Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (55) 2012.N04(055)
УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬШЛЫН ОРЧНЫ ДУУ ШУУГИАНЫ ТҮВШИН ЭРҮҮЛ АХУЙН ҮНЭЛГЭЭ
( Судалгааны өгүүлэл )

А.Цэнгэлмаа1, Ч.Өнөрцэцэг2, Б.Цэцэгсайхан3

1ХНМӨСҮТ, 2ЭМШУИС, 3ЭМЯ

 
Абстракт

Сүүлийн жилүүдэд физик-экологийн ухааны зааг дээр үүссэн “Физик бохирдол” хэмээх судалгааны шинэхэн чиглэл эрчимтэй хөгжиж байна. Энэхүү шинэхэн чиглэлийн дотор орчин “шуугианаар бохирдохуй”-н асуудал чухал байрыг эзлэх болов.5-6, 7-8, 13-14       
Монгол улсад 1996 онд гадаад орчны дуу шуугианыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн анхлан судлахад Улаанбаатар хотын гудамжны дуу шуугианы дундаж түвшин (ДШДТ) 71дБА байсан.2
Түүнчлэн 2003 оны Монгол улсын томоохон хотуудын дуу шуугианы түвшингийн судалгаагаар дундаж түвшин 63,6 дбА байсан ба УБ хотын төв гудамжны дуу шуугианы оргил үе нь 08-09 цагт байна. /НЭМХ, 2003/ Дуу шуугианы түвшин өндөртэй орчинд олон жил амьдарсан болон ахимаг настай хүмүүс дуу шуугианд илүү өртдөгөөс гадна автомашинаас гарах дуу шуугиан их нөлөөлдөг нь тогтоогдсон байна.1   
Улаанбаатар хотын төв замын дагуух суурьшлын орчинд дуу шуугианы бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байна. Нийслэлчүүд эрүүл орчинд амьдрах таатай нөхцөл алдагдах томоохон эрсдэл ажиглагдаж байгаа тул Улаанбаатар хотын суурьшлын орчны дуу шуугианы түвшинг тодорхойлж, эрүүл ахуйн үнэлгээ өгөх шаардлагатай байна.
 

Зорилго
Улаанбаатар хотын суурьшлын орчны дуу шуугианы түвшинг тогтоон, эрүүл ахуйн үнэлгээ өгөхөд судалгааны ажлын зорилго оршино.  
Зорилт
1.    Улаанбаатар хотын суурьшлын орчны дуу шуугианы түвшинг судлан тогтоох
2.    Улаанбаатар хотын суурьшлын орчны дуу шуугианы түвшинд эрүүл ахуйн үнэлгээ өгөх

Материал, аргазүй:
    Тархвар зүйн агшингийн загвараар судалгааг явуулсан.
    Судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүргийн нийт 12 цэгт сонгосон 09, 12, 15, 18, 21, 00, 06 цагуудад 3 цагийн давтамжтайгаар нэг долоо хоногийн туршид /нийт 637 удаагийн шууд хэмжилтээр/ шуугианы түвшинг  тооцоолон гаргасан. /Хүснэгт 1/

 Хүснэгт 1
Судалгаанд хамрагдсан дүүрэг, цэг, координат, 2012 он

    Судалгааны мэдээлэлд “SPSS-17” программыг ашиглан анхдагч боловсруулалт, дундаж үзүүлэлт, хамгийн их болон хамгийн бага утгуудыг тооцоолж гаргав.  

Үр дүн:
Улаанбаатар хотын дуу шуугианы дундаж түвшинг дүүргээр нь авч үзэхэд БГД /70,6 дбА/ хамгийн өндөр,  харин ХУД /62,2 дбА/ хамгийн бага байлаа.

Зураг 1. Улаанбаатар хотын дуу шуугианы дундаж түвшин,
дүүргээр (дбА)

Тайлбар: ДЭМБ-ын зөвлөмж болон Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS 4585:2001 стандартын /ЗДХ 60 дбА/   зөвшөөрөх хэмжээнээс 2,2–10,6 дбА-ээр өндөр байна.

Улаанбаатар хотын дуу шуугианы дундаж түвшинг өдрүүдээр авч үзвэл даваа гариг 67,1 дбА, мягмар гариг 66,35 дбА, лхагва гариг 65,7 дбА, пүрэв гариг 67,76 дбА, баасан гариг 68,28 дбА, бямба гариг 67,9 дбА, ням гариг 68,5 дбА байна (Хүснэгт 2).  

Зураг 2. Улаанбаатар хотын дуу шуугианы дундаж түвшин,
цагаар (дбА)
Тайлбар:  Шуугианы түвшинг цагийн өөрчлөлтөөр тооцон үзвэл 9 цагаас аажим ихсээд 21 цагаас буурах хандлагатай байна. 24 цагт дуу шуугиан өндөр гарсан нь тээврийн хэрэгслийн сигналтай холбоотой юм.  

Хэлцэмж:
Улаанбаатар хотын дуу шуугианы дундаж түвшин 67,3 дбА байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж болон Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS 4585:2001 стандартаас  /ЗДХ 60 дбА/ 7,3 дбА-ээр их байна.  Хэвийн хэмжээнээс хэтэрсэн дуу шуугиан нь хүний сонсгол болон тархины эд эсүүдийг гэмтээж, төв мэдрэлийн ситемд нөлөөлснөөр түргэн ядрах, анхаарал сулрах, нойргүйтэж улмаар зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт орж, даралт  ихсэх, зүрхний шигдээс өвчний эрсдлийг нэмэгдүүлэх, бодисын солилцоо болоод ходоод гэдэсний хэвийн ажиллагаа алдагдах зэргээр хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг байна.4, 6, 7, 11, 15  

Дүгнэлт:
1.    Улаанбаатар хотын суурьшлын орчны дуу шуугианы дундаж түвшин БГД /70,6 дбА/-т хамгийн өндөр,  харин ХУД /62,2 дбА/-т хамгийн бага байлаа. Мөн ажлын болон амралтын өдрөөс үл хамааран шуугианы түвшин өндөр байна.
2.    Улаанбаатар хотын суурьшлын орчны дуу шуугианы дундаж түвшин 67,3 дбА /ЗДХ 60 дбА-ээс 7,3 дбА-ээр их/ байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж болон Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS 4585:2001 стандартын шаардлагад нийцэхгүй  байна.
 

Ном зүй

1. Сайжаа Н, Омгоо З, Оюунбилэг Д, Цэрэнжав Д, Байгаль О, Манлайжав Г. “Томоохон хотуудын суурьшлын орчинд хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх физикийн сөрөг хүчин зүйлүүдийн түвшин, эрүүл ахуйн үнэлгээ”, Монголын анагаах ухаан. УБ. 2003. Х.6-8
2. Бурмаа Б, Сайжаа Н, Эрдэнэчимэг Э, Болормаа И. “Улаанбаатар хотын гудамжны дуу шуугианы түвшин, эрүүл ахуйн үнэлгээ”, Анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын үр дүн. УБ. 1997. х.260-262
3. Авдай Ч. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй УБ. 2006. х.199
4. Оюунтогос Л. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа /Гарын авлага I дэвтэр/, УБ. 2001. х.90-94
5. Баасанхүү Ж. “Тээврийн хэрэгсэл, түүний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл”, Улаанбаатар хотын агаарын бохирдол (Онол практикийн бага хурлын илтгэлүүд), УБ. 1998. х.35-39
6. Түгжсүрэн Н. “Улаанбаатар хотын төв замын дагуух шуугианы түвшинг судалсан зарим дүнгээс” ШУТИС, Эрдэм шинжилгээний бүтээл №10, УБ. 2008. х.205
7. Түгжсүрэн Н. Физик экологи шуугиан ба доргион, УБ. 2006. х.15
8. Түгжсүрэн Н. Орчны дуу шуугианы бохирдол, хор нөлөө, Шинжлэх ухаан, технологи сэтгүүл. УБ. 2005. №3. х.21-23
9. Leon Bluhm G, Berglind N, Nordling E, Rosenlund M. Road traffic noise and hypertension, Occup Environ Med. 2007 Feb;64(2):122-6 pubmed
10. Haines MM, Stansfeld SA, Brentnall S, Head J, Berry B, Jiggins M, Hygge S. The West London Schools Study: the effects of chronic aircraft noise exposure on child health, Psychol Med. 2001 Nov;31(8):1385-96 pubmed
11. Babisch W, Ising H, Elwood PC, Sharp DS, Bainton D, Traffic noise and cardiovascular risk: the Caerphilly and Speedwell studies, second phase. Risk estimation, prevalence, and incidence of ischemic heart disease, Arch Environ Health. 1993 Nov-Dec;48(6):406-13
12. de Hollander AE et al. An aggregate public health indicator to represent the impact of multiple environmental exposures. Epidemiology, 1999, 10:606-617.
13. Буторина М.В., Воробьев П.В., Димитриева А.П. и др. Инженерная экология, Москва, “Лагос”, 2002. с.527
14. Коритысский Я.И., Корнев И.В., Лягунов Л.Ф. и др. Вибрация и шум в текстильной и легкой промышленности, Москва, Легкая индустрия, 1973. с.319
15. Куклев Ю.И. Физическая экология (Учебник). Москва, 2001. с.351

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2468
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК