Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (52) 2012. N01(052)
МАЛЧИН ИРГЭДИЙН ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААРХ МЭДЛЭГИЙН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

О.Алтанзул, О.Нандин-Эрдэнэ, Б.Батзориг, Г.Даваа  

ЭМШУИС, НЭМС, Эпидмиологи биостатистикийн тэнхим

 
Абстракт

Халдварт бус өвчин (ХБӨ)-ий өвчлөл болоод нас баралт хүн амын дунд давамгайлж буй өнөө үед хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ХБӨ-өөс сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэгдсэн олон нийтийн сургалт сурталчилгааг зорилтод бүлгүүдэд чиглүүлж явуулах нь нийгмийн эрүүл мэндийн нэг чухал арга хэмжээ юм. Гэсэн хэдий ч манай орны хувьд ХБӨ-ий мэдээллийн эх сурвалж, мэдлэгийн түвшинг малчин иргэдийн дунд тодорхойлсон судалгаа, нотолгоо  мэдээлэл хараахан бүрдээгүй байна. Малчин иргэдийн ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдлэгийн түвшинг тодорхойлох зорилгоор энэ судалгааг хийсэн. Судалгааг аналитик судалгааны хүн амд суурилсан агшингийн загвараар хийж, улсын хэмжээнд газар зүйн 4 бүсийн 4 аймаг 12 сумын нийт 500 малчин иргэнийг олон үет санамсаргүй түүврийн аргаар сонгож хамрууллаа. Мэдээ, мэдээллийг тоон ба чанарын аргаар цуглуулж статистик боловсруулалтыг “SPSS 17.0” программ ашиглан гүйцэтгэсэн. Судалгаанд хамрагдагсдын 53.4% нь телевиз, 32.2% нь эмч эмнэлгийн байгууллага, 18.6% нь радиогоос тус тус эрүүл мэндийн мэдээлэл авч байна.
Судалгаанд оролцогчдын 61.2% артерийн даралт ихсэх (АДИ), 43.4% чихрийн шижин өвчний (ЧШӨ), 36.6% хөхний хорт хавдар, 29.6% умайн хүзүүний хорт хавдарын талаар мэдээлэл авч байсан гэж хариулснаас харахад судалгаанд оролцогчид артерийн даралт ихсэх, чихрийн шижин өвчний талаарх мэдээллийг арай илүү авч байгаа нь харагдаж байна.
ХБӨ болох АДИ, ЧШӨ, хөх болон умайн хүзүүний хорт хавдараас урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг судлахад  судалгаанд оролцогчдын 52.2% АДИ, 67.2% ЧШӨ, 80.2% нь хөхний хорт хавдар, 80.6% нь умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар огт мэдлэггүй байгаа байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын АДИ, ЧШӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдлэгийн түвшин хөх болон умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийн түвшингээс дээгүүр байсан ба бүс нутгаар нь харьцуулахад ялгаатай байна. Хүйсийн хувьд АДИ, ЧШӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдлэгийн түвшин статистик ач холбогдол бүхий ялгаагүй ба хөх болон умайн хүзүүний хорт хавдараас урьдчилан сэргийлэх мэдлэгийн түвшин ялгаатай байна. Малчин иргэдийн ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг хангалтгүй байгаа ба эрүүл мэндийн мэдээллийг тогтмол тасралтгүй хүргэж, ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлж, ХБӨ-өөс сэргийлэх арга хэмжээг сайжруулах шаардлагатай байна.

Удиртгал
Дэлхий дахинд халдварт бус өвчний (ХБӨ) тархалт хурдацтай нэмэгдэж өвчлөл болоод нас баралтын зонхилох шалтгаан болж байгаа бөгөөд ХБӨ болон эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, сэргийлэх асуудал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна.[1,2] ХБӨ болох зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчлөл, хорт хавдар нь дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны 60 хувь, бага дунд орлоготой орнуудын хүн амын нас баралтын шалтгааны 80 хувийг эзлэж байна.[3,4,5] ХБӨ-өөс сэргийлэх боломжтой бөгөөд зан үйлийн буруу дадлаа өөрчлөх буюу хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон хэрэглэж, биеийн жингээ тогтмол хэмжээнд барин архи, тамхины хэрэглээг багасгаж чадвал зүрх судасны өвчнийг 80%, 2-р хэлбэрийн чихрийн шижинг 90%, хавдарын тохиолдолыг 30% бууруулж болохыг тогтоосон байна.[6] НЭМС-аас хийсэн ХБӨ-ий өвчлөл ба нас баралтанд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийн кохорт судалгаа, НЭМХ-ээс хийсэн ХБӨ-ий  эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаагаар ХБӨ-ний тархалт өндөр байгааг тогтоосон бөгөөд тэдгээрийг бууруулах, сэргийлэх асуудал манай оронд ч нэгэн адил тулгамдсан асуудал болж байна.[7,8] ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийн тархалт өндөр байгаа нь хүн амын ХБӨ-ий талаарх мэдлэгийн түвшин хангалтгүй байгааг харуулж байгаа бөгөөд манай орны хувьд ХБӨ-ий талаарх мэдлэгийн түвшинг малчин иргэдэд тодорхойлсон судалгаа, нотолгоо мэдээлэл хараахан бүрдээгүй байна.  
Зорилго
Малчин иргэдийн ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдлэгийн түвшинг тодорхойлох зорилготой.
Судалгааны хэрэглэгдэхүүн арга зүй
Судалгааг аналитик судалгааны хүн амд суурилсан агшингийн загвараар хийж, улсын хэмжээнд газар зүйн 4 бүсийн 4 аймаг 12 сумын нийт 500 малчин иргэнийг  олон үет санамсаргүй түүврийн аргаар сонгож хамрууллаа. Малчдын ХБӨ болох АДИ, ЧШӨ, хөх болон умайн хүзүүний хорт хавдараас урьдчилан сэргийлэх мэдлэгийн түвшинг судлахдаа 82 асуулт бүхий асуумж ашиглаж судлаач өөрөө асуух байдлаар судалсан. Боловсруулалтыг “SPSS 17.0” программ ашиглан гүйцэтгэж, судалгааны мэдээлэлд дескриптив болон нарийвчилсан статистик шинжилгээ хийсэн. Судалгааны ажлын ёс зүйн зөвшөөрлийг Эрүүл Мэндийн Яамны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хурлаас авсан.
Үр дүн
Судалгаанд хамрагдагсдын 53.4% нь телевиз, 32.2% нь эмч эмнэлгийн байгууллага, 18.6% нь радиогоос тус тус эрүүл мэндийн авч байна гэж хариулснаас үзэхэд телевиз, радио, эмч, эмнэлгийн байгууллага нь мэдээллийн гол эх үүсвэр болж байна.
Эрүүл мэндийн мэдээллийн эх сурвалжаас мэдээлэл авч буй байдлыг бүс нутгаар нь харьцуулахад ялгаатай байгаа бөгөөд телевизээр Хөвсгөл (62.5%), радиогоор Төв  (24.6%), сонин сэтгүүл, эмч эмнэглийн байгууллагаас Дорнод (24.6%, 48.3%) аймгууд  хамгийн их мэдээлэл авч байна.
Судалгаанд оролцогчдын 61.2% АДИ, 43.4% ЧШӨ , 36.6% хөхний хорт хавдар, 29.6% умайн хүзүүний хорт хавдарын талаар мэдээлэл авч байсан гэж хариулснаас харахад судалгаанд оролцогчид артерийн даралт ихсэх, чихрийн шижин өвчний талаарх мэдээллийг арай илүү авч байгаа нь харагдаж байна.
Судалгаанд оролцогчдын АДИ, ЧШӨ, хөх болон умайн хүзүүний хорт хавдарын талаар мэдээлэл авч байгаа байдалд хүйсийн ялгаа байна уу гэдгийг судлахад  АДИ(Р<0.1), ЧШӨ(Р<0.5) талаар мэдээлэл авч байгаа байдал нь хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байгаа бол хөх болон умайн хүзүүний хорт хавдарын талаар мэдээллийг эмэгтэйчүүд илүү авдаг байна.

Хүснэгт 1.
ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдлэгийн түвшин, бүс аймгаар

ХБӨ болох АДИ, ЧШӨ, хөх болон умайн хүзүүний хорт хавдараас урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг судлахад  судалгаанд оролцогчдын 52.2% АДИ, 67.2% ЧШӨ, 80.2% нь хөхний хорт хавдар, 80.6% нь умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар огт мэдэхгүй байгаа байгаа бөгөөд АДИ. ЧШӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдлэгийн түвшин хөх болон умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийн түвшингээс дээгүүр байсан ба бүс нутгаар нь харьцуулахад ялгаатай байна.
Хүснэгт 2.
Артерийн даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг

Судалгаанд оролцогчдын АДИ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийн түвшинг судлахад өөх тос, давсыг зохистой хэрэглэх (31.4%) болон хорт зуршил хэрэглэхгүй байх (29.6%), ЧШӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг судлахад өөх тос, давс, э/чихрийг зохистой хэрэглэх (31.4%), хэт таргалахгүй (20%) малчдын хамгийн сайн мэддэг эрсдэлт хүчин зүйлс байсан ба ХБӨ-ий мэдээлэл авдаг болон авдаггүй хүмүүсийн урьдчилан сэргийлэх мэдлэг статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан бол мэдлэгийн түвшин хүйсийн статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан.




Хүснэгт 3.
Хөхний хорт хавдараас урьдчилан сэргийлэх мэдлэгийн түвшин

Хөхний хорт хавдараас урьдчилан сэргийлэх талаарх малчин эмэгтэйчүүдийн мэдлэгийг судлахад урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах (21.1%)  хөхөө өөрөө тогтмол шалгах (19.7%), умайн хүзүүний хорт хавдараас урьдчилан сэргийлэх мэдлэгийг судлахад үзлэг шинжилгээд тогтмол хамрагдах (23.6%), БЗХӨ-д өртөхгүй байх (23.6%), хамгийн сайн мэддэг урьдчилан сэргийлэх аргууд байсан ба нийт судалгаанд оролцогчдын урьдчилан сэргийлэх мэдлэг хангалтгүй байна.  
Хэлцэмж
Хятад улсын хүн амын дунд АДИ тархалт нэмэгдэж байгаа ба ялангуяа хөдөөгийн хүн амын дунд АДИ өвчний талаар мэдлэг ойлголт өгөх, сургалт сурталчилгааны ажил ховордсонтой холбогдуулан Хятадын орон нутгийн лаонинг мужийн хүн амын дундах АДИ өвчний тархалт, мэдлэг ойлголтыг үнэлэх судалгаа хийж судалгааны үр дүнд АДИ өвчний талаарх хөдөөгийн хүн амын  мэдлэг ойлголтын түвшин доогуур байгааг тогтоосон байна. [9]
Бидний хийсэн судалгаагаар хөдөө орон нутгийн малчдын АДИ-ий урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголт хангалтгүй байсан нь дээрх судалгааны үр дүнтэй ойролцоо байна.
Hector M. нарын 2009 онд хийсэн АНУ-ын латино бүлгийн хүн амын ЧШӨ талаарх мэдлэг ойлголтыг судалсан судалгааны дүнгээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол ЧШӨ талаар мэдлэг ойлголт бага байсан байна.
Малчдын ЧШӨ урьдчилан сэргийлэх мэдлэгийг судлахад судалгаанд оролцогчдын мэдлэгийн түвшин хангалтгүй байгаа бөгөөд хүйсийн хувьд мэдлэгийн түвшин статистик ач холбогдол бүхий ялгаагүй байгаа нь дээрх судалгааны үр дүнгээс ялгаатай байлаа.
Мөнхчулуун Ө нарын Эмэгтэйчүүдийн хөхны хорт хавдартай холбоотой эрүүл мэндийн тусламж зан үйл хайх судалгаагаар хот хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдарын шалтгаан, урьдчилан сэргийлэлтийн талаар хангалтгүй мэдээлэл ойлголтой байсан байна.
Бидний судалгаагаар хөхний хорт хавдараас урьдчилан сэргийлэх талаарх малчин эмэгтэйчүүдийн мэдлэг хангалтгүй байсан нь дээрх судалгааны үр дүнтэй дүйцэж байна.
Амарсанаа Э, Баттогтох Ч нарын 2009 онд хийсэн судалгаар Дорнод, Төв, Говь-Алтай зэрэг  аймгууд  хөхний хорт хавдарын нас баралтын түвшингээрээ улсын дундажаас дээгүүр байгааг тогтоосон байна. Бидний судалгаагаар хөхний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс болон урьдчилан сэргийлэх талаарх Дорнод, Төв аймгуудын судалгаанд оролцогчдын мэдлэг бусад аймгуудадтай харьцуулахад доогуур байгааг мэдлэгийн түвшин хангалтгүй байгаагаас өвчлөлийн нас баралт  өндөр байна гэж үзэх үндэслэлтэй байна.  
Малчин иргэдийн ХБӨ болох АДИ болон ЧШӨ талаарх мэдлэгийн түвшин нь хөхний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдарын талаарх мэдлэгийн түвшингээс арай дээгүүр байна. АДИ болон ЧШӨ урьдчилан сэргийлэх мэдлэгийн түвшин хүйсээр харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан бол хөх болон умайн хүзүүний хорт хавдарын эрсдэлт хүчин зүйлсийн мэдлэгийн түвшин судлахад эрэгтэйчүүдийн мэдлэгийн түвшин эмэгтэйчүүдийн мэдлэгийн түвшингээс статистик ач холбогдол бүхий доогуур байсан нь эрэгтэйчүүд энэ тал дээр хайнга хандаж байна үзэж болох юм.
Дүгнэлт
•    Малчин иргэдийн ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдлэг хангалтгүй байгаа бөгөөд мэдлэгийн түвшин бүс нутгаар болон мэдээлэл авч буй байдлаар статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Хүйсийн хувьд АДИ, ЧШӨ-ий мэдлэгийн түвшин статистик ач холбогдол бүхий ялгаагүй байсан ба хөх болон умайн хүзүүний хорт хавдарын мэдлэгийн түвшин ялгаатай байна.
•    Судалгааны үр дүнд малчин иргэдийн ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг тогтмол тасралтгүй хүргэж хүн амын мэдлэгийн түвшинг дээшлүүлж, ХБӨ-өөс сэргийлэх арга хэмжээг сайжруулах шаардлагатай байна.

Ном зүй

1. ЭМЯ, ДЭМБ, НЭМХ. “ХБӨ ба амьдралын эрүүл хэв маяг” сургалтын гарын авлага . Улаанбаатар. 2005
2. Монгол улс. Төрийн мэдээлэл. Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр. Засгийн газрын 2005 оны 246 дугаар тогтоолын 1 хавсралт. Улаанбаатар :Засгийн газрын хэвлэх үйлдвэр:2005
3. Noncommunicable Diseases, Poverty and the Development Agenda. Discussion paper. “World Health Organization” ECOSOC high-level segment:WHO, July 2009
4. Puska P, et al. The North Karelia project: from North Karelia to National Action. National institute for Health and Welfare (THL) in collaboration with the north. Karelia project Foundation. Finland Helsinki University Printing House, 2008.p.298
5. WHO. Deit, Nutrition and the Prevention of chronic Disease: Report of a joint WHO/FAO Expert Consultation. World Health Organization.Geneva, 2003.p.150
6. World Health Organization, 2005. Preventing chronic diseases: a vital investment, WHO Global Report
7. Д.Даваалхам ба бусад.ХБӨ-ний өвчлөл ба нас баралтанд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийн Монкохорт судалгаа. Суурь судалгааны тайлан, Улаанбаатар,
8. ЭМЯ, НЭМХ, Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаа, Улаанбаатар, 2010
9. Guang-Hui Dong, Zhao-Qing Sun, Xin-Zhong Zhang, Jia-Jin Li, Li-Qiang Zheng, Jue Li, Prevalence, awareness, treatment & control of hypertension in rural Liaoning province, China. 2007
10. Hector M. Gonzбlez, William A. Vega. Diabetes Awareness and Knowledge Among Latinos. J Gen Intern Med. 2009, 24(Suppl 3): 528–533.
11. Мөнхчулуун Ө. Эмэгтэйчүүдийн хөхны хорт хавдартай холбоотой эрүүл мэндийн тусламж зан үйл хайх судалгаа. АУ-ны магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. 2011
12. Амарсанаа Э. Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс. АУ-ны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. 2009
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1433
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК