Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2009, (44), 2009.No4(044)
“ИРЭЭДҮЙН БОСГО” ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ
( Судалгааны өгүүлэл )

Ц.Цэрэндолгор 1, Б.Хандсүрэн2, О.Чимэдсүрэн3 , Б. Гэрэлханд4

1ЭМШУИС-ийн магистрант, 
                                   2,4ЭМШУИС Арьс судлалын тэнхим , 3НЭМСургууль 
 
Абстракт
Өсвөр үеийн залуучуудын дунд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төв байгуулах хэрэгцээг үндэслэн 2003 онд Монгол Улсын Эрүүл Мэнд, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын хамтарсан 124/166 тоот тушаалаар “Өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төв”-ийн ажиллах журам, үйл ажиллагааны удирдамжийг баталжээ.
Энэхүү тушаалыг үндэслэн өсвөр үе, залуучуудыг “НҮЗХ/БЗДХ ( Нөхөн үржихүйн замын халдвар, бэлгийн замын дамжих халдвар)-аас урьдчилан сэргийлэх” нийгмийн зах зээлийг нэвтрүүлэх ажлыг НҮБ (Нэгдсэн үндэсний байгууллага)-ын Хүн амын Сангийн дэмжлэгтэйгээр   2003 оноос эхлэн байгуулж одоогийн байдлаар манай улсын хэмжээнд 14 төв байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ИБӨҮЭМТ( “Ирээдүйн босго” өсвөр үеийн эрүүл мэндийн төв) нь өсвөр үеийнхэнд газар нутгийн харьяалал, даатгалтай эсэхийг үл харгалзан эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх үүрэгтэй  юм.
  Монгол улсын эрүүл мэнд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалд төв нь эрүүл мэндийн анхан шатлалд зөвлөгөө өгөх, НҮЭМ (Нөхөн үржихүйн эрүүл мэнд)-ийн талаар үйлчилгээ, мэдээлэл сургалт сурталчилгаа явуулах ба  шаардлагатай тохиолдолд  хоёр дахь шатлалд шилжүүлж, хамтран ажиллахаар заасан байна. Гэсэн хэдий ч үйл ажиллагааны явцад   ХДХВ/БЗДХ-ыг оношлох, эмчлэх үйлчилгээг нэмж үзүүлэх хэрэгцээ шаардлага байсны  улмаас энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх оношлогооны багаж, хэрэгсэл, эм тариа, урвалжаар хангаж, төвийн эмч, зөвлөгч нарыг сургалтанд хамруулсан нь үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээг нэг цэгээс цогц байдлаар үзүүлэхэд томоохон ач холбогдолтой болсон юм.
Иймээс 2003 оноос эхлэн зохион байгуулагдсан ”Ирээдүйн босго”өсвөр үеийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа хэрхэн хэрэгжиж байгааг  үнэлэх хэрэгцээтэй байна. 
Түлхүүр үг: “Ирээдүйн босго” өсвөр үеийн эрүүл мэндийн  төв. 
 
Судалгааны зорилго:
Улаанбаатар хотын СХД (Сонгинохайрхан дүүрэг), БЗД (Баянзүрх дүүрэг)-ийн болон ШУТИС (Шинжлэх ухаан технологийн их сургууль), ЭНЭШТ (Эх нялхасын эрдэм шинжилгээний төв)-ийн харьяалалд ажиллаж буй “Ирээдүйн босго” өсвөр үеийн эрүүл мэндийн төвүүдийн  бүтэц зохион байгуулалт, хүний нөөцөнд үнэлгээ өгөх 
Судалгааны зорилт :
1. “Ирээдүйн босго”өсвөр үеийн эрүүл мэндийн төвүүдийн зохион байгуулалт, байршил, харьяалал, орчинг үнэлэх
2. “Ирээдүйн босго” өсвөр үеийн эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн асуудлыг судлах
3. “Ирээдүйн босго” өсвөр үеийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээг боловсронгуй болгох талаар үйлчлүүлэгчид ба оролцогч талуудын санал, хэрэгцээг судлах
Судалгааны  хэрэглэгдэхүүн, арга зүй:
Үнэлгээнд тоон ба чанарын судалгааны аргуудыг хослуулан ашиглав.
Тоон арга: 
Тухайн төвүүдийн үйл ажиллагааны тайлан  мэдээ ( 2008-2009 оны эхний 1-р улирал)-нд үнэлгээ өгөх
Боловсруулсан ажиглалтын хуудсын дагуу төвийн бүтэц зохион байгуулалт, байршил харьяалал, төвийн орчин, хүний нөөцийг судлах
      Чанарын арга:
Бусад оролцогч талуудын уялдаа холбоо, төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгох тэдний санал, үзэл бодлын талаар ярилцлага хийх 
Үнэлгээний үр дүн
Улаанбаатар хотын СХД, БЗД-ийн болон ШУТИС, ЭНЭШТ-ийн харьяалалд ажиллаж буй “Ирээдүйн босго”  өсвөр үеийн эрүүл мэндийн төвүүдийн бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн асуудалд үнэлгээ өгөх зорилгоор  2009 оны 6,7-р сард  судалгааг хийсэн.  
“Ирээдүйн босго” өсвөр үеийн эрүүл мэндийн төвийн байршил, бүтэц зохион байгуулалт, харьяалал, орчинг үнэлэх
Үнэлгээнд хамрагдсан 4 төвийн байршил, бүтэц зохион байгуулалт харилцан адилгүй байв. 
БЗД,СХД-ийн ИБӨҮЭМТ нь ЭМН-ийн харьяалалд, ШУТИС,ЭНЭШТөвийн ИБӨҮЭМТөвүүд тус сургууль эмнэлгийн харьяалалд харьяалагддаг байна.
 СХД –ийн ИБӨҮЭМТ нь СХД-ийн 1-р амбулаторийн хойд буланд  алслагдмал байршилтай байгаа нь үйлчлүүлэгч нар олж очиход бэрхшээлтэй байна. БЗД-ийн ИБӨҮЭМТ нь БЗД-ийн 1-р амбулаторийн 1-р давхарт,  ЭНЭШТ-ийн ИБӨҮЭМТ нь ЭНЭШТ-ийн амбулаторийн 2-р давхарт байрлаж байгаа нь үйлчлүүлэгч нар олж очиход амархан тохиромжтой байршилтай байв. ШУТИС-ийн ИБӨҮЭМТ нь тус сургуулийн хичээлийн 4-р байранд байдаг нь оюутан залууст илүү ойртсон, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн болох нь ажиглагдслаа.
Дотор зохион байгуулалтын хувьд СХД ба ЭНЭШТ-ийн ИБӨҮЭМТ нь хүлээлгийн, мэдээлэл сургалт, сурталчилгааны, ажлын, үзлэгийн гэсэн тус бүр 4 өрөөтэй, өрөөний урсгал бүтцийн хувьд давуу, үйлчлүүлэгчид тохилог, таатай орчинг бүрдүүлсэн байсан.   
БЗД, ШУТИС-ийн ИБӨҮЭМТ нь хүлээлгийн, ажлын, үзлэгийн гэсэн 3 өрөөтэй боловч  багтаамж муутай, харьцангуй жижиг талбайд нягтарч байршсан байлаа.
Дээрх 4 төвийн хувьд өсвөр үеийнхэнд зориулсан эрүүл мэндийн ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндийн сэдэвт тараах материал, зурагт хуудас хүрэлцээтэй байгаа нь үйлчлүүлэгч нарын мэдээлэл авах асуудал нээлттэй байгааг илэрхийлж байна.
 “Ирээдүйн босго”өсвөр үеийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээ үзүүлэгчдийн ажил үүргийн хуваарь, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалсан байдал
ИБӨҮЭМТөвүүдийн гадна лого бүхий үйлчилгээний төрлүүдийн талаарх мэдээллийн самбарууд харилцан адилгүй байршилтай байна.  БЗД, ЭНЭШТ,СХД-ийн ИБӨҮЭМТөвүүдийн гадна самбар ил, үйлчлүүлэгчийн өмнө байсан боловч ШУТИС-ийн самбар далд газар байрлуулсан нь тийм ч оновчтой бус үйлчлүүлэгч олж харах, тус төв хаана байгаа, тус төврүү яаж орох нь ойлгомжгүй байв.   Нөгөө талаар бүх төвийн гадна самбар хэт хуучирч, өнгө алдсан, сүүлд нэмэгдсэн үйлчилгээг тодорхой заагаагүй хүнд мэдээлэл өгөх байдал багатай болжээ. Тус төвүүдийн эмч, зөвлөгч нар бүгд энгэрийн тэмдэг зүүж хэвшсэн байна.
 СХД, ЭНЭШТ-ийн өсвөр үеийн төвүүдийн хувьд эмч, зөвлөгч тус тусдаа өрөөнд үйлчилгээ үзүүлж байгаа  бөгөөд хувцас солих, үзлэг хийх, зөвлөгөө өгөх өрөө нь тусгаарлагдсан байгаа нь нууцлалыг хадгалах орчин бүрдсэн байна. Харин ШУТИС, БЗД-ийн өрөө хүрэлцээтэй биш боловч эмч дангаараа ажиллаж (зөвлөгчгүй) байгаа болохоор одоогоор нууцыг хадгалах ба аюулгүй тусламж авах эрх хангагдсан гэж үзэж байна.
Үзлэг хийх нэг удаагийн хэрэгслэл, үйлчилгээний үед гарсан зүү, тариур зэрэг бусад эмнэлгийн хог хаягдлыг хадгалах зайлуулахад ашигладаг аюулгүй хайрцаг бүх төвүүдэд хүрэлцээтэй байсан тул үйлчлүүлэгчийн аюулгүй, тусламж авах эрхийн нэг хангагдсан гэж үзлээ.
 “Ирээдүйн босго”өсвөр үеийн эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн асуудал
Үнэлгээнд хамрагдсан  ИБӨҮЭМТ-д ажиллаж буй эмч нар хүүхдийн эмч, дотрын эмч, охид, эмэгтэйчүүд, БЗХӨ-ний эмч мэргэжилтэй, мэргэжлийн дагуу 10- 25 жил, түүнээс 3-6 жил энэ төвд ажилласан, өсвөр үе, залуучуудыг НҮЗХ/БЗДХ/ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу 2006-2008 онд “Ирээдүйн босго” төвийн эмч нарт зориулсан НҮЗХ/БЗДХ/ХДХВ-ийн халдварын үед зөвлөгөө өгөх ба лабораторийн сургалтанд хамрагдсан эмч нар байна.  
СХД, ЭНЭШТ-ийн ИБӨҮЭМТ  нь зөвлөгчтэй байсан. Зөвлөгч  нар эмнэлгийн дунд мэргэжилтэй, мэргэжлээрээ 17-21 жил, түүнээс тус төвд 6-7 жил ажилласан байна.  Гэхдээ бүх зөвлөгч нар НҮЗХ/БЗДХ/ХДХВ-ийн халдварын оношлогоо, эмчилгээ, шинжилгээний талаар сургалтанд хамрагдсан байна. Бусад 2 төв нь зөвлөгч байхгүй байгаа нь зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгааны ажил орхигдон, эмчийн ажлын ачаалал их болж, зөвлөгчийн ажлыг хамт хийж байна. 
“Ирээдүйн босго” төвийн ачаалал, үйлчлүүлэгчдийн насны ангилал
ИБӨҮЭМТ-ийн үзүүлсэн тусламжийг сонгогдсон 4 төв дээр авч үзэхэд үйлчлүүлэгчдийн тоогоор ШУТИС ба СХД-ийн ИБӨҮЭМТ тэргүүлж байна. (Хүснэгт-1) Үйлчлүүлэгчдийн тоог өдөрт шилжүүлж үзэхэд тус төвүүд өдөрт дунджаар 10-15 хүүхэд залуучууд ба оюутан сурагчид үзүүлж байгаа боловч ШУТИС-ийн төвийн  ачаалал бусдаасаа арай их өдөрт 15-20 үйлчлүүлэгчтэй  байна. 
ЭНЭШТ–ийн ИБӨҮЭМТ-өөр үйлчлүүлэгчдийн 26,9 хувийг 10-с доош насны хүүхдүүд, ШУТИС-ийн ИБӨҮЭМТ-өөр үйлчлүүлэгчдийн  33,3 хувийг 20-24 насныхан эзэлж байгаа нь үйлчлүүлэгчийн хамрах хүрээ өөр өөр байгааг харуулж байна.
       Хүснэгт 1.     ИБӨҮЭМТ-ийн үйлчлүүлэгчдийн насны ангилал  
Санал, хэлцэмж: 
     Судалгаагаар ИБӨҮЭМТ –ийн эмч, зөвлөгчийг тогтвортой ажиллуулах (өөр ажил давхар хийх, солих байдлыг багасгах), тушаалын дагуу бүрэн орон тоогоор ажиллуулах шаардлагатай байгаа нь харагдаж байна.
     ИБӨҮЭМТөвүүдийн эмч зөвлөгчтэй ярилцлага хийх явцад бусад мэргэжлийн ялангуяа эх барих эмэгтэйчүүд, арьс, БЗДХ-ын эмч болон лабораторийн  мэргэжилтнүүдтэй  багаар ажиллах, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах нь зүйтэй гэдэг саналыг дэвшүүлж байна.
     Түүнчлэн дээрх төвүүдийн үйлчилгээний чанар, оновчтой байдлыг мэргэжлийн түвшинд үнэлэх, зөвлөх, чиглүүлэх ажлыг ЭМГ (Эрүүл мэндийн газар) –с хариуцан явуулж, ажил үүргийн хуваарийг тодруулах  түүний үнэлгээг тодорхой болгох нь зүйтэй байна.
   Өсвөр үеийн залуучуудад үзүүлэх тусламж үйлчилгээг өргөжүүлэхийн тулд их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын захиргаа болон хорооны нийгмийн ажилтан нарыг  ИБӨҮЭМТ-ийн  талаар бүрэн мэдээлэлтэй болгох шаардлага гарч байна.
    ШУТИС ийн ИБӨҮЭМ –ийн төвийг  бусад их, дээд сургууль, коллежийн оюутнуудад үйлчилдэг болгон өргөтгөж, их дээд сургууль түшиглэсэн ИБӨҮЭМТ –ийн загвар төв болгон өргөжүүлэх санал ярилцлагын явцад гарч байна. 
ДҮГНЭЛТ:
1. Үнэлгээнд хамрагдсан 4 төвийн байршил, бүтэц зохион байгуулалт харилцан адилгүй боловч үнэлгээнд хамрагдсан УБ хотын 4 ИБӨҮЭМТ–ийн 2 нь ЭМН-ийн, 1 нь 3 дахь шатлалын эмнэлгийн, мөн их сургуулийн харъяалалд байсан бөгөөд эдгээр нь өөр, өөрийн давуу ба сул талуудтай байв. 
2. СХД, ЭНЭШТ-ийн өрөөний хувьд хангалттай хүрэлцээтэй байгаа нь үйлчлүүлэгч нарын таатай орчинг бүрдүүлж байгаа боловч бусад бүх төвийн гадна хаяг, логог тодорхой газар ил байрлуулж, шинэчлэн үйлчилгээг тодорхой тусгах нь зүйтэй.   
3. Тус төвөөр үйлчлүүлж байгаа хүүхдүүд жил ирэх тутам ихсэж байгаатай холбогдуулан нэг дор олон хүүхдэд үйлчлэх, мэдээлэл, сургалт сурталчилгаа хийх танхим шаардлагатайг харуулж байна.
4. ИБӨҮЭМТөвүүд дээр ажиллаж байгаа эмч, зөвлөгч нар тус төвд үүсгэн байгуулагдсанаас хойш ажиллаж байгаа нь дэмжүүштэй хэрэг боловч төвүүд нь батлагдсан орон тоогоор ажиллахгүй байгаа нь ялангуяа БЗД, ШУТИС-ийн ИБӨҮЭМТ-ийн  зөвлөгчийн ажил орхигдож байна. 
5. Зөвлөгчгүй ажиллаж буй ИБӨҮЭМТ–ийн эмчийн ачаалал их, төв дээр суурилсан шинжилгээ, үзлэг, эмчилгээ хийх үйлчилгээ давамгайлж, зөвлөгөө өгөх, сургалт хийх ажлууд харьцангуй орхигдох хандлагатай байна.

 

Ном зүй

1. Б.Аюуш- Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаархи мэдлэг, дадал хэвшил, хандлага. - АУ магистрын зэрэг горилж бичсэн дипломын төсөл. УБ.1997.
2. Н.Нямсүрэн – “Өсвөр насныханд үзүүлэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийгмийн ажилтны гүйцэтгэх үүргийг судлах нь. Бакалаврын дипломын ажил. - УБ. 2008.
3. Өсвөр үеийн эрүүл мэнд, хөгжлийн асуудлаар чиг баримжаа олгох хөтөлбөр. \\\\\\\"Монгол орны өсвөр насны охид, хөвгүүдийн аж байдлыг сайжруулах нь\\\\\\\" төсөл. – УБ. 2003.
4. Ө.Энхмаа, М.Хишгээ, Д.Болдмаа “Өсвөр үеийн эрүүл мэнд. Эрүүл амьдрах ухаан.” / Англи хэлнээс орчуулан - УБ 2004.
5. Д.Болдбаатар “ Монголын өсвөр үеийнхний хэрэгцээг судалсан судалгааны тайлан” - УБ. 2000.
6. Д.Янжинсүрэн, Д.Байгалмаа, Б.Сувд “Өсвөр үеийнхэнд ээлтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ” - УБ. 2005.
7. Нөхөн Үржихүйн Эрүүл Мэндийн Хөтөлбөрийн Удирдлагыг Сайжруулах Арга Хэрэгслийн Цомог. - УБ.2004
8. Өсвөр үе залуучуудыг НҮЗ-ын болон БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлэх удирдамж “Нийгмийн зах зээлийн арга хэлбэрийг турших нь” УБ 2006 он
9. МУ-ын ЭМС,БСШУ-ны сайдын хамтарсан 124/166 тоот тушаал “Өсвөр үеийнхэнд ЭМ-ийн үйлчилгээ үзүүлэх төв байгуулах тухай” 2003.05.16
10. Өсвөр үеийн эрүүл мэнд, хөгжлийн асуудлаар чиг баримжаа олгох хөтөлбөр
11. Монгол орны өсвөр насны охид, хөвгүүдийн аж байдлыг сайжруулах нь 2003 УБ

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1789
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК