Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (52) 2012. N01(052)
ГОВИЙН АЙМГУУДЫН УНДНЫ УСНЫ ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНЭЛГЭЭ
( Судалгааны өгүүлэл )

Ч.Өнөрцэцэг1, Э.Эрдэнэчимэг2,

1Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 

Үндэслэл: Хүн амыг чанарын шаардлага хангасан усаар хүрэлцээтэй хангах асуудал нь дэлхий нийтийн болон бүс нутаг, улс орнуудын тулгамдсан асуудлын нэг болсоор байна [3].

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2003 оны XII сарын хуралдаанаас 2005-2015 оныг “Ус амьдралын эх булаг” олон улсын 10 жил болгон зарласан [4].

Мянганы хөгжлийн зорилтуудын Байгаль орчны тогтвортой байдлыг хангах зорилтын 6.16-д Монгол улс 2015 он хүртэл хугацаанд баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг бууруулах зорилтыг дэвшүүлсэн [2].
Хүнд металын тодорхойлолт: "хүнд метал”нь усны гравитацаас 5 дахин их гравитацтай химийн элемент юм. Усны гравитац нь 4°C 39°F)-д Энгийнээр тайлбарлахад гравитац гэдэг нь хатуу бодисын нягтыг усны нягттай харьцуулсан хэмжилт юм. Зарим танигдсан хүнд металлууд нь усныхаас 5 болон түүнээс дээш гравитацтай байдаг. Үүнд хүнцэл 5.7; кадми 8.65; төмөр 7.9; хартугалга 11.34; мөнгөн ус 13.546 (Lide 1992).
Хүнд металл нь бага хэмжээгээр хүрээлэн буй орчин болон хоол хүнсэнд агуулагдах ба зарим нь эрүүл мэндэд тустай байдаг. Харин их хэмжээгээр хэрэглэвэл хурц болон архаг хордлогод хүргэдэг.
Хүнд металын хордлого нь сэтгэцийн болон төв мэдрэлийн системийн өөрчлөлтөд оруулах ба уушиг, бөөр, элэг болон бусад  эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Удаан хугацаагаар эдгээр бодист өртөхөд бие махбодийн булчин болон мэдрэлийн бүтцийн өөрчлөлтөд оруулж өвчлөлд  хүргэдэг. Харшил бас элбэг тохиолдох ба удаан хугацаагаар металлд өртөгдвөл хавдарт ч хүргэж болзошгүй. (International Occupational Safety and Health Information Centre 1999).
Дэлхийн нилээд улс орны хүн ам унд ахуйдаа хүнцлийн агууламж ихтэй усыг хэрэглэж байна. Ази тив нь нутагшмал хэлбэрийн хүнцлийн тархалтаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд Энэтхэг, Бангладеш, Хятад, Тайвань зэрэг орнуудад тархалт өндөр байдаг байна [5,8].

Манай улс зах зээлийн эдийн засагт шилжин орсноос хойш үйлдвэрлэл хурдацтай хөгжиж, уул уурхайн олборлолт, төв суурин газрын хүн амын нягтрал ихэссэн, химийн бодисын хэрэглээ нэмэгдэж байгаа зэргийг үндэслэн говийн аймгуудын ундны усны хүнд металлын агууламжийг судлах шаардлагатай байна.
Зорилго: Говийн аймгуудын  хүн амын ундны усан дахь хүнд металлуудын  агууламжийг тодорхойлж, эрүүл ахуйн үнэлгээ өгөхөд судалгааны ажлын зорилго оршино.
Материал, арга зүй: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн. Говийн 5 аймаг (Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь)-ийн 62 сумын төвийн гүний худгаас 2011 оны 10-11 дугаар саруудад MNS ISO 5667-2:2001 стандартын дагуу дээж авч, нийт 142 худгийн усанд 12 хүнд металлын агууламжийг Varian 720 –ESICP маркийн “Optical Emission Spectrometer” багажийг ашиглан ISO-MNS 11885:2007 стандартын дагуу шинжлэв.
Судалгааны үр дүнг  “SPSS-18” программ ашиглан боловсруулалт хийж төвийн хандлагын үзүүлэлтүүд болон бусад анхдагч үзүүлэлтүүдийг тодорхойлов.
Шинжилгээний дүнг Монгол улсад мөрдөгдөж байгаа Ундны усны эрүүл ахуйн шаардлагын MNS 900:2005 стандарт хэмжээ, ДЭМБ-ын Ундны усны чанарын удирдамжийн зөвлөмж хэмжээтэй харьцуулан үнэлэв.
 Үр дүн
Мөнгө  (Ag) - нийт дээжээс 52.8 (75/142) хувьд нь стандарт хэмжээ (0.1 мг/л) –ээс их агууламжтай байлаа. Өмнөговь аймгийн Цогт цэций сумын Ухаа худаг хамгийн их агууламжтай  (Ag 24.6 мг/л) байна.
Хүнцэл (As) - нийт дээжээс 15.4 (22/142) хувьд нь стандарт хэмжээ (0.01 мг/л) –ээс их агууламжтай байлаа. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Аман-ус” худаг хамгийн их агууламжтай  (As 0.71 мг/л) буюу стандарт хэмжээнээс 7 дахин их байна.
Хүснэгт 1. Хүнд металлын агууламж

*-  Ундны усны эрүүл ахуйн шаардлагын MNS 0900: 2005 стандарт хэмжээнээс их агууламж

Төмөр (Fe) - нийт дээжээс 22.5 (32/142) хувьд нь стандарт хэмжээ (0.3 мг/л) –ээс их агууламжтай байлаа. Дорноговь аймгийн Сайншанд сумын Халзан уулын худаг хамгийн их агууламжтай  (Fe - 0.3 мг/л) байна.

Хартугалга (Pb) - нийт дээжээс 4.7 (7/142) хувьд нь стандарт хэмжээ (0.01 мг/л) –ээс их агууламжтай байлаа. Говь-Алтай аймгийн Шарга сумын Төвийн дээд худаг хамгийн их агууламжтай  (Pb- 0.37 мг/л) байна.

Хэлцэмж: Хүнд металл нь хүний бие махбодод хуримтлах  үйлчилгээтэй учраас маш бага хэмжээтэй байсан ч тухайн худгийн усыг удаан хугацаанд тогтмол хэрэглэх тохиолдолд металлын архаг хордлого, арьсны хорт хавдар үүсэх эрсдэлтэй гэж бусад орны судлаачид тогтоосоор  байна. [6, 9, 10]
Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан говийн 5 аймгийн ундны усан дахь  кадми, кобальт, зэс, никель, цайрын агууламж нь ундны усны эрүүл ахуйн шаардлагын стандарт хэмжээ болон ДЭМБ-ын Ундны усны чанарын удирдамжийн зөвлөмж хэмжээнээс хэтрээгүй байлаа.
Говийн аймгуудын ундны усанд Ag, As, Cr, Fe, Mn, Pb, Sb зэрэг хүнд металлын агууламж нь стандарт, зөвлөмж хэмжээнээс их байна.
Санал: Цаашид ундны усанд хүнд металлуудыг тодорхойлох судалгааг өргөжүүлэх, хүнд металлуудын агууламж их байгаа газруудын усны чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.
Талархал: Энэхүү судалгааг явуулахад туслалцаа үзүүлсэн ЭМЯ, НЭМХ, ЭМШУИС-НЭМС болон судалгаанд хамрагдсан аймгуудын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын байцаагчид, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, сум орон нутгийн холбогдох байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлье.

Ном зүй

1. ЭМЯ, Орчны эрүүл мэндийн холбогдолтой хууль тогтоомжийн эмхэтгэл –III, Монгол Улсын Стандарт Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2005. Улаанбаатар 2011. x.455
2. Мянган хөгжлийн зорилтуудын хэрэгжилт Үндэсний гурав дугаар илтгэл Улаанбаатар 2009. x.76-78
3. НҮБ-ын Усны Хөгжлийн Тайлан “Ус ба Хүмүүс, Ус ба Амьдрал” 2003. x.68
4. НҮБ ХХ, Хүний Хөгжлийн Илтгэл 2003, х.28
5. Asian Regional Workshop on Endemic Drinking Water Type Arsenizm Chinese center for disease control and prevention, United Nations Children’s Fund Beijing. China 2003
6. Авцын А.П., Жаворонков А.А. Микроэлементозы человека. Москва 1987 стр.56
7. Монгол дахь хүнцлийн тархалтын судалгаа. Улаанбаатар хот.2005. x.14-15, 32
8. Bill Cleland, Ami Tsuchiya, David A. Kalman “Arsenic Exposure within the Korean community United states) Based on Dietary, Behavior and arsenic levels in Hair, Urine, Air and Water” Envi Ronmental health Perspectives MAY 2009, Volume117 number 4, pp.632-637
9. Erik J6 Tokar, Thal. Chaudra A. Diwan. Michael P, Walalkes ”Arsenic Exposure Transforms human Epithelial stem l Progenitor Cells into a Cayver Stem- like Phenotype” Envi Ronmental health Perspectives MAY 2009, Volume118 number 4, pp.108-114
10. WHO, Guidelines for drinking-water quality - 4th ed. p.35-38

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2421
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК