Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (57) 2013 N02(057)
ХАРХАНД ЗОРИУДЫН ХУГАРАЛ ҮҮСГЭХ ТУРШИЛТЫН ЗАГВАР, ЯСНЫ БОРООЛОЛТЫН ЯВЦЫГ РЕНТГЕН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГААР ҮНЭЛСЭН НЬ
( Судалгааны өгүүлэл )

1Н.Ариунжаргал, 2С.Сээсрэгдорж, Б.Бямбацогт3Б.Бархүү, 4Ч.Ууганбаяр, 2 Т.Соёлт, 5О.Гэрэлтуяа

1 ЭМШУИС-Дорноговь салбар сургууль,2 ЭМШУИС-УАС. 3 Мал эмнэлэг Биотехнологийн сургууль 4Гэмтэл согог судлалын үндэсний төв 5 УАШУТҮК, 6Энэрэх мал эмнэлэг сургалтын төв

 
Абстракт

Ясны бороололтыг түргэсгэх нь судлаачдын хувьд томоохон асуудал хэвээр байсаар байна. Энэ талаархи судалгааны загвар нь туршилтын бүлгүүдэд нэг хэвийн, зайлшгүй дахин сэргээгдэх баталгаатай аргачлалыг шаарддаг. Бид хархны дунд чөмгөнд дотуур бэхэлгээ хийн хугарал үүсгэх аргыг туршсан. Туршилтанд Вистар үүлдрийн хархыг ашиглан, ерөнхий унтуулган дор дунд чөмгөнд нь интрамедуляр остеосинтез буюу дотуур бэхэлгээ хийж, хугарал үүсгэсэн даруйд болон хугарлаас хойш 14, 28, 35 хоногт эгц, хажуугийн проекцоор рентген зураг авч бороололтын явцыг хянасан. Бороололтын явцыг рентген шинжилгээний аргаар хянахад туршилтанд орсон бүх хархнуудад нэг хэвийн хугарал үүсч, бороололт хэвийн явагдаж байв

Үндэслэл

Зарим амьтдын яс нь (харх, хулган, хонь) хүний яснаас нэлээд өөр байдаг боловч эдгээрийг ортопедын чиглэлийн судалгаанд ашигласаар байна (Miller et a., 1995, Sistema,1995, An & Fridman, 1999). Ясны бороололтыг төрөл бүрийн амьтдад (хулгана, харх, туулай, нохой, хонь, ямаа, муур,тугал) судалсан байдаг. Ихэвчлэн харх, туулай, нохой, хонийг түгээмэл ашигладаг. Бороололтын явцыг үнэлэх зориудаар хугарал үүсгэх 4-н төрлийн арга байдаг. Эдгээрт гар арга (Penttinen 1972), 3-н цэгт мурийлт үүсгэх арга (Greiff 1978), хугарал үүсгэх аппарат (Bonnarens & Einhorn 1984), остеотоми хийх (Nyman et al. 1996) зэрэг аргууд ордог. Манай орны хувьд ясны бороололтын явцыг үнэлэх чиглэлээр ялангуяа дээрх олон улсын аргачлалуудаар хийгдсэн судалгааны ажил байхгүй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болж байна. Арга аргачлал Туршилтанд Вистар үүлдрийн, эр хүйсийн 6 сартай, дундаж жин нь 230 гр, өмнө нь туршилтанд орж байгаагүй эрүүл 30 толгой хархыг биологийн материал болгон ашигласан. Хугарал үүсгэх хагалгааны явц: Бүх хархнуудыг isofluorenе-тэй хүчилтөрөгчөөр амьсгалуулан ерөнхий унтуулга хийж, баруун талын хойд мөчний өвдөгний үений дотор доод талаар зүслэг хийн, дунд чөмөгний булуу хэсгийг ил гаргасан. Дараа нь 1 мм диаметртэй Кришнерийн шөргийг дриллны тусламжтай хархны дунд чөмөгний хөндийд оруулан интрамедуляр остеосинтез буюу дотуур бэхэлгээ хийн өвдөгний үеийг хаасан. Хугарал үүсгэх багажны тусламжтайгаар Воннаренс болон Айнхорны (1984) аргачлалаар хархны дунд чөмгөнд далд хугарлын загварыг үүсгэсэн. Бид энэ аргачлалыг өөрийн нөхцөлд анх удаа туршин хэрэглэсэн бөгөөд хугарал үүсгэх багажийг стандартын дагуу өөрсдөө хийсэн болно. Хархны хугарлыг эгц болон хажуугийн проекцын рентген зургаар баталгаажуулан, хугарлын явцыг хагалгаанаас хойших 14, 28,35 дахь хоногт рентген зураг авч хянасан.

Үр дүн

Хугарал үүсгэсэн даруйд туршилтанд орсон хархнуудыг эгц болон хажуугийн проекцоор рентген зураг авахад бүх хархнуудын дунд чөмөгний гандан хэсэгт нэг хэвийн ташуу хугарал үүссэн болох нь тодорхойлогдсон.

                                                                  

                                                                              Зураг I. Хугарал үүсгэсэн даруйд хажуугийн проекцын рентген зураг

Зориудын хугарал үүсгэх хагалгааны мэдээгүйжүүлэг гарсны дараа хархнуудын хөдөлгөөн, хоолны дуршил нь хяаналтын бүлэг буюу хагалгаанд ороогүй хархнуудтай нэгэн адил идэвхтэй, зовиур шаналгаа бага байгаа нь ажиглагдаж байсан.

                                                                        

                                                           Зураг II. Хугарал үүсгэснээс хойш 14 хоногт. Эгц болон хажуугийн проекцын рентген зураг

Хугарал хоорондын зай хэмжигдэхүйц. Хугарлын ирмэг хурц өнцөг үүсгэсэн байна.

                                                                            

                                                              Зураг III. Хугарал үүсгэснээс хойш 28 хоногт. Эгц болон хажуугийн проекцын рентген зураг

Хугарал хоорондын зай тод. Бороололтын гүүрний хэмжээ 6.58 см байв.

                                                                                    

                                                                        Зураг IV. Хугарал үүсгэснээс хойш 35 хоногт. Эгц болон хажуугийн проекцын рентген зураг

Хугарал хоорондын зай арилж эхэлсэн. Хугарлын ирмэг мохоо. Зөөлөн эдийн сүүдэржилтийн талбай ихтэй байв.

Хэлцэмж

Туршилтын амьтдад зохиомол хугарал үүсгэх нь ясны нөхөн төлжилт буюу бороололтын үр дүнг тодорхойлох судалгаанд маш чухал ач холбогдолтой байдаг. Манай орны хувьд энэ чиглэлээр хийгдсэн судалгаанууд ( С.Бямбацогт 2001, Т.Энх-оюун 2008) нь ихэвчлэн шууд механик аргаар хугарал үүсгэсэн байдаг. Харин Bonnarens & Einhorn 1984 (Production of standard closed fracture in laboratory animal bone)-н аргачлалаар туршилтын амьтдад хугарал үүсгэхэд бүх амьтдад нэг ижил буюу ташуу хугарал үүсэж байгаа бөгөөд хугарсан яс зөрөх, зөөлөн эдийн гэмтэл үүсэх зэрэг хүндрэлгүйгээр хагалгааны дараа буюу мэдээгүйжүүлэг дууссан даруйд бусад туршилтанд ороогүй хархнуудын адил орчиндоо идэвхтэй, хоолондоо сайн, бороололт хэвийн явагдаж байсан. Түүнчлэн хагалгааны дараах хүндрэл болох оёдол тависан хэсэгт болон өвдөгний үеэнд идээлэх зэрэг хүндрэл огт гараагүй зэрэг нь уг аргын давуу талыг харуулж байгаа юм.

Дүгнэлт

Туршилтанд орсон бүх хархны дунд чөмөгний гандан хэсэгт нэг хэвийн ташуу хугарал үүсч, бороололтын явц хэвийн явагдаж байсан бөгөөд хугарал үүсгэсэн хагалгааны дараа ямар нэг хүндрэл гардаггүй болох нь батлагдав. Талархал Энэхүү судалгааны ажлын хугарлын загвар үүсгэх ажлыг түшиглэн явуулсан “Энэрэх” мал эмнэлэг сургалтын төвийн хамт олондоо гүн талархал илэрхийлье.

Ном зүй

1. Miller S.C., Bowman B.M & Jee B.S (1995), Available animal models osteopenia – small and large .Bone 17: 117s-123s
2. Sietsema W.K. (1996), Animal models of cortical porosity. Bone 17:297-307S
3. An Y.A., Friedman R.J., Animal models orthopedic research 1 st ed. CRC. Press, Bosa Raton (1999), p197-217
4. Penttinen (1972), Biochemical studies on fracture healing in the rat with special reference to the oxygen supply. Acta Chir. Scand.Suppl 432:1-32
5. Greiff J. (1978), A method for production of an undisplaced reproducible tibial fracture in the rat. Injury 9:278-281
6. Bonnarens F. & Einhorn T.A.(1984) Production of standard closed fracture in laboratory animal. Bone. J.Orthop.Res.2:97-101
7. Nyman M.T., Gao T., Lindholm T.C. & Lindholm T.S.(1999). Healing of tibial double osteotomy is modified by clodronate administration. Arch.Orthop.Trauma.Surg.115:111-114
8. С.Бямбацогт “Хонь, нохойны хугарсан чөмөгний ясанд хүрэх зам, эмчилгээний зарим аргыг судалсан дүн” Мал эмнэлгийн ухааны боловсролын докторын зэрэг горилсон бүтээл. 2001 х8-23
9. Т.Энх-оюун” Барагшууны бэлдмэл мал амьтны тэсвэрт чанарын зарим үзүүлэлт болон ясны бороололтонд нөлөөлсөн дүн” Мал эмнэлгийн ухааны боловсролын докторын зэрэг горилсон бүтээл. 2008 х13
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 824
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК