Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 4(166)
Байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүчийг биеийн өсөлтийн үзүүлэлттэй холбон судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Т.Насанбат, Б.Оюунцэцэг

ЭМШИУС, НАСС, ХНАСУСТ

 
Абстракт

Background: Bite force is one indicator of the functional state of the masticator system that results from the action of jaw elevator muscles modified by the craniomandibular biomechanics [Bakke.M 2006]. Determination of individual bite force level has been widely used in dentistry. The correlations of maximum bite force are studied in terms of gender, age, weight, height, body type, previous history of orthodontic treatment have shown in earlier studies.

Aim: The aim of this study is to determine relationship between of bite force of the first permanent molar and some growth indices of children.

Materials and Method: A total of 276 children, aged 12–16 years, were randomly chosen from the secondary schools No.33, 57, 67. A dental examination was done by using a mouth mirror and probe under natural light. Bite force of the first permanent molar was measured by an occlusal force meter GM10. Body height and body weight were determined by RGZ–120–RT scale. The results were considered to be significant at p-values below 0.05; the SPSS 16.0 for Windows was used.

Result: The average of the first permanent molar’s bite force was 572.9±8.24N and it was more in male than in female. The bite of the first permanent molar had a significant positive correlation to the body height, body weight (p<0.05).

Conclusion: The bite force of the first permanent molar increases throughout growth of children

Key words: First permanent molar, bite force, body height, body weight
Pp.37-39, Tables 3, Figure 1, References 10

Товч утга. Уг судалгааг байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүчийг биеийн өсөлтийн зарим үзүүлэлттэй холбон судлах зорилгоор хийж гүйцэтгэлээ. Судалгаанд нийслэлийн 33, 57, 67 дугаар сургуулийн 12-16 насны 276 хүүхдийг магадлалт түүврийн аргаар сонгон хамруулсан. Амны хөндийн үзлэг хийж, байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүчийг окклюзиалфорсметр GM10 багажаар, биеийн өндөр болон жинг RGZ–120–RT багажаар тус тус хэмжсэн. Судалгаанд хамрагдсан 12–16 настай хүүхдийн байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүчний дундаж үзүүлэлт нь 572.85±8.24N байсан бөгөөд нас нэмэгдэх тусам ихсэж, хүйсийн хувьд эрэгтэй хүүхдийн зажлах хүч эмэгтэй хүүхдээс их байлаа (p<0.05). Байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүч нь хүүхдийн өсөлтийн үзүүлэлт болох биеийн өндөр болон жинтэй шууд сул статистик ач холбогдол бүхий хамааралтай (p<0.05) байна. Судалгаанаас байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүч нь хүүхдийн өсөлтийн үзүүлэлтүүд нэмэгдэхэд даган ихэсдэг гэсэн дүгнэлт гарлаа.

Түлхүүр үг: Байнгын нэгдүгээр их араа шүд, зажлах хүч, биеийн өндөр, биеийн жин

Үндэслэл: Зажлах үйл нь зөв, тэнцвэртэй явагдсанаар эрүү нүүрний хэвийн өсөлт хөгжлийг дэмжин идэвхжүүлэхээс гадна хоолыг сайн зажилж идэх нь хоолны шингэцийг сайжруулж, бие махбодын хэрэгцээт амин дэм болон уургийг зохих хэмжээгээр авснаар хүүхдийн ерөнхий биеийн өсөлт хөгжилд нөлөөлдөг байна [1]. Зажлах үйл болон зажлуурын булчингийн хэвийн үйл ажиллагааг тодорхойлох эмнэлзүйн энгийн арга бол шүдний зажлах хүчийг хэмжих арга юм [2, 3]. 

Хэвлэлийн тоймоос харахад зажлах хүч нь хүүхдийн өсөлт хөгжлийн туршид нэмэгдэн өөрчлөгдөж байдаг төдийгүй биеийн өсөлтийн үзүүлэлт болох биеийн жин, өндөртэй хамааралтай байгаа нь тогтоогджээ [3, 4].

Манай судлаачдын судалгаанаас харахад байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүч нь Зөнбилэгт.П (2010) нарын судалгаагаар 14–16 насны эрэгтэй хүүхдэд 841.9±10.3N, эмэгтэй хүүхдэд 720.6±18.6N, Урангуа.Ж (2011) нарынхаар 16–25 насанд эрэгтэй хүнд 536.34±203.89N, эмэгтэй хүнд 399.7±159.9N, Энэрэл.Б (2010) нарын судалгаагаар 21–40 насанд мэргэжлийн байдлаар авч үзвэл өгүүлэх эрхтний оролцоо ихтэй хүмүүст 622N, оролцоо багатай хүмүүст 376N байна гэжээ [5-7]. 

Сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал эрс шинэчлэгдэж, амьдралын орчин, хоол хүнс, хооллох зан үйл өөрчлөгдөж буйтай холбоотой шүдний хазах, зажлах хүчний хэм, хөдөлгөөн, хугацаа өөрчлөгдөж байна [1]. Шүдний зажлах хүчийг хүүхдийн өсөлтийн үед судалж мэдэх нь эмнэлзүйн чухал ач холбогдолтой юм. Уг судалгааг байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүчийг биеийн өсөлтийн зарим үзүүлэлттэй холбон судлах зорилгоор хийж гүйцэтгэлээ.

Материал, арга зүй: Судалгаанд нийслэлийн 67, 33, 57 дугаар сургуулийн 12-16 насны 276 хүүхдийг магадлалт түүврийн аргаар сонгон хамруулсан. Амны хөндийн үзлэгийг шүдний нэг удаагийн багажийг ашиглан байгалийн гэрэлтүүлгийн дор сургуулийн эмчийн өрөөнд нэг эмч дагнан хийж гүйцэтгэсэн. Байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүчийг окклюзиалфорсметр GM10 багажаар хэмжсэн. Хүүхэд бүрийг Frankfort–ын хэвтээ хавтгайг шалтай параллель байхаар сандал дээр суулган окклюзиалфорсметрийн даралт мэдрэгч хошууг байнгын нэгдүгээр их араа шүдээр хазах дээд хүчээр 15 секундын турш хазуулсан. Биеийн өндөр, жинг RGZ–120–RT  багажийг ашиглан Ставицкая А.Б, Арон Д.И нарын аргачлалын дагуу хэмжсэн. Боловсруулалтыг SPSS16 программаар хийж гүйцэтгэсэн.

Үр дүн: Бидний судалгаанд 12–16 насны 276 хүүхэд хамрагдсанаас эрэгтэй 49.3% (136), эмэгтэй 50.7% (140), дундаж нас 14.3±1.4 байв. Судалгаанд хамрагдсан 12–16 настай хүүхдийн байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүчний дундаж үзүүлэлт нь 572.85±8.2 N буюу 12 насанд 489.27±21.1 N, 13 насанд 536.14±11.5 N, 14 насанд  564.07±19.7 N, 15 насанд 594.13±16.7 N, 16 насанд 657.96±+19.6 N байлаа. 

Figure 1. Bite force of the first permanent molar

Байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүч нь нас нэмэгдэх тусам ихсэж байна. Иймээс нэг хүчин зүйлийн вариацийн шинжилгээ хийхэд зажлах хүч нь 12–16 насны  хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) байсан. Мөн насны хоорондын ялгааг Tukey сорилоор үзэхэд 12 болон 13 настай хүүхдийн байнгын нэгдүгээр их  араа шүдний зажлах хүч нь 15 ба 16 настай хүүхдийнхээс, 14 настай хүүхдийнх 16 настай хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) байна.  Байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүчийг хүйсээр харьцуулан судалсан дүнг Хүснэгт 1–д харууллаа.

Table 1. Bite force of the first permanent molar in relation to gender

12–16 настай хүүхдийн байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүч нь эрэгтэй хүүхдэд 613.25±12.34N, эмэгтэй хүүхдэд 533.60±9.94N бөгөөд хүйс хоорондын ялгааны дундаж нь 79.65N (48.44-110.85N) буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p=0.0001). Энэ нь шүдний зажлах хүч хүйсээс хамааралтай болохыг харуулж байна.

Судалгаанд хамрагдсан 12–16 настай хүүхдийн биеийн дундаж өндөр хөвгүүдэд 149.7-165.9см, охидод 152.8-156.7см, биеийн дундаж жин нь хөвгүүдэд 46.8-53.0кг, охидод 44.1-51.2кг байна.

Хүүхдийн бие бялдрын өсөлтийг “сигма” хэлбэлзлийн аргаар тодорхойлж үзэхэд хөвгүүдийн 65.9%-77.3%, охидын 53.8–77.8% нь биеийн өндрөөр дундаж хэмжээнд хамрагдаж байгаа буюу бие бялдрын хэвийн өсөлттэй байна. Биеийн жингийн хувьд авч үзэхэд хөвгүүдийн 68.2%-75%, охидын 61.5–81.5% нь дундаж хэмжээнд хамрагдаж байгаа буюу бие бялдрын хэвийн өсөлттэй байна. 

Байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүч болон биеийн өндөр, биеийн жингийн корреляци хамаарлыг Хүснэгт 2 - т үзүүллээ. 

Table 2. Bite force of the first permanent molar and body height, body weight’s correlation

Байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүч нь биеийн өндөртэй шууд сул хамааралтай (p=0.0001), харин биеийн жинтэй шууд маш сул хамааралтай (p=0.007) байна.

Table 3. Bite force of the first permanent molar and body height, body weight’s regression

Бид энгийн регрессийн шинжилгээ хийж үзэхэд биеийн өндөр 1 сантиметрээр нэмэгдэхэд байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүч 6.586N нэгжээр ихсэх боломжтой юм.  Зажлах хүч=- 463.261+6.586*биеийн өндөр Харин биеийн жин 1 килограммаар нэмэгдэхэд байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүч 2.714N нэгжээр ихсэх боломжтой юм. Зажлах хүч=440.138+2.714*биеийн жин

Хэлцэмж: Судалгаанд хамрагдагсдын байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүч Ingervall. B (1997) нарын судалгааны үр дүнтэй ижил (p<0.05) байна [4]. Хүүхдийн биеийн өсөлтийн үзүүлэлтүүдийг Амгалан.Г (2008) нарын судалгааны үр дүнтэй харьцуулан үзэхэд эрэгтэйд 12–15 насанд, эмэгтэйд 12–14 насанд магадлал бүхий ялгаатай (p<0.05, t>2.0) байна [8]. Гадаадын судлаачдын үр дүнгээр шүдний зажлах хүч нь биеийн өндөр, жинтэй хамааралтай (p<0.05) байна [9,10]. Мөн Periera. 

LJ (2007) нарын судалгаагаар шүдний зажлах хүч нь хүүхдийн биеийн жин, өндрийн үзүүлэлттэй 6–11 насны хүүхдэд хамааралгүй боловч 12–18 насны хүүхдэд хамааралтай байсан нь бидний судалгааны үр дүнтэй ижил байна [9]. 

Дүгнэлт: Байнгын нэгдүгээр их араа шүдний зажлах хүч нь хүүхдийн өсөлтийн туршид ихсэж байдаг байна.

Ном зүй

1. Пүрэвжав Н, Амарсайхан Б, Зөнбилэгт П. Нүүр амны сосог гажиг засал. 2 дахь хэвлэл. Улаанбаатар: Мөнхийн үсэг; 2009.х33,169.
2. Okiyama S, Ikebe K, Nokubi T. Association between masticatory performance and maximal occlusal force in young men. J Oral Rehabil. 2003;30:278 – 282.
3. Lemos AD, Gambareli FR, Serra MD, Pocztaruk RL, Gaviao MBD. Chewing performance and bite force in children. Braz J Oral Sci. 2006;5(18):1101 – 1108.
4. Ingervall B, Minder C. Correlation between maximum bite force and facial morphology in children. Angle Orthod.1997;67(6):415 – 424.
5. Зөнбилэгт П. Монгол хүүхдийн шүдний хазах, хорших хүчийг зуултын төлөвөөр “OCCLUSAL FORCE – METER GM 10” багажаар тодорхойлсон дүн. Анагаах
ухааны магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар. 2010.х49,51.
6. Урангуа Ж. Шүдний хазах, зажлах, хорших хүчийг 16 – 25 насны хүнд судалсан дүн. АУ – ны магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар.2011.х40.
7. Энэрэл Б, Мөнгөнцэцэг Л. Амны хөндий өөрөө цэвэрших үйл ажиллагаанд мэргэжлийн онцлог нөлөөлөх нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2010;14:3 – 5.х70.
8. Амгалан Г, Бурмаа Б, Купул Ж, Байгаль О, Амардулам Н, Эрдэнэчимэг Э, бусад. Сургуулийн насны хүүхдийн бие бялдрын өсөлтийг судалсан дүнгээс. Монголын анагаах ухаан. 2008;1(143):13 – 17.
9. Pereira LJ, Pastore MG, Bonjardim LR, Castelo PM, Gavio MBD. Molar bite force and its correlation with signs of temporomandibular dysfunction in mixed and permanent dentition. J Oral Rehabil. 2007;34:759 – 766.
10. Sun KT. The changes of bite force and associated influencing factors of the Chung Hsiao elementary schoolchildren in the mixed dentition stage. Thesis, China medical
College,Taichung, 2003.655-658.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, процессор Б.Оюунбат


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 394
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК