Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (038) 2008.No2(038)
ТӨВӨНХ-МӨГӨӨРСӨН хоолойн ЦОЧМОГ БАЧУУРАЛТ ӨВЧИН (ОСТРЫЙ СТЕНОЗИРУЮЩИЙ ЛАРИНГОТРАХЕИТ)
( Лекц )

У.Цэвэгмид

 
Абстракт

Хүүхдийн амьсгалын дээд хэсэг-дууны хөвч орчмын салст үрэвсэн хавагнаж, төвөнхийн хананы булчингууд агшсанаас болж амьсгал бачуурах (круп), амьсгалын доод хэсэг-мөгөөрсөн хоолой, гуурсанцрууд бөглөрших (обтурация) хамшинж олонтаа тохиолддог.

Шалтгаан: Ихэвчлэн вирусээр үүсгэгддэг ба хоёрдогч нянгийн халдвар, ялангуяа стафилококкт халдвар их нөлөөтэй нь клиникийн ажиглалтаасхарагдаж байна.

Эмнэлзүй: Энэ өвчний үед амьсгалын дутагдлын шинж илэрдэг ба амьсгалын замын бачуурлыг 4 зэрэгт хуваадаг.

Хүүхдийн анатом физиологийн онцлогтой холбоотой.

1.    Цагаан мөгөөрсөн хоолой насанд хүрэгчдээс илүү нарийн

2.    Мөгөөрс н ь зөөлөн, амархан дарагддаг

3.    Подслизистый давхарга нь судас ихтэй, тучный эс ихтэй тэр нь амархан хаван үүсгэж мөгөөрсөн хоолойг нарийсгана.

4.    Мэдрэлжүүлэлт төгс бус байдаг нь мэдрэл булчингийн үйл ажиллагаа халдварын үед буурснаар амархан хавагнаж бачуурдаг.

5.    Надгортанник мөн зөөлөн, нугалаа үүсгэсэн байдаг.

6.    Амьсгалын булчингууд сул хөгжсөн байдаг

Бачууралтын нэгдүгээр зэрэг:

Амьсгал авах саадтай, хүүхдийн хоолой сөөж, үе үе эвгүй хуцуулж ханиалгана. Амьсгалын булчингуудын үйл ажиллагаа ихэсч, амьсгал гүнзгий, цөөн болно. Амьсгал авахад гүрээ, эгэмний доод хонхрууд дотогш

татагдана. Үзэхэд төвөнхийн салст дотровч үл ялим үрэвслийн шинжтэй байна.

Бачууралтын хоёрдугаар зэрэг:

Ихэвчлэн амьсгалын замын цочмог өвчнөөр өвчилсөний 2-3 дахь өдөрт тохиолдох ба хүүхдийн ерөнхий байдал хүнд, амьсгаа авах бэрхшээлтэй, ширүүн хуцуулж ханиалгасан, хоолой сййж дуу гарахгүй болсон байна.

Биемахбод амьсгалахад туслах бүхий л боломжоо дайчлах, амьсгалах хөдөлгөөн үлэмж нэмэгдэх ба уушгинд агаар орох саатаж, өвчүү, эгэмний хонхрууд, хавирганы завсар амьсгал авахад дотогш татагдана.

Хүүхдийн хамрын самсаа сарталзана. Ийнхүү амьсгал давчдах байнга тохиолдох ба судасны лугшилт олширч, хөхрөлт илэрнэ.

Хүүхэд тайван бус, царай нь цайсан, хөлөрсөн байна. Тайван бус болоход бачууралт нэмэгдэж, хөхрөх, амьсгаадах, арьс зэвхийрэх зэрэг амьсгал дутагдлын шинж илэрнэ.

Үзлэгээр дууны хөвчийн салт улайж, хөвчийн доод хэсэгт янз бҮрийн улайлт бүхий гүвгэр нэвчдэс харагдах ба заримдаа тэр нь арын хана руугаа үргэлжилсэн байна.

Бачууралтын гуравдугаар зэрэг:

Хүүхдийн биеийн байдал маш хүнд,тайван бус сандарсан байдалтай, арьс, салстууд цайж,заримдаа зэвхий өнгөтэй болж, хүйтэн хөлс гарна.

Амьсгал авах саатаж, амьсгал нь холоос шуугиж сонсогдоно. Үе үе хуцуулж ханиалгана. Амьсгал өнгөц, түргэн болно. Иймээс цусны улаан эс хүчилтөрөгчөөр хангагдахгүй болж, хүндэрнэ.

Хүүхдийн ухаан үе үе балартана. Уушгинд амьсгал сулран, дөнгөж сонсогдох төдий

болно. Зүрх судасны лугшилт олшрох шинж гарна.

Биед пировиноградын, сүүний хүчил, бетаоксимаслын хүчил зэрэг дутуу исэлдэлтийн бүтээгдэхүүн хуримтлагдсанаас хүчилшил үүсч, захын судасны цусны эргэлтийг улам хямраана.

Бачууралтын дөрөвдүгээр зэрэг:

Энэ нь бүтэлт юм. Хүүхэд амьсгалах бүх боломжоо шавхан, бүх бие хөхөрсөн, амьсгал өнгөц, зүрхний авиа бүдэгхэн, лугшилт удаан, судас тэмтрэгдэхгүй шахам болох нь зүрх зогсох гэж буйн дохио юм.

Хүүхэд хэд хэдэн удаа гүнзгий амьсгалахыг оролдоод, ухаан алдаж, хүүхэн хараа өргөснө. Улмаар амьсгал-зүрхний үйл ажиллагаа зогсоно.

Өвчний ийм хүнд явц нэг нас хүртэлх хүүхдэд элбэг тохиолддог нь хүүхдийн төвөнхийн онцлог, хүүхдийн биемахбодын хамгаалах урвал сулхан байдгаас болдог юм.

Энэ өвчний үед илрэх бас нэг шинж тэмдэг нь богино хугацаанд хүүхдийн бие шингэнээ алдах явдал юм. Энэ нь хүүхэд халуурч амьсгаадах, дутуу исэлдсэн бүтээгдхүүн болон гистамины төрлийн бодисууд биед хуримтлагдсанаас, мөн амьсгалын замд цэр их хуримтлах, хүүхэд хоол унданд дургүй болж, шиингэн зүйл бага хэрэглэснээс шалтгаалан үүснэ. Шингэн дутагдах нь хордлогыг улам гүнзгийрүүлж, төв мэдрэл, зүрх судасны тогтолцооны талаас хордлогын шинжүүд илэрнэ.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1563
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК