Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (44), 2009.No4(044)
ХҮНИЙ БРУЦЕЛЛЁЗ ӨВЧНИЙ СЕРОЛОГИЙН ОНОШЛОГООНЫ ХАРЬЦУУЛСАН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
( Судалгааны өгүүлэл )

Т.Хонгорзул1 , С.Цогтсайхан1, С.Бүжинлхам2, Ж.БатааБ.Батцэцэг3, Ж.Эрдэнэбаатар3

1 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, Био-Анагаахын Сургууль
2 Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
3 Мал Эмнэлгийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
 
Абстракт
Хүний бруцеллёз өвчин нь өвчтэй хонь, ямаа, тэмээ, адуу, цаа буга, гахай нохой зэрэг мал амьтдаас цус, ихэс, ураг, умайн ялгадсаар дамжин шууд хавьтлын замаар, халдвартай бүтээгдэхүүн (боловсруулаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий буюу шүүрхий мах, элэг)-ийг хэрэглэх үед хоол боловсруулах замаар дамжин хүнд халдварлаж, олон эрхтэн тогтолцоог гэмтээдэг, ужиг явцтай, дахих хандлагатай эмгэг үүсгэдэг, бруцелла (Brucella)-гийн төрлийн бичил биетнээр үүсгэгддэг дэлхий дахинаа өргөн тархсан зоонозын халдварт өвчин юм [1].
Эмнэлзүйн тод илэрдэг өвөрмөц шинжгүй, оношлоход түвэгтэйн улмаас хүний бруцеллёзын тохиолдлын арав хүрэхгүй хувь нь л эмнэлзүйн шинжээрээ танигдаж, оношлогдон, бүртгэгдэж байгаа тухай G.Mantur нар (2007) мэдээлжээ. Бусад халууралт өвчнүүдтэй андуурагдах, эсвэл шалтгаан тодорхойгүй халууралт гэж эмчлэгдэх зэргээр бруцеллёзын өвчлөлийн зарим тохиолдлууд бүртгэгдэхгүй үлддэг бөгөөд албан ёсны өвчлөлийн тоо нь тухайн жилд халдвар авсан нийт хүмүүсийн тоог бодитой тусгаж чаддаггүй,  өвчлөгсөдийн бодит тоо нь мэдээлж байгаагаас даруй 10-25 дахин их байх магадлалтай гэж үздэг байна [1,2]. 
Хүний бруцеллёз өвчний лабораторийн оношлогоонд ийлдэс судлалын, бактериологийн, дархлаа судлалын болон молекул биологийн олон хувилбар аргуудыг хослуулан хэрэглэдэг ч манай оронд ийлдэс судлалын аргыг л голчлон ашиглаж байна. Ийлдэс судлалын аргуудын өвөрмөц болон мэдрэг чанар бага, зарим грам сөрөг нянтай солбицох урвал өгдөг болох нь олон судалгаагаар тогтоогджээ [2,3,4,5,6,7]
Иймээс хүний бруцеллёзын серологийн оношлогоонд дархлаа судлалын аргуудын оношзүйн мэдээллэг чанарыг тодорхойлж, өвчний эмнэлзүйн илрэл, үе шаттай ямар хамааралтайг тогтоож, өөрийн орны практикт бруцеллёз өвчний оношлогоонд илүү өвөрмөц чанартай шинжилгээний аргыг түлхүү хэрэглэх асуудал тулгамдаад байгаа юм.
Судалгааны ажлын зорилго
Хүний бруцеллёз өвчний серологийн оношлогооны үзүүлэлтүүдийг харьцуулан дүгнэж , тэдгээрийн өвчний эмнэлзүйн илрэл, үе шатны хамааралыг тогтоох 
Судалгааны ажлын зорилт
1. Хүний бруцеллёз өвчний тодорхой үе шатанд байгаа өвчтнүүдэд ийлдэс судлалын болон дархлаа судлалын аргаар Brucella-гийн эсрэг эсрэгбие илрүүлэх
2. Дархлаа судлалын шинжилгээний дүнг эмнэлзүйн үе шат, илрэлтэй харьцуулан судлах
3. Өөрийн орны нөхцөлд илрүүлэх шинжилгээнд ашиглах боломжтой Brucella-гийн өвөрмөц антигенийг эрэлхийлэх
 
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга зүй
 
Судалгаанд Хүчит Шонхор Худалдааны төвд хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгээр лабораторийн шинжилгээнд бруцеллагийн эсрэг эсрэгбие илэрсэн (14), ХӨСҮТ-ийн бруцеллёзын үзлэгийн кабинетэд хандан үзлэг шинжилгээ хийлгэсэн болон хэвтэн эмчлүүлж буй цочмог (4), цочмогдуу (12) болон архаг (50) бруцеллёзын шинж тэмдэг бүхий, ийлдэс судлалын шинжилгээ (Райтын урвал, Хеддельсоны урвал, Розе-Бенгалын урвал) эерэг нийт 80 хүнд бруцеллагийн эсрэг өвөрмөц эсрэгбие IgM, IgG (EUCARDIO LAB INC. USA) илрүүлэх фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ) тавив.
Br.abortus-ийн гадаргуугийн мембраны уургийн антигенаар бэлдсэн бруцеллагийн эсрэг өвөрмөц эсрэгбие IgM, IgG илрүүлэх оношлогооны цомог Anti-Brucella IgM, Anti-Brucella IgG (EUCARDIO LAB INC. USA) болон  B.abortus 544 омгийн антигенаар өөрсдийн бэлдсэн оношлогооны цомогоор өвөрмөц эсрэгбие IgG-г тус тус ФХЭБУ-аар тодорхойлов. 
B.abortus 544 омгийн эсрэгбиетэй урвалд орсон антигений молекул жинг SDS-PAGE, Вестерн блоттинг шинжилгээний аргаар шинжилж үр дүнг маркертай (size marker Bio-Rad, Silver Stain SDS-PAGE Standards, Catalog # 161-0314 ) харьцуулан дүгнэв. 
Хэвлэлийн мэдээгээр мэдрэг ба өвөрмөц чанар багатай нь тогтоогдсон аргуудыг илүү мэдрэг, өвөрмөц чанартайд нь харьцуулах загвар хэрэглэн бруцеллёзын  шинжилгээний аргуудын өвөрмөц ба мэдрэг чанар, каппа (қ) итгэлцүүр зэрэг үзүүлэлтийг тодорхойлов. 
.
Судалгааны ажлын үр дүн, дүгнэлт
1. Уламжлалт ийлдэс судлалын шинжилгээгээр өвчний цочмог үе (эхний 3 сар)-д байгаа 4 өвчтөнд 100%, цочмогдуу үе (3-6 сар)-ийн өвчтөнүүдийн 75%-д, архаг үе (6 ба түүнээс дээш сар)-ийн өвчтөнүүдийн 70%-д, далд үе (эмнэлзүйн илрэлгүй зөвхөн ийлдэс судлалын шинжилгээ эерэг)-ийн  өвчтөнүүдийн  48%-д тус тус бруцеллагийн эсрэг эсрэгбие илэрсэн байв. ФХЭБУ-аар бруцеллагийн эсрэг өвөрмөц эсрэгбие IgM цочмог үеийн өвчтөнүүдэд 100%-д, цочмогдуу үеийн өвчтөнүүдийн 41.7%-д, архаг үеийн өвчтөнүүдийн 56%-д, далд үеийн өвчтөнүүдийн 64.3%-д тус тус эерэг, өвөрмөц эсрэгбие IgG цочмог үеийн өвчтөнүүдэд 100%-д, цочмогдуу үеийн өвчтөнүүдийн 83.3%-д, архаг үеийн өвчтөнүүдийн 86%-д, далд үеийн өвчтөнүүдийн 64.3%-д тус тус эерэг гарав.
Уламжлалт наалдуулах урвалуудыг ФХЭБУ (Anti-Brucella IgG)-тай харьцуулан мэдрэг чанар (МЧ) ба өвөрмөц чанар (ӨЧ)-ыг тодорхойлоход мэдрэг чанар 69.8%, өвөрмөц чанар 24.4% байв.   Уламжлалт ийлдэс судлалын урвалуудын дүн болон ФХЭБУ-ын шинжилгээний дүн ялгаатай байв.
 
2. ФХЭБУ-ын дүнг өвчний эмнэлзүйн явц, халдварын  үе шаттай харьцуулан судлахад бруцеллагийн эсрэг үүссэн өвөрмөц эсрэгбие IgM оношийн бүлгүүдэд ялгаагүй, өвөрмөц эсрэгбие IgG ялгаатай байв. 
1. B.abortus 544 омгийн антигений 1:50 шингэрүүлэлт, ийлдсийн 1:50 шингэрүүлэлт, фермент холбоот эсрэгбиеийн 1:10000 шингэрүүлэлтээр тавьсан өвөрмөц эсрэгбие IgG тодорхойлох ФХЭБУ-ын дүн, оношлогооны цомгийн (EUCARDIO LAB INC. USA) өвөрмөц эсрэгбие IgG тодорхойлох ФХЭБУ-ын дүнтэй адил байв. Вестерн блоттинг урвалаар  урвалд орсон уураг ба липополисахаридын холимгийн 19 kDa, 16.5 kDa, 10 kDa жинтэй зурвас нь 544 омгийн B. abortus-ийн гадна мембраны уургууд байж болох юм.
Ном зүй

1. Алтанцэцэг. Т., Дондог. Н., Андреа Миколон., Ганцэцэг.Т: 2001, Хүний бруцеллёзын гарын авлага
2. Mantur BG at all:2007 , Review of clinical and laboratory features of human Brucellosis. Department of Microbiology, Belgaum Institute of Medical Sciences, District Hospital Campus,Belgaum. http://www.ijmm.org/text.asp?2007/25/3/188/34758
3. College of Veterinary Medicine, Iowa State University, The center for food security and public health, Brucellosis 2009. http://www.cfsph.iastate.edu
4. Ганцэцэг.Т: 2001, Хүний бруцеллёзын шалтгаант хүчин зүйлийн зарим асуудалд.
5. Ross HM, Jahans KL, MacMillan AP, Reid RJ, Thompson PM, Foster G. Brucella species infection North Sea seal and cetacean populations. Vet Rec 1996;138:647-8
6. Corbel M.J: 2006, Brucellosis in humans and animals, Division of Bacteriology, National Institute for Biological Standards and Control, Potters Bar, Hertfordshire, EN6 3QG, England. WHO
7. American Academy of Pediatrics: 2003, Red Book Online, Section 3. Summaries of Infectious Diseases, Brucellosis. http://www.aapredbook.aappublications.org/cgi/content/full


 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 926
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК