Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 45(045)
Алтайдаа өндөр суудалтай ТА минь
( Товч мэдээлэл )

Эмч,   сэтгүүлч   Р.Бямбаа

 

 

(Сайн хүний тухай сацлын зургаан таталбар)
Нэгдэх таталбар 
Аяа, Алтай минь, Алтай минь 
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн 
Тээж явдаг шүү сэтгэлдээ ...
Энэ дөрөвхөн мөрийг ямарч монгол хүн “Зулай цагаан алтай” дууны дахилтын бадаг гэж дуу алднам. 
Монгол түмний минь бахархал, Алтайнхны сүлд болсон энэ гайхамшигт дууны шүлэгч З?мбэрэлийн Гүнсэн “хутна хичнээн хурц ч гэсэн ишиндээ нэмэргүй”-н жишигээр эмч бас зохиолч атлаа уран бүтээлийнхээ оргил үедээ цаг бусаар саяхан тэнгэрийн орондд заларчихлаа. Өнөөдөр түүний минь дөчин есдэх хоног. Монголчууд бурхан болоочдынхоо 49 дэх хоног дээр цээр тайлж, сайн үйл бүтээдэг болохоор өчүүхэн бивээр үзэг цаас нийлүүлэн сэтгэлийн зул өргөж суугаа минь энэ ээ. 
Хорь гаруй жилийн тэртээд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвийн баруунтаа 24 айлын сууцны 3 давхар шар  байшин боссныг би сайн мэдэх юм. Тэр үед орон суууцны дараалалд багтаж шинэ байшингийн түлхүүр гардаж авна гэдэг бол одон зүүхтэй дүйцэхүйц ховор тохиолдол байлаа. 
Тэрхүү шар байшингийн нэгдүгээр даьхарын нэг дугаартай хоёр өрөө сууцанд нэг айл манайхтай зэрэг түлхүүр гардсан юм. 
Манай хоёр цай, давс, сэтгэл гурваа хуваалцан, орж гарч олон жил айлсаж билээ. Тэднийх тэрхүү хоёр өрөөгөө томруулаагүй, жижигрүүлээ ч үгүй одоо болтол тэндээ байж л  байгаа.  
Тэр үед намайг хөдөө томилолтоор яваад шөнө дөлөөр ирэх бүрийд энэ айлын цонх гэрэлтэй байх. Тэр цонхны цаана аймгийн эмнэлгийн ерөнхий эмч, зохиолч З.Гүнсэн уран бүтээлээ туурвиж чөмгөө дундалж суугаа нь тэр гэдгийг би андахгүй мэддэг байлаа. Харин одоо энэ цонх шөнө дөлөөр гэрэлтэхгүй болжээ. 
З.Гүнсэн маань унаган аул гацаандаа насаараа суусан Расул Гамзатов шиг уул Алтайдаа насаараа сууж бүтээж туурвисаар зохиолчдынхоо дунд “хөдөөний” гэсэн тодотголтой байсан ч над мэтэд харин ч бахархууштай санагддаг байлаа. 
З.Гүнсэн нэгэн цагт Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Санжийн Пүрэвт: “.. Би чинь өөрийгөө Алтайдаа өндөр суудалтай хүн гэж бодддог. Гэр маань орон сууцны нэг давхарт байдаг ч амьдрал, аз жаргал маань Алтайнхаа оргилд л байна шүү дээ хө ...” гэж тэрээр хуучилсан байдаг юм. Тэгээд бодохоор З.Гүнсэнгийн маань ажил амьдрал, уран бүтээлийнх нь авьяас, онгод, хийморийг Алтайн өндөр цаст оргилууд ариун дагшин тэргүүндээ багтаан харж хамгаалж байсан юмсанжээ. 
 
Хоёрдахь таталбар
Төрийн шагналт зохиолч С.Эрдэнэ, До,Нямаа, Д.Норов,Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюун, зохиолч Ш.Ванчаарай, нэрт нийтлэлч Ж.Аминдаваа, яруу найрагч Т.Очирхүү, Ай. Төмөр-Очир, Д.Цогт, С.Пүрэвсүх, С.Жаргалбаяр, Б.Дагданбазар, Г.Пүрэвдорж, Ц.Мухар, С.Бадамжав нарын олон сайхан хүн бүгдээрээ эмч-зохиолчид. Эм домоор, илээ бариа заслаар, эрдэм номоор, ирт мэсээр эмчлэх эрдмийг хослуулсан эмч нарын тоонд З.Гүнсэн яахын аргагүй багтана.  
Тэр дөчөөд жилийн турш уран бүтээлийн тогоонд өөрийгөө чанаж, оюуны ертөнцөд арилшгүй ул мөрөө үлдээн ихийг амжуулжээ. УИХ-ын эрхэм гишүүн, эмч-сэтгүүлч Г.Зуунай асан “... Хүн гэдэг нэг талаас өөрөө мэдрээд байгаа санаагаа бусдад хэлэхээс нааш санаа нь амардаггүй “амьтан” бөгөөд нөгөө талаас зүгээр байж чаддаггүйгээ авьяастай гэх буюу тэр зүгээр суулгадаггүй гажиг цочруулыг нь авьяас гэдэг ажгуу ...” хэмээн авьяасыг томьёосон байдаг.  
З.Гүнсэнгийн авьяасыг “Зулай цагаан алтай” нь аравнайлан тэтгэсэн гэлтэй. Тиймээс ч бүтээлүүд нь Алтайгаасаа, Алтайнхнаасаа, жинхэнэ хөдөөгийн монгол амьдралаас ундарч байдаг байлаа. Энэ ундарга шавхагдашгүй байжээ. 
Сур шүлэмдэн баруун хаяандаа суугаа Амбаа өвгөн, тогоо нэрж жалавчныхаа усыг шанагаар шавхаж зогсоо гэрийн эзэгтэй Жаажаа, араг үүрээд аргал түүж яваа Дууяа эмээ, хониныхоо цаад талд дуран бариад толгойн орой дээр сууж буй Бажаа, адуу, тэмээний эрэлд хатаж яваа хижээл эр Түмээ ... гээд хөдөөний борви бохисхийх завгүй ховор ажлын хүмүүсийн амьдрал бол З.Гүнсэнгийн зохиол бүтээлийн шавхагдашгүй ундарга. Тэд цөмөөр Алтайнхан. 
З.Гүнсэн маань хүний бие эрхтнийг төдийгүй санаа сэтгэлийг нь эмчилж чаддаг хос жигүүртэй хүн судлалын жинхэнэ профессор байжээ. 
Түүний зохиол бүтээлд гоёж гоодсон өнгө будаг үгүй. Тэр амьдралыг л бичнэ. Алтайгаа л бичнэ. Алтайнхныг бичнэ. Орчин цагийн Монголын уран зохиолд З.Гүнсэнгийн оруулсан хувь нэмэр өөрийн гэсэн эзлэх орон зайтай гэж нэрт шүүмж судлаач Ц.Хасбаатар, Н.Цэнд нарын томчууд үнэлээд зогсоогүй зохиол бүтээлээс нь иш татаж судалгаа хийсэн байх юм.  
 
Гуравдахь таталбар
Шүлэгч З.Гүнсэнгийн бичсэн “Зулай цагаан Алтай” нь дуу болж 30 гаран жилийн дараа дуу нь хөшөө болж Есөнбулаг сумын төвд сүндэрлэж билээ. Хөшөөг цогцлон бүтээгчид нь “Зулай цагаан Алтай”-н дуун хөшөөндөө дараахи тайлал бичжээ. 
Алдар гавьяатан ч амьд сэрүүндээ хөшөөгөө байгуулах нь ховор. Гэтэл амьд дуу хөшөөтэй болохын учир байдаг аж. 
Монголын  нэрт  уран  бүтээлч  Ч.Сангидорж, З.Гүнсэн нар ариун дагшин Алтайн уулсын сүмбэр торгон оргилд авьяас онгодоо уралдуулан байж бүтээсэн “Зулай цагаан алтай” дууг хөшөө дурсгалд цогцлуулан, эгнэгт дуурсган эгшиглүүлэхийн ерөөл оршоож аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд айлтган мэдүүлснийг ёсоор болгосны дагуу төрийн ёслол хүндэтгэл үйлдсний учир гэвээс: 
Нэгэн зүйл. Монгол даяар түгэж, хүн болгоны сэтгэлд хүрч хоногшсон энэ сайхан бүтээл хэдийнээ Алтайнхан бид бүхний ая эгшигийн тэнгэр болж, цагийг эзлэн алдаршсныг эрдэнийн чулуунд нутлан сийлж, “аймгийн сүлд дуу” болгон гэрэлт хөшөөнд залан өргөмжилж үе үеийнхэнд өвлүүлэн үлдээв. 
Нэгэн үйл. Өөрсдөө өрмөг даав өмсдөг хирнээ, ном судраа магнаг торгонд баринтаглан дээдэлдэг өвөг дээдсийн өв их соёл, өнийн нандин уламжлалыг хүндэтгэн дагаж, өсгөн аривжуулах чин санаанд хөтлөгдөн энэхүү дуун хөшөөг бүтээв. 
Нэгэн зүйл. Гэрэлт хөшөөний чанх орой дээр Монгол Алтайн цагаан зулайг Монблан үзэгний цагаан толгойн хэлбэрээр сэтгэмжилэн дүрсэлж урлахдаа билэг танхай уран бүтээлчдийн бичиг номын үйлс улам дэлгэрч, онгод хийморь нь оргил Алтай шигээ босоо дээшээ байж, олон шинэ зохиол бүтээл туурвихын буян заяаг шившин шингээж, чин зүрхний талархал, гүн их хүндэтгэлийн утга чанарыг оршоосон билээ. 
Нэгэн зүйл. Алтан нутгийн минь арвин баялаг анар, хаш, мана, оюу, цахиур гээд аль шидтэй чулуу бүхний адбиш нандин шинжийг амин судал бүхэндээ агуулсан эрднийн гантиг чулуун хөшөөний эгц дээшээ тэмүүлсэн хийц галбир нь “Зулай цагаан Алтай”-д өсөж төрсөн хэн бүхний ажил үйлс үргэлж өөдөө дэвшин дээшилж байхын өлзий дэмбэрэлийг өргөн айлтгасан сэтгэлийн түрлэгийг илэрхийлэв гэжээ. 
Тэр бас олон арван тансаг яруу шүлэг бичсэн нь бий. Шүлэг болгоноос дуу төрдөггүй, төрсөн тэр бүр урт насалдаггүй нь олон. З.Гүнсэнгийн бичсэн шүлгүүдээс олон дуу төрж “Зулай цагаан Алтай” нь Алтайчуудын сүлд дуугаарч тодрон хөшөө нь сүндэрлэж эзнээ олны танил болгожээ. “Зулай цагаан алтай” нь дуун хөшөөтэй болсон нь л З.Гүнсэн найрагчийн зиндааг тодорхойлж байгаа хэрэг. Энэ дуу зөвхөн Говь-Алтайчууд төдийгүй Монголын, одоо бүр олон улсын хэмжээний дуучдын хоолойн царааг шалгадаг болжээ. Амьд шүлэгнээс ая эгшиг урсаж гэмээ нь хөшөөтэй дуу төрдөг ажээ. 
 
Дөрөвдэх таталбар 
Гүнсэн маань зохиол бүтээлээ хэвлүүлэх гэж яардаггүй, чамбайруулж шижиртүүлж суудаг хүн байлаа. 
Харин сүүлийн нэг жил хүрэхгүй шахам хугацаанд яаран яаран хоёр ч номоо хэвлүүлсний нэг нь “Уйдахын аргагүй орчлон” шилдэг өгүүллэгийн түүвэр байлаа. “Уйдахын аргагүй орчлон”-гийн өмнөтгөлд: “... З.Гүнсэнгээ би, богино өгүүллэгүүдээрээ монгол ахуйн дэлгэмэл зураг бүтээгч гэж үнэлэхээр, “Монгол Чехов” гэж нэрлэхээр  зохиолч гэдгийг гүйцэд ухаараагүй явснаа энэ номноос мэдлээ. Тэр үнэхээр “Монгол Чехов” юмсанж. Антон Чехов бас эмч, зохиолч, тэр тусмаа жүжгийн их мастер, өгүүллэгийн суут уран чадвартай байсан. Тэрээр бас л оросын хөдөөгийнхөн, сэхээтнүүд, тариачид, ажилчид, газрын эздийн амьдрал, тэдний хоорондын зөрчлийг дэлгэн харуулдаг байсан” гэж Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов бичсэн байна билээ. 
З.Гүнсэн бага залуудаа “Үүлэн чөлөөний нар” өгүүллэгийнхээ Отгон шиг говийн бор залуу явсныг Бугатынхан мэднэ. Түүний ая тусыг нутгийнхан нь үргэлж дурсан ярина. 
З.Гүнсэн идэр насандаа “Жайраг” өгүүллэгийнхээ Бор заан шиг ахан дүүс, анд нөхөд, албан газрынхандаа өгөөмөр сэтгэлтэй явсныг 70, 80-аад оны Говь-Алтайн нэгдсэн эмнэлгийнхэн мэднэ. Тэд ч бас түүний ивээл, нөмөрийг хэзээ ч мартахгүй байх болно. 
Өдгөө би З.Гүнсэнг “Намрын шөнө” өгүүллэгийнхээ Дондог гуай шиг дуу цөөнтэй, хүнийг нэвт шувт шинжиж ойлгодог шидтэй эр, сайхан аав гэж төсөөлнө. Миний бодлыг түүний бэр, хүргэчүүд, худууд лав батална.
З.Гүнсэнг “Аргалын цэнхэр утаа” өгүүллэгийнхээ ард малчин Гомбо өвгөн шиг уужуу бодол, саруул ухаантайг 30 жил ханилсан гэргий Лхагважав нь сэтгэлдээ залбирч хэлнэ. 
З.Гүнсэнг “Уйдахын аргагүй орчлон” өгүүллэгийнхээ Жимээ өвгөн шиг бодь сэтгэлтэй, “Ард Жамбал” өгүүллэгийнхээ Жамбал шиг санаж бодсондоо заавал хүрдэг ясны тэвчээртэй гэдгийг арав гаруй жил хамт ажилласан надаас эхлээд ойр дотно байсан хэн боловч биширч бахархаж явах болно. 
З.Гүнсэнгийн өгүүллэгүүдийн мэр бүхэн чимэгтэй, чимэг бүр дээр нь амьдралын хар ухаан шүр, сувд лугаа шигтгээстэй, эв зохимж сайтай, яг л жирмийн сүлжээ гэсэн үг. 
З.Гүнсэн маань “Уйдахын аргагүй орчлон”-гоос чимээгүйхэн яваад өгсөн хэдий ч “Уйдахын аргагүй орчлон”-д амьдрал үргэлжилнэ. 
 
Тавдахь таталбар
Яаран хоёр ч ном хэвлүүлсний нөгөө нэг нь “Зүсрээ цэнхэр бороо” нэртэй шилмэл шүлгийн түүвэр юм. 
З.Гүнсэн жүжиг, өгүүллэгүүдээ бичихийн зэрэгцээ олон жил найраг шүлгийг амтлан хүлхэж, дарж исгэн тамшаалж, бас бичиж “өргөс юугий нь түүж, өө сэвийг нь засаж, шад мөрийг нь шигшин байж “Зүсрээ цэнхэр бороо”-гоо хэвлүүлжээ. 
МҮЧЗХ-ны шагналт яруу найрагч Ч.Онгоодой уг түүвэрт хадаг үг бичжээ. 
Тэрбээр:               
... Үнэг хярсны мөрхөн
Хөнгөн бийрээр зурсан мэт
Үхэр малын чарга 
Хүнд анжис чирсэн мэт. (Өглөө эрт). Нээрээ л өглөө эрт шинэ орсон цасан дээрх амьтны мөр улбаа тийм л байдаг. Ийм л энгийн үгээр нүдэнд бууж, сэтгэлд хүртэл дүрсэлж чаддаг нь түүний олон шүлгэнд харагдаж, хөдөөний үнэр ханхална. 
 ... Хүнээс нуух юм надад үгүй
Хүлцэл өчих юм бүр ч үгүй
Гавьяа байгуулаагүйг тэд мэднэ
Гай тариагүйг ч тод мэднэ 
Нутгийн шороонд мөр минь бий 
Номын хуудсанд нэр минь бий (Үнэн) гээд баримталдаг үзэл, зан чанараа даруухан гаргаж бичсэнийг нэлээд шүлэгнээс нь олж үзэж болно.  “Бичихэд нэг л таагүй байна” гэсэн шүлэгтээ яруу найрагч хүний эмзэглэлийг зүрхээ шархируулан бичсэн байх юм. 
... Номтой мэргэдийг доошоо гэнэ
Ногоон-той баядыг дээшээ гэнэ 
Нүцгэн шалданг урлаг гэнэ 
Найраг шүлгийг үрлэг гэнэ 
Өнгө мөнгөнд бөхөлзсөн
Өнөөгийн явдлыг харахлаар 
Зах зээлээр халхалсан
Зулхай, булхайг бодохлоор 
Бийр, үзэг байлаа чиг
Бэхэнд дүрэхээс дургүй байна
Билэг авьяас заяалаа чиг 
Бичихэд нэг л таагүй байна
Хуур лимбэний эгшигэнд
Уярч суугаад уйлмаар байна
Хундага хундгаар дарсыг 
Угсарч уугаад согтмоор байна гэж бичсэн нь өнөөгийн амьдралын эрээн барааныг хараад бухимдсан сэтгэлээс нь гарсан шүлэг болов уу гэж сэтгэнэм. Эх оронтой хамаатай бүхэн яруу найрагчийн зүрхэн дундуур урсан өнгөрөхөд магтмаарч юм, муулмаар ч юм шүүгдэж шүлэг найраг болж цаасан дээр буудаг. 
Тиймээ! “Зүсрээ цэнхэр бороо”-ны гал амьтай шүлгүүдийг манаж байж, ажин шинжвээс цог нь час улаан, дөл нь хөх цэнхэр агаад илч нь төөнөж, харин үнс нь тун бага байж билээ. 
- Аав, ээжийн ачлал, төрөлх сайхан нутаг, ус, хөдөөгийн эгэл борхон амьдралыг уран тод дүрсэлсэн шүлгүүдийг нь уншваас тоонотоо эргэх адил, 
- Амьдралын гашуун үнэн, гэрэл сүүдэр сүлэлдсэн торгон мэдрэмжийг нь болгоовоос нүдэнд нулимс хурах адил,
- Хилийн дээс алхаад хэлэх үгтэй ирснийг нь уулзаагүй удсан андтайгаа дарс сөгнөх адил. 
З.Гүнсэнгийн шүлгүүд гал амьтай байсанд сэтгэл баясан хөөрцөглөж явсан тэр цагт урамын ганц үг хэлээд хундага дарс өргөөгүйдээ гэмшээд гэмшээд баршгүй. 
 
Зургаа дахь таталбар
Өглөг өглөгийн дээд нь 
Номын өглөг юм шүү 
Өмөг өмгийн дээд нь 
Багшийн өмөг юм шүү гэж бурхан багш сургасан нь бий. 
    З.Гүнсэн бол цагтаа “хутгалагдсан зүрхэн дээр” оёдол тавьж байсан сайн мэс засалч, аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр арав гаруй жил ажилласан шилдэг менежер төдийгүй өмөг өмгийн дээд бүхнээ түмэн олон шавь нартаа харамгүй түгээсэн багш хүн байлаа. 
Тэрбээр 40 жилийн түүхэн замналтай Говь-Алтайн Анагаах ухааны сургуулийн үе үеийн төгсөгчдөд лекц уншиж, дадлага удирдаж, Гүнсэн багш хэмээн өргөмжлөгджээ. З.Гүнсэн багшийн мянга мянгаар тоологдох эх баригч бага эмч-шавь нар нь эдүүгээ баруун зургаан аймгийн уудам дэлгэр нутгаар хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг цагийн аясаар тэмээ унан жонжуулж, морь унан хатируулж, хөнгөн тэрэг, хоёр дугуйтаар тоос босгон жирийлгэж яваа. 
    Шавийн эрдэм багшаас гэдэг хойно олон шавь нар нь дээд сургууль дүүргэж их эмч, эрдэмтэн судлаач, эмч багш болцгоосон нь З.Гүнсэн багшийн өмөг гэлтэй. 
З.Гүнсэн багшийн шавь нарын дунд өнөө хир гавьяатын тэмдэг нь энгэр дээр нь бууж ирээгүй ч алдар нэр, ач буян, гавьяа зүтгал нь түмэн ардынхаа хайр талархалыг хүлээсэн, эмхэлж цэгцэлж хавтаслаагүй л болохоос бус эрдэм ном нь толгой тархинд нь багтаж ядсан, үе үеийн олон сайн эмч нар нутаг нугадаа чимээгүй даруухан ажиллаж амьдарч яваад эргэлзэх юун. 
Тэд өмөг өмгийн дээд багшийнхаа үйл хэргийг буухиалан залгамжилна. 
Ажил үйлсийг нь залгамжилах олон шавьтай багш хүн сайхаан сайхан. Хамт олон эмч багш нар нь ажил үйлсийг нь бас өртөөлнө.
Алтайдаа өндөр суудалтай ч энгийн атлаа эгэлгүй ховор эмч-зохиолч, яруу найрагч З.Гүнсэн хэмээх хөрстийн нэгэн өнгөт од гэгээгээ цацруулсаар тэнгэрт харвачихлаа. 
Хөрстийн одыг тэнгэрийн одуудтай харьцуулахад удаан гэрэлтдэггүй нь нэн харамсалтай. Хүмүүн бид чинь хажуудаа байгаа одыг таньж мэдэлгүйгээр аль хэдий нь тэнгэрт хальчихсан хойно нь хичнээн их гэрэл гэгээтэй, өмөг түшигтэй, эрч хүчтэй байсныг нь сая л мэдэрч араас нь халаглаж харамсдаг хачин сэтгэхүйтэй улс. Тэгээд түүнийгээ “Хорвоогийн жам” гэж өөрсдийгөө тайтгаруулж аядана. 
Уул нь уулсаа түшиж
Хүн нь хүнээ түшиж
Хүн уул хоёр бие биенээ түшиж
Угтаа тэгээд хүн нь 
Ууландаа шингэдэг нь энэ ажгуу. 
Нэрт уран бүтээлч, эмч-зохиолч таныгаа тэнгэрт хальсныг сонсож мэдсэн Алтайчуудын “зулай цагаан Алтай”-г чинь аялан дуулдаг Монголчуудын түг түмэн зүрх шимширч байна, гашуудаж байна. “Зулай цагаан Алтай”-н хүү минь тэнгэрт хальчихсан гээд ч тэрүү    ойрдоо Алтайн уулсууд хуйсагануур байх чинь, гашуудаж байгаа нь тэр юм байлгүй дээ.
Түмэн олондоо Мэс засалч эмч 
Төрдөө данстай Алтангадас одонт
Мянга мянган шавийн эрдмийн багш 
Янжинлхам бурхны бүрэлбаа 
Яруу найргийн тэнгэр 
Гүндүүгүй сайхан монгол эр 
Гүүш мэргэн Гүнсэн таныхаа 
Бурхны оронд залрах
Буяны зам тань гэрэлтэй байг хэмээн
Дөчин ёс хоног хураах энэ өдөр
Дөрөөг тань мялаах зургаан сацал өргөм үү 
Зулай цагаан алтайдаа заавал эргэж төрөөрэй, Та минь 
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1385
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК