Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (57) 2013 N02(057)
ЭРҮҮ ШҮДНИЙ ГАЖИГТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ИХ АРАА ШҮДНИЙ ТӨВГӨРИЙН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )
 
Абстракт

Сүүлийн үед иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшин дээшилж , эмчилгээ үйлчилгээнд тавигдах үйлчлүүлэгчдийн шаардлага улам өсч , үүнийг дагалдан зөвхөн эмчлэх, эдгэрүүлэхээс гадна эрүүл байх, гоо сайхандаа ихээхэн анхаарах болсон байна. Тухайн шүдийг болон тухайн хүний шүдний эгнээг төрөлхийн унаган төлөвөөр нь сэргээхэд шүдний цөгцний анатомийн онцлог маш чухал үүрэгтэй. Түүнийг нарийвчлан судалж тогтоох нь дээрх шаардлагыг хангах гол үндэслэл юм. Мөн шүдний нум зөв өсч хэлбэржин хоншоор эрүүний харьцаа зөв нүүрний хэм тэгш болох нь араа шүдний хэлбэр, төвгөрүүдийн харьцаа, хоршилтоос шууд хамааралтай билээ. Иймд байнгын шүднээс хамгийн эхэлж ургадаг нэгдүгээр их араа буюу 6-р шүдийг эрүү нүүрний хөгжлийн “алтан” түлхүүр гэж судлаачид үздэг. Гэтэл манайд шүд цоорлын тархалт 6-8 насанд 85.0%, шүд цоорлын эрчим 5.8 байна. Л.Мөнгөнцэцэг (1996). Түүний зэрэгцээ цооролд өртөмтгий шүд 1,2-р их араанууд байна. (55.3%, 2011 ). Мөн их арааг эрт авхуулсантай уялдан манай хүүхдүүдийн дунд эрүү шүдний гажиг өсөх хандлагатай байна. (55.1%, 2011 ) Манайд урьд нь 1.2-р их араа шүдний зажлах гадаргуугийн онцлогийн судалгаа хийгдээгүй, одоогоор хэвлэлийн тоймд мэдээлэл тааралдаагүй байгаа болон өвчлөлийн энэхүү байдал анхаарал татаж, бид энэхүү судалгааг явуулах болсон билээ.

Зорилго:

Хоншоор, эрүүний 1,2-р их араа шүдний зажлах гадаргуугийн ховил, төвгөрийн тоо, хэмжээг судална.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга аргачлал

Бид судалгаандаа эмчилгээ, гажиг заслын эмчилгээ хийгдэж буй хүүхдүүдийн хоншоор, эрүүний шүдний 120 ширхэг загвар дээр хийлээ. Загварыг сонгохдоо шүдний хэлбэр тод, бүтэн эмтэрч гэмтээгүй, ломбогүй тухайн хэмжилтийг хийхэд хэрэгцээтэй гадаргууд бүтэн 6-7 насны эрэгтэй 30, эмэгтэй 30 хүүхдийн загвар, 11-12 насны эрэгтэй 30, эмэгтэй 30 хүүхдийн загвар сонгож нийт 120 хүүхдийн загвар дээр хэмжилтийг хийсэн.

Судалгааны үр дүн

Судалгаанд хамрагдсан нийт 120 загвар дээр 1,2-р их араа шүдний төвгөрийн тоог тодорхойлж статистик боловсруулалтын аргаар үр дүнг тооцов.

Дүгнэлт

1. Хоншоорын 1-р их араа 81.7% нь 4 төвгөртэй, 18.3% нь 5 төвгөртэй байна. Эрүүний 1-р их араа 25% нь 4 төвгөртэй, 75% нь 5 төвгөртэй байна.

2. Хоншоорын 2-р их араа 100% 4 төвгөртэй байна. Эрүүний 2-р их араа 73.3% нь 4 төвгөртэй, 26.7% нь 5 төвгөртэй байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 512
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК