Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (60) 2013, N05(060)
H.PYLORI НЯНГИЙН ХАЛДВАР БА АНТИБИОТИК ТЭСВЭРЖИЛТИЙГ СУДАЛСАН ДҮН
( Эмнэлзүйн хөтөлбөр )

Б.Мандхай1, М.Энх-Өлзий2, Н.Бира3, Ж.Сарантуяа4

1 “Ач”АУДэС, 2 ШНКЭ Дүрс оношлогооны тасаг, 3 ЭМШУИС, “Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим”, 4ЭМШИУС, “Молекул Биологи -Удамзүйн тэнхим”

 
Абстракт

H.pylori-ийн халдвар нь дэлхийн бүх бүс нутагт хүн амын дунд өргөн тархсан бөгөөд хөгжиж буй орны хүн амын 70-90%, хөгжингүй орны хүн амын 25-50% нь уг нянгийн халдвартай байна1-3.
H.pylori нянг нээсэн үеэс хойш Клиникийн эмч нарт тухайн халдварын эмчилгээний асуудал төвөгтэй байсаар байна. Орчин үеийн эмчилгээний баримталж байгаа зарчим нь Маастрикт удирдамж ба Америкийн Гастроэнтерологийн Коллежийн зөвлөсний дагуу H.pylori-ийн халдварын үед устөрөгчийн шахуургыг дарангуйлах эм, висмут агуулсан эм болон кларитромицин ба метронидазол /эсвэл амоксацилин/ гэсэн эмийн хослол эмчилгээг зонхилон хийж байна4. Энэ загвар эмчилгээ нь ойролцоогоор 90%-ийн үр нөлөөтэй боловч зарим оронд эмчилгээний үр дүн 60% хүртэл буурч байгаа нь клраритромицин ба метронидазол эмүүдэд тэсвэрт чанар үүсэж байгаатай холбоотой юм5. Манай оронд эмчилгээнд антибиотикийг хэрэглэхдээ мэдрэг чанарыг харгалзахгүйгээр замбараагүй хэрэглэдэг, нянгийн антибиотикт дасах механизмийн талаар мэдээлэл багатай байгаатай холбоотойгоор эмчилгээнд хэрэглэж буй антибиотикийн сонголтыг зохистой хийх боломжгүй учраас өвчин архагшиж, эмчилгээний үр дүн гарахгүй байна. Иймээс нянгийн антибиотикт тэсвэржилтийг үндэслэн мэдрэг антибиотикоор, богино хугацаанд үр дүнтэй эмчлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч байна.
 

Зорилго
 H.pylori –ийн халдварыг илрүүлж, нянгийн антибиотик тэсвэрт чанарыг тодорхойлох
Материал ба арга аргачлал
Судалгааг лабораторийн туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд СХЭМН болон ШНКНТЭ-ийн онош зүйн тасагт ходоод өвдөнө, хоолны шингэц муу гэсэн зовиуртай нийт 262 өвчтөн хамрагдав. Судалгаанд оролцогчдоос H.pylori-ийн халдвар болон бижийн хамшинж илрүүлэх 30 асуулт бүхий асуумж авч, судалгаанд хамрагдагсдаас мэргэшсэн дурангийн эмч ходоодны биопсийн эдийг авсан. Биопсын эдэд H.pylori нянгийн халдварыг уреазын сорилоор илрүүлсэн. Шинжилгээгээр эерэг гарсан сорьцуудыг H.pylori-ийн сонгомол тэжээлт орчинд, бичил агаарсаг орчин (харьцангүй чийгшил 15% О2, 10% СО2, 85% N2) бүрдүүлж, 3-5 хоногийн турш +37°С хэмд ургуулсан. Ургуулсан нянгаа H.pylori гэж бататгахын тулд түүний биохими шинж чанар дээр тулгуурлан уреаз болон каталазын сорил хийн баталгаажуулав. Нянгийн цэвэр өсгөврийн антибиотикт тэсвэрт чанарыг кларитромицин, амоксацилин, тетрациклин, эритромицин, метронидазол болон нитрофурантон зэрэг антибиотикт E-test (эпсилометрийн сорил) ашиглан тодорхойллоо. Е-test-ийг үйлдвэрлэгчийн стандартын дагуу тэсвэржсэн, мэдрэг гэж дүгнэв.
Үр дүн:
Бидний хийсэн судалгаанд ходоод, дээд гэдэсний зовиуртай 18-82 насны нийт 262 хүн хамрагдсаны 30.6% нь эрэгтэй, 69.4% нь эмэгтэй байв. H.pylori-ийн халдварыг илрүүлэх уреазын сорилын шинжилгээгээр 63,3%д эерэг, 36,7%-д сөрөг илэрлээ. H.pylori халдварын хувь эрэгтэйд 66,7%, эмэгтэйд 62,8% байгаа нь хүйсийн хувьд ялгаа ажиглагдсангүй. H.pylori-ийн илэрсэн тохиолдлыг насны хувиар харуулбал:
Хүснэгт 1.Уреазын сорилоор H.pylori илэрсэн тохиолдол

Бидний судалгаанд 40-49 насанд халдвар хамгийн өндөр хувьтай байна.
H.pylori  эерэг илэрсэн үйлчлүүлэгдэд биж хамшинжийг илрүүлсэн үр дүнг зураг 1-д харууллаа.  Нийт үйлчлүүлэгчдэд бөөлжих шинж тэмдгээс бусад шинжүүд 50-аас дээш хувьтай илэрсэн байлаа.

Зураг 1. Биж хамшинж илэрсэн хувь
H.pylori-ийн халдвартай үйлчлүүлэгчдийн дурангийн шинжилгээгээр   ходоодны антрал хэсгийн архаг үрэвсэл 23.9% [95 % CI15.1-32.6], хатангиршилт үрэвсэл 5.4% [95% CI 0.7-10], тархмал үрэвсэл 18.4% [ 95% CI 10.4-26.3], зулгаралт үрэвсэл 13% [ 95% CI 6.1-19.8], ходоодны хэт үржилт ургацаг 2.1% [ 95% CI 0.8-5.2], пангастрит 7.6% [ 95% CI 2.1-13], ходоодны шархлаа 19.5% [ 95% CI 11.4-27.5] илэрсэн. Бидний судалгаагаар ходоодны архаг үрэвсэл, ходоодны шархлаат өөрчлөлтийн үед  H.pylori-ийн халдвар илүү илэрсэн.

Нян судлалын шинжилгээний үр дүн

Уреазын сорилоор эерэг гарсан сорьцуудыг H.pylori-ийн сонгомол тэжээлт орчинд, бичил агаарсаг орчин бүрдүүлэн, 37°С хэмд 5 хоног ургуулан, ургалтын байдлыг ажиглан тунгалаг цайвар, гадаргуу нь тэгш колонууд үүссэнээр нь дүгнэлт хийлээ. Уреазын сорилоор эерэг гарсан 166 сорьцноос 68.6% (114) H.pylori-ийн цэвэр өсгөврийг ялган дүйсэн.        
                                                       31.4% (n=52)-д өсгөвөрлөгдсөнгүй.
Зураг 2. H.pylori сонгомол тэжээлт орчинд өсгөвөрлөгдсөн байдал
H.pylori -ийн антибиотик мэдрэг чанарын шинжилгээний дүн
Нян судлалын шинжилгээгээр гарган авсан нийт 114 сорьцонд антибиотик мэдрэг

чанарыг тодорхойлохдоо кларитромицин, метронидазол, амоксацилинд, тетрациклинд, эритромицин, нитрофурон зэрэгт E-test-ийг ашиглалаа. Ялган дүйсэн нийт 114 цэвэр өсгөврүүдийг
сэлгүүлэн ургуулж антибиотик мэдрэг чанарын шинжилгээ хийхэд 18 сорьцонд H.pylori ургаагүй тул судалгааны хасах шалгуурын дагуу хасаж нийт 96 сорьцонд дүгнэлт хийхэд дараах үр дүн гарлаа.
Хүснэгт 2. H.pylori-ийн антибиотикт тэсвэржсэн байдал.


    Антибиотик    Тэсвэржсэн тоо (хувь)    Мэдрэг тоо  (хувь)
1    Кларитромицин     50 (52.8%)    46 (47,2%)
2    Амоксациллин    32 (33,4%)    64 (66,6%)
3    Метронидазол     64 (67,3%)    32 (32,7%)
4    Тетрациклин     38 (40%)    58 (60%)
5    Эритромицин     26 (27%)    70 (73%)
6    Нитрофурантон     13 (13,5%)    83 (86,5%)
 Хэлцэмж
Бидний судалгаанд 18-82 насны хүмүүс хамрагдсанаас 40-49 насанд H.pylori-ийн халдвар хамгийн өндөр хувьтай байлаа. Н.Туул нарын судалсанаар насны ангилалд H.pylori-ийн илрэх хувь 21-41 насны хүмүүст 71.2%-тай байгаа нь статистик магадлалтай (t=3.9), Д.Цэлмэн нарын судалгаанд 31-44 насны хүмүүст 72% байгаатай судалгааны үр дүн дүйж байна.6,7 H.pylori-ийн халдварын зэрэг манай хүн амын дунд өндөр тархалттай байгааг олон судлаачид дүгнэсэн байна. Н.Туулын судалгаагаар ходоод, гэдэсний хямралтай хүмүүсээс уреазын хурдавчилсан тестээр 61.3%-д, H.Бира нар уреаз болон эмгэг бүтцийн шинжилгээгээр 68.8%-д, Б.Сувд эмгэг бүтцийн шинжилгээ болон молекул биологийн шинжилгээгээр 68%-д, Н.Энх-Амар нар уреазын сорилын шижилгээгээр 55.3%-д, Н.Батчимэг нар 59.3%-д,  Д.Цэлмэн нарын судлаачдынхаар 57.3%-д H.pylori  тус тус илэрсэн байлаа. Бидний H.pylori илрүүлсэн дүн 63.3 хувьтай байгаа нь манай улсын хүн амын дунд H.pylori-ийн халдварлалт өндөр байгааг харуулж, дээрхи судлаачдын үр дүнтэй тохирч байна.6-10
Манай оронд H.pylori-ийн антибиотик мэдрэг чанарыг тодорхойлдоггүй бөгөөд манай судалгааны баг H.pylori-ийн антибиотик мэдрэг чанарын шинжилгээг хийж байгаа билээ.  Sonia Agudo, Guillermo Pe´rez-Pe´rez, нар 118 цэвэр өсгөвөрт кларитромицинд тэсвэрт чанарыг үзэхэд 35.6 хувь нь тэсвэржсэн байна11. 2006 онд Швед улсад хийгдсэн Storskrub-ын тодорхойлсноор кларитромицинд тэсвэржсэн байдал 1.5%,  метронидазолд 16.2%, Белги улсын судлаач Aguemon нар 2005 онд 164 өсгөвөрт хийхэд кларитромицинд 3%, метронидазолд 31% мөн Японы эрдэмтдийн 2002-2005 оны турш 3707 өсгөвөрт хийсэн антибиотик мэдрэг чанарын шинжилгээгээр кларитромицинд тэсвэрт чанар 22.7% байна гэж тус тус мэдээлсэн байна.12

Дүгнэлт
1. Ходоодны биопсын эдэд H.pylori-нянгийн халдварыг уреазын сорил болон нян судлалын аргаар илрүүлсэн судалгаагаар манай оронд уг нянгийн халдвар өндөр байгаа нь тогтоогдлоо.
2. H.pylori-ийн халдварын эмчилгээнд өргөн хэрэглэдэг кларитромицин болон метронидазол эмэнд хамгийн их тэсвэржсэн байна.
Санал: H.pylori-нянгийн халдварыг устгах эмчилгээний сонголтонд антибиотик эмчилгээг сонгох асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй юм. Уг судалгааг цаашид гүнзгийрүүлэн эмэнд тэсвэртэй механизмыг тодруулах нарийвчилсан судалгаа хийгдэж байна.
 

Ном зүй

1 Malaty HMaN, O. Epidmiology of Helicobacter pylori infection. Helicobacter. 2003;8:8-12.
2. Perez-Perez GI RD, Brenner H. Epidemiology of Helicobacteri pylori infection. Helicobacter. 2004;9:1-6.
3. O\\\\\\\'Connor A, Gisbert J, O’Morain C. Treatment of Helicobacter pylori Infection. Blackwell Publishing Ltd2009.
4. Malfertheiner P, Megraud F, O\\\\\\\'Morain CA, et al. Management of Helicobacter pylori infection—the Maastricht IV/ Florence Consensus Report. Gut. 2012;6(5):646–664.
5. Perez-Perez GI RD, Brenner H. Epidemiology of Helicobacteri pylori infection. Helicobacter. 2004;9:1-6.
6. Д.Цэлмэн. Монголд ялган дүйсэн H.pylori-ийн өвөрмөц шинжийг тодорхойлсон нь. УБ: Магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл, ЭМШУИС; 2010.
7. Н.Туул. Ходоод, хос гэдэсний зарим эмгэгийн үед Helicobacter pylori илрэл. УБ: Анагаах ухааны магитрын зэрэг горилсон дипломын төсөл, ЭМШУИС; 1997.
8. Н.Бира. Клинико-морфологическая особенность H.pylori ассоциированного и неассоциированного хронического гастрита среди взрослых жителей. Казань, Казанская Медицинская Академия. Дисс. Кан. Мед. Наук, ; 2001.
9. Х.Оюунцэцэг. Шархлаа өвчний дурангийн оношлогоо эмчилгээг боловсронгуй болгох асуудалд. УБ: Докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол, ЭМШУИС; 2003.
10. Б.Сувд. Ходоодны эрт үеийн өмөн, түүний урьтал эмгэгийн бүтэц зүйн оношлогоо. УБ: Докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол., ЭМШУИС; 2006.
11. Sonia Agudo GPr-Pr, Teresa Alarco´n, and Manuel Lo´pez-Brea. High Prevalence of Clarithromycin-Resistant Helicobacter pylori Strains and Risk Factors Associated with Resistance in Madrid, Spain. J Clin Microbiol. 2010;48(10):3703-3707.
12. MГ©graud F. H pylori antibiotic resistance: prevalence, importance, and advances in testing. Gut. September 1, 2004 2004;53(9):1374-1384.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1337
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК