Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (57) 2013 N02(057)
ЭМНЭЛГИЙН БУС НӨХЦӨЛД ҮҮССЭН УУШГИНЫ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧИЙН АНТИБИОТИКТ ТЭСВЭРЖИЛТИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

С.Өлзийсайхан1, Б.Ариунсанаа2, Д.Ичинноров2, С.Өнөрсайхан3

1Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 3Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

 
Абстракт

Эмнэлгийн бус нөхцөлд үүсдэг (ЭБНҮ) уушгины үрэвсэл нь хамгийн элбэг тохиолддог халдварт өвчнүүдийн нэг юм. Энэ нь дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл болон үхлийн тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байна. ЭБНҮ уушгины үрэвсэл нь дийлэнх тохиолдолд Streptococcus pneumoniaе (пенициллинд мэдрэг ба мэдрэг бус), H.Influenzae (ампициллинд мэдрэг ба мэдрэг бус), Moraxella catarrhalis (бүгд пенициллинд тэсвэртэй) зэрэг нянгаар үүсгэгддэг байна. Сүүлийн жилүүдэд манай оронд явц хүнд, шинж тэмдэг бүдэг, нянгийн эсрэг эмчилгээнд тэсвэртэй штаммуудаар үүсгэгдсэн уушгины үрэвслийн тохиолдол ихсэж, халдварын эсрэг эмчилгээний үр дүн хангалтгүй байна.

Зорилго: Монгол улсад тохиолдож буй эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушгины үрэвслийн антибиотикт тэсвэржилтийг судлах Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Эмнэлэгт суурилсан тохиолдол-хяналтын судалгааг Клиникийн нэгдүгээр эмнэлгийн Уушги судлалын клиник, уушгины кабинетэд түшиглэн явуулсан бөгөөд ЭБНҮ үүссэн уушгины үрэвсэлтэй 670 хүнийг хамруулж, тэдгээрээс нян, вирус илэрсэн 108 өвчтөнг ижилсүүлэх болон хасах шалгуураар сонгон авч ЭБНҮ уушгины үрэвслийн үүсгэгчийг тодорхойлох судалгаанд хамруулсан. Онош тодруулах зорилгоор цусны ерөнхий болон биохимийн шинжилгээг стандартын дагуу ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Humalyser 2000” хагас автомат багажийг ашиглан гүйцэтгэсэн. Цэрний дээжинд өсгөвөрлөх болон антибиотикт мэдрэг чанар тодорхойлох шинжилгээг VITEK-II автомат анализатор болон уламжлалт аргаар тодорхойлсон. Вирус судлалын лабораторид Улаанбаатар хотын дүүргүүд болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдээс нийт 60 дээж авч, томуугийн вирусын геном илрүүлэх бодит хугацааны полимеразийн гинжин урвалын шинжилгээ хийсэн. Цээжний рентген зургийг Perkin elmer маркийн дижитал рентген аппаратаар авсан. Судалгаанд хамрагдагсдад тусгайлан боловсруулсан асуумж бүхий судалгааны картыг бөглөж үр дүнг статистикийн SPSS-16 программ ашиглан боловсруулалт хийсэн. Судалгааны үр дүнг хүснэгт болон зураглалаар үзүүлсэн ба ЭБНҮ уушгины өвчлөлд нөлөөлж буй зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор нэг хүчин зүйлийн шинжилгээг хийж, гарсан үр дүнг харьцангуй эрсдэлт хүчин зүйл (RR-relative risk), 95%-ийн итгэмжит хязгаар (95% CI) болон р утгаар илэрхийллээ. Эдгээр үр дүнг баталгаажуулах зорилгоор олон хүчин зүйлийн шинжилгээг хийж, гарсан үр дүнг ялгааны харьцаа(OR-odds ratio)-гаар илэрхийлж, 95%-ийн итгэмжит хязгаар (95% CI) болон р утгаар илэрхийлэв.

Үр дүн:

Нийт судалгаанд хамрагдагсдын 73.1%-д нь нян илэрсэн бөгөөд дийлэнх нь Staphylococcus aureus байв (Зураг 1).

                                                               

Зураг .1 Лабораторийн шинжилгээнд илэрсэн нян, хувиар

Судалгаанд хамрагдсан нийт тохиолдлын 27%-д нь вирус илэрсэн бөгөөд зонхилон тохиолдож байгаа нь Respiratory Syncytial VIRUS (RSV) байна. Өвчний үүсгэгчдэд антибиотик мэдрэг байдлыг судлахад хамгийн түгээмэл мэдрэг антибиотик нь цефотаксим байсан (58.2%) бөгөөд цефотаксимд мэдрэг байдал Улаанбаатар хотод 47.8%, хөдөө орон нутагт 52.2% ажиглагдаж байна. Антибиотикт тэсвэржсэн байдлыг судалж үзэхэд үүсгэгчийн 55.0% нь пенициллинд тэсвэржсэн байв (Хүснэгт 1)

Хүснэгт 1 Антибиотикт тэсвэржсэн байдал, оршин суух газар нутгаар

                                                                     

Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 26.85%-д цусанд нь СРБ (С-урвалт уураг) эерэг гарсан. Үрэвслийн эсрэг антибиотик болон цэр ховхлох хордлогын эсрэг эмчилгээ хийсэн бөгөөд цэр ховхлох эмчилгээний үр дүнд статистик магадлал бүхий ялгаа ажиглагдаагүй (χ2=2.82, p=0.24) бол хордлогын эсрэг эмчилгээ нь үр дүнтэй болох нь статистик магадлалтай (χ2=12.67, p=0.002) тогтоогдлоо. Нийт өвчтөний 62.6%-д нь эмчилгээний дараа уушгин дахь нэвчдэс багассан, 20.6%-д нь шимэгдсэн, 17.2%-д нь нэвчдэс ямар нэгэн өөрчлөлтгүй хэвээр байв.

Дүгнэлт:

ЭБНҮ уушгины үрэвслийн дийлэнх тохиолдолд Staphylococcus aureus, вирусын хувьд Respiratory Syncytial virus байна. Эдгээр үүсгэгчид нь цефтриаксон, клиндамицин нитрофурантоин зэрэгт мэдрэг, харин пенициллин, амоксициллин, эритромицин, хлорамфеникол, гентомицин зэрэг антибиотикуудад тэсвэртэй байна. ЭБНҮ уушгины үрэвслийн хамгийн түгээмэл мэдрэг антибиотик нь цефотаксим байгаа учир цефалоспорины III эгнээний антибиотикийн шаталсан эмчилгээг практикт нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй байна. ЭБНҮ уушгины үрэвслийн үүсгэгчийг тодорхойлсноор одоо мөрдөгдөж байгаа эмчилгээ, оношлогооны стандартыг шинэчилж ЭБНҮ уушгины үрэвслийн оношлогоо, эмчилгээний арга зүй, удирдамжийг боловсруулав.

Ном зүй

1. А.Г. Чучалин, А.И. Синопальников, Л.С. Страчунскийн, и соавт. Внебольничная пневмония у взрослых: практические рекомендаций по диагностике, лечению и профилактике у взрослых. М.: Атмосфера, 2006.
2. L.M. Mandell, R.G. Wunderink, A. Anzueto, et al. Infectious Diseases Society of America / American Thoracic Society Consensus Guidelines on the Management of CAP in Adults. Clin Infect Dis 2007; 44 (Suppl 2): S27-72.
3. Guidelines for the management of adult lower respiratory tract infections. European Respiratory Journal. 2005; 26; 1138-1180.
4. Mandell L.A., Marrie T.J., Grossman R.F., et al. Canadian guidelines for the initial management of community-acquired pneumonia: an evidence-based update by the Canadian Infectious Diseases Society and the Canadian Thoracic Society. Clin Infect Dis 2000; 31:383-421.
5. BTS Pneunonia Guidelines Communittee. British Thoracic Society guidelines for the management of community-acquired pneumonia in adults – 2004 update.
6. Б.Ганбаатар, Г.Санжмятав, А.Аварзэд “ Анагаах Ухааны Бичил Амь Судлал ” Улаанбаатар, 2011,140-171.
7. Г.Жамба, Анагаахын микробиологи. Улаанбаатар, 2012; 69-117 8. Ж.Сарантуяа, Анагаахын молекул биологийн үндэс. Улаанбаатар, 2011; 121-126
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 844
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК