Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (53) 2012. N02(053)
ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ НИЙСЛЭЛИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
( Судалгааны өгүүлэл )

О.Энхзаяа,Н.Энхзаяа,Ц.Өнөржаргал, Н.Мэндсайхан, Н.Нямсүрэн,Г.Сувдаа
 

НЭМС-ийн магистрант1

 
Абстракт

Дэлхий дахинд хүн амын өвчлөлийн байдал өөрчлөгдөж соёл иргэншил, амьдралын буруу хэв маяг буюу зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчнөөр өвчлөгсдийн тоо асар хурдацтай нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн хөгжил болоод сая сая хүний амьдрал, эрүүл мэндэд давхар дарамт учруулж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор нийт хүн амын нас баралтын 60 хувийг ХБӨ эзэлж байгаа бөгөөд энэ нь халдварт өвчин, жирэмслэлт, төрөлт болон хоол тэжээлийн дутлын улмаас шалтгаалсан нас баралтаас 2 дахин их байна1.

Монгол улсын хүн амын нас баралтын шалтгаанд 1990 онд зүрх судасны өвчин, хавдар нь 2 ба 3 дугаарт ордог байсан бол 1993 оноос хойш нас баралтын шалтгааныг зүрх судасны өвчин тогтвортой тэргүүлж, хавдар, осол гэмтэл удаах байрыг эзлэх болсны дээр сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчний тархац хурдтай нэмэгдэх хандлагатай байна.   

Монгол улсын засгийн газраас хүн амын халдварт бус өвчний өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор 2005 оноос 2013 онуудад хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэдий ч нийслэлийнхэмжээнд ХБӨ 2000 онд 10000 хүн амд 4801.06 байсан бол 2010 онд 6574.74 болж нэмэгдсэн байна. Харин халдварт бус өвчний нас баралт 2000 онд1000 хүн амд 88.6,2010 онд 91.2 байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг тооцох зайлшгүй шаардлагатай нь ажиглагдлаа.
 

Арга зүй
Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлгүүдэд хэрэгжиж буй Монгол улсын “ХБӨ-өөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 265 дугаар тогтоолоор батлагдсан “ХБӨ-өөс сэргийлэх, хянах” нийслэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 9 дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, 18 өрхийн эмнэлгийг түүвэрлэнХалдварт бус өвчнүүдийг эрт илрүүлэхэдшаардлагатай багаж хэрэгслийн хангалт болон хөтөлбөр хэрэгжүүлэх эмч, мэргэжилтнүүдийн хүний нөөцийн хүрэлцээг тодорхойллоо.

Үр дүн
Халдварт бус өвчнүүдийг эрт илрүүлэхэдшаардлагатай багаж хэрэгслийн хангалт,хүрэлцээг үнэлэхэд, эрүүл мэндийн нэгдлүүдийн олонхид, маммографийн аппарат, зүрхний эхо, цууны хүчлийн сорил тавих 1 удаагийн уусмал, хэрэгсэл дутагдалтай байгаа ба өрхийн эмнэлгүүдэд бие бялдрын чийрэгжүүлэлтийн өрөөтэй боловч бүрэн ашигладаггүй, глюкометрийн аппарат байдаг ч тест дутагдалтай байгаа нь хамгийн түгээмэл байна.

Зүрх судас, дотоод шүүрлийн өвчлөл, хөх, умайн хүзүүний өмөнг илрүүлэх багаж хэрэгслийн хангамж болон ашиглалт дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд хангалтгүй байна. Тухайлбал,
-    Цитологийн шинжилгээ авах, цууны хүчлийн сорил тавих, сахарын ачаалалтай сорил тавих, хөхөө өөрөө шалгах, хавдрыг эрт илрүүлэх скрининг аргачлалууд хангалтгүй.
-    Биеийн жингийн индекс, илүүдэл жингийн хувь, булчин өөхний харьцаа зэргийг тодорхойлдогIn-body аппарат БГЭМН-ээс бусад ЭМН-дэд байдаггүй.
-    Өрхийн эмнэлгүүд нь глюкометрийн аппаратай ч тал хувь нь сахарын тестгүй.
-    ЭМН-үүдээс ЧЭМН, БГЭМН-үүдэд маммографийн аппарат байдаг хэдий ч ажиллуулах хүний нөөцийн дутагдалтайгаас аппаратын ашиглалт болон үйл ажиллагаа жигдрээгүй байна.
Халдварт бус өвчний хөтөлбөр хэрэгжүүлэх хүний нөөцийн хүрэлцээ
-    ЭМН-үүд болон өрхийн эмнэлгүүдэд хөтөлбөр хэрэгжүүлэх эмч, мэргэжилтнүүд хангалтгүй
-    Шаардлагатай тоног, төхөөрөмж ашиглах, ажиллуулах мэргэжлийн эмч, мэргэжилтэн хүрэлцээгүй
-    Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, мэргэжилтний нийгмийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлага дутмаг.

Дүгнэлт
Нийслэлийн хэмжээнд халдварт бус өвчний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг улс, аймагтай харьцуулахадманай улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа Нийслэл хотын хувьд уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Халдварт бус өвчний өвчлөл, тархалт, нас баралтыг бууруулахад чиглэгдсэн уг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг хэдий ч түүний нэг хэсэг болох хүний нөөцийг бүрдүүлж, эмч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж бодисоор тасралтгүй хангаж, үйл ажиллагааг тогтмолжуулах шаардлагатай байна. Дээрх асуудлыг шат шатны эрүүл мэндийн байгууллагууд анхааралдаа авч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2465
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК