Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (60) 2013, N05(060)
ХОДООД ГЭДЭСНИЙ ДУРАН – ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН АХИЦ
( Лекц )

Ц.Сарантуяа, Х.Оюунцэцэг, Д.Даваадорж, Л.Ганболд, Ө.Билгүүн

 
Абстракт

Ходоод гэдэсний дурангийн оношлогоо, эмчилгээний тусламж үйлчилгээнд судасны унтуулга мэдээгүйжүүлэгийн арга технологийг нэвтрүүлэх нь


 

Орчин үед үйлчлүүлэгчдэд зовиур шаналгаагүй, аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлэх, нөгөө талаас ухаалаг багаж хэрэгслийн тусламжтайгаар  оношлогоо, эмчилгээний дэвшилтэт технологийг эрүүл мэндийн  тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага нь  өндөр эрсдэл бүхий  ажилбарыг аюулгүй, найдвартай, түргэн шуурхай өдөр тутмын үйл ажиллагаандаа  хийж гүйцэтгэхийг зүй ёсоор шаардаж байна. Судасны унтуулга дор үйлчлүүлэгчийг дурандах арга нь орчин үед үйлчлүүлэгчийн сэтгэлд бүрэн нийцсэн, дурангийн оношлогоо эмчилгээний чанар ахиулсан, үйлчлүүлэгчийн амь насанд өндөр эрсдэл бүхий технологид тооцогддог. Дурангийн үед судасны унтуулга мэдээгүйжүүлэг өгөх аргачлалыг  хэн удирдан явуулж буй байдлаар нь мэдээгүйжүүлгийн эмч / сувилагч гүйцэтгэх, мэргэжлийн сургалтанд хамрагдсан эрх бүхий дурангийн эмч / сувилагч гүйцэтгэх гэж ялган үздэг.

Судасны унтуулгыг эмчилгээний дурангийн ажилбарын үед төдийгүй өдөр тутмын оношлогооны явцад дэлхий дахинаа өргөн хэрэглэдэг болжээ.  Ихэнхи оронд дурангийн ажилбарын үеийн судасны унтуулга мэдээгүйжүүлэгийг эрх бүхий (сургагдсан) дурангийн  эмч, сувилагч нар бие даан явуулдаг ажээ. Манай оронд ходоод гэдэсний дурангийн зарим эмчилгээний ажилбарын үед мэдээгүйжүүлэгийн багийн тусламжтайгаар III шатлалын эмнэлэгийн дурангийн тасагт судасны унтуулгын аргыг хэрэглэдэг. Ходоод, гэдэсний дурангийн оношилгоо, эмчилгээний ажилбарын үед дурангийн эмч, сувилагч нар бие даан судасны унтуулга хийж гүйцэтгэх арга, аргачлал нь манай улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гастроэнтеролог- гепатологийн мэргэжлийн салбарт хараахан нэвтрээгүй байгаа бөгөөд нэн тэргүүнд хэрэгжүүлэхийг хүлээж буй шинэ дэвшилтэт технологи юм.    “Ходоод гэдэсний дурангийн үед судасны унтуулгын арга технологийг нэвтрүүлэх нь” анхны сургалтыг ходоод гэдэсний дурангийн оношлогоо, эмчилгээний тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, судасны унтуулга дор үйлчлүүлэгчийг дурандах орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор ЭМШУИС-ийн Их сургуулийн нэгдсэн эмнэлэгт  2013 оны 4 сард ХБЭСТ, Мэс заслын тэнхимээс зохион байгуулсан юм.

Манай улсын гастроэнтерологийн тусламж үйлчилгээнд  энэхүү шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд  дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Үүнд:

  • Судасны унтуулга гүйцэтгэхэд  шаардагдах багаж хэрэгсэл, эм бэлдмэлийн хангамж, нийлүүлэлтийг судалж, шийдвэрлэх, тус ажилбарыг  аюулгүй, найдвартай, эрсдэлгүй явуулах  эмнэлгийн орчин үеийн стандарт шаардлагыг  бүрдүүлэх, 
  • Дурангийн эмч , сувилагч нарыг мэдээгүйжүүлэгийн мэргэжлийн сургалтанд хамруулж, мэдээгүйжүүлэгийн талаарх зохих түвшний мэдлэг ур чадвар олгох
  • Ажлын байран дээрх тасралтгүй сургалтаар дурангийн  эмч, сувилагч нарын  мэргэжлийн ур чадварыг  хөгжүүлэх 
  • Дурангийн эмч мэргэжилтэн ба Мэдээгүйжүүлэг эмч мэргэжилтний нийгэмлэгтэй хамтран, судасны унтуулгын талаарх эмнэлзүйн зөвлөмж, удирдамж, стандарт боловсруулан, хэрэгжүүлэх
  • Тусламж үйлчилгээний шинэ технологид    үнэлгээ хийж,  цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээний практикт түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах зэрэг болно.

Дурангийн эмч, сувилагч нар судасны унтуулга дор дурангийн шинжилгээ оношлогоо, эмчилгээг гүйцэтгэх анагаах ухааны шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чанарын ахиц гарах практик ач холбогдолтой юм. 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 677
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК