Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 2(168)
“Монголын үндэсний нэвтэрхий толь” гээчийн тухай
( Шүүмж, эргэцүүлэл )

П.Нямдаваа

 

Академич Б.Чадраа нар “Монголын үндэсний нэвтэрхий толь” [1] хэмээх 3 боть нийтдээ 2000 гаруй нүүр том толийг 2009 онд хэвлүүлсэн билээ. Б.Чадраа энэ толийн нүүрэн хуудасны ард уг толийг ишлэх загварыг өгч, “Оршил үг”-эндээ «...Миний бие судлаачид, сэхээтнүүдийнхээ ном зохиол болон асар хурдтай өөрчлөгдөж буй байгаль дэлхийн шинжлэх ухааны үр дүн баримт сэлтийг 20 гаруй жил цуглуулж бичсэнээ эмхтгэн цэгцлэж, шамдан судлаж, бодот үнэн мөнийг сонгож авахыг чармайж, сор шимийг нь амтлан хуримтлуулж, өдөр шөнийг умартан чармайсаар “Монголын үндэсний нэвтэрхий толь”-ын анхны нэгэн хувилбарыг босгосон нь энэ билээ... » [1: х.7] хэмээсэн нь энэ толь 2000 онд ШУА-аас Б.Чадраагийн ерөнхий редакцийн дор хэвлүүлсэн 2 ботиос [2] огт өөр ном гэдгийг тун эвтэйхэн илэрхийлсэн байна. 

Хожим олж мэдэхнээ уг толийг Шинжлэх ухаан, технологийн сангаас 60 сая гаруй төгрөг зарж бүтээлгэсэн нь тодорхой болсон тул энэ толийн зохиогчийн эрхийн  асуудлаар эргэлзээ буйгаа миний бие 2010 онд тэр үеийн ШУАийн Тэргүүлэгчдийн газар албан ёсоор өргөн мэдүүлсэн боловч олигтой анхаарал тавилгүй, булзааруулсаар өнгөрсөн билээ. Гэвч уг толийн тухай шүүмжлэлтэй хандсан гар бичмэл маань одоо ч байсаар тул 1971 оноос эхлээд 30 шахам жилийн туршид манай олон эрдэмдийн хүчээр бүтээсэн 2000 оны 2 боть нэвтэрхий толиос Б.Чадраа нарын 3 боть ямар гээчийн ялгаатайг гаргахыг хичээн бичиж байснаа хав дарах биш нийтийн хүртээл болговол хойчийн толь зохиогчдод хэрэг болуужин гэж бодлоо.Уг хоёр толийг зэрэгцүүлэн үзвээс:

  1. Хуучин тольд “А” толгойт 1969 үг [2: х.7-100] байснаас шинэ тольд 285 үгийг хасч, шинээр 47 үг нэмснээр 1731 үгтэй болсон байна [1: х.9-149]. Өөрөөр хэлбэл шинэ толийн “А” толгойт үгсээр жишиг авбал толийн үгсийн сан нь 14.5%-иар багасч, үлдсэн хэсэг нь 2.7%-иар шинэчлэгдэхэд хуудасны тоо 33.6%-иар өссөн байгаа юм. Үүнийг тун ухаалаг бодож хийжээ. Нэгдүгээрт, үсгийн хэмжээг томруулснаар хуучин нэг нүүрт багтаж байсан текстийг 1.5 орчим нүүрт багтах болгосон байна, хоёрдугаарт, олон зураг нэмжээ. Түүнээс биш агуулгыг баяжуулсангүй. Хуучин толиос хассан “А” толгойт үгсийг хасаад үлдсэн 1680- аад үг буюу шинэ толийн “А” толгойт үгсийн 97.3% нь “Атилла” гэж байсныг “Атиль” болгох гэх мэтийн өнгөцхөн засваруудыг эс тооцвол яг хуучнаараа байна.
  2. Хуучин толийн хоёрдугаар ботийн төгсгөлд толийг зохиосон 540 гаруй эрдэмтдийн нэр [2: х.1200-1205], хоёр ботийн хоёулангийнх нь хоёрдохь нүүр хуудсанд эрдэм шинжилгээний редактор 43 эрдэмтний, мөн салбарын редактор, уран сайхны редактор, зураачид, эх бэлтгэгчид гээд бас 30-40-өөд хүний нэр  байгаа. Өөрөөр хэлбэл, шинэ толийн “А” толгойт үгсээр жишиж бодвол толийн 97.3%-ийг энэ 600 шахам хүмүүс олон жилийн хөдөлмөрөөрөө бүтээсэн болно. Гэтэл шинэ тольд энэ хүмүүсийн нэр алга болж, эрхлэн туурьвигч (“туурвих” гэдэг монгол үг нь “зохиох” гэсэнтэй адил утгатай гэдгийг монгол хэлний тайлбар толиуд батлаж байна [3: х.2088; 4II: х.334]) нь ганцхан академич Б.Чадраа болчихсон байна. Б.Чадраа энэ шинэ толийнхоо лав л 90%-иас илүү хувийг зохиогчийн нэрийг иш таталгүй хуулбарлачихаад өөрийгөө зохиогч гээд байгаа нь бүтээлийн хулгайн (plagarism) сонгодог жишээ болно.
  3. Хуучин толийн “А” толгойт үгээс хассан 280-аад үгийн дотор үнэнхээр хуучирсан юм уу, Монголтой гэхээсээ гадаад оронтой илүү холбоотой үгс нилээд байгаа нь үнэн боловч гавъяат барилгачин Л.Аварзэд, хүний гавъяат эмч С.Авдыкадыр, гавъяат механикжуулагч Ж.Авирмэд, спортын гавъяат мастер Т.Артаг, ШУА-ийн сурвалжлагч гишүүн Г.Аюушжав нарын 20-иод монголчууд, орчин цагийн шинжлэх ухааны эмнэлгийн үндэс суурийг тавигчийн нэг гэж зүй ёсоор үздэг Перс эмч Авиценна (Ибн Син), өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн хийн хуулиудыг нээснээрээ алдаршсан Италийн эрдэмтэн А.Авогадро, Нобелийн шагналтан физикч К.Д.Андерсон, биохимич К.Б.Анфисен, зохиолч Ч.Айтматов, Х.Х.Андерсен зэрэг орчин цагийн соёлт хүн бүр мэдэж байгууштай суутнуудын намтар хасагдсан учрыг би үнэндээ ухаж ойлгож чадсангүй. Ийм гайтсан хүмүүсийн тоонд Монгол улсын Шинжлэх ухааны академийн анхны 9 гишүүний нэг, манай анагаахын анхны доктор (тухайн үеийнхээрээ бол дэд эрдэмтэн), Монгол улсад чих, хамар хоолойн болон цээжний хөндийн мэс заслыг үндэслэгч, төрийн шагналт, хүний гавъяат эмч Түндэвийн Шагдарсүрэн багш маань орчихсон нь нэн харамсалтай. Уг нь Т.Шагдарсүрэн багшийн намтар хэдүйгээр дутуу дулим боловч нэвтэрхий толийн анхны хэвлэлд орсон байсан юм [2: х.1125].
  4. Шинэ толь агуулгын хувьд ч тун ядруу болжээ. Зөвхөн нэгдүгээр ботийг нь л өнгөц гүйлгэн хараад 100 гаруй алдаа олж болж байна. Тэр бүхнийг энд яаж бүгдийг тоочихов, ганц хоёр арай ч дээ гэмээр жишээг л дурьдая.
  • “Бүслүүр үлд” (herpes zoster) гэдэг өвчнийг “коксаки А бүлгийн вируст цочмог өвчин” хэмээн [1: х.306] тодорхойлжээ. Уг нь “бүслүүр үлд” гэдэг нь манай анагаахынхан хоорондоо голдуу “зостер” хэмээн хэлэлцдэг, ардын хэлэнд бол “могой яр” ч хэмээдэг “хавирга завсрын мэдрүүл дагасан хөндүүр гинжин цэврүү үүсэхээр илэрдэг, насанд хүрэгсэдийн халдварт өвчин” бөгөөд үүсгэгч нь хүний альфахерпесвир үсийн 3 дугаар хэвшинж [5: х.39]. Уг вирүсийг салхин цэцэг/бүслүүр үлдийн вирүс (VZV: varicella-zoster virus) гэх нь ч бий бөгөөд хүүхэд насанд анх халдварлах үедээ салхин цэцэг хэмээх бүх биеийн тууралтат халдвар үүсгэх боловч, анх халдвар үүсгэсний дараа олон жил мэдрэлийн ширхэгт бүгж хоцроод насанд хүрсэн үед биеийн эсэргүүцэл сулрах (дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэх, ДОХ, хорт хавдраар өвчлөх, хөгширч туйлдах г.м.) үед “могой яр” хэлбэрээр гардаг болохоор нь ийн нэрийдсэн болой. Вирүс судлалын үүднээс бол херпесвирүсийг коксакивир үстэй эндүүрсэн нь тэмээг ямаатай эндүүрсэнтэй адил хэрэг. Херпесвирүс нь липид агуулсан гадар бүрхүүлтэй, ДНХ цөмтэй, 100 нм хөндлөн огтлолтой, бөмбөлөг хэлбэртэй вирүс байдаг бол коксаки буюу пикорнавирүс нь гадуураа бүрхүүлгүй, РНХ цөмтэй, 24-30 нм хөндлөн огтлолтой, олон талт талст хэлбэрийн вирүс болно [6: х.194-195; 7: х.347-351].
  • Шинэ тольд хуучнаас хуулахдаа засах гээд “нуухыг нь авах биш, нүдийг нь сохлочихсон” жишээ бол хуучин тольд “анисын дусаалга” [2: х.64] гэж орсныг шинэ тольд “аньсны дусаалга” [1: х.93] болгочихсон нь болой. Цэр ховхлох, ханиалга намдаах үйлчилгээтэй, сэнгэнэсэн үнэртэй энэ шингэн эмийг манай эмч нар өөр хоорондоо “анийсын дусаалга” хэмээн хөөрөлддөг нь латинаар Liquor ammоnii anisatusхэмээн нэрлэдэгээс улбаатай.Монголоор бол уг нь “гоньдын жацан уусмал” гэх ёстой юм. Энэ эмийн найрлаганд 2,81 г гоньдын тос (Oleum Anisi), 15 мл шүвтэрийн уусмал буюу жац дээр 100 мл 90 градусын этилийн спирт нэмж бэлтгэдэг ажээ [8: х.361]. Ханиаданд уудаг, цэр ховхлох үйлдэлтэй“гоньдны жацан дусаалга”-ыг “аньсны дусаалга” (аньс жимстэй холбон буруу ойлгож болохоор) гэгч болгосон хөгжилтэй ч гэж болох, гунигтай ч гэж болох түүх ийм болой.
  • Тольд орсон анагаахын бус нэртомъёонуудын тайлбар ч ихээхэн хуучирсан бололтой. Арга ч үгүй, жинхэнэ зохиогчид нь 1970-1980 оны үед анх хийсэн тайлбарыг одоо өөр этгээд л хуулаад хэвлүүлээд байгаагаас бус баяжуулан сайжруулсан юм алга. Жишээ нь: “Аж Богд-I” чулуун солир [1: х.37] нь хатуу чулуулгын хэлтэрхийнүүд зөөлөндөө шигсэн холимог чулуун бүтэцтэй [9] бөгөөд найрлаган дахь гантигны хэлтэрхийнүүд нь 4.48±0.1 тэрбум жилийн настай буюу нарны аймгийн систем дэхь хамгийн эртний (одоогийн Дэлхий болон Саран дээрхи бүх гантигнуудаас ах настай) гантиг болох тухай Японы болон Германы судлаачдын хамтарсан судалгааны дүн 2009 оны зун шинжлэх ухааны ертөнцийг бүхэлд нь шуугиулсан билээ [10; 11]. Харин энэ солирыг анх олж, Дэлхийн солирын каталогт оруусан хүн нь О.Намнандорж гуай бөгөөтөл Б.Чадраагийн тольд энэ хүний тухай мэдээлэл огт алга.
  • Толийн лавлагаа аппарат үнэнхээр огт шаардлага хангахааргүй болжээ. Ийм хэмжээний тольд орсон өгүүлэл бүр нь зохиогчтой, зарим томоохон өгүүлэл нь иш татсан ном, хэвлэлийн жагсаалттай, толгой үгс нь утгын хийгээд үгийн айн заалттай, толь ашиглах талаар тайлбарласан “Өмнөх үг”-тэй, ашигласан зураг, чимэглэл нь мөн зохиогчтой, жинхэнэ эх нь хаана хадгалагдаж байгаа тухай тайлбартай байх ёстой билээ. Ойрмогхон гарсан монгол хэлний тайлбар толиуд [3-4] энэ талаар үлгэр авахаар болсон нь “үндэсний” хэмээх тодотголтой, үнэтэй цааснаас өөр авах юмгүй энэ толийг бүр ч үнэ хүндгүй болгож байна.

Ийм нэгэн “хулгайн” зузаан толь 21 дүгээр зууны эхэн үеийн Монголын шинжлэх ухааны “хуурамч” дурсгал болон үлдэх болж буй нь л нэн харамсалтай.

Ном зүй

1. Чадраа, Б. (2009): Монголын үндэсний нэвтэрхий толь, I боть, 1-696 х., II боть, 697- 1320 х., III боть 1321-2028 х.;
2. Монгол улсын ШУА (2000): Монголын нэвтэрхий толь, Ерөнхий редактор академич Б.Чадраа, I боть, 1-604 х., II боть, 605-1205 х.;
3. Монгол улсын ШУА, Хэл Зохиолын Хүрээлэн (2008): Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, Ерөнхий редактор Л.Болд, I боть (А-Г), I-XXXX+1-594+i-ix, х., II боть (Д-Л), I-XXXX+595-1176+i-ix, х., III боть (М-С), IXXXX+ 1177-1858+i-ix, х., IV боть (Т-Х), I-XXXX+1859-2650+i-ix, х., V боть (Х-Я), IXXXX+ 2651-3278+i-ix, x.;
4. Дамбажав, И. (2010): Оюун билгийн мэлмийг нээгч аялгуу сайхан монгол үгийн дээж (Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичиг), Нэмж засварласан хоёрдахь хэвлэл, “Өнгөт хэвлэл”, ХХК, Улаанбаатар, I боть (АОюутан), I-XIII+1-1218 х., II боть (Ө-Яшин), IVI+ 1-1240;
5. Нямдаваа, П., Наранбаатар, Н., Наранбат, Н., Наранболд, Н. (2006): Анагаах ухааны монгол нэртомъёоны англи, герман, латин, орос, франц хэлээр хадмал орчуулгатай товч тайлбар толь, 395 х.;
6. Нямдаваа, П. (1986): Вирүс судлалын үндэс,Улсын хэвлэлийн газар, Улаанбаатар, 224 х.;
7. Америкийн Нийгмийн эрүүл мэндийн холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын анагаах ухааны академи (2010): Халдварт өвчний хяналтын лавлах, 18 дахь хэвлэлийн монгол орчуулга, Орчуулгын редактор Махбал овогт П.Нямдаваа, Улаанбаатар, 798 х.;
8. Машковский, М.Д. (2005): Лекарственные средства, Пособие для врачей, 15-е издание, переработанное, исправленное и дополненное, М., “Новая Волна”, 1206 с.;
9. Bischoff, A., Geiger, T., Palme, H. et al. (1993): Minerology, chemistry, and noble gas contents of Azhi-Bogdo – an LL3-6 chondriticbreccias with L-chondrites and granatoidalclasts, Meteoritics, 28: 570-578;
10. Terada, K. and Bischoff, A. (2009): Asteroidal granite-like magmatism 4.53 Gyr ago, Astrophys. J, 699: L68-L71;
11. Editor’s Choice (2009): Well aged granite, Science, 325:13;
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 567
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК