Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (53) 2012. N02(053)
МУХАР ОЛГОЙН ЦОЧМОГ ҮРЭВСЭЛ
( Судалгааны өгүүлэл )

Н.Насантуяа1 Н.Даваацэрэн2

1ТТАХНЭ 2Этүгэн ДС.

 
Абстракт

Мухар олгойн цочмог үрэвсэл нь хэвлийн хөндийн яаралтай мэс заслын өвчнүүдийн дунд элбэг тохиолддог бөгөөд манай оронд жилдээ дунджаар 15000 гаруй хагалгаа хийгддэг байна.
Гэвч сүүлийн үед энэ өвчний талаар хийсэн судалгаа хомс байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Бид мухар олгойн цочмог үрэвслээр өвчлөгчдийн нас хүйсний байдал өвчин эхэлснээс мэс засалд орсон хугацаа нь мухар олгойн эмгэг бүтцэд хэрхэн нөлөөлсөн, мухар олгойн цочмог үрэвслийн хэлбэрүүдийн үед захын цусны цагаан эсийн дундаж тоон үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулахыг зорилоо.
Бид 2006-2007 онд  ТТАХНЭмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн мухар олгойн цочмог үрэвслийн улмаас яаралтай хагалгаа хийлгэсэн 57 өвчтөнөөс таниулсан зөвшөөрөл авсны дагуу  судалгаанд хамруулан, санамсаргүй түүврийн аргаар проспектив судалгаа хийлээ. Судалгаанд хамрагдсан. Cудалгаанаас үзэхэд мухар олгойн цочмог үрэвслээр өвчлөл эмэгтэйд эрэгтэйгээс 1,375 дахин илүүтэй тохиолдож байна. Мөн насны хувьд 60% орчим нь 15-24 насанд тохиолдсон байна. Мухар олгойд гарсан эмгэг өөрчлөлт нь өвчний үргэлжилсэн хугацаанаас шууд хамааралтай  байна. Мөн захын цусан дахь цагаан эсийн тоо (дундаж) хагалгааны өмнөх үед мухар олгойн баалсан хэлбэрийн үед өсчбайсан бол үхэжсэн хэлбэрийн үед буурч, харин үхжиж цоорсон үед дахин  өсч байна.
 

Удиртгал:
Манай оронд 1991 оны байдлаар жилд 8000 орчим хүн мухар олгойн цочмог үрэвсэлээр өвчилж, мэс засал эмчилгээ хийлгэсэн  нь бүх мэс заслын  өвчний 25,5%, яаралтай мэс заслын 65-70%ийг эзэлдэг, мөн уг өвчний улмаас эндэх нь 0,4% [1] байсан бол 2006 оны байдлаар 15192 хүн мухар олгойн үрэвслийн улмаас хагалгаа хийлгэсэн нь бүх мэс заслын өвчний  22,5%-ийг эзлэж,  уг өвчний улмаас 11 хүн нас баржээ [2,3].
 Үүнээс үзэхэд сүүлийн 15 жилд энэ өвчин бараг хоёр дахин нэмэгдсэн байна.
Кузин М.И, Шкроб О.С (1995) нар мухар олгойн цочмог үрэвслээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2-3 дахин их өвддөг [4] гэжээ.
Mike Hardin D.JR MD нар 1999  онд; Хүн амын ойролцоогоор 7% нь амьдралынхаа хугацаанд МОЦҮ ээр өвддөг ба 10-30 насанд элбэг тохиолддог [5] гэж тэмдэглэжээ.
    Мухар олгойн цочмог үрэвсэлтэй өвчтөний 69,7% нь өвчин эхэлснээс хойш  24 цагийн дотор, 30,3% нь 24 цагаас хойш эмнэлэгт ирсэн байв.  24 цагийн дотор эмнэлэгт ирсэн өвчтний нас баралт 0,1% байхад 24 цагаас хойш ирэгсдийн нас баралт 0,3% байв[1].
Зайцев В.Т (1989) МОЦҮ ийн үед өвчин эхэлснээс хойш 6 цагийн дараагаар мухар олгойд деструктив өөрчлөлт гардаг [6] талаар бичсэн байна.
     Бид мухар олгойн цочмог үрэвслээр өвчлөгчдийн нас хүйсний харьцаа, өвчин эхэлснээс мэс засалд орсон хугацаа нь мухар олгойн эмгэг бүтцэд хэрхэн нөлөөлсөн, мухар олгойн цочмог үрэвслийн хэлбэрүүдийн  үед захын цусны цагаан эсийн дундаж тоон үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулахыг зорилоо.

Судалгааны хэрэглэгдэхүүн арга зүй:
 2006-2007 онд  ТТАХНЭмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн мухар олгойн цочмог үрэвслийн улмаас яаралтай хагалгаа хийлгэсэн 57 өвчтөнд санамсаргүй түүврийн аргаар проспектив судалгаа хийлээ.
Эмнэлэгт хэвтсэн мухар олгойн цочмог үрэвсэлтэй өвчтөнүүдээс таниулсан зөвшөөрөл авсны дагуу тусгай боловсруулсан асуумжийн дагуу судалгаанд хамруулав.  Мөн хагалгааны өмнө захын цусан дахь цагаан эсийн тоо, мэс заслаар авсан мухар олгойн эмгэг гистологийн шинжилгээний хариуг бүртгэн судлав.
Судалгааны дүнг Microsoft Excel-2003, SPSS-10 программуудыг ашиглан статистик  боловсруулалт хийв.

Судалгааны ажлын үр дүн:
Судалгаанд мухар олгойн цочмог үрэвслээр өвдсөн 17-49 насны 57 үйлчлүүлэгч  хамрагдсан. Үүнээс  24(42%) нь эрэгтэй, 33(58%) нь эмэгтэй өвчтөн байв. Хүйсний байдал: Эр:Эм=24:33 (1:1,375) байна.    

Судалгаанд хамрагдсан нийт 57 өвчтөний 29(%) нь өвчин эхэлснээс хойш 24 цагийн дараагаар мэс засал хийлгэсэн байна.

2-р хүснэгтээс үзэхэд мухар олгойд гарсан эмгэг өөрчлөлт нь өвчний үргэлжилсэн хугацаанаас шууд хамааралтай нь харагдаж байна

Эмгэг бүтцийн хувьд судалгаанд хамрагдсан бүх өвчтөний мухар олгойд бүтэц эвдрэлтэт (деструктив) хэлбэрийн өөрчлөлттэй байлаа. Бидний судалгаанд  мухар олгойн улаймал хэлбэрийн үрэвсэл илрээгүй, бүх тохиолдол хүндэрсэн хэлбэр байсан нь өвчтөнүүдийн эмнэлэгт оройтож ирж байгаатай холбоотой нь харагдаж байна.

Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 14(24,56%) нь хэвлийн гялтангийн үрэвслээр (хэсэг газрын), 2 (3,5%)нь мухар гэдэсний үрэвслээр хүндэрсэн бай

Захын цусан дахь цагаан эсийн тоо (дундаж) хагалгааны өмнөх үед мухар олгойн баалсан хэлбэрийн үед өсч, 11.086*109 гр/л болж байсан бол үхэжсэн хэлбэрийн үед буурч, 8,9125*109 гр/л болж, харин үхжиж цоорсон үед өсч 11,325*109 гр/л болсон байна

Хэлцэмж:
Бидний судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 1,375 дахин илүү өвдөж байгаа нь Кузин М.И, Шкроб О.С (1995), Ю.М.Лопухин, Б.Д.Савчук нарын судалгааны үр дүнтэй ойролцоо байна.
Мөн бидний судалгаанд хамрагдсан  нийт өвчтөний  34 ( 59,64%) ийг нь 15-24 насны  өвчтөн эзэлж байгаа бол Mike Hardin D.JR MD нарын (1999) судалгаагаар хүн амын  7% орчим нь амьдралынхаа хугацаанд мухар олгойн цочмог үрэвслээр өвддөг ба 10-30 насанд элбэг тохиолддог байна.
Бидний судалгаанд  мухар олгойн улаймал хэлбэрийн үрэвсэл илрээгүй, бүх тохиолдол хүндэрсэн хэлбэр байсан нь өвтчөнүүдийн эмнэлэгт оройтож ирж байгаатай холбоотой нь харагдаж байгаа нь Зайцев В.Т (1989) мухар олгойн цочмог үрэвслийн үед өвчин эхэлснээс хойш 6 цагийн дараагаар мухар олгойд деструктив өөрчлөлт гардаг гэсэнтэй дүйцэж байна.

Дүгнэлт:
1. Мухар олгойн цочмог үрэвслээр өвчлөл эмэгтэйд эрэгтэйгээс 1,375 дахин илүүтэй тохиолдож байна. Мөн насны хувьд 60% орчим нь 15-24 насанд тохиолдсон байна
2. Мухар олгойд гарсан эмгэг өөрчлөлт нь өвчний үргэлжилсэн хугацаанаас шууд хамааралтай  байна
3. Захын цусан дахь цагаан эсийн тоо (дундаж) хагалгааны өмнөх үед мухар олгойн баалсан хэлбэрийн үед өсчбайсан бол үхэжсэн хэлбэрийн үед буурч, харин үхжиж цоорсон үед дахин  өсч байна
 

Ном зүй

1. Гоош Б, Даваацэрэн Н, Баасанжав Н, Нямхүү Г, Пунцаг Ч болон бусад. Мэс заслын өвчин. Улаанбаатар; 2000. хуудас 354, 364.
2. ЭМЯ ЭМХҮТ “2006 оны эрүүл мэндийн статистик мэдээлэл I” хуудас 182
3. ЭМЯ ЭМХҮТ “2006 оны эрүүл мэндийн статистик мэдээлэл II” хуудас 7
4 Кузин М.И, Костюченок Б.М, Вишневский А.А. Анаэробная неклостридиальная инфекция в хирургии. Москва, Печатник; 1987.cтр9


5.Mike Hardin D.JR. “Acute Appendicitis: Review and Update” MD ; 1999.11.01; [cited 2008.03.26]; [about 5 screens]. Accessed on 2008.03.20. Available from: www.aafp.org/afp/991101ap/2027.html
6.Зайцев Т.В, Алексеенко В.Е, Белый И.С и др. Неотложная хирургия брюшной полости. Киев, Здоровья; 1989. стр. 98-106.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1850
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК