Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (55) 2012.N04(055)
СХДҮҮРГИЙН ХҮН АМЫН ДУНД ХОДООД, УЛААН ХООЛОЙН СӨӨРГӨӨ ӨВЧНИЙГ ИЛРҮҮЛСЭН БАЙДАЛ
( Судалгааны өгүүлэл )

1 М.Одсүрэн 2Я. Булганчимэг

СХЭМН гастроэнтерологи их эмч1

Дурангийн сувилагч2

 
Абстракт

Орчин үед ходоод, улаан хоолойн сөөргөө өвчний (ХУХСӨ) тархалт хүн амын дунд нэмэгдэж байгааг үндэслэн XXI зууныг гастроэнтерологийн салбарт << Ходоод улаан хоолойн сөөргөө өвчний зуун >>гэж нэрлэх болжээ. Ходоод улаан хоолойн сөөргөө өвчин нь анагаахын салбарт харьцангуй шинэлэг ойлголт бөгөөд манай орны эмнэлзүйн практикт 2008 онд оношлогоо, эмчилгээний эмнэлзүйн удирдамжийг (Америкийн Гастроэнтерологийн Коллежийн гаргасан эмнэлзүйн удирдамжийг жишиг болгон) танилцуулж, гастроэнтерологи эмч нараар хэлэлцүүлэн, 2009 онд  ХУХСӨ-ний оношлогоо , эмчилгээний стандартыг батлуулсан билээ.
Тархвар зүйн судалгаагаар АНУ ба Баруун Европын хүн амын 18-44%-д сөөргөө тохиолдож байна.  Монгол хүн амын дунд тохиолдох сөөргөөт эзофагитийн тохиолдол жил тутам ихсэж, үрэвслийн зэрэг гүнзгийрч байна. Улсын төв 3-р эмнэлгийн дурангийн тасагт сүүлийн 3 жилийн байдлаар шинжлүүлэгсдийн 42%-д (Х.Оюунцэцэг, М.Энх-Өлзий, П.Хайдав), ЭМШУИС-ийн “Эрхэс” поликлиникийн дурангийн тасгаар 2009 онд үйлчлүүлэгсдийн 53.92% нь ходоод улаан хоолойн сөөргөө өвчин оношлогдсон байна.
 СХД-ийн эмч нарын эмчилгээ оношлогооны практикт 2011 оноос ХУХСӨ-ний стандарт өргөнөөр нэвтэрч байна.
 

Судалгааны ажлын зорилго:
СХД-ийн хүн амын дунд ходоод, улаан хоолойн сөөргөөт өвчний өнөөгийн байдлыг судлах.
Судалгааны ажлын зорилт:
1.    Ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан өвчтөнүүдийн  ходоод, улаан хоолойн сөөргөө өвчнийг  илрүүлэх
2.    Дотрын кабинет болон ходоодны дурангийн кабинетээр үзүүлж, шинжилгээнд хамрагдсан өвчтөнүүдийн дунд асуумжын шинжилгээгээр ходоод, улаан хоолойн сөөргөө өвчнийг  илрүүлэх, эмчилгээний үр дүнг тооцох.
Судалгааны ажлын аргачлал:  2011 онд дотор, дурангийн кабинетээр үйлчлүүлсэн 50 өвчтөнд ХУХСӨ-г илрүүлэх тусгай боловсруулсан асуумжын дагуу (GERD Q ) судалгаа (үнэлгээ оноогоор үнэлж) хийсэн. 2011 оны 12-р сар, 2012 оны 1,2 саруудад дурангийн кабинетээр ходоод дурандуулсан 100 өвчтөнг хамруулан улаан хоолойн сөөргөөг илрүүлэн,  нийт 150 өвчтөнд түүвэр судалгааг хийсэн.
Ходоодны дурангийн шинжилгээнд хамруулсан 100 өвчтөнг СХЭМН-ийн ходоодны дурангийн (Pentax EG 2770K загварын) аппаратаар дурандан улаан хоолойн салстын өөрчлөлтийг илрүүлж, ХУХСӨ-ний үрэвслийн ангилал Лос-Анжелосын  ангиллаар N,M,А, В, С, Д зэргээр үнэлж, дүгнэлтийг хийсэн.

Судалгааны ажлын үр дүн:
Дурангийн шинжилгээнд хамрагдсан 100 өвчтөний 52% (52) сөөргөөт үрэвсэлтэй байлаа. (Зураг 1)

Эдгээр 52 өвчтөний 30.76% (16) сөөргөөт үрэвслийн М зэрэгтэй, 30.76%(16) нь сөөргөөт үрэвслийн А зэрэгтэй, 23.07%  (12) сөөргөөт үрэвслийн B зэрэгтэй,11.53% (6) нь сөөргөөт үрэвслийн С зэрэгтэй, 3.84% (2) нь сөөргөөт үрэвслийн Д зэрэгтэй өвчтөнүүд байлаа. Эдгээрээс харахад сөөргөөт үрэвслийн М олон А зэрэгтэй улаан хоолойн сөөргөөний хөнгөн зэргийн илрэлтэй өвчтөнүүд дийлэнхи хувийг эзэлж байлаа.(Зураг2)

Зураг2)
ХУХСӨ-тэй 52 өвчтөний бусад өвчлөлтэй хавсарсан байдлыг авч үзвэл: 82.69%(43) ходоодны үрэвсэлтэй хавсарсан. 17.3%(9)-нь ходоодны шархтай хавсарсан, 11.53 % (6) Баррет эзофагит хавсарсан байлаа. (Зураг3).

(Зураг3)

ХУХСӨ-нийг үнэлэх асуумжийн судалгаанд цээж хорсох зовиуртай  50 өвчтөнийг судалгаанд хамруулахад, ХУХСӨ байх магадлал буюу 50%-иас бага буюу 7 ба түүнээс бага оноотой 15.3% (8), ХУХСӨ байх магадлалтай 80%-иас илүү буюу 8-аас дээш оноотой 84.6% (42) өвчтөн байлаа. (Зураг 4)


(Зураг 4)
Эдгээр 42 өвчтөнийг ХУХСӨ-г эмчлэх, стандарт эмчилгээний зөвлөгөө өгч, 14 хоногоос 1 сарын дараа давтан үзэж, асуумж судалгааг авахад  92.8% (39) өвчтөн нь А,B,С хэсгийн зовиураас ямар нэгэн сөөргөөг илтгэх зовиургүй болсон байлаа. Мөн 7.2%(3) өвчтөн-д  цээж хорсох зовиур илрэх  өдрийн тоо багассан буюу ХУХСӨ байх магадлал 50%-иас бага болсон (7-оос бага оноо авсан) байлаа. (Зураг 5)

(Зураг 5)
Дүгнэлт:
1.    СХД-ийн хүн амын дунд ХУХСӨ-тэй 100 өвчтөний 52%-д (52 өвчтөнд )тохиолдож байгаа нь бусад судлаачдын тоо баримттай ойролцоо буюу дүүргийн хүн амын дунд улаан хоолойн сөөргөөт үрэвсэл ихсэх хандлагатай байна.
2.    ХУХСӨ-нийг үнэлэх асуумжийн судалгаагаар 50 өвчтөний 84% (42) өвчтөн нь сөөргөө байх магадлалтай 80%-иас их ба 7-оос дээш оноотой байлаа. Эмийн эмчилгээний дараа 93% (39) өвчтөн нь  ямар ч зовиургүй ходоод улаан хоолойн сөөргөөгүй болсон буюу стандарт эмийн эмчилгээнд үр дүнтэй байлаа.
 

Ном зүй

1. Хоол боловсруулах дээд замын эмгэгийн оношлогоо эмчилгээний асуудал. Улсын Клиникийн Төв Эмнэлгийн онол практикийн их хурал.2010.09.24
2. Ходоод улаан хоолойн сөөргөө өвчний оношлогоо эмчилгээний асуудал.Х .Оюунцэцэг МD, PhD, ЭМШУИС. ХБЭСТ.2010 он.
3. Dent J et al. Scand J Gastroenterol 2008;43(Suppl 244):Abs Or8
4. Онош сэтгүүл 2011он. х43-45.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1016
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК