Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (59) 2013. N04(059)
ЦӨСНИЙ ХҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДАГДАЛЫГ ХЭТ АВИАГААР ОНОШЛОХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

С.Пүрэвсүрэн1, Ш.Болд2, Ш.Үүртуяа3

1УХТЭ, 2“Ач” АУДС, 3ЭМШУИС-ийн Био-анагаахын сургууль

 
Абстракт

“Дээрээс тогтоосон дүрс тус бүрийг бүртгэсэн дэвтэр” болон “Анагаах ухааны дөрвөн үндэс” зохиолын доторх зарим цул болон сав эрхтний бүтэц, хэмжээний талаар хийсэн судалгаагаа практикт ойртуулах зорилгоор Монголын хүн амын дунд хоол боловсруулах тогтолцооны зонхилон тохиолддог 5 эмгэгийг 3 дугаарт ордог цөсний өвчнөөс цөсний хүүдийн үйл ажиллагааны алдагдал, цөс зогсонгишлыг хоолтой сорил ашиглан хэт авиагаар оношлох судалгааг явуулав. 

Манай орны хувьд цөсний хүүдийн үйл ажиллагаа алдагдах эмгэгийг оношлох, ялган оношлох, голлох шалтгааныг тодорхойлох боломжийг судалж цаашид практикт нэвтрүүлэх зайлшгүй чухал асуудал болж байгаа билээ. Ялангуяа гэр бүлийн, нийгмийн стресс их байгаа, хөдөлгөөн дутагдах болсон өнөө үед анхдагчаар цөсний хүүдийн үйл ажиллагаа алдагдах нь залуу насныханд голлон тохиолдож, цаашид ХБЭ[1]-ий олон эмгэгийн суурь болж байгаад анхаарах цаг нь болжээ хэмээн үзэж байна. Цөсний хүүдийн агшилт, цөсний замын сфинктерийн агшилтын зохилдлогоо анхдагчаар алдагдах олон шалтгаан байгаагаас стресс, амьдралын хэв маяг, хооллолт голлох шалтгаан болж байгаа билээ.  



[1] Хоол боловсруулах замын эмгэг

 

 

Материал арга

2010, 2012 оны 2, 3-р улиралд УХТЭ-ийн хэт авиан оношилгооны хэсэгт шинжлүүлсэн үйлчлүүлэгчдээс ХБЭ-ий эмгэг зовиуртай 131 өвчтөнүүдийг сонгон авч  Hitachi EUB-525 болон Мedison Sonoage X-8 маркийн 3,5 мгц давтамжтай үүсгэн бүртгэгч бүхий хэт авиан оношилгооны аппаратыг ашиглан өлөн  болоод хоолтой сорилын дараах цөсний хүүдийн хэлбэр, хэмжээг харьцуулан судалж  үр дүнг тооцсон. Хэмжилтийг монгол хүний цөсний хүүдий, цөсний ерөнхий сувгийн хэт авиан лавламж хэмжээнүүдтэй харьцуулсан болно.

Судалгааны үр дүн

Судалгаанд хамрагдагсдын нас, хүйс: Судалгаанд хүмүүсийн дундаж нас 45, хамгийн залуу нь 18, хамгийн ахмад нь 80 настай, 36% эрэгтэй, 64%  эмэгтэйчүүд хамрагдсан байгаа нь судалгаанд идэр наснаас дээших бүх насны хүмүүс түүнээс эмэгтэйчүүд илүүтэй хамрагдсан байна. Цөсний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүсийн 38% эрэгтэй, 62%  эмэгтэйчүүд байгаа нь цөсний замын үрэвсэлт өвчнөөр 40-59 насны эмэгтэйчүүд илүү өвчилдөг гэж үзсэн бусад судлаачдын[1] үр дүнтэй ижил байв.      

 

Дундаж жин: Судалгаанд хүмүүсийн дундаж жин 67.25, хамгийн хөнгөн нь 44 кг, хамгийн хүнд жинтэй нь 95 кг байгаа нь жингийн хэлбэлзэл их байгааг харуулж байна.

Ажил эрхлэлт: Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 68% нь дээд боловсролтой, 31% нь дунд, 1% нь бага боловсролтой байв. Судалгаанд хамрагдагсдын дотор хөдөлмөрийн насны, дээд боловсролтой иргэд буюу суугаа ажилтай хүмүүс илүүтэй өвчилж байгаа нь цөсний замын өвчин үүсэхэд хөдөлгөөний хомсдол нөлөөлдөг гэсэн дүгнэлт хийж болох нь харагдав.

Судалгаанд хамрагдагсдын дотор хөдөлмөрийн насны, дээд боловсролтой иргэд буюу суугаа ажилтай хүмүүс илүүтэй өвчилж байгаа нь цөсний замын өвчин үүсэхэд хөдөлгөөний хомсдол нөлөөлдөг гэсэн дүгнэлт хийсэн нь хөдөлмөрийн насны боловч ажил эрхэлдэггүй, эсвэл суугаа ажилтай хүмүүс цөсний өвчин илүүтэй тохиолдож байна гэсэн судлаач Сэргэлэн.О, Өнөрсайхан.Ч. (2008)[2] нарийн дүгнэлттэй дүйж байна.

Голдуу хэрэглэдэг хоол: Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдээс 1% нь цагаан хоолтой, 45% нь махан хоол, 54% нь хуурай хүнс ихэвчлэн хэрэглэдэг байлаа.

  Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 6%-ийн цөсний хана хэвийн, 94%-ийн цөсний хана зузаан, үйл ажиллагааны алдагдалд орсон болох нь тодорхойлогдов. Эдгээр хүмүүсийн 60% нь өглөөний цай уугаагүй байлаа.

 

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн өгүүлэмжээс дараах зовиур зонхилон илэрч байв. Үүнд:

  • Өтгөн хаталт - 84
  • Цээж хорсох – 79
  • Хоолны шингэц муу – 53
  • Цөс орчим өвдөх – 21
  • Цанхайх – 10
  • Гэдэс дүүрэх – 10

 

Бид судалгааг лавшруулан цөсний хүүдийн үйл ажиллагааны алдагдлын үед ямар хэлбэр зонхилж буйг үзлээ.

Үүнд: L, S, тах, лийр гэсэн 4 голчлох хэлбэрийн эзлэх хувийг тодрууллаа. Шинжилгээний дүнгээс үзэхэд L хэлбэр 66%, лийр хэлбэр 18%, S хэлбэр 12%, тах хэлбэр 4% болох нь тогтоогдов. 

Бид эхлээд хоолтой сорил тавихаас өмнө нийт 131 хүний цөсний хүүдийн хэмжээг тогтоов. Цөсний хүүдийн дундаж хэмжээ 8,6 х 3,6 см байлаа. Хүн бүрт 1-2 өндөг идүүлсний дараах цөсний хүүдийн хэмжээ 4,9 х 1,9 см болсон байв. Цөсний зогсонгишил 81,3%-д илрэв. Мөн 98%-д нь цөсний хүүдийн хана зузаарсан байлаа.

Судалгааны дүнгээс өглөөний унд, цайг хэрэглэхгүй байх нь цөсний хүүдийн үйл ажиллагааны алдагдлын гол шалтгаан болж байгаа бөгөөд түүнчлэн махан болон хуурай хүнс: хайрсан, тосонд чанасан боов, чихэрлэг хүнс, хөдөлгөөний хомсдол ихээхэн нөлөөлдөг байна.

Цөсний хүүдийн үйл ажиллагаа алдагдах эмгэгийн оношилгоонд хоолтой сорил ашигласан хэт авиан оношилгоо нь тэргүүлэх зэргийн  ач холбогдолтой байна. Манай орны нөхцөлд олонтой тохиолддог хоол боловсруулах замын эмгэгийн тэр дотроос цөсний хүүдийн үйл ажиллагааны алдагдлын оношилгооны асуудлыг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болж буй нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

                                                                       

Зураг 1. Цөсний хүүдийн лийр хэлбэр

Зураг 2. Цөсний хүүдийн L болон тах хэлбэр

Зураг 3. Цөсний хүүдийн хүзүүний нугарал болон S хэлбэрийн цөсний хүүдий

 

Ном зүй

Хоол боловсруулах замын эмгэг

Сэргэлэн.О, Өнөрсайхан.Ч. Цөсний замын үрэвсэлт эмгэгийн оношлогоо эмчилгээг боловсронгуй болгох нь. Монголын анагаах ухаан, 2008, 1(143), http://www.mongolmed.mn, 2013 оны 3 дугаар сарын 03
Сэргэлэн.О, Өнөрсайхан.Ч. Цөсний замын үрэвсэлт эмгэгийн оношлогоо эмчилгээг боловсронгуй болгох нь. Монголын анагаах ухаан, 2008, 1(143), http://www.mongolmed.mn, 2013 оны 3 дугаар сарын 03
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1205
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК