салаануудыг нэн чухалаар үзэж «Увдисын үндэс»-д «Тархины амьдруулан дэлгэрүүлэгч судал» гэж нэрийдээд «түүний салаанууд нь тархины бүрхэвчийн дээгүүр модны навчийн судас мэт барилдаж оршмой» гэж үйлдэл, тархацыг үндсэндээ зөв  тодорхой  тэмдэглэсэн байдаг.

Дөрвөн мөчний лугшуун судал: Үүнд дээд мөчний лугшуун судал, доод мөчний лугшуун судал гэж хоёр хуваадаг. Дээд мөчний лугшуун судал бол нэг хос бүдүүн судал мөн. «Увдисын ундэс»-д «Амины судлын хоёр салаа нь гард хурмой» гэж тэмдэглэсэн нь үүнийг гэрчилж байна. Зүүн талынх нь амины гол лугшуун судлын нумнаас шууд салж, баруун талынх нь амины гол лугшуун судлын салбар болох нэргүй лугшуун судлаас сална. Зүүн баруун хоёрын аль нь боловч гадар дээшээ явж цээж­ний хөндийд дээд амсар хүрээд гадагшаа нуман хэлбэртэй мурийж эгмийн доогуур гадар доошоогоо шуу, атгаал ясны өмнө дотор талаар тохойн хонхор хүрээд, дотор гадар хоёр бүдүүн салаа болж сална. Гадар салаа нь шинжлэх судал дотор салаа нь сөнөсөн судал болно. Дээд мөчний лугшуун судлын бүх явцад олон салаа салж цээж, хүзүү мөр, атгаал, царвууны хэсэгт тархаж тамирын цус хүргэх боловч тэдгээрийн дотроос хамгийн бүдүүн нь энэ хоёр салаа мөн. Шинжлэх судал бол тохойн хонхорын гүн хэсгээс царвууны өмнө гадар талаар шуу ясыг дагаж доошоо бугуйг дамжин эрхий хурууны уг хүрч, олон салаа салаад эрхий хуруу, хомхой хуруу, дунд хуруу, алганд тархаж тамирын цус хүргэнэ. Түүний зарим салаа нь алганы дотор талд сөнөсөн судлын салаатай холбогдож, алганы лугшуун судлын нумыг бүтээнэ. Сөнөсөн судал бол тохойн хонхорын гүн хэсгээс бага зэрэг доошоо мурийж царвууны өмнө дотор талаар дамжиж алганд хүрээд олон салаална. Түүний салаанууд нь чигчий хуруу, ядам хуруу, дунд хуруу, алганд тархаж тамирын цус хүргэх бөгөөд зарим салаа нь алганы дотор талд шинжлэх судлын салаатай холбогдож алганы лугшуун судлын нумыг бүтээнэ. Доод мөчний лугшуун судал бол нэг хос бүдүүн судал мөн. Энэ тухай «Увдисын үндэс»-д «Амины гол судлаас хоёр салаа салж, цавиар гадагшаа гараад хоёр хөлд хүрмой» гэж тэмдэглэжээ. Нурууны арван долоодугаар үений тэнд амины гол лугшуун судлаас бэлхүүсний зүүн баруун хоёр ерөнхий судал сална. Энэхүү хоёр ерөнхий судал нь доошоогоо аарцагны хөндийд хүрч нурууны арван есдүгээр үений хоёр талын тэндээс тус бүр хоёр салаа болж сална. Түүний дотор салаа нь цаашаа аарцагны хөндийн доторх эрхтэн орчин тойрны эрхтэнүүдэд тархаж тамирын цус хүргэнэ. Гадар салаа нь цавины ховилоор гадагшаа гараад доод мөчинд салаалан тархана Энэхүү гадар салааг доод мөчний лугшуун судал гэнэ. Түүнээс олон салаа салбарлаж доод мөчний энэ хэсэгт тархаж тамирын цус хүргэнэ. Тэдгээрийн дотроос гол болох бүдүүн салаа нь гуяны лугшуун судал, тахимын лугшуун судал, шилбэний өмнө лугшуун судал, шилбийн ар лугшуун судал болно. Гуяны лугшуун судал бол доод мөчний лугшуун судлын анхны салбар болох бөгөөд цавины ховилоор гарч ирээд гуяаны өмнө талаас эхлэн гуяны дотор талаар ар доошоогоо ташуугаар явж, тахимын хонхорт хүрнэ. «Увдисын үндэс»-д үүнийг бас «зүрхний судлын оньс» гэдэг. Энэ судал олон салаалж ташаа, ууц, гуянд тархаж тамирын цус хүргэнэ.

Тахимын лугшуун судал бол гуяны лугшуун судлын үргэлжлэл болох бөгөөд доод мөчний лугшуун судлын хоёрдугаар салбар мөн. Үүнийг «Увдисын үндэс»-д «тахимын хар судал» гэжээ. Бүдүүн гуяны доод хэсгийн дотор талаас ташуугаар тахимын хонхорын голд ороод доошоогоо тахимын хонхорыг өнгөрмөгц шилбэний өмнө лугшуун

судал, шилбэний ар лугшуун судал гэдэг судал болж сална. Шилбэний өмнө лугшуун судал бол тахимын хонхорын доод хөвөөнд тахимын лугшуун судлаас салдаг бүдүүн нарийн хоёр шилбэний ясны дундуур урагшаа гараад шилбэний өмнө талыг дагаж доошоогоо өлмийгөөр дамжиж эрхий, долоовор хоёр хурууны завсраар хөлийн уланд орно. Энэ судлын салаанууд нь шилбэний өмнө тал, өлмий, хөлийн хуруу болон улны өмнө хэсэгт тархаж тамирын цус хүргэнэ. Шилбэний ар лугшуун судал тахимын хонхорын доод хөвөөнд тахимын лугшуун судлаас салаад шилбэний ар талыг дагаж доошоогоо шагайн дотор товгорын араар хөлийн уланд орно. Энэ судлын салаанууд нь шилбэний ар тал болон борви, шагай, хөлийн уланд тархаж тамирын цус хүргэнэ.

Хялгасан судал: Бүх биеийн нэхдэсийн хооронд тархаж байгаа маш нарийн цусны судлыг хялгасан судал гэнэ. Ерөнхийдөэ хялгасан судлын нэг үзүүр нь лугшуун судлуудтай барилдаж, лугшуун судлаар гүйдэг тамирын цусыг хүлээж аваад, нөгөө үзүүр нь намжуун судлуудтай барилдаж ялгагдаж гарсан цөвтэй цусыг намжуун судалд цутгана. Иймээс хялгасан судал бол шимийн долоон тунгалаг агуулсан тамирын цусыг бүх биеийн нэхдэсэнд шууд хүргэх бөгөөд ялгарч гарсан цөвийг тус тусын оронд нь хүргэх үйлдэлтэй юм.

Намжуун судал: Бүх биеийн хялгасан судлаас зүрхний  зүг цус хүргэж байгаа судлыг намжуун судал гэнэ. Үүнийг бас хөх судал гэдэг. Намжуун судлыг их төлөв цээжний хөндийн намжуун судал, хэвлийн хөндийн намжуун судал, тунгалгийг дамжуулах  судал  гэж  гурван хэсэг хуваадаг. Цээжний хөндийн намжуун судал бол «Увдисын үндэс»-д тэмдэглэсэн зүрхтэй барилдсан «таван судал»-ын нэг нь мөн. Энэ судал бол дээд мөч, толгой, цээжний хэсгийг намжуун судлаас ирсэн цусыг зүрхэнд  хүргэнэ.  Цээжний хөндийн намжуун судал бол нэг богино бөгөөд бүдүүн намжуун судал болно. Ойр үзүүр нь зүрхтэй  барилдаж,  хол  үзүүр   нь нэгдүгээр хавирганы яс болон өвчүүний ясны үеийн ар талд зүүн баруун салаа болж сална. Цээжний хөндийн намжуун судлын гол болох салаанд дээд мөчний намжуун судал, хүзүүний намжуун  судал гэж хоёр намжуун судал байдаг. Дээд мөчний намжуун судал бол гарын алганы хэсэг болон сарвууны хэсгийн намжуун судлын салаанууд нийлэлдээд атгаалын дотор, гадар намжуун судал болж, атгаалын дотор гадар намжуун судал нь нийлэлдээд шууны намжуун судал болж, эгмийн доор дотогшоо ороод өвчүү эгмийн үеийн ард хүрнэ. Дээд мөч дэх ханах судал бүхэн эдгээр намжуун судлын салаа мөн. Хүзүүний намжуун судал бол хүзүүний хэсгийн хамгийн бүдүүн   намжуун  судал  мөн.  Толгой хүзүүний хэсгийн намжуун судлын салаанууд нийлэлдээд хүзүүний намжуун судал болох бөгөөд зүүн  баруун тус  бүр  нэг байдаг. Хүзүүний намжуун судал нь доошоо өвчүү эгэмийн ард хүрээд дээд мөчний нам­жуун   судал   хоёулаа   хамтарч цээжний хөндийн намжуун судлын зүүн баруун салаанд цутгана. Цээжний хөндийн намжуун судлын хоёр салаа хамтраад цээжний хөндийн намжуун судал болно. Толгойн хэсэг дэх  ханах  судлын олонх нь энэ судлын салаа мөн. Хэвлийн хөндийн намжуун судал бол бие дэх хамгийн бүдүүн намжуун судал болно. Энэ бол «Увдисын үндэс»-д тэмдэглэсэн зүрхтэй барилдах «таван судлын нэг» мөн. Нурууны арван зургаадугаар үений баруун талд бэлхүүсний зүүн баруун ерөнхий намжуун судал нийлэлдээд хэвлийн хөндийн намжуун судал  болно.  Хэвлийн  хөндийн   ар хананд наалдаж багана нурууны баруун талаар дээш өгсөөд өрцний булчинг дамжиж цээжний  хөндийд  ороод зүрхтэй барилдана. Энэ нь доод мөч, аарцагны хөндий цорой, бэлхүүс, бөөр, давсаг зэрэг дотор эрхтэн, багана нурууны доод хэсгийн намжуун   судлын   салаануудаас ирсэн цусыг зүрхэнд хүргэнэ. Хэвлийн хөндийн намжуун судлын гол болох салаанд бэлхүүсний ерөнхий намжуун судал, доод мөчний намжуун судал, тахимын намжуун судал том ил намжуун судал гэж дөрвөн намжуун судал байдаг. Бэлхүүсний ерөнхий намжуун судал бол зүүн баруун тус бүр нэг байдаг. Аарцагны  хөндийн намжуун судал, доод мөчний намжуун судал нь аарцагны хөндийн ар хананд нурууны арван есдүгээр үеийн хоёр талд нийлээд бэлхүүсний ерөнхий намжуун судал болж багана нурууны хоёр талаар өгсөөд нурууны арван зургаадугаар  үений  баруун талд нийлж хэвлийн   хөндийн  намжуун  судал болно. Доод мөч, бэлхүүс, аарцагны хөндий, ууц зэргээс ирсэн намжуун судлуудын цус нь хэвлийи хөндийн намжуун судалд цутгана. Доод мөчний намжуун судлыг «Увдисын үндэс»-д  «Гуяны   доторхи  хажуугийн их судал» гэж тэмдэглэсэн байдаг. Тахимын намжуун   судал болон том ил намжуун судал нь хоёр цавины доод ирмэгт нийлээд доод мөчний намжуун судал болж цавины ховилоор аарцагны хөндийд орно. Том ил намжуун судал бол доод мөчннй гүехэн хэсгийн судлын хамгийн бүдүүн нь мөн. Хөлийн өлмийгөөс эхлээд шагайн дотор товгорын өмнө тал   шилбэний дотор тал тахимын хонхорын дотор ирмэг,гуяны дотор талаар өгсөөд  цавины хонхор хүрч тахимын намжуун судалтай нийлж доод мөчний намжуун судал болно. Тахимын намжуун судал бол шилбэний өмнө ар хоёр намжуун судлыг багтаана. Үүнд: шилбэний ар талын намжуун судлууд нийлээд шэлбэний ар намжуун судал болно. Шилбэний өмнө намжуун судлууд нийлээд шилбэний өмнө намжуун судал болно. Хөлийн өлмийн гадар талаас эхлэх, шагайн гадар  товгорын ар талаар дээш эргээд шилбэний булчингийн голоор явж тахимын хонхорт орсон намжуун судлыг жижиг гол намжуун судал гэнэ. Шилбэний өмнө, ар хоёр намжуун судал, жижиг ил намжуун судал тахимд хүрч нийлээд тахимын намжуун судал болно.Тахимын   намжуун судал нь тахимын хонхороос гуяны дотор талаар ташуугаар өмнө дээш явж цавины хонхор хүрээд том ил намжуун судалтай нийлж доод мөчний намжуун судал болно. Доод мөчин дэх ханах судлын олонх нь доод мөчний намжуун судлын салаа мөн.

Тунгалаг дамжуулах судал: Идээний тунгалгийг элгэнд хүргэх намжуун судлыг тунгалаг дамжуулах судал гэнэ. Үүнийг «Онолын үндэс»-д «тунгалааар авах судал» гэж нэрийдэж эртний зохиолд тэмдэглэсэн тунгалаг дамжуулах судлыг сүүлийн жилүүдэд анатомын ухаантай харьцуулан шинжлээд «үүдний намжуун судал» мөн гэж үзэж байна. Тунгалаг дамжуулах судал бол ходоод гэдсэнд ялгарсан идээний тунгалгийг зөөвөрлөн элгэнд хүрэх үйлдэлтэй. Энэ тухай «Онолын үндэс»-д идээний тунгалаг нь «Ходоодноос тунгалгийг авах судлуудаар дамжиж элгэнд хүрээд цус болно» гэж тэмдэглэсэн байдаг. Тунгалаг дамжуулах судал бол ходоод, гэдэс, олгой, дэлүү, цөсний уут зэрэг цул савны олон намжуун судал нийлж бүтсэн намжуун судал мөн. Тэдгээр намжуун судлуудын нийлэлдэхийн дагуу баруун дээшээгээ өгсөж хэвлийн хөндийн баруун дээд хэсэгт хүрээд том намжуун судал болж элэгний үүдээр орно. Элгэнд орсон хойно дахиж олон салаа салсаар хялгасан судал болж элэгний нэхдэст тархана. Тэр нь бас дахин нийлэлдсээр элэгний намжуун судал болж элэгнээс гараад хэвлийн хөндийн намжуун судалтай нийлнэ. Иймээс тунгалаг дамжуулах судлын цус нь элгээр дамжаад хамгийн эцэст хэвлийн хөндийн намжуун судалд цутгана.

СҮВ

Хүний бие дэх махбод, тамир, хий мэдрэл, хий цус, хий амьсгаа идээ ундаа, тунгалаг цөв зэрэг гүйдэг судал хөндий гуурсыг сүв гэнэ. Сүв бол хөндий гуурслаг мөртөө дотуур нь хий буюу шингэн бодис гүйх зай завсар байдаг болохоор огторгуй махбодод төрөлжүүлж аргын хэмжээнд багтаана. Тэр нь голдуу сунаж агших цулгуй булчингаар бүтэж нарийн бүдүүн урт богино харилцан адилгүй бөөрөнхий хэлбэртэй бөгөөд зарим нь мод буюу цэцгийн навчны арын судас мэт харилцан нийлэлдэн салбарлаж бүх биеийг торлож байх юм. Сүвийг дотор сүв, гадар сүв гэж хоёр хуваана. Үүнийг «Дөрвөн үндэс»-д хүний биед амины хий гүйх сүв нэг, тамир гүйх сүв долоо, хир гүйх сүв гурав идээ гүйх сүв нижгээдтэй, нийт арван гурван дотор сүвтэй. Нүдний сүв хоёр, хамрын сүв хоёр, амны сүв нэг, өтгөн шингэн мөрийн сүв нэжгээд ба эмэгтэй хүнд умайн сүв нэг, хөхний сүв хоёр илүү байдагтай нийт арван хоёр гадар сүвтэй юм гэж өгүүлсэн байдаг. Ерөнхийлөөд хэлбэл  доорх мэт болно:

Дотор сүв: Бадган зэргийг үүсгэдэг усан махбод дийлэнх цагаан судал нь тархинаас салбарлаж түүний доторх нугас зэргээр хий мэдрэл гүйнэ. Шар зэргийг үүсгэдэг гал махбод дийлэнх  хар судал нь зүрх амин судал, лугшуун судлаас салбарлаж түүний дотуур шимийн тунгалгийг агуулсан цус гүйнэ. Хийг үүсгэдэг хий махбод дийлэнх төв судал нь хүйснээс дээш доош салбарлаж түүний дотуур амин хий гүйнэ. Амны хий гүйх төв судлыг нүдэнд үзэгдэхгүй гэж эртний зохиолд тэмдэглэж байх бөгөөд одоодоо зарим хүн хятад анагаах ухааны жим хэрдэстэй адилавтар гэж үзэж байна. Үүнээс гадна шингээлтийн гуурс нь амнаас эхлэн улаан хоолой, ходоод гэдэс, олгойгоор дамжин хошного хүртэл  явж түүний дотуур таван махбодын шим бүхий идээ ундаа, түүний цөв гүйнэ. Хий амьсгааны гуурс нь хамрын амнаас эхлэн мөгөөрсөн хоолойгоор дамжин уушги хүртэл явж түүний дотуур хий амьсгаа гүйнэ.

Гадар сүв: Дүрсийг үзэх нүд, дууг сонсох чих, үнэрийг үнэртэх хамар, амтыг амтлах ам хэл хийгээд хүрэлцэгдэхүүнийг хүрэлцэх арьс хөрс зэрэг бол цөм сүвтэй юм. Эдгээр сэрлийн эрхтэнд хий мэдрэлийн сүв үгүй бол гадаад ертөнцийг сэрж мэдрэхийн бололцоо үгүй болно. Үүнээс гадна шар үсний сүв, хөхний сүв, умайн сүв, хошногоны сүв, шээсний сүв зэрэг гурван хирийн  сүв  байдаг юм.

Хүний биеийн дотор гадар бүтэц бүхэнд, цөм сүв байх бөгөөд амины хөдөлгөөний бүх явцад туйлын нягт харьцаатай хамжин ажиллаж байдаг. Үүний махбод тамирын харьцаа зохицонгуй байвал сүвийн үргэлжлэл тасралтгүй ялгал явагдаж түүний дотуур гүйдэг хий, цус, мэдрэл, тунгалаг цөв зэрэг нь зохистой хэмжээгээр тогтсон цагтаа тус тусын орондоо сааталгүй хүргэгдэж эрүүл эсэхийг баталдаг. Хэрэв махбод тамирын харьцаа харшингуй болбол сүвийн үргэлжлэлд гэмтэл гарч түүний дотуур гүйдэг. Хий цус, мэдрэл, тунгалаг, цөв зэрэг нь цаг хэмжээгээ алдах буюу эсхүл хэтэрхий аривтаж, дуслан шавхагдах бүдүүрэн хаагдах зэрэг явдал үүснэ. Жишээлбэл: хийн урвалтаар сүв хаагдах, бадганы урвалтаар сүв бүдүүрэх, шарын урвалтаар сүвийн ам нээгдэх буюу хавдах, нян хордлогоос сүв гэмтэх зэрэг явдал байж болно. Үүнээс гадна сүвийн дотуур гүйдэг хий буюу шингэн бодис нь зарим үес өөр өөрийн гүйх мөрийг алдаж, бусдын гүйх мөрд орж хямралдах явдал гардаг. Жишээлбэл: гал тэгшитгэгч хий тунгалаг, цөвийг ялгаж чадсангүйгээс болж цөвийг тунгалаг гүйх судлын сүвд алдаж оруулах явдал байж болно. Иймээс сүв эрүүл байх эсэх ба түүний дотуур гүйдэг зүйлс нь тогтсон жам ёсоороо гүйх эсэх нь хүний бие махбодын эрүүл эсэхэд холбогдох бас нэгэн чухал шалттаан мөн. Энэ тухай сүвийн үргэлжлэлд харшгүй сэрүүн булээн тэгш чанартай идээ явдлыг ямагт эдэлж биеийн тамирыг зохистой хийсэн байвал хүний бие махбодын эрүүлд их ач тустай байдаг.

ЦУЛ САВ

Таван махбодын тунгалгийн түшиг болох чамбай эрхтэнийг цул гэх бөгөөд таван махбодын тунгалгийн цөв хурах хөн­дий эрхтэнийг сав гэдэг. Үүнд зүрх, уушги, элэг, дэлүү, бөөр зэргийг таван цул гэж ходоод гэдэс, олгой, цөс, давсаг, сэмсээ зэргийг зургаан сав гэнэ. Цул сав бол үндсэн тамираар бүтээгдэж байх бөгөөд тус тусын махбод нь адилгүй мөртөө орших, орон, үйл ажиллагаа нь харилцан зөрөөтэй болохоор биемахбодын амины хөдөлгөөнд гаргах үйлдэл нь бас адилгүй юм. Хэдийбээр тийм боловч хийн гүйдэл болон цагаан, хар судлаар харилцан холбогдох бөгөөд тамирын шимтгэл, ялгаралтын талаар харилцан нягт харьцаатай систем болж амины хөдөлгөөнд чухал үйлдэл гаргадаг юм. Хүний биеийн цул савын хөдөлгөөний жам ёс болон тэдгээрийн хоорондох харьцааг судлах онолыг цус савын онол гэнэ. Энэ нь үндсэн онолын чухал нэгэн хэсэг мөн.

Өнгөрсөн үеийн монгол эмч нарын зохиолоос үзвэл арга  билэгт төрөлжүүлэхдээ таван махбодын тунгалгийн түшиг болох цулыг аргад төрөлжүүлж, таван махбодын тунгалгийн цөвийг хураах савыг билэгт төрөлжүүлжээ. Одон зурхайн таван махбодод төрөлжүүлэхдээ «сэрцэн»-д таван цул нь таван махбодын тунгалгийн шүтээн болмой.  Үүнд: зүрх нь огторгуй махбодын   тунгалгийг эрхэмлэсэн тайн мэдрэлийн шүтээн, уушги нь хий махбодын тунгалагийг эрхэмлэсэн дотор амьсгалын    шүтээн   эгэл махбодын тунгалаг  биеийн илчийн шүтээн, дэлүү нь шороо махбодын  тунгалаг чийрэг хүндийн  шүтээн,  бөөр  нь  усан махбодын тунгалаг нойтон чийгийн шүтээн болмой;   «Зургаан   сав   хэмээхийн учир шалтгаан нь таван махбодын тунгалгуудын цөвийг хураах сав болох тул сав хэмээжүй.   Үүнд: идээ   ундааны   тунгалаг цөв ходоодонд  ялгарч, тэрхүү тунгалгийн цөв нь шороо махбодтой ходоодонд хурах тул ходоод  нь  шороо  махбодын  шүтээн дэлүүтэй барилдмой. Түүний тунгалаг нь гал махбодтой элэгний оронд цус болж, цусны цөв нь цөсний уутанд хурж хадгалагдах тул элэг цөс барилдахын ёс болой. Идээ ундааны  цөв нь гал тэгшитгэгч хийгээд олгойд хуран оршиж, уушги нь хий махбодын цөвийн сав болох олгойтой барилдмой. Шингэн шээс нь усан махбодын цөвийг хадгалах давсагт хурж давсаг, бөөртэй барилдмой. Идээ ундааны ерөнхий цөв нь гэдсэнд   хурах  бөгөөд   гэдэс зүрхтэй барилдмой. Таван махбод хурсан цагаан улаан дуслын цөв нь сэмсээнд хурах тул сэмсээ нь таван цултай барилдмой» гэж тэмдэглэсэн  байдаг.  Энэхүү  ёсыг үндэслэж зүрх гэдсийг огторгуй махбодод, уушги олгойг хий махбодод, элэг цөсийг гал махбодод, бөөр давсагийг усан махбодод, дэлүү ходоодыг шороо махбодод   тус тус төрөлжүүлдэг байна.

Хар зурхайн таван махбодод төрөлжүүлэхдээ «Дөрвөн үндэс»-ийн хойт үндэст «Хавар таван махбод дэлгэрч элэгний судал гүймой. Зун гал махбод дэлгэрч зүрхний судал гүймой. Намар төмөр махбод  дэлгэрч  уушгины   судал гүймой.

Өвөл усанмахбод дэлгэрч бөөрний судал гүймой. Улирал бүрийн завсрын арван найман хоногт шороо махбод дэлгэрч дэлүүний судал гүймой» гэж тэмдэглэснийг үндэслэж таван цул, зургаан савын судлын гүйдлийг дөрвөн улирал, таван махбодтой барилдуулан элэг цөсийг модон махбодод, зүрх гэдсийг гал махбодод, уушги олгойг төмөр махбодод бөөр давсагыг усан махбодод, дэлүү ходоодыг шороо махбодод тус тус төрөлжүүлдэг байна.

Дээр дурдсан хоёр зүйлийн таван, махбодын төрөлжүүлэл хоорондоо өдий төдий зөрөөтэй байгаа бол тэр хоёрын уг гарал нь өөр, утга агуулга нь ч бүрэн адилгүйгээс болж байна. Иймээс уулаасаа нэг системийн онол биш байсан тул хэлэлтгүй юм бүхэн дээр нэгдмэл байх шаардлагад хүрч чадахгүй юм. Энэ талаар өнгөрсөн ба одоо одон зурхайн ёсоор тайлбарласан бол мөн тэр ёсоор ойлгон хэрэглэж хар зурхайн ёсоор тайлбарласан бол мөн түүнийг дурамлан дагасаар байжээ. Гэвч цул савын онолд голдуу одон зурхайн таван махбод хий шар бадганы онолыг эрхэмлэдэг юм.

Дахиад цул савын хоорондох харьцааг үлгэрлэн адилтгаснаас үзвэл «Зүрх нь хаан тавцанд суусан мэт, эх таван уушги нь дотоод түшмэд мэт, хөвгүүн таван уушги нь хааны хөвгүүн мэт элэг дэлүү хоёр нь их бага хатан мэт, бөөр нь гадаад түшмэл буюу бөө нурууг эргэсэн мэт, сэмсээ нь эдийн сан хөмрөг мэт, ходоод нь идээний цагаан тогоо мэт, гэдэс олгой нь хатны зарц мэт, цөс нь алтан тулам (бадганы хольш агуулсан сав) өлгөсөн мэт, давсаг нь ус дүүрсэн сав мэт» гэж «Дөрвөн үндэс»-д тэмдэглэжээ. Энэхүү адилтгал бол дотоод эрхтэн таван цул, зургаан савын амьдрах зүйдэх харьцааг үлгэрлэн өгүүлж байгаа юм.

Сүүлийн үеэс эхлэн Монгол анагаах ухааны хөгжилтийг дагалдан цул савын тухай онол өдөр ирэхүй системжиж, амьдрах зүйн үүднээс тэдгээрийи хоорондох харьцааг тайлбарлах болсон байна. Энэ тухай хэдийгээр цагаан судал, цусан судлын цул саванд барилдсан талаас үздэг боловч тамирын шимтгэл, ялгаралтад цул савын гаргах үйлдэл, түүний харьцаанаас үзэх нь гол болж байна. Цул бол шимийн долоон тунгалгийн боловсролтын үйл ажиллагаа эрхлэж, цулын хоорондох харьцааг бий болгоно. Тухайлбал: их хатан мэт элэг нь илчнйн үйлийг үйлдэж шимийн тунгалгийг боловсруулж, гал махбодын тунгалаг цусыг хаан мэт зүрхэнд илгээхийн зэрэгцээгээр дотоод түшмэл, хөвгүүн мэт уушги нь хий амьсгалын үйлийг үйлдэж хий махбодын тунгалаг дотор амьсгалын хийг бас хаан мэт зүрхэнд илгээдэг. Зүрх нь цус гүйх огторгуй махбодтой хөндий сүв бүхнийг захирч судлаар хий цусыг гүйлгэн бүх биед түгээн тархааж, тамирын шимтгэл, ялгаралтаар биелүүлдэг байна. Үүний хамт бага хатан мэт дэлүү нь идээ ундааны шимтгэлийг хавсран, шороо махбодын тунгалаг шимийн тунгалгийг боловсруулж, элгэнд  илгээж,   гадаад түшмэл мэт бөөр нь усны ялгаралтыг захирч усан махбодын тунгалаг   цөвийг ялган, тунгалгийг цусаар дамжуулан бух биед илгээдэг юм.   Энэ бол  шимийн тунгалгийн боловсролтын  систем   цулуудаас тамирын шимтгэл, ялгаралтад гаргадаг үйлдэл мөн бөгөөд цулын хоорондох харьцааг үүнээс мэдэх юм. Сав бол идээ ундааны тунгалаг цөвийг ялгаж шимийн тунгалгийг цул руу явуулая, цөвийг гадагш гаргах шингээлтийн  үйл ажиллагааг эрхэлж, савын хоорондох харьцааг бий болгоно. Тухайлбал:   таван   махбодын   чанарыг агуулсан идээ ундаа нь тогоо мэт ходоодонд хүрээд ялзлагдаж зөөлөрнө. Ингээд зарц мэт гэдэс нь холишны тулам мэт цөснөэс ирсэн цөсний шингэнийг  хольж улам сайтар хайлуулан шингээснийг мөн зарц мэт олгой тосон  авч өтгөн  шингэнийг ялгаруулан, өтгөн нь баас болж гадагш гарах бөгөөд   шингэн   нь   бөөрөөр дамжин усны сав мэт давсагт шээс болон хурж гадагш гардаг юм. Бас таван махбод хурсан цагаан улаан дусал нь сан хөмрөг мэт сэмсээнд хурж үе залгамжлах хөрөнгийг үүсгэх  бөгөөд түүний  охь  шим  нь зүрхийг дамжин   бүх   биед   тархаад биемахбодыг чийрэгжүүлэн,сүр жавхланг нэмэгдүүлж өнгө   зүсийг сайжруулна.  Энэ бол идээ ундааны шингээлтийг   систем савнуудаас тамирын  шимтгэл, ялгаралтад гаргадаг үйлдэл мөн бөгөөд савын хоорондох харьцааг үүнээс мэдэж болно.

Эртний зохиолд хий, шар, бадган хурмалыг үүсгэх далд арван гурван цагаан судлыг таван цул, зургаан савтай барилдуулсан бол цул сав дахь хий шар, бадганы харьцангуй тэнцүүрийг зохицуулдаг хий мэдрэлийн үйлдлийн үүднээс цул савын харьцааг илтгэсэн бүгд цусан судлын санаа бүхнийг үүсгэх суурь болох элэгнээс гарсан цусан судал нь зүрхээр дамжаад таван цул, зургаан савтай барилдуулсан бол цул саваас тамирын шимтгэл, ялгаралтад гаргадаг хий цусны үйлдлийн үүднээс цул савын харьцааг илтгэсэн юм.

Тамирын шимтгэл, ялгаралтын үүднээс цул савын хоорондох харьцааг үзвэл идээ ундааны шингээлтийн систем болох савнууд бол тамирын шимтгэл, ялгаралтын бодисын суурь болох шимийн тунгалгийг үүдэн бүтээнэ. Шимийн тунгалгийн боловсролтын систем болох цулнууд бол биемахбодын бүтэц бүхний тамирын шимтгэл, ялгаралтыг гүйцэтгэнэ. Савын үйл ажиллагаа сайн биш болвол цулын үйл ажиллагаа ч сайн болж чадахгуй. Гэвч цулын үйл ажиллагаа сайн биш болбол тамирын шимтгэл, ялгаралт бас сайн явагдаж чадахгүй болох тул савын үйл ажиллагаа ч доройтон буурна. Иймээс савнууд бол шингээлтийн гурван хүчинд түшиглэн таван махбодын чанарыг агуулсан идээ ундааны шимийн тунгалгийг ялгаж элэг, зүрх зэрэг цулуудад илүүдэхийн хамт шин- гээлтийн гурван хүчийг төлжүүлдэг. Цулнууд нь шимийн тунгалгуудыг тосон авч, улам цаашид боловсруулах буюу бүх биед түгээн тархаах ажлыг хийж, тамирын шимтгэл, ялгаралтаар дамжуулан амьдрах зүйн төлжүүлэх, өсгөх, тамиржуулах үйл ажиллагааг гүйцэтгэдэг байна.

Цул сав бол хэдийгээр тус тусдаа биеэ даасан үйл ажиллагаатай систем болж байвч хий мэдрэл гүйдэг цагаан судал, хий цус гүйдээг цусан судал хийгээд тамирын шимтгэл ба ялгаралтаар харилцан нягт холбогдон, нэгэн бүхэл цогц болж амьдрах зүйн хөдөлгөөнд чухал үйлдэл үзүүлж   байх юм.

 

ТАВАН ЦУЛ

Зүрх, уушги, элэг, дэлүу, бөөрийг таван цул гэнэ. Таван цул бол тамирын шимтгэл ба ялгаралтын талаар идээ ундааны шимийн тунгалгийг боловсруулан түгээх боловсролтын систем болох бөгөөд зургаан саваа харъяалах харьцаагаар таван эрхтэнтэй үндэс, цэцгийн харьцаагаар оршиж, амины хөдөлгөөнд шууд холбогдох дотоод эрхтэн мөн. Эдгээр цулнууд бол махбод, орон, гүйх мөр хэлбэр, үйлдлээрээ тус тус адилгүй байдаг.

Зүрх: энэ бол цусыг хар судлаар гүйлгэж бүх биед түгээн тархаах цусны эргэлтийн үйлийг үйлдэж байгаа хаан мэт цул болно. Зүрх бол биемахбодын хөндий сүв, цус гүйх судал бүхний төв болж байдаг учраас огторгуй махбодтой байдаг. Тэр нь хүний биемахбодын, бадганы ерөнхий оронд байрлаж, түгээгч хий, бүтээгч шарын орших орон, урвасан хийн гүйх мөр болох бөгөөд цээжний хөндийн өмнө хэсэгт хөвгүүн уушгинд тэврэгдсэн хэлбэрээр ихэнх хэсэг нь биеийн гол шугамын зүүн талд байрлана. Зүрхний доод талд өрц, ар талд улаан хоолой, амины гол лугшуун судал, зүүн уушги, өмнө талд цээжний өмнө хана бий. «Увдисын үндэс»-д «Зүрх нь гол судалд үр суусан мэт оршиж, дөрвөн талд нь хий цул нийлэлдсэн дөрвөн судал барилдмой. Түүний хоёр уушгинд  нь  хатгамой» гэж тэмдэглэсэн нь одоо үеийн анатомтой нийцэж байна.Зүрхийг зүрхний үзүүр, уг гэж хуваагаад, зүрхний үзүүр нь мохоо хэлбэртэй биеийн гол шугамын зүүн талаар зүүн өмнө доошоогоо хандаж зүрхний уг нь бүдүүн дүгэрэг хэлбэртэй, ар дээшээгээ   хандаж,  түүний дээр  амины гол лугшуун судал, цээжний хөндийн намжуун судал, хэвлийн хөндийн намжуун судал, уушигны намжуун судал, уушигны лугшуун судал зэрэг таван бүдүүн судал байх бөгөөд түүнээс бүх биед нэвтэрч хар судал салбарлаж гарна. Зүрхний гадуур бүрхэж байгаа нэг давхар хальслаг бүрхэвчийг зүрхний үнхэлцэг гэнэ. Энэ нь зүрхийг хамгаалах үүрэгтэй зүрхэнд түгээгч хий оршиж байх учир зүрх бол агших хөдөлгөөнөөрөө цусыг бүх биед  түлхэн тархааж,тэлэх хөдөлгөөнөөрөө цусыг намжуун судлаар сорон авчирч энэхүү агших тэлэх хөдөлгөөн үргэлжилсээр цусны эргэлтийн хөдөлгөөн бий болж тамирын шимтгэл, ялгаралтад шимийн долоон тунгалгийг бүх биед түгээж, цөвийг тус бүрийн оронд нь хүргэх үйлдэлтэй бөгөөд биеийн өнгө цог жавхланг төлжүүлэн амь насыг уртасгадаг охь тунгалгийг ч бүх биед түгээх үйлдэлтэй. Зүрхэнд бас бүтээгч шар оршиж байх учраас зүрх бол оюуныг бататган, омог зоригийг төгөлдөржүүлэх үйлдэлтэй юм. Огторгуй махбодын тунгалаг нь зүрхийг түшиж, цөв нь гэдсэнд хурах тул зүрх нь гэдэстэй махбодын тунгалаг цөвийн орны талаар харьяалах харьцаатай байдаг. Тархинаас гарсан цагаан судлын хийн дөрвөн судлын хоёр нь зүрхтэй барилдсан тул тархи нь зүрхтэй холбогдож, амины хөдөлгөөн дэх хий мэдрэлийн зохицуулах харьцаа бий болно. Зүрх бол шимийн тунгалгийг түгээдэг болохоор бусад цултай шимийн тунгалгийн боловсролтын системийн хувьд хамтран үйлдэх харьцаатай байдаг. Зүрхний эрүүл эсэх нь хэлэн дээр нэлээд илрэх учраас зүрх хэл хоёр ,үндэс,  цэцгийн харьцаатай юм.

Элэг: энэ бол идээний тунгалгийг цус болгох үйлийг үйлдэж байгаа их хатан мэт цул болно. Элэг бол цусыг боловсруулж байдаг учраас гал махбодтой байдаг. Тэр нь хүний биемахбодын шарын ерөнхий оронд байрлаж, урвасан шарын гүйх мөр, өнгө урвуулагч шарын орших орон болох бөгөөд хэвлийн хөндийн баруун дээд хэсэгт өрцний доор, хүний биеийн гол шугамын баруун талд ихэнх хэсэг нь байрлана. Элэгний дээд тал нь товгор, доод тал нь хотгор хэлбэртэй, зүүн баруун хоёр намгийн зүүн намаг нь бага, баруун намаг нь их бөгөөд энэхүү хоёр намгийн хооронд дөрвөлжин өнчин элэг хоёр бий. Элэгний дээд тал дахь хальслаг холбоосыг хар өрц гэх бөгөөд түүгээр дамжин цагаан өрц барилдана. Элэгний доод талд элэгний үүдээр үүдэн судал, шимийн тунгалаг дамжуулах судал орж гарч байх бөгөөд цөсний гуурс бас үүгээр гарна. Элэг бол хуваарь илч хийгээд өнгө урвуулагч шарьш үйлдлээр идээний тунгалгийг цус болгож боловсруулахын хамт, цусны цөв цөсний шингэнийг боловсруулан гаргаад, цөсний гуурсаар цөсний уутанд оруулна. Иймээс элэг бол ходоод гэдэснээс ялгарч гарсан идээний тунгалгийг боловсруулж цус болгохын хамтад махны тунгалаг, өөхний тунгалаг, ясны тунгалаг, чөмөгний тунгалаг дусал зэрэг шимийн тунгалгуудыг ч анхны удаа боловсруулахаар барахгүй цусны цөв цөсний шингэнийг бас боловсруулах үйлдэлтэй юм. Гал махбодын тунгалаг элгийг түшиж, цөв нь цөсний уутанд хурах тул элэг нь цөстэй махбодын тунгалаг цөвийн орны талаар харьяалах харьцаатай байдаг. Тархинаас гарсан цагаан судлын шарын дөрвөн судлын нэг нь элэгтэй барилдсан тул тархи нь элэгтэй холбогдож, амины хөдөлгөөн  дэх  хий  мэдрэлийн зохицуулах харьцаа бий болно. Элэг бол цусыг боловсруулдаг болохоор элэг нь бусад цултай шимийн тунгалгийн боловсролтын системийн хувьд хамтран үйлдэх харьцаатай байдаг. Элэгний эрүүл эсэх нь нүдэн дээр нзлээд илрэх учраас элэг нүд хоёр үндэс цэцгийн харьцаатай юм.

Уушги: энэ бол байгалийн хий, агаар ба дотор амьсгалын солилцооны үйлийг үйлдэж байгаа дотоод түшмэл мэт цул болно. Уушги бол хий агаар ба дотор амьсгалын солилцоог эрхэлж байдаг учраас хий махбодтой байдаг. Тэр нь хүний биемахбодын бадганы ерөнхнй оронд оршиж, урвасан бадганы гүйх мөр болно. Монгол анагаах ухаанд амьсгалын зам болох хамар, төвөнх, мөгөөрсөн хоолойгоор гүйдэг амь баригч хий, дээш гүйгч хийг уушгины эрүүл ажиллагаатай нягг холбогдолтой гэж үздэг. Уушги бол цээжний хөндийд байрлаж байх бөгэөд эртний номонд гадар хэлбэрээс нь уушгины таван намгийн ар талын хэсгийг «эх таван уушги», өмнө талын хэсгийг «хөвгүүн таван уушги» гэж ялган, эх таван уушги нь хөвгүүн таван уушгаа тзвэрч байгаа мэт гэж дүрсэлж, дотор нь судлаар дүүрсэн тул багцалсан өвс мэт дүрсэлсэн байдаг. Зүрхнээс уушгинд хатгасан уушгины лугшуун судал, уушгины намжуун судал гэсэн хоёр судал байх бөгөөд уушгин дахь хийн солилцоо нь цусаар дамжиж бүх биед тархана. Уушги нь амь баригч хий ба дээш гүйгч хийтэй нягт холбоотой учраас амьсгалах ба дуу гаргах зэрэг үйлдэлтэй бөгөөд голдуу байгалийн хий агаар ба дотор амьсгалын хоорондох хийн солилцоо хийж, хий махбодын тунгалгийг боловсруулж цусаар дамжуулан зүрхэнд явуулж, цаашид бүх биеийг хангах үйлдэлтэй юм. Хий махбодын тунгалаг нь уушгийг түшиж, цөв нь олгойд хурах тул уушги нь олгойтой махбодын тунгалаг цөвийн орны талаар харьяалах харьяалагдах харьцаатай байдаг. Тархинаас гарсан цагаан судлын шарын дөрвөн судлын нэг нь уушгитай барилдсан тул тархи нь уушгитай холбогдож амины хөдөлгөөн дэх хий мэдрэлийн зохицуулах харьцаа бий болно. Уушги бол хийн солилцоо хийдэг эрхтэн болохоор бусад цултай шимийн тунгалгийн боловсролтын системийн хувьд хамтран үйлдэх харьцаатай байдаг. Уушгины ажиллагаа нь голдуу хамраар дамжиж, хий агаарын солилцоо хийх учраас уушги, хамар хоёр үндэс цэцгийн харьцаатай юм.

Дэлүү: энэ бол идээ ундааны шингэлтийг хавсарч байгаа бага хатан мэт цул болно. Дэлүү бол тамирын шимтгэл ба ялгаралтын суурь бодис болох идээний шингээлтийг хавсарч байдаг учраас шороо махбодтой байдаг. Тэр нь хүний биеийн шарын ерөнхий оронд орших бөгөөд урвасан бадганы гуйх мөр болно. Дэлүү  бол  хэвлийи хөндийн зүүн дээд хэсэгт өрцний булчингийн доор, ходоодны зүүн ар талд байрлаж, 9—11 дүгээр хавирганд далдлагдаж байна. Дэлүү бол гарын алганы төдий хэмжээтэй бөгөөд зах нь зузаан, дундаа нимгэн  боорцог мэт хавтгай зууван хэлбэртэй юм. Амьдрах зүйн үүднээс үзвэл дэлүү бол шингээлтийн системийн гол болох сав ходоодны шингээлтийг хавсрах үйлдэлтэй байдаг. Өвчний зүйн үүднээс үзвэл, дэлүүний өвчин бол эс шингээснээс гол шалтгаалж, өвчний хувиралт ба шинж тэмдэг нь шингээлттэй нягт холбоотой байдаг бөгөөд анагаах зарчим нь ч шингэлтийг сайжруулахаар гол болгодог тул дэлүү бол шингээлтийн ажиллагааг хавсарч байх цул мөн. Шороо махбодын тунгалаг нь дэлүүг түшиж, цөв нь ходоодонд хурах тул дэлүү нь ходоодтой махбодын тунгалаг цөвийн орны талаар харьяалах харьцаатай байдаг юм. Тархинаас гарсан цагаан судлын бадганы дөрвөн судлын нэг нь дэлүүтэй барилдсан тул тархи нь дэлүүтэй холбогдон, амины хөдөлгөөн дэх хий мэдрэлийн зохицуулах харьцаа бий болно. Дэлүү бол шимийн тунгалгийг ялгаруулан боловсруулдаг болохоор бусад цултай шимийн тунгалгийн боловсролтын системийн хувьд хамтран үйлдэх харьцаатай байдаг юм. Дэлүүний эрүүл эсэх нь уруул дээр нэлээд илрэх учраас дэлүү уруул хоёр үндэс цэцгийн харьцаатай юм.

Бөөр: энэ бол усны үйлийг үйлдэж байгаа гадаад түшмэл буюу бөө мэт цул болно. Бөөр бол усны тунгалгийг тунгаан авч байдаг учраас усан махбодтой байдаг. Тэр нь хүний биеийн хийн ерөнхий оронд оршиж байх бөгөөд урвасан бадганы гүйх мөр болно. Бөөр бол арван хоёрдугаар сээр нуруу яснаас гуравдугаар бүслүүр нуруу яс хүртэлх нурууны хоёр талд хэвлийн хөндийн хойт хананд байрлана. Бөөр бол буурцагны хэлбэртэй бөгөөд эртний номонд хоёр бөх нурууг өргөсөн мэт гэж дүрсэлжээ. Хоёр бөөрний дотор талд байх бөөрний үүдээр лугшуун судал, намжуун судал орж гарч байх бөгөөд шээс дамжуулах гуурсаар давсагтай нэвтэрч байна. Бөөр бол шимийн тунгалаг дахь усны бүрэлдэхүүнийг тунгаах үйлдэлтэй бөгөөд түүний хэмжээ нь бэлхүүс нурууг ч багтааж байдаг тул биеийн хүчин тамирыг хамгаалах бол тэнцүүлэх үйлдэлтэй юм. Иймээс эмчилгээн дээр бөөрний илчийг хамгаалах бол доод биед хүйтэн унахыг сэргийлэх ба бөөрний тамирыг хамгаалах чухал ач холбогдолтой гэж үздэг. Усан махбодын тунгалаг нь бөөрийг түшиж, цөв нь давсагт хурах тул бөөр нь давсагтай махбодын тунгалаг цөвийн орны талаар харьяалах харьцаатай байдаг. Тархинаас гарсан цагаан судлын бадганы дөрвөн судлын нэг нь бөөртэй барилдсан тул тархи нь бөөртэй холбогдож амины хөдөлгөөн дэх хий мэдрэлийн  зохицуулах  харьцаа    бий болно.

Бөөр бол шимийн тунгалгийн усны бүрэлдүүнийг тунгалаг болохоор бөөр нь бусад цултай шимийн тунгалгийг боловсролтын системийн хувьд хамтран үйлдэх харьцаа байдаг. Бөөрний эрүүл эсэх нь чихний сонор дээр бас илрэх учраас бөөр чих  хоёр  үндэс  цэцгийн  харьцаатай юм.

 

ЗУРГААН САВ

Цөс, ходоод, гэдэс, олгой давсаг, сэмсээг зургаан сав гэнэ. Сав бол тамирын шимтгэл ба ялгаралтын дунд идээний тунгалаг цөвийг ялгаруулан шингээх ба таван махбодын тунгалгийн цөвийг хурааж, таван цулд харьяалагдах харьцаагаар оршиж бүхий чухал дотоод эрхтэн мөн. Эдгээр савнууд нь махбод, орон, гүйх мөр, байр хэлбэр, үйлдлээрээ тус тус адилгүй байдаг.

Цөс: энэ бол цусны цөв болон цөсний шингэнийг хадгалж байгаа алтан тулам (бадганы хольш агуулсан сав) мэт сав болно. Цөс бол гал махбодын тунгалгийн цөв, шарын бодисын суурь болох цөсний шингэн хурах сав мөн болохоор гал махбодтой байдаг. Тэр нь хүний биеийн шарын ерөнхий оронд орших бөгөөд урвасан шарын гүйх мөр болно. Цөс бол элэгний дотор талд байрлаж, эртний номонд «цөс нь элэгний хажууд алтан тулам өлгөсөн мэт оршмой» гэж дүрсэлжээ. Цөс гэдэг саванд цөсний уут, цөсний шингэн, цөсний гуурс багтана. Цөсний уутны ам нь элэгнээс гарсан цөсний шингэний дамжуулах гуурстай нийлээд, гэдэсний эхний хэсэгт нэвтэрнэ.Цөсний уут бол цөсний шингэнийг хурааж хадгалаад , цаг хэмжээтэй гаргах үйлдэлтэй. Цөсний шингэн бол цусны цөв болох бөгөөд цөсний шингэнийг дамжуулах гуурсаар гэдэсний эхний хэсэгт цутгаж, шар, ялангуяа шингээгч шарыг төлжүүлэх, галын илчийг сайжруулах, идээг шингээх үйлдэлтэй юм. Цөс нь бас тунгалаг цөвийг ялгаруулах бөгөөд тунгалаг нь шар ус болж, цөв нь баасны өнгө шээсний язмаг болж гадагш ялгагдаж гарна. Цөс бол гал махбодын тунгалгийн цөв хураах сав болохоор, элэгтэй махбодын тунгалаг цөвийн орны талаар харьяалагдах харьцаатай байдаг. Тархинаас гарсан цагаан судлын шарын дөрвөн судлын нэг нь цөстэй барилдсан тул тархи нь цөстэй холбогдож, амины хөдөлгөөн дэх хий мэдрэлийн зохицуулах харьцаа бий болно. Бас Цөс нь бусад сав ялангуяа гэдэстэй шингээлтийн системийн хувьд хамтран үйлдэх харьцаатай байдаг юм.

Ходоод: энэ бол идээ ундааг ялзлан эхний удаа боловсруүлж байгаа тогоо мэт сав болно. Ходоод бол шороо махбодын тунгалгийн цөв ходоодын салс хурах сав болохоор шороо махбодтой байдаг. Тэр нь хүний биеийн шарын ерөнхий  оронд орших бөгөөд уравсан бадганы гүйх мөр болно. Монгол анагаах ухаан дахь ходоодны хүрээ хэмжээнд улаан хоолой багтахаар барахгүй зарим үе гэдэс, олгой ч хамрагдаж байх бөгөөд шингээлтийн гурван хүчин ялзлагч бадган шингээгч шар, гал тэгшитгэгч хий ходоодонд хамт орших боловч ялзлагч бадган гол орших тул ходоод бол бадганы орон, улаан хоолой бол амь баригч хийн гүйдэл болох юм. Ходоодны бас шингээлтийн үүднээс эс шингээсэн орон гэх ч бий. Ходоод бол хэвлийн хөндийн дээд хэсэгт аюулхайн дор хүний биеийн гол шугам дээр байрлана. Баруун дээшээгээ хандсан тал сар мэт хэлбэртэй, ходоодны амсрын хэсэг нь бүдүүн мухар хэсэг нь нарийн, ходоодны амсартай улаан хоолой залгагдаж байдаг. Улаан хоолой бол мөгөөрсөн хоолойн ар талаар залгиураас ходоодны амсар хүрч байгаа булчин махаар бүтсэн гуурс болно. Ходоод бол идээ ундааг чанах тогоо мэт гэж эртний номонд тэмдэглэсэнчлэн идээ ундаа нь амь баригч хийн хүчээр залгигдан ходоодонд ормогц ялзлагч бадганы үйлдлээр эхний удаа ялзлагдан зөөлөрч шингээх бололцоотой амтлаг дийлэнх хөөслөг зүйл болохын хамт бадганы төлжүүлэх үйлдэл гарна. Дараа нь шингээгч шарын үйлдлээр хайлагдан боловсорч исгэлэн дийлэнх болохын хамт шарыг төлжүүлэх үйлдэл гарна. Эцэст нь гал тэгшитгэгч хий нь үйлдлээр тунгалаг цөв цөөхөн ялгагдаж гашуун дийлэнх болохын хамт хийг төлжүүлэх үйлдэл гарна. Ходоод нь идээ ундааг ингэж боловсруулсны дараа явуулна. Ходоод бол шороо махбодын тунгалгийн цөв хурах сав болохоор дэлүүтэй махбодын тунгалаг цөвийн орны талаар харьяалагдах харьцаатай байдаг. Тархинаас гарсан цагаан судлын бадганы дөрвөн судлын нэг нь ходоодтой барилдсан тул тархи нь ходоодтой холбогдож, амины хөлөлгөөн дэх хий мэдрэлийн зохицуулах харьцаа бий болно. Ходоод нь бусад савтай бас шингээлтийн системийн хувьд хамтран үйлдэх харьцаатай байдаг юм.

Гэдэс: энэ бол идээ ундааг хайлуулан боловсруулж шингээх үйлийг үйлдэж байгаа зарц мэт сав болно. Гэдэс бол огторгуй махбодын тунгалгийн цөв хурах сав болохоор огторгуй махбодтой байдаг. Тэр нь хүннй биеийи шарын ерөнхий оронд орших бөгөөд урвасан шарын гүйх мөр болно. Гэдсийг бас шингээлтийн үүднээс шингээх, эс шингээхийн завсрын орон гэгч бий. Шингээлтийн гурван хүчнээс шингээгч шар, гал тэгшитгэгч хий, гэдсэнд хамт гүйх бөгөөд шингээгч шар гол оршино. Гэдэс бол ходоодны мухраас олгой хүрч байгаа уртын хэмжээ нь бараг 5—6 метр, гэдэсний чацархайгаар хэвлийн ар ханан дээр тогтож байрласан нарийн урт гуурслаг эрхтэн мөн. Эртний номонд   гэдсийг   эх    адаг   гэж   3 ху­вааж гэдэсний эхний хэсэгт цөсний гуурс нэвтэрч түүгээр цөсний шингэн гэдсэнд орно гэжээ. Гэдэс бол голдуу шингээгч шар, гал тэгшитгэгч хийд захирагдаж байх тул цөсний шингэний дэмжлэгтэйгээр идээ ундааг хайлуулан шингээж,  цаашид тунгалаг цөвийг ялгаруулан, шимийн тунгалгийг тунгалаг дамжуулах судлаар элгэнд хүргэн цөвийг олгой руу явуулах үйлдэлтэй юм. Гэдэс бол огторгуйн махбодын тунгалаг цөвийн орны талаар харьяалагдах харьцаатай байдаг. Тархинаас гарсан цагаан судлын хийн дөрвөн судлын хоёр нь гэдэстэй барилдсан тул тархи нь гэдэстэй холбогдож, амины хөдөлгөөн дэх хий мэдрэлийн зохицуулах харьцаа бий болно. Бас гэдэс нь бусад савтай шингээлтийн системийн хувьд хамтран үйлдэх харьцаатай байдаг юм.

Олгой: энэ бол идээний тунгалаг цөвийн хамгийн эцсийн ялгаралтыг хийж цөвийг уруу явуулж байгаа зарц мэт сав болно. Олгой бол хий махбодын цөв хурах сав болохоор хий махбодтой байдаг. Тэр нь хүний биеийн хийн ерөнхий оронд орших бөгөөд урвасан хийн гүйх мөр болно. Олгойг бас шингээлтийн үүднээс шингээсэн орон гэгч бий. Гал тэгшитгэгч хий, ороо арилгагч хий олгонд хамтаар гүйнэ. Олгой бол гэдэсний адгаас хотронгуй хүрэх бөгөөд чацархайгаар хэвлийн хөндийн ар ханан дээр тогтож байрласан гэдэснээс бүдүүн гурав нугарсан алтан могой эрчилсэн мэт олон хуниастай байдаг. Олгойг өгсөх хэсэг, хөндлөк хэсэг, уруудах хэсэг гэж гурав хуваана. Хэвлийн хөндийн баруун талаар дээш явсан хэсгийг олгойн өгсөх хэсэг гэх буюу цусан олгой гэнэ. Хэвлийн хөндийн дээд хэсэгт хөндлөнгөөр байрлаж байгаа хэсгийг олгойн хөндлөн хэсэг гэх буюу идээний олгой гэнэ. Хэвлийн хөндийн зүүн талаар уруудаж байгаа хэсгийг олгойн уруудах хэсэг гэх буюу хорхойн олгой гэнэ. Хэвлийн хөндийн зүүн доод хэсэгт олгойн уруудах хэсгийн доод үзүүрээс хотронгуй залгаж байна. Хотронгуй нь хэвлийн хөндийн зүүн доод хэстээс эхлэн баруун тийш давсагны ар хавьд хүрээд хошноготой залгана. Хошного бол голтоор орших бөгөөд шингээлтийн замын төгсгөлийн хэсэг мөн. Олгой бол идээ ундааны тунгалаг цөвийн ялгаралтын эцсийн ялгаралт явуулах үйлдэлтэй бөгөөд ялгагдаж гарсан хийн цөв ба идээинй өтгөн цөвийг ороо арилгагч хийн үйлдлээр хотронгуй ба хошногоор дамжуулан гадагш гаргах үйлдэлтэй юм. Олгой бол хий махбодын тунгалгийн цөв хурах сав болохоор уушгитай махбодын тунгалаг цөвийн орны талаар харьяалагдах харьцаатай байдаг. Тархинаас гарсан цагаан судлын шарын дөрвөн судлын нэг нь олгойтой барилдсан тул тархи нь олгойтой холбогдож  хөдөлгөөн дэх хий мэдрэлийн зохицуулах харьцаа бий болно.  Бас олгой нь бусад савтай  шингээлтийн­ системийн хувьд хамтран үйлдэх харьцаатай байдаг юм.

Давсаг: энэ бол идээ ундаан дахь усны цөв шээсийг хурааж гадагш гаргах үйлийг үйлдэж байгаа усны сав мэт сав болно. Давсаг бол усан махбодын тунгалгийн цөв хурах сав болохоор усан махбодтой юм. Тэр нь хүний биеийн хийн ерөнхий оронд оршиж, ороо арилгагч хий гүйдэл болох бөгөөд урвасан бадганы гүйх мөр болно. Давсаг бол хэвлийн хөндийн доод хэсэгт, аарцагны хөндийн дээд хэсэгт, хошногоны өмнө талд байрлаж байна. Үүнийг доошоогоо хандсан усны тулам гэж эртний номонд дүрсэлжээ. Давсаг бол хоёр талд бөөрнөөс ирсэн шээс дамжуулах гуурс барилдаж, доошоогоо хандсан амсраас шээсний сүв залгана. Энэхүү хоёр гуурс, нэг сүвийг эртний номонд давсагны гурван усан судал гэдэг юм. Давсаг бол бөөрнөөс ялгарч ирсэн усны цөв болох шээсийг хураан хадгалж, ороо арилгагч хийн үйлдлээр цаг хэмжээтэй хориглох буюу гаргах үйлдэлтэй юм. Давсаг бол усан махбодын тунгалгийн цөв хурах сав болохоор бөөртэй махбодын тунгалаг цөвийн орны талаар харьяалагдах харьцаатай байдаг. Тархинаас гарсан цагаан судлын бадганы дөрвөн судлын нэг нь давсагтай барилдсан тул тархи нь давсагтай холбогдож, амины хөдөлгөөн дэх хий мэдрэлийн зохицуулах харьцаа бий болно. Бас давсаг нь бусад савтай шингээлтийн системийн хувьд хамтран үйлдэх харьцаатай байдаг юм.

Сэмсээ: энэ бол идээ ундааны шимийн таван махбод хурсан дусал хурж байгаа эдийн сан хөмрөг мэт сав болно. Сэмсээ бол идээ ундааны таван махбодын шимийн тунгалгийн боловсролтын эцэст нь гарсан үр тогтох хөрөнгө болох цагаан улаан дуслын сав мөн болохоор хурмал махбодтой юм. Тэр нь хүний биеийн хийн ерөнхий оронд оршиж, эрэгтэй эмэгтэйн дусал хурах сав болох бөгөөд хий, шар, бадган харьцангуй тэнцүү оршсон орон болно. Сэмсээг эрэгтэйн сэмсээ, эмэгтэйн сэмсээ гэж хоёр хуваадаг. Эрэгтэйн сэмсээнд төмс, дуслын уут багтах бөгөөд эрэгтэйн бэлэгтэй нягт холбоотой байдаг. Төмсөг бол аарцагны хөндийн гадна хуйхнагт байрлаж байх нэгэн хос булчирхай болно. Төмсөгнөөс дуслыг дамжуулах гуурс залгаж цавины ховилоор аарцагны хөндийд орж дуслын ууттай холбогдоно. Дуслын уут нь давсагны доод талд байрлаж байх бөгөөд дусал харвах гуурс тэндээс гарч шээсний сүвтэй нэгдэнэ. Эмэгтэйн сэмсээ бол умайн хоёр талд байрлаж байгаа нэг хос булчирхай болно. Эртний номонд сэмсээ нь хүйснээс баруун зүүн хоёр талд булчирхай мэт эрчилж байх бөгөөд нурууны арван хоёрдугаар үеэс доош оршино гэж тэмдэглэжээ. Эмэгтэйн сэмсээнд улаан дусал дамжуулах гуурс, умай үтрээ зэрэг дагадах эрхтэн бий. Эртний номонд умай нь үтрээ, сэмсээтэй холбогдоно. Нурууны арван гуравдугаар үеэс доошоо арван тавдугаар үений орчимд оршино. Хэлбэр нь давсаг мэт хоосон бол бага байж, жирэмсэлвэл томорно улаан дусал нь сар бүрд сэмсээнээс умайн зүүн баруун хоёр судлаар дамжиж умайд орно гэж тэмдэглэжээ. Сүүлийн жилүүдээс анатомтой харьцуулж, эмэгтэйн сэмсээ бол өндгөвч мөн, эрэгтэйн сэмсээ бол төмсөг мөн гэж магадлажээ. Сэмсээ бол үр залгамжлах хөрөнгө цагаан улаан дуслын хурах орон болох бөгөөд ороо арилгагч хийн захирал доор цагаан дуслыг харвах буюу улаан дуслыг сар бүр нэг удаа гаргах үйлдэлтэй. Энэ нь эмэгтэйн нярайлах, сарын хир цуврах зэрэг ажиллагаатай холбогдоно. Сэмсээ бол таван махбодын тунгалгийн эцсийн боловсролт явагдах орон болохоор хурмал махбодтой сав мөн. Тархинаас гарсан арван гурван нууц цагаан судлын нэгэн судал нь сэмсээтэй барилдсан тул тархи нь сэмсээтэй холбогдож амины хөдөлгөөн дэх хий мэдрэлийн  зохицуулах  харьцаа  бий болно.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1959
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК