Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2007, 1(4-1)
Малын дотор эрхтэнээс гаргаж авсан “Эрдэс” бэлдмэлийн эмчилгээний үр нөлөөг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

О.Баярсайхан1, Ж.Эрдэнэбилэг1, П.Батхуяг1, Ц.Сарантуяа1, Б.Энхтуяа2

1ЭМШУИС, 2ШУТИС

 
Абстракт

Удиртгал

Дорно дахины анагаах ухаанд аливаа таван цул зургаан сав эрхтэний эмгэгийн үед малын дотор эрхтнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэж байсан ба элэгний эмгэгийн үед малын элгийг хэрэглэж байлаа.

Аргазүй

Бид үндсэн түүхий эд болох уушги, гүзээ, дэлүүгээ жижиглэн чанаж бэлтгэж, мөн уушги, гүзээ, дэлүүг ижил хэмжээгээр авч, түүхийгээр нь хатааж бэлтгэн чанаж, хуурайшуулж боловсруулан гаргаж авсан бэлдмэлээ судалгаанд ашигласан юм. Химийн найрлагын судалгааг 2006-2007 онд ШУТИС-ийн Хүнс Биотехнологийн Сургуулийн Лаборатори болон Физик Технологийн Хүрээлэнгийн спектроскопийн лабораторт

Нийт уургийг - Къелделийн аргаар

Тосыг – Сакелетийн аргаар

Элементийг- Атом шингээлтийн спектрометрийн аргаар тодорхойлсон.

Харин фармакологийн туршилтыг 2007 оны 2 сарын 2-с 2007 оны 3 сарын 21 хооронд НЭМХ, Клиникийн 1-р Эмнэлгийн Лабораторийн Тасагт явуулсан. Туршилтын судалгааг явуулахын тулд Шиншила үүлдрийн 14 туулай, 20 цагаан хулгана сонгон авч, 10 туулайнд нь зохиомлоор цус багадалт үүсгэж цусны ерөнхий шинжилгээг хийж эритроцит, гемоглобинийг тодорхойлсон. Мөн бүтээгдэхүүн өгсний дараагаар дээрх үзүүлэлтүүдийг хянасан.

Үр дүн

Малын дотор мах болох уушги, дэлүү, гүзээг чанаж боловсруулж хуурайшуулан авч түүнд агуулагдах нийт уураг, өөх тос, эрдэс бодисын хэмжээг тогтооход – уураг 40.1%, өөх тос 5.42%, эрдэс бодисын хэмжээ Fe-1272.9мг/кг, Na- 5436.36мг/кг, Zn- 336.25мг/кг, Mg-722.38мг/кг, K-6111.76мг/кг байгаа нь энгийн хоол хүнсэнд агуулагдах эрдэс бодисоос 4-10 дахин их байна.

Цус багадалт үүсгэсэн туулайндаа “Эрдэс” бэлдмэлээ өгөхөд анхны өдрөөс сүүлийн өдөр болоход эритроцит 25.92, гемоглобин 23.68%-иар тус тус нэмэгдэн хэвийн хэмжээнд хүрсэн байгаа нь төмрийн бэлдмэлийг бүрэн орлож чадаж байна.

Тэжээлийн доройтолд орсон хулганад “Эрдэс” бэлдмэлээ өгөхөд ийлдсэн дэх нийт уураг 26.24% нийт альбумин 30.42%-иар, хулганы биеийн жин эхний өдрөөс 39.3%иар нэмэгдсэн байгаа нь “Эрдэс” бэлдмэлийг хүнсний нэмэлт байдлаар хэрэглэх бүрэн боломжтойг харуулж байна.

Удиртгал

Дорно дахины анагаах ухаанд аливаа таван цул зургаан сав эрхтэний эмгэгийн үед малын дотор эрхтнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэж байсан.1 Тухайлбал элэгний эмгэгийн үед малын элгийг хэрэглэж байлаа. Монгол малын дотор махны найрлага чанарын судалгааг хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ зураг төслийн институт (хуучин нэрээр) 1986 оноос хонь, үхрийн 8 нэрийн дотор эрхтэний химийн найрлага, В1, В2 РР амин дэмийн хэмжээ уургийн чанарын үзүүлэлт 7 төрлийн эрдэс бодисын агууламж зэргийг тодорхойлсон байна (хүснэгт 1).

Судалгааны дүнгээр эдгээр үзүүлэлт нь тураг махтай ойролцоо зарим талаар давуутай бөгөөд ялангуяа 2-р ангилалд хамааруулдаг дотор эрхтэнүүд гүзээ сархинаг, уушги зэрэгт эрдэс бодисууд түүний дотроос бодисын солилцоонд онцгой чухал бичил элементүүдийн хэмжээ ихээхэн өндөр байгаа нь тогтоогджээ.5 Малын дотор махны эрдэс бодисын найрлага нэгдлүүд хүний биед адил төстэй хэлбэрээр орших тул бие махбодид шингэх, шимэгдэх нь илүү байдаг.

Тухайлбал бичил элемент төмөр олон нэрийн хүнсний түүхий эдэд агуулагдах боловч өчүүхэн бага хэсэг нь (3-10%, ялангуяа хоёр валенттай ион нь удаан шимэгддэг.3,4,6 Харин малын тураг ба дотор маханд хялбар шингэх төлөвөөр орших учир 30 орчим хувь нь бие махбодид шингэж, физиологийн  хэрэгцээнд зарцуулагддаг байна.5 Дотор мах нь ус болоод биологийн идэвхит бодисын агууламж ихтэй учраас хялбар муудаж, хүнс тэжээлийн хэрэглээний чанар буурдаг онцлогтой. Чанаж боловсруулах буюу хуурайшуулж хадгалах хугацааг уртасгаж болдог.

Аргазүй

Судалгаа 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний үе шат 2006-2007 онд ШУТИС-ийн Хүнс Биотехнологийн Сургуулийн лаборатори болон Физик Технологийн Хүрээлэнгийн спектроскопын лабораторид явуулсан. 

• Нийт уургийг: - Къелделийн арга

• Тосыг – Сакелетийн арга

• Элементийг – атом шингээлтийн спектрометрийн аргаар тодорхойлсон.

Хоёрдахь үе шат нь 2007 оны 2 сарын 2-с 2007 оны 3 сарын 21 хооронд НЭМХ, Клиникийн 1-р Эмнэлгийн Лабораторийн Тасагт явуулсан. Туршилтын судалгааг явуулахын тулд Шиншила үүлдрийн 14 туулай, 20 цагаан хулгана сонгон авч, 14 туулайныхаа 10-д нь зохиомлоор цус багадалт үүсгэн цусны ерөнхий шинжилгээг хийж эритроцит, гемоглобинийг тодорхойлсон. Мөн бүтээгдэхүүн өгсөний дараагаар дээрх үзүүлэлтүүдийг хянасан. Тэжээлийн алдагдал хэрхэн засарч буйг үзэхийн тулд сонгон авсан 20 хулганадаа “Эрдэс” бэлдмэлээ феросын аргаар өгсөн. Тэжээлийн алдагдал хэрхэн арилж буйг лабораторын үзүүлэлтээр (Ийлдсэн дэх нийт уураг, альбумин) тодорхойлсон.

Үр дүн

Бид үндсэн түүхий эд болох уушги, гүзээ, дэлүүгээ жижиглэн чанаж бэлэтгэж, мөн уушги, гүзээ, дэлүүг ижил хэмжээгээр авч, түүхийгээр нь хатааж бэлтгэн химийн үзүүлэлтийг тодорхойлсон (хүснэгт 2). 

Чанасан болон түүхий уушги, гүзээ, дэлүүнд агуулагдаж байгаа уургийн хэмжээ ижил, чанаж боловсруулсан бүтээгдэхүүнд тослогийн хэмжээ бага агуулагдаж байгаа нь хадгалалтын хугацааг уртасгах давуу талтай.  Иймээс бид нэг дэх хувилбар буюу чанаж, хуурайшуулж боловсруулан гарган авсан  бэлдмэлээ  цаашид авч ашигласан юм.

Боловсруулахаас өмнөх үеийн үндсэн түүхий эдийн ерөнхий химийн үзүүлэлтийг “Эрдэс” бэлдмэлийнхтэй харьцуулан үзхэд дунджаар уураг 4.2-4.4, тос 1.8-4.1, үнс 3.9-5.2 дахин өссөн байгаа нь чийгийн хэмжээ олон дахин буурсантай холбоотой гэж үзэж байна. Ингэж чийгийн хэмжээ буурснаар хадгалалтын хугацаа уртсаж, ердийн нөхцөлд 6 сар хадгалах боломж олгож байгаа юм.

“Эрдэс” бэлдмэлийн эрдсийн найрлагыг тодорхойлж үзэхэд дараах агууламжтай байлаа (хүснэгт 3). 

Судалгаанаас үзэхэд төмрийн хоногийн хэрэгцээг “Эрдэс” бэлдмэлийн 3.92 гр-аар хангах юм. Үүний зэрэгцээ бие махбодид шаардлагатай бусад эрдсүүдээр ч мөн зохих хэмжээнд хангагдах болно (зураг 1).

Цус багадалт болон тэжээлийн алдагдлыг “Эрдэс” бэлдмэл хэрхэн нөхөж буйг лабораторийн амьтанд загварчлал үүсгэн судалж үзлээ. Судалгаанд 14 туулай сонгон авч зохиомлоор цус багадалт үүсгэн 4 бүлэг болгон хувааж:

1. Эрүүл бүлэгт (цус аваагүй) энгийн хоол тэжээл (n= 4) 

2. Хяналтын бүлэгт (цус авсан) энгийн хоол тэжээл (n=3)

3. Эмчилгээний бүлэг 1 (цус авсан) энгийн хоол тэжээл + “Эрдэс” бэлдмэл (n=4)

4. Эмчилгээний бүлэг 2 (цус авсан) энгийн хоол тэжээл + Fe бэлдмэлийг тус тусад нь өгч туулайнуудын биеийн байдлыг ажиглан лабораторийн шинжилгээгээр хянасан (хүснэгт 4).

Цус багадалт арилах шинж тэмдэг 20 хоногийн дараа:

Хяналтын бүлэгт: Эритроцит 3.7%, Гемоглобин 3.28%

Эмчилгээний бүлэг 1-т: Эритроцит 25.92%, Гемоглобин 23.68 %

Эмчилгээний бүлэг 2-т: Эритроцит 33.33%,  Гемоглобин 28.94% -аар тус тус нэмэгдсэн.

Судалгааны 40 дэх хоногт:

Хяналтын бүлэгт  Эритроцит 14.81 %  Гемоглобин 7.89 %

Эмчилгээний бүлэг 1-т  Эритроцит  55.55 %  Гемоглобин 51.31 %

Эмчилгээний бүлэг 2-т  Эритроцит  66.35%  Гемоглобин  55.26 % -аар тус тус нэмэгдсэн.

Тэжээлийн алдагдлыг хэрхэн нөхөж буйг үзэх зорилгоор тэжээлийн доройтолд орсон 20 хулгана сонгон авч 2 бүлэгт хуваан:

1. Хяналтын бүлэгт энгийн хоол тэжээл  (n= 10)

2. Эмчилгээний бүлэг энгийн хоол тэжээл + “Эрдэс”  ( n= 10) бэлдмэл хэрэглэв.

Тэжээлийн алдагдал хэрхэн арилж буй нь судалгааны 20 дахь өдөр:

Хяналтын  бүлэгт ийлдсэн дэх нийт уураг 3.07%, нийт альбумин 0.6%

Эмчилгээний бүлэгт ийлдсэн дэх нийт уураг 14.18 %, нийт альбумин 13.28%-иар нэмэгдсэн.

Харин судалгааны 40 дэх өдөр:

Хяналтын  бүлэгт ийлдсэн дэх нийт уураг 5.4 %, нийт альбумин 2.2%

Эмчилгээний бүлэгт ийлдсэн дэх нийт уураг 26.24 %, нийт альбумин 30.42% -иар тус тус нэмэгдсэн байна.

Хяналтын бүлгийн хулганы биеийн жингийн дундаж хэмжээ бэлдмэл өгсөн өдрөөс хойш сүүлчийн өдөр хүртэл 6.9%-иар нэмэгдсэн байна.

Эмчилгээний бүлгийн хулганы биеийн жингийн дундаж хэмжээ бэлдмэл өгсөн өдрөөс хойш тасралтгүй нэмэгдсээр 35 дахь өдөр 39.3%-иар нэмэгдсэн байлаа (хүснэгт 6).

Хэлцэмж

Малын дотор мах болох уушги, дэлүү, гүзээг чанаж боловсруулан хуурайшуулан авч түүнд агуулагдах нийт уураг, өөх тос, эрдэс бодисын хэмжээг тогтооход – уураг 40.1%, өөх тос 5.42%, эрдэс бодисын хэмжээ Fe-1272.9мг/кг, Na- 5436.36мг/кг, Zn- 336.25мг/кг, Mg-722.38мг/кг, K-6111.76мг/кг байгаа нь энгийн хоол хүнсэнд агуулагдах эрдэс бодисоос 4-10 дахин их байна.

Эрүүл Шиншила үүлдрийн туулайнд эритроцит 4.6±0.01, гемоглобин 116±0.5 байлаа. Туршилтын амьтанд зохиомлоор цус багадалт үүсгэхэд эритроцит 2.7±0.15*109 л, гемоглобин 76±5.4 г/л байсан нь эрүүл үзүүлэлттэй харьцуулахад цус багадалт үүссэн байлаа. Цус багадалт үүсгэсэн туулайндаа “Эрдэс” бэлдмэлээ өгөхөд анхны өдрөөс сүүлийн өдөр болоход эритроцит 25.92%, гемоглобин 23.68%-иар тус тус нэмэгдэн хэвийн хэмжээнд хүрсэн байгаа нь төмрийн бэлдмэлийг бүрэн орлож чадаж байгааг харуулж байна.

Тэжээлийн доройтолд орсон хулганад “Эрдэс” бэлдмэлээс өгөхөд ийлдсэн дэх нийт уураг 26.24% нийт альбумин 30.42%-иар, хулганы биеийн жин эхний өдрөөс 39.3%-иар нэмэгдсэн байгаа нь “Эрдэс” бэлдмэлийг хүнсний нэмэлт байдлаар хэрэглэх бүрэн боломжтойг харуулж байна.

Ном зүй

1. Баавгай Ч., Болдсайхан Б. Монголын Уламжлалт Анагаах Ухаан. УБ., 1990, ху:341-343.
2. Лабораторные показатели животных. Москва, 1986, стр:123-124.
3. Отгон Г. Хүний физиологийн үндэс. УБ., 2001, ху:203.
4. Хоол боловсруулах эрхтэний эмгэг. ЭМШУИС, ХБЭСТ. УБ., 2003, ху:115-126.
5. Энхтуяа Б. ШУТИС-ийн ХБТС//Судалгааны бүтээлүүд. УБ., 2004.
6. Энэбиш Д. Бодисын солилцооны биохими. УБ., 2000, ху:56-57.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 7281
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК