Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (60) 2013, N05(060)
ХЕЛИКОБАКТЕР ПИЛОРИ НЯНГИЙН ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ МОН-HP УРЕАЗЫН ОНОШЛУУРЫГ БУСАД ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДТАЙ ХАРЬЦУУЛАН СУДЛАХ НЬ
( Эмнэлзүйн хөтөлбөр )

Г.Сарантуяа1, Ц.Бямбажав1, Ц.Сарантуяа, Н.Баярмаа,
Д.Даваадорж, С.Бадамжав, Х.Оюунцэцэг 1,2, Н.Бира1,2

1 ЭМШУИС, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг, 2 ЭМШУИС, ХБЭСТ

 
Абстракт

Хеликобактер пилорийн халдвар нь ходоодны архаг үрэвсэл, ходоод дээд гэдэсний шархлаа өвчин үүсгэхийн зэрэгцээ ходоодны хорт хавдар үүсгэгч канцероген нянд тооцогддог.  Дэлхий дээр 2 хүн тутмын нэг нь Helicobacter pylori (H.pylori)-аар халдварлагдсан бөгөөд  хөгжингүй орны хүн амын 30%, хөгжиж буй орны хүн амын 80-90% нь уг нянг тээж байна1,2. Манай оронд H.pylori –ийн халдвар бусад хөгжиж буй орны адил өндөр байна. Улаанбаатар хотын насанд хүрэгсдийн 69%, эрүүл өсвөр насны хүүхдүүдийн 64%, ходоодны дээд замын эмгэгтэй хүүхдүүдийн  65-100%, ходоодны шархлаа өвчтэй эмчлүүлэгсдийн 65.7%, молекул биологийн судалгаагаар хүн амын 68%-д  H.pylori нянгийн  халдвартайг тогтоосон3-7. Ходоодны биж хамшинжээр эмчид анх хандаж байгаа тохиолдолд H.pylori нянгийн  халдварыг заавал илрүүлэх, хэрэв нян илэрвэл эмчлэх ёстой гэж оношлогоо эмчилгээний олон улсын “Маастрихтийн IY удирдамж”-д заажээ. Хүн амын дунд эмийн хэрэглээ өндөр болсон өнөө цагт үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоодны шархлааг ялган оношлоход хеликобактерийн халдварыг илрүүлэх шинжилгээ чухал ач холбогдолтой юм8.   H.pylori -ийн халдварыг илрүүлэх олон төрлийн аргууд байдаг ба эдгээрийг инвазив ба инвазив бус гэж 2 ангилж үздэг. Инвазив аргад ходоодны эдийн гистолог шинжилгээ, нян судлалын болон уреазын түргэвчилсэн оношлуур ордог бол сийвэнд эсрэг бие тодорхойлох, баасанд H.pylori эсрэг бие үзэх, амьсгалын уреаз сорил нь инвазив бус аргад тооцогддог. Цусны шинжилгээнд IgG илрүүлэх серологийн шинжилгээгээр H.pylori-ийн халдварыг илрүүлэх арга нь эмчилгээний үр дүнг тооцох, нян устсан эсэхийг тодорхойлох боломжгүй байдаг бол нян өсгөвөрлөх арга нь хэт өндөр өртөгтэй, олон хоног шаардагддаг тул зөвхөн судалгаа шинжилгээний түвшинд хэрэглэгдэж байна. Амьсгалын уреаз сорил нь нян устгах эмчилгээний үр дүнг шууд тодорхойлох сайн талтай, дэлхийн олон оронд өргөн хэрэглэж байгаа боловч өндөр өртөгтэй байдаг. H.pylori-ын уреаз ялгаруулах шинж чанарт үндэслэсэн  уреазын түргэвчилсэн оношлуур нь дурангийн шинжилгээний явцад хийгддэг, хямд, нарийн нөхцөл байдал  шаардахгүй, богино хугацаанд шинжилгээний үр дүн тодордог, мэдрэг ба өвөрмөц чанар өндөр байдаг зэрэг давуу талтай тул дэлхий нийтээр эмнэлгийн практикт өргөн хэрэглэж байна9,10.
Одоогийн байдлаар Монгол улсад H.pylori нянг оношлох уреазийн түргэвчилсэн сорилыг эмнэлгийн байгууллагуудад нийлүүлэх, эсвэл худалдан авч хэрэглэх тогтолцоо бүрдээгүй бөгөөд цөөн тооны эмнэлгүүдэд гадаад орны өндөр өртөг (8000-10000 төгрөг) бүхий сорилыг судалгааны зорилгоор захиалан авч, хэрэглэж байна. Дээрх нөхцөл байдалтай уялдан 2011-2013 онд Шинжлэх Ухаан Технологийн Сангийн санхүүжилтээр H.pylori нянгийн халдварыг илрүүлэх уреазийн түргэвчилсэн оношлуурыг бүтээн үйлдвэрлэх төсөл хэрэгжиж эхэлсэн. Иймд тус оношлуурын үр дүнг оношлогооны бусад аргуудтай харьцуулан, эмчилгээний үр дүнг хянахад хэрэглэн эмнэл зүйн практикт нэвтрүүлэх шаардлага урган гарч байна.

Судалгааны ажлын зорилго
Хеликобактер пилори нянгийн халдвар илрүүлэх МON-HP уреазийн түргэвчилсэн оношлуурыг бусад аргатай харьцуулан судлахад оршино.
Судалгааны ажлын зорилт
1.    МON-HP уреазийн түргэвчилсэн оношлуурыг CLO (Kimberly-Clark, Ballard Medical Products, Utah, USA) оношлууртай харьцуулах
2.    МON-HP уреазийн түргэвчилсэн оношлуурыг серологийн шинжилгээтэй харьцуулах

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Судалгаанд 2013 оны нэгдүгээр улиралд ЭМШУИС-ийн Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлгийн дуран-гастроэнтерологийн тасагт хандсан үйлчлүүлэгчдээс биж хамшинж бүхий 40 өвчтөнийг хамруулсан. Нийт 38 үйлчлүүлэгчид судалгааны талаарх мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авсны дараа тусгайлан бэлтгэсэн асуумж авсны дараа судалгаанд хамрууулсан болно. Судалгааны хасагдах шалгуурт сүүлийн 2 долоо хоногийн дотор антибиотик, висмутын бэлдмэл, ходоодны хүчил дарангуйлах эм уусан, цус бүлэгнэлтийн хямралтай, элэгний цирроз, ходоод, улаан хоолойн хавдар, хүнд хэлбэрийн цөсний сөргөөтэй байх зэргийг оруулсан.
Бүх үйлчлүүлэгчдэд хэсэг газрын салстын мэдээ алдуулалт (лидокайн 2% 2мл )-ын дор Olympus Evis Exera II Q-180 багажийн тусламжтайгаар ходоодны уян дурангийн шинжилгээ хийн ходоодны гарах хэсгийн шархлаа, шалбархайгүй, гэдэсний хучуурын солигдол илрээгүй салстаас 2 ширхэг эд ( CLO, Mon-HP тус бүр нэг эд) авч шинжилсэн. Бүх үйлчлүүлэгдийн захын судаснаас 5мл  цус авч сийвэнг ялган H.pylori нянгийн  эсрэг бие илрүүлэх шинжилгээнд илгээсэн.
CLO оношлуурын үйлдвэрээс ирсэн аргачлалын дагуу биопсийн эдийг оношлуурын шар талбай дээр байрлуулж 24 цагийн дараа үзүүлсэн өнгөний хувирлаар ягаан бол эерэг, шар бол сөрөг гэж үнэлсэн.
Mon-HP оношлуурын үр дүнг 30 минут, 1 цаг, 3 цаг тутамд өнгөний хувирлаар халдвар илрээгүй  (-), өндөр идэвхжил бүхий халдвартай (+++), дунд зэргийн идэвхжилтэй (++), сул идэвхжил бүхий халдвартай (+) гэж үзсэн.
Судалгааны үр дүн
Нийт 38 өвчтөн (дундаж нас 33.5±13; эр 34.3%) судалгаанд хамрагдсан.
Хүснэгт 1. MON-HP болон CLO оношлуурын үр дүн  

Нийт 38 шинжилгээний  55.3% нь CLO оношлуураар хеликобактерын халдвартай гарсан бол MON-HP  оношлуураар 44.7%-55.3% нь халвартай гарсан.  MON-HP оношлуурын мэдрэг, өвөрмөц чанар, эерэг ба сөрөг үр дүнгийн үзүүлэлт, нийцэл, Каппа коэффициентын утга шинжилгээний дараах хугацаа 30 минутаас 3 цагийн хооронд хэрхэн өөрчлөгдсөнийг доорх хүснэгтэд харуулав.
Хүснэгт 2. MON-HP оношлуурыг CLO оношлууртай харьцуулсан нь

CLO оношлууртай харьцуулахад MON-HP оношлуураар хуурамч эерэг хариу илрээгүй ба MON-HP  оношлуурын  үр дүнг үзэх тохиромжтой хугацаа нь 1 ба 3 цаг юм (Каппа коэффициент 0.95-1.0).

Хүснэгт 3. MON-HP оношлуурыг серологийн шинжилгээтэй харьцуулсан нь

Сийвэн дэхь H.pylori IgG –ийн түвшинг  MON-HP оношлуурын үр дүнгээр бүлэглэн харьцуулахад статистик үнэн магадлалтай ялгаа байсангүй.
Хэлцэмж
Уреазын түргэвчилсэн сорил нь ходоодны дурангийн практикт өдөр тутам ашиглахад хамгийн тохиромжтой шинжилгээний арга юм. Энэхүү судалгаандаа бид Монголд үйлдвэрлэсэн MON-HP уреазын түргэвчилсэн оношлуурыг гадаадын ижил төрлийн оношлуур болон серологийн шинжилгээтэй харьцуулан судалсан. MON-HP оношлуурын мэдрэг чанар 30 минутын дараах байдлаар 80.9% байсан бол 3 цагийн дараа 100% болж нэмэгдсэн. Өвөрмөц чанар нь хугацаа хамааралгүй 100% байв. Pande нарын судалгаагаар уреазын түргэвчилсэн сорилын мэдрэг, өвөрмөц чанар 10 минутын дараах байдлаар 68.2% ба 100% байсан бол 30 минутын дараа 84.1% ба 100%, 1 цагийн дараа 88.6% ба  94.4% байв10. Тэд 1 цагийн дараа 2 хуурамч эерэг хариу гарсан гэж мэдэгджээ. Энэ нь уреаз ялгаруулах идэвхтэй бусад нянтай холбоотой эсвэл H.pylori тоо бага байснаас гистологийн шинжилгээнд илрээгүйтэй холбоотой байж болох юм. Morio нарын судлаачид уреазын түргэвчилсэн сорилын мэдрэг, өвөрмөц чанар 5 болон 30 минутанд 62.5%/98.4%  ба  84.4%/98.4%  гэж мэдээлжээ11.  Бусад судлаачид уреазын түргэвчилсэн сорилыг ходоодны салстын гистолог болон нян ургуулах шинжилгээтэй харьцуулан судалсан байв. Бидний судалгааны түүврийн хэмжээ бага, ижил төрлийн 2 судалгааг харьцуулсан зэрэг нь судалгааны үр дүнг өндөр гарах шалтгаан болсон нь байж болох юм. Бид мөн Монгол улсад  хеликобактерийн халдварыг илрүүлэхэд өргөнөөр ашигладаг серологийн шинжилгээг Mon-HP  оношлууртай харьцуулан судалсан. Сийвэн дэхь H.pylori IgG-ийн түвшингээр үзэхэд хеликобактерын халдваргүй, сул идэвхтэй, дунд зэргийн идэвхтэй, өндөр идэвхтэй халдвартай гэсэн 4 бүлэгт статистик үнэн магадлалтай ялгаа ажиглагдсангүй.
Дүгнэлт
1.    Монгол улсад үйлдвэрлэсэн Mon-HP уреазын түргэвчилсэн оношлуурын мэдрэг, өвөрмөц чанар өндөр, гадаадын ижил төрлийн оношлууртай төгс нийцэлтэй байна. Шинжилгээний үр дүнг 1 цагийн дараа гаргах нь хамгийн тохиромжтой бөгөөд хеликобактер пилори нянгийн халдвар илэрсэн тохиолдолд дурангийн шинжилгээний дараа эмчилгээг шууд эхлүүлэх ач холбогдолтой юм.
2.    Хеликобактер пилори нянгийн  халдварыг илрүүлэх серологийн шинжилгээ нь зөвхөн халдвар авсныг илтгэж буй үзүүлэлт бөгөөд ходоодны салст дахь H.pylori  нянгийн   халдварын зэргийг илрүүлэх боломжгүй юм.
 

Ном зүй

1. Hunt R.H, Xiao S.D, Megraud F, et al. WGO global guideline:Helicobacter pylori in developing country. J Diges Dis 2011;12:319-326.
2. International Agency for Research on Cancer. IARC Monographs on the Evaluation of Carcinogenic Risks to Humans: Schistomsomes, Liver flukes and Helicobacter pylori. Lyon:IARC; 1994:61:177.
3. Н.Бира 2001 Улаанбаатар хотын насанд хүрэгчдэд
4. Н.Туул 2002 Эрүүл өсвөр насны хүүхдүүд
5. Х.Оюунцэцэг 2003
6. Г.Отгонсүрэн 2002
7. Б.Сувд 2006
8. Basset C, Holton J, Ricci C, et al. Review article: Diagnosis and treatment of Helicobacter. a 2002 updated review. Alimen. Pharmacol. Ther.2003:17:89-97.
9. P.Midolo, B.J.Marshall. Accurate diagnosis of Helicobacter pylori:Urease tests. Gastroenterol clin 2000;29:4.
10. Pande PR, Karki BB, Pande R, Khatri R. Evaluation of locally made rapid urease test for diagnosis of Helicobacter pylori. PMJN 2009;9(2):50-53.
11. Morio O, Rioux-Leclercq N, Pagenault M, Corbinais S, Ramee MP, Gosselin M, Bretagne JF: Prospective evaluation of a new rapid urease test (pronto dry) for the diagnosis of helicobacter pylori infection. Gastroenterol ClinBiol 2004, 28:6–7.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2095
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК