Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (53) 2012. N02(053)
НАСЖИЛТЫН БОЛРЫН ЦАЙЛТЫН ХЭЛБЭРҮҮДИЙГ БИОХИМИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ХАРЬЦУУЛАН СУДЛАХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

Л. Батсолонго1, Д. Уранчимэг2

1- ЭМШУИС-ийн “Эрхэс” поликлиник, Нүдний тасаг
2- ЭМШУИС-ийн АУС-ын Нүд Судлалын Тэнхим

 
Абстракт

Дэлхий дахинаа сохрол болон хараа алдалтанд хүргэж буй гол шалтгаан бол болор цайх эмгэг юм. Болор цайх эмгэг нь төрөлхийн болоод өвөрмөц өвчнүүд, гэмтлүүдийн үр дүнд үүсдэг хэдий ч дийлэнх нь насжилттай холбоотойгоор үүсч, энэ нь хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаагаас хамаарч тоо хэмжээ нь ихэссээр байна.1 Өнөөгийн хурдацтай хөгжиж буй дэлхийн улс орнуудын хүн амын дундаж наслалт нэмэгдснээр насжилттай холбоотой үүсэх өвчлөл өссөн бөгөөд дэлхийн улс орон бүр өөрсдийн хүн амын дундах нас ахихтай холбоотой эмгэгүүдийг судлаж хүн амынхаа эрүүл мэндийн чиг хандлагыг тодорхойлох болжээ.
Монгол улсын хувьд ДЭМБ болон манай зарим эрдэмтдийн хийсэн хамтын судалгаагаар хараа алдалтын тархалт нийт хүн амын 1,5%-г эзлэж байгаа2 бөгөөд 40-өөс дээш насныхны дунд хараа алдалтанд хүргэж буй шалтгаануудаас болор цайх эмгэгийн эзлэх хувь 45,1% буюу хамгийн өндөр хувьтай байгааг тогтоосон байдаг.3

Зорилго
Монгол улсын 40-өөс дээш насны хүмүүст насжилтын болрын цайлтын хэлбэрийг цусны биохимийн шинжилгээний  зарим үзүүлэлттэй харьцуулж, холбоо хамаарал бий эсэхийг тодруулан судлах.
Материал, арга зүй
Уг судалгаанд УКТЭ-ийн Нүд Судлалын Клиникийн тасагт 2009 оны 10 сараас 2010 оны 10 сар хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж байсан 40-өөс дээш насны болор цайх эмгэгтэй нийт 80 хүнийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон судалсан. Судалгаанд оролцогчдоос эрсдэлт хүчин зүйлийн талаар асуумж авч, цусны биохимийн шинжилгээний хариуг бүртгэсэн. Нүдний үзлэгт биомокроскопоор болрыг шинжилж, болрын цайлтын хэлбэрийг олон улсын Болрын Цайлтын Ангиллын Систем-III (БЦАС-III) -ын дагуу ангилан дүгнэсэн болно.
Үр дүн
Судалгаанд хамрагсдын дундаж нас 70(±9.36), 56.2% нь эмэгтэй, 43.8% нь эрэгтэй байсан. Асуумжаар авсан эрсдэлт эмгэгүүдийн дотор даралт ихдэх эмгэг 56.2%, чихрийн шижин 12.5%, нүдний даралт ихдэх өвчин 12.5% тус тус эзэлж байв.
Цусан дахь глюкоз, холестрол, триглицерид зэрэг биохимийн шинжилгээний зарим үзүүлэлтүүдийг судласан байдал   (Хүснэгт 1.)

Болрын цайлтын хэлбэрүүдээс цөмийн болрын цайлт хамгийн их буюу 48.8%, холтослог давхаргын цайлт 10%, ар талбарын цайлт 41.2% байлаа. (Зураг 1.)

Зураг 1. Болрын цайлтын хэлбэрүүдийн тохиолдол

Цусан дахь Триглицеридийн хэмжээ их(≥2.26 ммол/л) байх нь  ар талбарын болрын цайлт үүсэхэд шууд хамааралтай (р= 0.025) болох нь тодорхойлогдсон. Харин цусан дахь сахар болон холестрины хэмжээг болрын цайлтын хэлбэрүүдтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий хамаарал байсангүй.
Хэлцэмж
Америкт хийгдсэн судалгаагаар насжилтын катаракттай хүмүүсийн дунд цөмийн болрын цайлт нь хамгийн элбэг тохиолддог хэлбэр бөгөөд түүгээр зогсохгүй болрын мэс засалд орж буй болрын цайлтын хэлбэрийн дийлэнхи нь цөмийн болрын цайлт эзлэж байгаа4, мөн Английн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд цусан дахь триглицеридийн хэмжээнээс ар талбарын болрын цайлтын хэлбэр шууд хамааралтай(р= 0.02)  гарсан5 байдал нь бидний хийсэн судалгааны ажлын үр дүнтэй дүйж байна.
Дүгнэлт
 Насжилтын болор цайлтын хэлбэрүүдээс цөмийн болрын цайлт илүү тохиолдож байна. Мөн цусан дахь триглицеридийн хэмжээнээс ар талбарын болрын цайлт хамааралтай байгаа нь зарим орны судалгааны үр дүнтэй адил байв
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 739
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК