НЭМС-ийнмагистрант
Дэлхий дахинд хүн амын өвчлөлийн байдал өөрчлөгдөж соёл иргэншил, амьдралын буруу хэв маяг буюу зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчнөөр өвчлөгсдийн тоо асар хурдацтай нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн хөгжил болоод сая сая хүний амьдрал, эрүүл мэндэд давхар дарамт учруулж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм.
Дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэж байгааг ДЭМБ тогтоогоод байна. (1)
ХБӨ-ий шалтгаан болсон тамхи, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол манай хүн амын дунд “чимээгүй тахлын” хэмжээнд хүрч манай улс тамхины хэрэглээний түвшингээр дэлхийд эхний аравт орж, хорь хүртэлх насны 4 хүний 1 нь тамхи татдаг, 4 хүний 3 нь архи хэрэглэж үзсэн байгаа нь архи, тамхины татвар бусад оронтой харьцууулахад маш бага, сурталчилгааг нь хориглосон хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой юм.
МУ-ын хүн амын 24,2% нь 2005 онд тамхи хэрэглэглэдэг байсан бол 2009 онд хийсэн “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох” судалгаагаар 15-64 насны хүн амын 27,67% нь тамхи татдаг, эрэгтэйчүүд 48%, эмэгтэйчүүд 6,9%-г эзэлж байна. Архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 10,8 2байсан бол 2009 онд 27,4 болж 16,6%-р нэмэгдэж, эрэгтэйчүүдийн 22%, эмэгтэйчүүдийн 5% нь архинд донтох эмгэгтэй болох нь тогтоогджээ. (2)
Мөн 2005 оны судалгаагаар хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэдэг хүн амын тархалт 72,5% байсан бол 2009 онд нийт хүн амын 92,3% жимс, хүнсний ногоо огт хэрэглээгүй буюу хоногт 5 нэгжээс бага нэгж хэрэглэж байна. Харин 2005 онд биеийн хүч шаардсан хөдөлгөөн хийдэггүй буюу хөдөлгөөний хомсдолтой хүн ам 23,1% байсан бол 2009 онд 7,5% идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, хөдөлгөөний хомсдолд орсон байна.(3)
Иймээс цаашид нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллахаар суралцаж буй магистрант нарт өөрсдийн халдварт бус өвчний эрсдэл, бие бялдар, эрүүл мэндийн ерөнхий түвшинг мэдэх шаардлагатай гэж үзсэн.
Судалгааны зорилго
2011-2012 оны хичээлийн жилд суралцаж буй НЭМ-ийн магистрантуудын Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх, бие бялдар, эрүүл мэндийн ерөнхий түвшинг үнэлэхэд оршино.
Судалгааны зорилт
1.Халдварт бус өвчний эрсдлийг илрүүлэх
2.Тэдгээрийн бие бялдар, чийрэгжилтийн түвшинг үнэлэх
3.Цус болон шээсэн дэх сахарын хэмжээг тодорхойлох
Судалгааны арга
Уг судалгааг нэг агшингийн судалгааны аргыг ашиглан асуумжийн аргаар хийж гүйцэтгэсэн.
Судалгааны шинэлэг тал, ач холбогдол
НЭМ-ийн магистрантууд Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл, бие бялдар, эрүүл мэндийн ерөнхий байдлаа тодорхойлж мэдсэнээр цаашид эрүүл амьдрах, эрүүл зан үйлийн дадал, хандлагатай болж, гэр бүл болон хүн амд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.
Бидний судалгааны шинэлэг тал нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж, суралцаж байгаа хүмүүсийн халдварт бус өвчний эрсдлийг илрүүлж, бие бялдар, чийрэгжилтийн түвшинд үнэлгээ хийсэн.
Судалгаа хийсэн аргачлал
1.Судалгаанд 2011-2012 оны хичээлийн жилд суралцаж буй НЭМ-ийн 36 магистрантуудаас судалгаанд хамрагдах зөвшөөрлийг бичгээр авсан бөгөөд үүнээс зөвшөөрсөн 31, өвчтэй болон чөлөөтэй 4, татгалзсан 1, нийт 31 магистрант хамрагдсан.
2.Судалгааны сэдэвт үндэслэн судалгааны арга зүйг боловсруулж, 3 шатлалтайгаар уг судалгааг хийж гүйцэтгэлээ.
1-р үе шат: Халдварт бус өвчний эрсдлийг илрүүлэх тусгай боловсруулсан нийт 18 асуулт бүхий нээлттэй хэлбэрийн 7, хаалттай хэлбэрийн 11 асуумжаар архи, тамхины хэрэглээ, жимс, жимсгэнэ, ханасан өөх тос, давсны хэрэглээ, хөдөлгөөний хомсдлыг илрүүлэх судалгааг авсан бөгөөд мэдээллийг нууцлах зорилгоор хүн тус бүрийг кодолж, судалгааг нэгтгэн дүгнэсэн.
2-р үе шат: “Бие бялдар, чийрэгжилтийн түвшинг бие махбодийн 5 чанар (хүч, хурд, уян хатан, тэсвэр ба тэнцвэр)-ыг үнэлэх сорилын арга болон багаж материал ашиглан судалгаанд хамрагдагсдын артерийн даралт, бие бялдар, чийрэгжилтийн түвшинг тодорхойлсон.
•Хурдны чанарыг зогсож буй байрандаа 10 секундэнд гүйсэн тоогоор,
•Хүчийг хэвтээ байрлалаас өндийх, гар дээр суниах, суугаа байдлаас дээш үсрэх даалгаваруудыг тус бүр 30 секундын хугацаанд хийж гүйцэтгэсэн тоогоор
•Биеийн уян хатан чанарыг 2 хөлөө урагш жийсэн суугаа байрлалаас бэлдсэн тавцанг урагш түлхэж, бөхийсөн хэмжээгээр,
•Биеийн тэсвэрийг гүнзгий амьсгаа авч үлээж гаргах хугацаагаар,
•Биеийн тэнцвэрийг 50 см-ийн радиус бүхий тойрог дотор нүдээ аньж, 2 гараа урагш сунган байрандаа алхаж чадаж байгаа зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж, бие бялдрын түвшин тогтоож үнэлгээ өгсөн.
3-р үе шат: Лабораторийн шинжилгээгээр захын цусан дахь сахарыг глюкометрээр, шээсэн дэхь сахарыг түргэвчилсэн тестийн аргаар тодорхойлон үр дүнг нэгтгэн дүгнэсэн.
Судалгааны үр дүнгийн боловсруулалт
Судалгааны ажлын үр дүнг SPSS 16.0 программыг ашиглан хийж гүйцэтгэсэн.
Судалгааны үр дүн
Судалгаанд оролцсон 31 хүний хүйсийн байдлыг авч үзэхэд 25 /81%/ нь эмэгтэйчүүд, 6 /19%/ нь эрэгтэйчүүд байна. Тамхины хэрэглээний хувьд 27/87%/ нь тамхи татдаггүй, 4 /23%/ нь тамхи татдаг бөгөөд хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүү татдаг нь харагдаж байгаа ба үүнээс судалгаанд хамрагдсан 31 /23%/ буюу 10 хүн тутмын 3, 2 эрэгтэй тутмын 1 нь тамхи хэрэглэх эрсдэлт зан үйлтэй байна.Архи согтууруулах ундааг 15 /48%/ нь огт хэрэглэдэггүй, 16 /52%/ нь архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр байна. Хүйсээр харьцуулбал, эмэгтэйчүүдийн архи, согтууруулах ундааны хэрэглээ харьцангуй бага байна. Жимс жимсгэний хэрэглээ тогтмол хэрэглэдэг 4 /13%/ хааяа хэрэглэдэг 22 /71%/, хэрэглэдэггүй 5 /16%/ байгаа нь жимс жимсгэний хэрэглээ хангалтгүй байгааг харуулж байна. Хүнсэнд өөх тосыг сардаа цөөн хэрэглэдэг 13 хүн буюу 42%, 7 хоногт хэд хэдэн удаа хэрэглэдэг 11 хүн буюу 35%, өдөр бүр хэрэглэдэг 5 хүн буюу 16%, өдөрт 2-5 удаа хэрэглэдэг 2 хүн буюу 7% байгаа нь өөх тосны хэрэглээ харьцангуй бага байгаа нь харагдаж байна.
Хоол хүнсэндээ хэрэглэж байгаа давсыг ихэнхдээ хэмждэг 13 хүн буюу 42%, үргэлж хэмждэг 2 хүн буюу 7%, хааяа хэмждэг 9 хүн буюу 29%, хэзээ ч хэмжиж байгаагүй 7 хүн
буюу 22% байгаагаас харахад давсны хэрэглээгээ анхаардаг нь ажиглагдаж байна. 7 хоногийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг 4-өөс дээш удаа хийдэг 1 хүн буюу 3%, 3-4 удаа хийдэг 6 хүн буюу 20%, 1-2 удаа хйидэг 5 хүн буюу 16%, хааяа хийдэг 18 буюу 58%, огт хийдэггүй 1 хүн буюу 3% зэргээс үзэхэд дасгал хөдөлгөөнийг тогтмол хийдэггүй болох нь харагдаж байна.
Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлж үзэхэд сахар илэрсэн 2 хүн буюу 6%, илрээгүй нь 29 хүн буюу 94% байна. Шээсэн дэхь сахарын хэмжээг тодорхойлж үзэхэд сахар илэрсэн 1 хүн буюу 3%, илрээгүй нь 30 хүн буюу 97% байна. Бие бялдрын түвшин тогтоох сорилын дүнгээс үзэхэд 5 хүн буюу 16% нь хангалтгүй, дунд 6 хүн буюу 20%, сайн 14 хүн буюу 45%, хангалттай 4 хүн буюу 13%, хангалттай сайн 2 хүн буюу 6% байгаа нь ерөнхийдөө сайн байгаа боловч дунд болон хангалтгүй гүйцэтгэлтэй хийсэн хүний тоо 1/3-г эзэлж байгаа нь бие бялдар чийрэгжилтийн түвшин хангалтгүй байгааг харуулж байна.
Судалгааны дүгнэлт
1.Судалгааны үр дүнгээс харахад магистрантуудын хувьд хүйс эмэгтэйчүүд давамгайлсан, дундаж нас 30,2 буюу харьцангуй залуу хүмүүс байгаа боловч хорт зуршлын хэрэглээ өндөртэй, идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, хөдөлгөөний хомсдолд орсон, жимс, жимсгэний хэрэглээ багатай зэрэг эрсдэлт зан үйлтэй байна.
2.Бие бялдрын түвшин тогтоох сорилын дүнгээс үзэхэд 5 /16%/ нь хангалтгүй, 6 /20%/ дунд, 14 /45%/ сайн, 4 /13%/ хангалттай, 2 /6%/ хангалттай сайн байгаа ч дунд болон хангалтгүй гүйцэтгэсэн хүний тоо 1/3-г эзэлж байгаа нь бие бялдар чийрэгжилтийн түвшин хангалтгүй байгааг харуулж байна.
3.Лабораторийн шинжилгээний хариу эерэг үзүүлэлттэй байна.
4.Судалгаанаас харахад, НЭМ-ийн чиглэлээр цаашид ажиллах, хүн амд НЭМ-ийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боловсон хүчний хувьд хангалтгүй үзүүлэлт бөгөөд эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар зайлшгүй анхаарч ажиллах, шаардлагатай байна.
Санамж
Судалгаанд хамрагдсан магистрантууд архи, тамхины хэрэглээг багасгаж, хорт зуршлаас бүрэн татгалзах
•Зөв зохистой хооллолтыг эрхэмлэж, хоол хүнсэндээ жимс, жимсгэнийг түлхүү хэрэглэх
•Байнгын эрчимтэй идэвхтэй хөдөлгөөн хийж, хөдөлгөөний хомсдлыг арилгах биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх
•Хорт зуршил, зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлийг бууруулах чиглэлээр сургалт сурталчилгааг эрчимжүүлж, мэдлэг, хандлага, дадлыг бий болгох