Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АНХАН ШАТАНД АЖИЛЛАГСДЫН СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРТ ӨРТӨЛТИЙН БАЙДАЛ
( Судалгааны өгүүлэл )

А.Цолмонтуяа1, Д.Наранзул2, Б.Баярмагнай1, Д.Даваалхам1

 

1 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

2 Халдварт өвчин судлалын үндэсний төв

 

ДЭМБ-ын судалгаагаар Номхон Далайн Баруун Бүсэд багтдаг сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны 3 дугаарт Монгол улс орж байна. Сүрьеэ өвчин манай орны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд бүртгэгдсэн нийт халдварт өвчний дотор бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) болон вируст гепатитын өвчлөлийн дараа бүртгэгдэж, нар баралтын түвшнээрээ халдварт өвчний дотор тэргүүлэх байр эзэлж байна. [i]

Эрүүл мэндийн байгууллага нь сүрьеэгийн халдвар тархах эрсдэл бүхий орчин юм. Гэхдээ энэ нь тухайн эрүүл мэндийн байгууллагын төрөл, хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин, үйлчилгээ үзүүлдэг өвчтөн, ЭМА-ны төрөл, ЭМА-ны ажиллах байр, нөхцөл, халдвар хяналтын хөтөлбөр хир зэрэг амжилттай хэрэгжиж байгаа зэргээс шалтгаална. Сүрьеэтэй өвчтөн оношлогдохоос өмнө эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг хэсэг буюу өрхийн эрүүл мэндийн төв, эсвэл халдвар ялгаруулж буй өвчтөнг оношлох, эмчлэх үйл ажиллагаа хийдэг тасаг нэгжид халдвар тархах эрсдэл өндөр байдаг.[ii]

2007-2009 онд манай улсад шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн өвчлөлийн байдалд дүгнэлт хийхэд эрүүл мэндийн ажилтнаас 111 хүн өвчилсөн нь нийт өвчлөлийн 1.1%-ийг эзэлж байна. Ялангуяа сум, өрхийн эмч, эрүүл мэндийн ажилтан, шинжээч эмч, мэс засал, шүд, сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд давамгай өвчилсөн байна.

Судалгааны ажлын зорилго

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатанд ажиллагсдын сүрьеэгийн халдварт өртөлтийн байдлыг тодорхойлох

Материал ба арга зүй

Судалгааны загвар: Судалгааг аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан явуулсан.

Хамрах хүрээ: Судалгаанд Улаанбаатар хот дах 27 өрхийн эрүүл мэндийн төвийн 125 эмч, сувилагч хамрагдсан.

Мэдээлэл цуглуулах арга:

  • Судалгаанд хамрагдсан эмч, сувилагчийн сүрьеэгийн халдварлалтыг туберкулины сорилоор тогтоосон.
  • Мэдээлэл цуглуулах тоон арга буюу тусгайлан боловсруулсан стандарт асуумжийг ашиглан эмч, сувилагчийн дундах сүрьеэгийн халдварлалт, өвчлөл, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх судалгааг хийсэн. 

Статистик боловсруулалт:  Судалгааны материалыг SPSS 20.0, EPI INFO 7.0, OpenEpi программуудыг ашиглан боловсруулж статистик үнэн магадлалыг тооцсон. Сүрьеэгийн халдварын тархалтыг хувиар илэрхийлж, өвчлөлийн түвшинг 10000 эмч сувилагчид тооцоолж, тус бүрт 95.0%-ийн итгэх интервал [C.I.]-ыг тооцсон.

Судалгааны үр дүн  ба хэлцэмж

Бидний судалгаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч шатлалын 125 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсанаас 54.4% нь эмч, 45.6% нь сувилагч мэргэжилтэй байна.

Судалгаанд хамрагдсан эмч, сувилагчийн дундаж нас 38.6±16.3 буюу  40-49 насныхан хамгийн их хувийг (31.2%) эзэлж байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд 96%, эрэгтэйчүүд 4% байлаа (p<0.001). Бидний судалгаанд оролцогчдын  76.0% нь гэрлэсэн (p<0.001), 48.0% орон сууцанд, 40% нь хашаа байшинд, 10.4% нь уламжлалт гэрт, 1.6% бусад (нийтийн байр, түрээсийн өрөө) амьдарч байна.

Судалгаанд хамрагдсан 125 эмнэлгийн мэргэжилтний  52 хүнд туберкулины сорил эерэг тодорхойлогдсон бөгөөд эмнэлгийн мэргэжилтний дунд сүрьеэгийн халдварын тархалт 41.6% (CI: 48.8%; 55.5%) байна.

Сүрьеэгийн далд халдварын тархалт эмч нарын дунд 39.7%, сувилагч нарын дунд 43.8% (p=0.36).

Сүрьеэгийн халдварт өртсөн байдлыг амьдрах орон сууцны байдлаар авч үзвэл судалгаанд хамрагдсан орон сууцанд  амьдардаг 60 хүний 19 буюу 31,6%, хашаа байшинд амьдардаг 50 хүний 27 буюу 54%, гэрт амьдардаг 13 хүний 5 буюу 38,5% өртсөн байна. Үүнээс харахад хашаа байшинд амьдардаг хүмүүс илүү өртсөн байгаа нь статистик магадтай ялгаатай байна (p<0.05).

Судалгаанд оролцогч нийт эмнэлгийн ажилтануудын дунд идэвхтэй сүрьеэгийн нийт 1 тохиолдол илэрсэн ба 10000 эмч сувилагч дундах бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалтын түвшин 80.0 байна.

Нийт хүн амын 25% сүрьеэгийн халдварт өртсөн байдаг бол эрүүл мэндийн тусламжийн ажилчдын 49% нь халдвар авсан байдгийг Garret нар тооцон гаргажээ. [iii]

Мексикт хийсэн нэгэн судалгаагаар 5 жилийн хугацаанд өрхийн эмнэлгийн ажилтнуудын дунд 18 сүрьеэ оношлогдсон. Энэ хугацаанд дунджаар 819+/-21.7 ажилтанууд ажилласан байна. Сүрьеэгийн өвчлөлийн түвшин 100,000 ажилтанд 439,56 тохиолдол байсан ба энэ нь хотын нийт хүн амын дундах өвчлөлийн түвшнээс 10,98-аар их байна. Эмч нарын дундах өвчлөлийн түвшин 100,000 ажилтанд 860.21, сувилагч нар 365.85, дадлагажигч эмч нар 1846.15 байна гэсэн дүн гарч ЭМА-уудын дундах сүрьеэгийн өвчлөлийн түвшин ерөнхий хүн амын өвчлөлтэй харьцуулахад маш өндөр байна  гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.[iv] Манай судалгаагаар эмнэлгийн мэргэжилтний дунд сүрьеэгийн халдварын тархалт 41.6% (CI: 48.8%; 55.5%)-тай бөгөөд Сүрьеэгийн далд халдварын тархалт эмч нарын дунд 39.7% (CI:48.0%; 58.0%), сувилагч нарын дунд 43.8% (CI: 46.7%; 58.9%)-тай байгаа нь эдгээр судлаачдынхтай ижил байна.

Сантьяго де Кубад өрхийн эмнэлгийн ажилтнуудын дундах тархалтыг тогтоох зорилго бүхий нэгэн судалгаанд туберкулины сорил эерэг гарсан 350 ЭМА-нуудын 82% нь эмэгтэй, дундаж нас нь 37,6. Далд хэлбэрийн сүрьеэгийн халдварын тархалт 15,4 байсан бөгөөд  эмч нар хамгийн өндөр тархалттай буюу 21,8%, дараа нь сувилагч нар 19,6%, захиргааны тасаг хамгийн бага буюу 3,3%-ийн халдварлалттай байна. Дундаж нягтрал 3,78 мм. Сүрьеэгийн хавьталтай байсан нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдвар авахад эрсдэлт хүчин зүйл болж байна гэсэн дүгнэлт гаргасан байна.5

Өмнөд Солонгосын эмнэлгийн ажилтны дунд 6 жилийн хугацаанд явуулсан 8433 хүн хамрагдсан судалгаагаар 61 хүн буюу 0,72% нь сүрьеэгээр халдварлагдсан. Халдварын тархалтын харьцаа нийт ЭМА-уудын дунд 1.05 (95%CI 0.80-1.35). Мэргэжлээр нь авч үзвэл тархалтын харьцаа эмч нарын дунд 0.58 (95%CI 0.30-1.01), сувилагч нарын дунд 1.81 (95%CI 1.21-2.59) ба бусад тасаг нэгжийн дунд  0.95 (95% CI 0.58-1.46). 6

ЭМА-ны дундах сүрьеэгийн халдварлалтын эрсдлийг үнэлэх Мэльбурны Мантугийн судалгааны төвд7 хийсэн судалгаагаар ЭМА-ууд туберкулины сорил эерэг байх нь эмнэлгийн бус ажилтнуудыг бодвол илүү боломжтой байгаа юм. (19.3% versus 13.7%; OR, 1.5; 95% CI, 1.3-1.7; P<0.001).

Бидний судалгаанд хамрагдсан эмч, сувилагчийн БЦЖ вакцины дараах сорви тогтсон байдал нь 50-аас дээш насанд харьцангуй өндөр байхад 20-29, 40-49, 30-39 насанд сорвигүй хүний эзлэх хувь илүү байна. 125 эмч, сувилагчийн 94.4% нь БЦЖ вакцины дараах сорвитой, 5.6% нь сорвигүй байна.

Манай  судалгаанд хамрагдсан эмч сувилагчийн дундах туберкулины сорилын хариу урвалын хэмжээ 8-15 мм хооронд хамгийн их тархалттай байна. Ялангуяа 10 мм –ийн орчимд тархалт өндөр байна.

Klang Valley-ийн санамсаргүй сонгогдсон 4 эмнэлэгт 2008,12 сараас 2009,05 сар хүртэл хугацаанд явуулсан нэг агшингийн судалгаагаар ЭМА-уудын дундах далд хэлбэрийн сүрьеэгийн халдварын ерөнхий тархалт 10.6%. (CI: 8.6%; 12.6%). 35 ба түүнээс дээш нас 9.49 (CI: 2.22; 40.50), идэвхитэй хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн нэг гэрт хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүд эсвэл найзууд [8.69 (CI: 3.00; 25.18)], сувилагч мэргэжлээр ажиллах [4.65 (CI: 1.10; 19.65)] болон эрэгтэй хүйс [3.70 (CI: 1.36; 10.02)] нь ДХСХ-тай холбоотой ач холбогдолтой хүчин зүйлс болж байжээ.8

Харин бидний судалгаагаар эмч, сувилагчийн дундах сүрьеэгийн халдварын тархалт 50-аас дээш насанд 41.7% (CI: 49%; 63.8%), 30-39 насанд 40.0% (CI: 48.2%; 62.3%), 40-49 насанд 43.6% (CI: 44.3%; 55%), 20-29 насанд 40.5% (CI: 41.2%; 56.4%)-тай нас ахих тусам нэмэгдэх хандлага байгаа боловч ач холбогдол бүхий ялгаатай байдал ажиглагдахгүй байна (p=0.38). Эмэгтэйчүүдийн дунд 42.5% (CI: 48.2%; 55.2%) байна (p=0.48) Эрэгтэйчүүдийн дунд сүрьеэгийн халдварын тархалт 20.0%-тай (CI:45.3%; 65.4%). Эмч, сувилагчийн дундах сүрьеэгийн халдварын тархалтыг тухайн гэр бүлд сүрьеэгийн ойрын хавьтал байгаа эсэхтэй холбон судлахад одоо сүрьеэтэй өвчтөн гэр бүлд нь байгаа 80.6% (CI:65%; 90.2%)  буюу харьцангуй өндөр байна (p<0.002). Энэ нь тухайн гэр бүлийн гишүүд сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд ойрын хавьтал халдвар авах эрсдэл өндөр болох нь харагдаж байна. Энэ дүгнэлт нь мөн дээрх судлаачдынхтай үндсэндээ тохирч байна.

Эмч, сувилагчийн дундах сүрьеэгийн халдварын тархалтыг гэр бүлийн байдлаар судлаж үзэхэд бэлэвсэн хүмүүсийн дунд 33.3% (CI:40.7%; 76.6%), гэрлэлтээ цуцлуулсан 33.3% (CI: 40.5%; 66.6%), гэрлэсэн 44.2% (CI: 48.4%; 56.1%), гэрлээгүй 36.8% (CI: 41.8%; 58.9%)-тай буюу гэр бүлгүй хүмүүсийн дунд 65,8% байгаа нь анхаарал татаж байна. (p<0.05).

 2-6 ам бүлтэй өрхтэй харьцуулахад 7 ба түүнээс дээш гишүүдтэй гэр бүлд амьдарч байгаа эмч, сувилагчийн дунд сүрьеэгийн халдварын тархалт 100% (CI: 64.6%; 98.5%)-тай буюу өндөр байна. Энэ нь ам бүл олон байх тутам халдварлалт их байдаг гэдэг судлаачдын дүгнэлттэй тохирч байна. 

Судалгаанд хамрагдсан эмч, сувилагчийн тамхи таталтын байдал болон архи согтууруулах ундааны хэрэглээг сүрьеэгийн халдварын тархалттай холбон судлахад дараах үр дүн ажиглагдсан. Тамхи тогтмол татдаг эмч, сувилагчийн дунд сүрьеэгийн халдварын тархалт 75.0% (CI:51.7%; 73.6%), хэрэглэдэггүй 41.2% (CI:47.7%; 54.7%)-тай байна. (p<0.05) .

Харин архи хааяа хэрэглэдэг хүмүүсийн дунд сүрьеэгийн халдварын тархалт 38.7% (CI:45.3%; 53.7%), огт хэрэглэдэггүй 46.0% (CI:49.7%; 61.1%)-тай байна.

Сүрьеэгийн халдварын тархалтыг биеийн жингийн индекстэй холбож судлахад бага жинтэй оролцогчдын дунд 50% (CI:35.7%; 80.1%), илүүдэл жинтэй 42.1% (CI:49%; 58.4%), хэвийн жинтэй оролцогчдын дунд 40.9% (CI:62.2%; 98.3%)-тай байна (p=0.48).

   Судалгаанд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтэний 92% нь ямар нэг хавсарсан эмгэгтэй гэж хариулсан байна. Эдгээр хүмүүсийн дунд сүрьеэгийн халдварын тархалт 40.8% (CI:49.1%; 56%)-тай байна (p<0.05).

Ийнхүү сүрьеэгийн халдварт өртөх эрсдэл манай өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажиллагсдын дунд өндөр байгаа бөгөөд халдвар хамгааллын тогтолцоог сайжруулах, ажиллагсдын нийгэм, ахуй ,эрүүл мэндийн ерөнхий байдлыг  сайжруулах шаардлагатай бөгөөд цаашид  эмнэлгийн нөхцөлд халдвар тархахгүй байх орчинг бүрдүүлэх, үүний тулд судалгаа хийж, хөтөлбөр боловсруулах шаардлагатай байгааг харуулж байна.

Дүгнэлт

  1. Өрхийн эрүүл мэндийн төвийн ажиллагсдын дундах сүрьеэгийн халдварын тархалт 41.6% байгаагаас мэргэжлээр нь авч үзвэл  эмч нарын дунд 39.7%, сувилагч нарын дунд 43.8%  байна.
  2. Хашаа байшинд амьдардаг, олон ам бүлтэй, тамхи татдаг, хавсарсан эмгэгтэй  хүмүүсийн дунд халдварлалтын тархалт         их байна.
 

 

Ном зүй

1. Наранбат Н. Сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлье. Сүрьеэгийн үндэсний V семинар; Улаанбаатар, Монгол. 2004. Х.52.
2. Наранзул Д. Буянхишиг Б. Отгонцэцэг Д. Сүрьеэгийн халдвар хяналтын гарын авлага; Улаанбаатар, Монгол. 2011. Х.13
3. TB in the workplace. http://www.map.edu/openbook/0309073306/html/95.html, Copyright, 2000.
4. Infect Control Hosp Epidemiol. 2006 May;27(5):449-52. Epub 2006 Apr 14.Tuberculosis in healthcare workers at a general hospital in Mexico.Laniado-Laborín R, Cabrales-Vargas N.
5. Latent tuberculosis infection among health care workers at a general hospital in Santiago de CubaAuthors: Borroto, S.1; Gámez, D.2; Díaz, D.3; Martínez, Y.4; Ferrer, A.I.4; Velásquez, Y.2; Llanes, M.J.4; González, E.1The International Journal of Tuberculosis and Lung Disease, Volume 15, Number 11, November 2011 , pp. 1510-1515(6)
6. Incidence of tuberculosis among health care workers at a private university hospital in South Korea. Jo KW, Woo JH, Hong Y, Choi CM, Oh YM, Lee SD, Kim WS, Kim DS, Kim WD, Shim TS.PMID:18371271 Med J Aust. 2001 Jun 4;174(11):569-73.
7. Assessing the risk of tuberculosis infection among healthcare workers: the Melbourne Mantoux Study. Melbourne Mantoux Study Group. Stuart RL, Bennett NJ, Forbes AB, Grayson ML.
8. Prevalence and risk factors of latent tuberculosis infection among health care workers in Malaysia. Rafiza S, Rampal KG, Tahir A.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 968
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК