Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 46(046)
Элэгний хорт хавдрын мэс заслын дараах хоол тэжээл эмчилгээний асуудалд
( Товч мэдээлэл )

 

Р. Сандуйжав  АУ-ны доктор, дэд профессор
 ЭМШУИС-ийн Хавдар судлалын тэнхим
 

 

Монгол улсад элэгний хорт хавдрын улмаас оношлогдож, мэс заслын эмчилгээ хийгдэж байгаа өвчтөний тоо 10-20% - иас хэтрэхгүй байна.  Элэгний хорт хавдрын улмаас мэс засалд орохын өмнө бэлтгэж сонголт хийдэг.  Мэс засалд орж байгаа өвчтөний 60-70% нь элэгний хатууралтай байдаг тул элэгний  үйл ажиллагаа, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цус бүлэгнэх үйл ажиллагаа,  чанд авиан ба КТ, судасны шинжилгээ, зүрх судас, амьсгалын үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтэн, (улаан хоолой, ходоод, нойр булчирхай, бүдүүн гэдэс)  шээс ялгаруулах эрхтэний үйл ажиллагааг бүрэн шинжилж, өөрчлөлт илэрвэл урьдчилан эмийн эмчилгээг хийж бэлтгэнэ.  
Элэг тайрах мэс заслын дараах нэгдэх хоногоос эхлэн амар шингэдэг хоол тэжээл хэрэглэнэ. Давс бага, тосгүй үхрийн хар махны тунгалаг шөл, буцалсан шингэвтэр бүлээвтэр хар цай 60-100 мл, өдөрт 5 – 6 цагийн зайтай өгч эхэлнэ. 
Хоёрдох өдрөөс эхлэн дээрхи хоолыг үргэлжлүүлэх ба нэмэлтээр цутан шөл, бантан, каша өгнө, уух хар цайны хэмжээг хязгаарлахгүй, өвчтөний хүссэнээр өгнө. Энэ хоолны  дэглэмийг 4 – 5 хоног үргэлжлүүлнэ. Энэ хоолны дэглэм өвчтөнд тохиромжтой байж, хоолны шингэц хэвийн байвал  ердийн хоолны дэглэмд шилжиж болно. Эмчилгээний 5 хоол-ыг өгнө.  Дээрх хоолны ерөнхий дэглэмийг өвчтөн эмнэлгээс гарах хүртэл баримтлана.  
Өвчтөнд мэс засал хийж байх явцад антибиотикийг өндөр тунгаар хэрэглэдэг.  (Цефалоспорины төрлүүд) 
Эхний таван хоногт өдөр бүр элэгний үйл ажиллагааны ба цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээс, бичил элементийн шинжилгээг хийж, дүгнэлтийг хянаж элэгний үйл ажиллагааг дэмжих, сайжруулах, элэгний дутагдлаас урьдчилан сэргийлэх, бодисын солилцоог тогтмолжуулах (уургийн, өөх тосны, нүүрс усны, ус эрдэс бодисын, дааврын, ферментийн, антиоксидантуудыг) , биеийн дархлааг сайжруулах зэрэг эмчилгээг хийдэг.  
Өвчтөний шархны боолтыг өдөр бүр хийж цэвэрлэнэ. Өвчтөнд радиологийн, чанд авиан, шаардлагатай үед КТ хийж биеийн байдлыг хянана. Хагалгааны үед хэвлийд болон цээжинд гуурс тавина, цээжинд тависан гуурсыг 2-3 хонуулаад уушиг бүрэн тэлж, цээжинд сул шингэн болон хий байхгүй тохиолдолд авна. Хэвлий дэх гуурсыг  5-6 хонуулж, шингэний гарц 50-60 мл, тунгалаг, өнгөний хувиралтгүй, бол авна. Хэрэв хэвлий дэх гуурсаар  цөс ялгарч байвал цөс бүрэн гарахгүй болсны дараа буюу нэг сарын дараа ч авч болно. 
Өвчтөний биеийн байдал сайжирч, шарх анхдагчаар эдгэрч, шинжилгээний үзүүлэлт хэвийн болсон тохиолдолд (өвчтөний дундач ор 10-15 хоног) өвчтөнг эмнэлгээс гарах үед зөвлөгөө өгч, гурван сар тутамд үзүүлж, хянуулж байхыг зөвлөнө. 
Элэгний хагалгааны өмнө болон хагалгааны дараа өвчтөнг зөв зохистой хооллох, тэжээл эмчилгээг хангалттай хийх нь өвчтөн илааршихад их чухал.
2009 онд манай улсад эмчилгээний хоолны стандарт боловсрогдон эмнэлгийн практикт хэрэгжиж байна. Энэхүү стандарт-д элэгний өвчтэй хүний эмчилгээний хоолн, хавдартай өвчтөний эмчилгээний хоолны томъёолсон доорх байдлаар тодорхойлсон байна.    
Стандарт 
6.1.1 Элэг, цөс, нойр булчирхайн өвчтэй хүний эмчилгээний хоол 
Элэг, цөс, нойр булчирхайг хими, механик, халууны цочролоос хамгаалж, үйл ажиллагааг гамнах, нөхөн сэргээх, өөх тос, холестерины солилцоог зохицуулах, элгэнд гликоген хуримтлагдах процессыг дэмжих, цөс ялгаралтыг сайжруулах үйлчилгээтэй хоол 
6.1.4 Хорт хавдартай хүний эмчилгээний хоол 
6.1.4.1 Тодорхойлолт 
Өвчтөний бодисын солилцооны эрчмийг нөхөх, бие махбодид эд эсийн задралын урвал давамгайлахаас сэргийлэх, хавдрын өвөрмөц эмчилгээг дэмжих үйлчилгээтэй хоол
Өнөөдөр манай эмнэлгийн практикт хувь хүн бүрт хоол тэжээлийн үнэлгээ хийх, хоол зүйчийн зөвлөгөөний дагуу шимт бодисын хэрэгцээг зөв тооцоолон зөв технологоор бэлтгэн өгөх асуудал  учир дутагдалтай байна.  
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3299
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК