Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (52) 2012. N01(052)
ЭМШУИС-ЫН ОЮУТНУУДЫН ХДХВ/ДОХ-ЫН ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ СУДАЛСАН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

1Г.Ганцэцэг,  2Ө.Гантөмөр   3Г.Даваа

1. Хэнтий аймгийн БГХӨСТ, 2. ХӨСҮТ,  3. ЭМШУИС НЭМС

 
Абстракт

ДЭМБ-ын тодорхойлсноор Монгол улс ХДХВ/ДОХ-ийн тархалт багатай улс оронд багтдаг [1]. Монгол улсад 2011 оны 12 сарын 14-ний байдлаар албан ёсоор ХДХВ/ДОХ-ын тохиолдол 100 бүртгэгдээд байна. Нийт хүн амын дундах ХДХВ/ДОХ-ын тархалтын түвшин 0.1 %-аас бага байгаа нь Зүүн ази, номхон далайн зарим орнуудтай харьцуулахад ХДХВ/ДОХ-ын тархалт багатай 5 улс орны тоонд багтдаг [3.4] ч ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчидийн тоо нэмэгдсээр байна. Сүүлийн 6 жилийн хугацаанд Монгол улсад бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 15 дахин өссөн [2] ба эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээр жил бүр шинээр бүртгэгдэж байгаа зонхилон тохиолдох БЗДХ тууштай буурч чадахгүй хэвээр байна [5].
Монгол улс Мянганы хөгжлийн зорилтыг хангах ажлын хүрээнд 2015 он гэхэд ХДХВ/ДОХ-ын тархалтыг тогтоон барих, улмаар бууруулах зорилт тавьсан [2] ч ХДХВ/ДОХ-ын халдварын эрсдэл, нийгмийн хүчин зүйлс, ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолт дээрх зорилтын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөөр байна [6]. Иймд мэргэжлийн чиглэлээр суралцагсадын мэдлэгийг судлах шаардлага тулгарч байна.

Судалгааны зорилго:

ЭМШУИС-ын оюутнуудын  ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэгийг судлах
Судалгааны материал ба арга зүй: Судалгааг нэг агшингийн загвараар явуулсан.
Судалгаанд ЭМШУИС болон Дорноговь аймаг дахь АУК-ийн анагаахын ангийн I-VI дамжааны нийт 592 оюутныг хамрууллаа.
Судалгааны мэдээлэл цуглуулахдаа судалгаанд оролцогчдоос хүн ам зүйн ерөнхий мэдээлэл, ХДХВ-ийн үзлэг, шинжилгээ хийлгэсэн байдал, ХДХВ/ДОХ-ын мэдлэгийг  үнэлэх  34 асуулга бүхий асуумжийн аргаар үнэлэв.
Судалгааны мэдээллийг SPSS-18 программыг ашиглан тойм статистикийн  үзүүлэлтүүд болох стандарт хазайлт, дундаж, олон давтагдсан утга, хамгийн их, бага утга зэргийг тооцно.


Үр дүн:

Судалгаанд хамрагдсан оюутнуудыг хүйсийн харьцаагаар нь авч үзвэл 1:3 буюу 30.8 %  нь эрэгтэй,  68.5 %  нь эмэгтэй, 13.5 % нь гэрлэсэн, 26.3 % нь эхнэр нөхөр, болон бэлгийн хамтрагчтайгаа хамт амьдардаг байна.

Зураг 1. Оюутнуудын ХДХВ эрт илрүүлэгийн  шинжилгээний хамрагдалтын шалтгаан
Оюутнуудын 45.7 % нь ХДХВ илрүүлэх шинжилгээнд хамрагдсан ба эмнэлэгт үзүүлэх болон мэс ажилбар хийлгэхээр ХДХВ-ийн тест шинжилгээнд хамрагдах байдал ихэнх хувийг эзлэж байна.Хүснэгт 1. ХДХВ/ДОХ-ын дамжих замын талаарх мэдлэг

Нийт оюутнуудын ХДХВ/ДОХ-ын халдвар дамжих замын мэдлэг хангалттай, хот хөдөөгийн анагаахын оюутнуудад мэдлэгийн ялгаатай байдал ажиглагдсангүй. (Хүснэгт 1-ээс харна уу)

Зураг 2. ХДХВ/ДОХ-оос хамгаалах хэрэгслийн талаарх мэдлэг (бодит тоогоор)
*Хот – Улааанбаатар хот дахь ЭМШУИС
*Хөдөө- Дорноговь аймаг дахь АУК
Оюутнуудын ХДХВ/ДОХ-ын талаарх өөрийн мэдлэгийг үнэлэхэд  олон давтагдсан утга 80 оноо, хамгийн их утга 100 оноо, бага утга 10 оноо байсан бол асуумж судалгаанд хариулсан байдал мэдлэгийн дундаж оноо 81.3 %, хамгийн их утга 95.7, хамгийн бага утга 53.2 байна. Шумууланд хазуулснаар ХДХВ-ийн халдвар авч болно гэсэн хариулт хамгийн бага буюу 46.8 % байлаа.
Дээрх үзүүлэлтүүд хот, хөдөөгийн анагаахын сургуулийн оюутнуудад ялгаатай байдал ажиглагдаагүй
Хэлцэмж
Анагаахын оюутнуудын ХДХВ/ДОХ-ын дамжих зам, хамгаалах хэрэгслийн талаарх мэдлэгийн түвшин хангалттай ч ХДХВ-ийн халдвар шумуулаар дамжина гэж 46.8% нь  хариулсан нь ХДХВ/БЗДХ-ын харуулдан тандалтын судалгаанд хамрагдсан эрсдэлт хүн амын мэдлэг  79.1 хувиас доогуур үзүүлэлттэй байна.
Дүгнэлт
1.    Анагаахын оюутнуудийн ХДХВ/ДОХ-ын эрт илрүүлэгийн шинжилгээнд хамрагдалт дунд зэрэг байна
2.    ХДХВ/ДОХ-ын дамжих зам, хамгаалах хэрэгслийн талаарх мэдлэгийн түвшин “В” үнэлгээ буюу 81.3%  байна

Ном зүй

1. ”Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа-2008” тайлан, Үндэсний статистикийн хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сан, УБ, 2009 он. х191-229
2. ХДХВ/ДОХ-ын үндэсний зарцуулалтын үнэлгээ. Улаанбаатар 2010. х 3.
3. “Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт” үндэсний гурав дахь илтгэл, НҮБХХ-ийн ядуурал, МХЗ-уудын хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог дэмжих төсөл, 2009 он, х 58
4. “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын эсрэг хариу арга хэмжээний хөндлөнгийн цогц үнэлгээ” УБ хот, 2008 он.
5. ХДХВ-ийн урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халамж, дэмжлэгийг бүх нийтэд хүртээмжтэй үзүүлэх зорилтын хэрэгжилтийн үнэлгээ. 2010. х 2.
6. “Жирэмсний хяналтанд байгаа эмэгтэйчүүдийн бэлгийн замаар дамжих халдварын тархвар зүйн судалгааны тайлан-2008, ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэнийн төсөл, 2008 он

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1468
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК