Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2007, 1(4-1)
Нийслэлийн алслагдсан хороодын дундах сургуулийн сурагчдын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөгч зарим хүчин зүйлсийн талаарх судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Д. Гантөмөр

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

 
Удиртгал

Сурагчдын нийгэм, сэтгэл зүйн чадвар гэдэг нь тухайн хүний өдөр тутмын амьдралд тохиолдох хэрэгцээ шаардлага, бэрхшээлийг даван туулах чадварыг хэлнэ (Хендрен Р, бусад 1.12).

Ерөнхий боловсролын сургуулиудын сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрийн зорилго нь хоёр зүйлд чиглэгддэг.

  1. Сургуулийн амьдралтай холбоотой сургалтын болон олон нийтийн үйл ажиллагаа аль нь ч байсан аливаа асуудлыг давж гарахдаа бэрхшээлтэй байгаа хүүхдүүдийг таньж мэдэх, тэдэнд туслах.
  2. Сургуулийн орчин нь хүүхдийн сурч өсч бойжиход дэмжлэг үзүүлэх, аюулгүй орчин байх гэсэн нөхцлүүдийг хангадаг (Хендрен Р, бусад 1.5).

Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжснээс хойш хөдөө орон нутгаас шилжих хөдөлгөөн өрнөж, энэ нь захын хороололын ачаалал, хэмжээг улам тэлсээр ажилгүйдэл, ядуурал, улам тэлэх төдийгүй энэ нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн нийгэм, сэтгэлзүйн хөгжилд нэлээдгүй бэрхшээлийг учруулж байгаа билээ. Гэр хорооллын хүүхдүүд усаа барих, мод түлээгээ хэрэглэх зэргээр тэдний бие махбод илүү их энерги зарцуулж амьжиргааны түвшин доогуур учир бие махбодь энергийн дутагдалд орсноор бие-оюуны архаг ядаргаанд орох эрсдэлтэй юм.

Бидний судалгаанд хамрагдсан Нийслэлийн Баянзүрх Дүүргийн 11-н жилийн сургалттай 92 болон 79 дүгээр сургууль нь 2-3 ээлжээр хичээллэдэг, нэг ангид 35-40 хүүхэдтэй байсан. Тус 79 дүгээр сургуульд суралцаж буй нийт 2500 сурагчдаас өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхэд 244, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхэд 864 суралцаж байлаа. Энэ сургуулийн сурагчид нь захын алслагдсан хороод болох 9, 17-р хороодод амьдардаг хүүхдүүд юм (79-р сургуулийн нийгмийн ажилтны судалгаа, 2006 он). Энэ хороодуудад интернэтийн сүлжээнд холбогдоогүй, хүүхдүүдэд зориулсан үзвэр үйлчилгээ болон тэдэнд зориулсан томоохон тоглоомын талбай, хүүхдийн сонин сэтгүүлийг түгээх, худалдаалах газар байхгүй байгаа бөгөөд нийгэм сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай хүүхдүүдийг эрт илрүүлж, тэднийг үйл ажиллагаанд татан оролцуулах нь чухал юм.

Нийгэм сэтгэлзүйн тулгамдсан асуудал нь удаан хугацаанд үргэлжилсээр сурлага муудах, сургуулиас завсардах, хэт эрт жирэмслэх, мансууруулах бодис, архи тамхи хэрэглэх, жижиг гэмт хэрэгт орооцолдох, насанд хүрсэн хойноо бага орлоготой байх зэрэг хожмоо илүү ноцтой үр дагаврын нөхцлийг бүрдүүлж байдаг. Бид олон жил өвчин эмгэгийг судалж, өвчтэй хүнийг эмчилж улс орондоо илүү их зардал гаргадаг байсан. Одоо бид эрүүл болон эрсдэлтэй бүлгийг хамгаалах цаг нэгэнт болжээ (Хендрен Р, бусад 1.10). Бид энэхүү судалгааг дээрх нөхцөлд амьдарч, сурч байгаа хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөгч зарим нийгэм, сэтгэлзүйн хүчин зүйлийг тандах зорилгоор хийлээ.

Зорилго

Нийслэлийн  алслагдсан хороодод амьдарч байгаа өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөгч зарим нийгэм, сэтгэлзүйн хүчин зүйлийг тандах, цаашдын чиглэлийг гаргах.

Зорилт

  1. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн талаас нөлөөлөх сөрөг хүчин зүйлийг тогтоох.
  2. Өсвөр насны хүүхдүүдийн нийгмийн талаас нөлөөлөх хүчин зүйлийг олж тогтоох.
  3. Өсвөр насны хүүхдүүдийн нийгэм, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөгч зарим хүчин зүйл аль хүйс, насныханд давамгайлж байгааг тогтоох.

Шинэлэг тал

Бид энэхүү судалгааг анх удаа захын хороололд амьдарч, суралцаж байгаа хүүхдүүдийн нийгэм, сэтгэлзүйн өнөөгийн байдал, тэдний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, цаашдын ерөнхий чиг хандлагыг гаргах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад оршино.

Практик ач холбогдол

  1. Гэр хороололд амьдарч, суралцаж байгаа хүүхдүүдийн нийгэм сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Тэднийг зөв зан үйлд сургах, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үйл явцад чухал мэдээллийг цуглуулснаараа ач холбогдолтой болсон.
  2. Хүүхдүүдтэй ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай судалгаагаа уялдуулж, улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бидэнд тулгарч байна. Тэдэнд хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахад  зориулсан гарын авлага болох юм.
  3. Төвийн сургуулийн хүүхдүүдтэй харьцуулан хийх шаардлагатай бөгөөд хүүхдүүдийн хамгийн дотно орчин болсон гэр бүл, сургуулийн газруудаар түшиглэн, нийгэм сэтгэл зүйн ур чадварыг хөгжүүлэн, эрүүл хүүхдүүдийг зөв зан үйлд чиглүүлэх, одоогийн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон архидалт, сэтгэл гутрал, стрессээс үүдэлтэй бие махбодын өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт явуулахад ач холбогдолтой болсон юм.
  4. Энэхүү судалгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хүний хөгжлийн стратегийн чиг хандлагын жишгийг дагаж хийсэн болно.
Аргазүй

Бид судалгаандаа Нийслэлийн Баянзүрх Дүүргийн 79 болон 92 дугаар сургуулийн 8-11 дүгээр ангийн нийт 253 сурагчдаас эмэгтэй 155, эрэгтэй 98 хүүхдийг  хамруулсан болно. Бид энэхүү судалгааг өөрийн орны нийгэм эдийн засаг, соёлын нөхцөлд тохируулан 20 асуулттай асуумж боловсруулсан. Уг асуумжийн 10 асуулт нь нийгмийн зүгээс тэдний сэтгэлзүйд нөлөөлөгч зарим хүчин зүйлийг тогтоох, дараагийн 10 асуулт нь тэдний сэтгэлзүйн ур чадварын өнөөгийн төвшинг болон сэтгэлзүйн ур чадвараа сайжруулахыг хүссэн эрэлт хэрэгцээг илрүүлэх гэсэн 2 хэсэгтэй байсан. Бид агшингийн судалгааны дагуу 9, 10, 11 дүгээр ангиудаас санамсаргүй түүврийн аргаар нэг, нэг ангиудыг сонгож, өсвөр насны сурагчдын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөгч зарим нийгэм, сэтгэлзүйн хүчин зүйлийг илрүүлэх гэж оролдлоо.

Үр дүн
  1. Бидний судалгаанд хамрагдсан 254 хүүхдийн гэрт 66,5%, хашаа байшинд 29,1%, орон сууцанд 4,3% нь амьдардаг байсан юм.
  2. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн аав нарын 22,8%, ээж нарын 27,8% нь ямар нэгэн орлого олох ажил эрхэлдэггүй болно.
  3. Мөн дээрхи хүүхдүүдийн аав нарын 21%, ээж нарын 19,8% нь архи уудаг гэсэн тоо баримт олдсон.
  4. Охидын 24,3%, хөвгүүдийн 39,3% нь өөрийгөө бусдад илэрхийлж ойлгуулж чаддаггүй.
  5. Нийт судалгаанд оролцсон хүүхдүүдийн 18% нь амьдралдаа тавьсан зорилго байхгүй гэж хариулсан байлаа.
  6. Судалгаанд нийт хамрагдсан хүүхдүүдийн 28,5% нь өөрийгөө үнэлэх үнэлэмж дунд, 5% нь өөрийгөө үнэлэх үнэлэмж муу, 33,7% нь энэ талаар огт ойлголтгүй гэж хариулсан байна.
  7. Өөрийгөө үнэлэх үнэлэмж муу, мэдэхгүй гэж хариулсан хүүхдүүдийн дунд стрессээ яаж тайлах аргаа мэдэхгүй дотроо хадгалдаг тохиолдол маш өндөр байсан юм.
  8. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 13,3% нь тамхи татдаг бөгөөд охид, хөвгүүдийн харьцаа нь тун ойрхон гарсан юм.
  9. Мөн хүүхдүүд бүгд буюу 100% стресст өртдөг ба 20,4% яахаа мэдэхгүй дотроо хадгалдаг гэснээс охидын дунд энэ хувь 2 дахин өндөр бөгөөд 15-17 насны охидод энэ нь илүү өндөр хувьтай гарсан.
  10. Гэр оронд нь ямар нэг асуудал гарсны улмаас хичээл хийж чадаагүйгээ багш нартаa ойлгуулж чаддаггүй гэж хариулсан сурагчид 69% байсан.
  11. Хүүхдүүд өдөр тутмын амьдралдаа бэрхшээлтэй зүйл тохиолдоход 37,5% нь хэнээс ч туслалцаа авдаггүй, 31,4% нь анги хамт олноосоо, 28,6% нь гэр бүлээсээ, 4,3% нь багш нараасаа туслалцаа авдаг гэж гарсан юм.
  12. Өөрийнхөө гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байдаггүй 33,7%, өөрийгөө голдог гэсэн 5% байсан нь охидуудад энэ харьцаа 2 дахин өндөр байсан. 
  13. Амьдарч буй орчноосоо ичдэггүй гэж 69,2 % , ичдэг гэж 30,8%  хариулжээ.
  14. Амьдарч буй орчин нь хэцүү санагддаг гэж 60,2% нь хариулсан бол гэр хорооллын сургуульд сурдагтаа ичиж санаа зовдог гэж хариулсан нь 39,5%- тай байсан.
  15. Нийгэм сэтгэл зүйн ур чадварыг төлөвшүүлэх сургалтыг сурагчдын 88,9% нь хүсэж байгаагаа илэрхийлж байна.
Хэлцэмж
  1. Бидний энэ судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн аав ээжийн ажилгүйдлийн түвшин өнөөгийн статистикийн ажилгүйдлийн түвшинтэй таарч байсан.
  2. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс стрессээ дотроо хадгалдаг охид 15-17 насныханд өндөр гарсан нь сүүлийн үеийн Европ тивийн эрдэмтдийн дэвшүүлсэн сэтгэцийн эмгэгийн хөрс суурь тавигдах нас, хүйсний үетэй эн дүйхээс гадна манай СЭМҮТөвд ханддаг өвчтөний дунд энэ нь мөн батлагдаж байсан юм.
  3. Бидний энэ судалгаа монгол орны нөхцөлд гэр хорооллын сурагчдын дунд хийсэн нийгэм сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илэрүүлэх, тэдний ур чадварыг үнэлэх судалгааны ажил байсан юм.
Дүгнэлт
  1. Судалгаанд хамрагдсан сургуулийн сурагчид нь сэтгэлийн их дарамт, хямралтай төдийгүй өдөр тутмын амьдралаас урган гарах асуудал, бэрхшээлийн үед яаж шийдэх, хэнд хандах ёстойгоо мэдэхгүй байна.
  2. Судалгаанд хамрагдсан сургуулийн сурагчдын нийгмийн хүчин зүйл болох гэр бүл, сургууль нь тэдний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэмшүүлэх асуудалд ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна.
  3. Судалгаанд хамрагдсан сургуулийн сурагчдыг хүйсээр нь авч үзвэл: охидод нийгэм сэтгэлзүйн сөрөг нөлөөлөлд өртөх нь давамгай илэрч байна. Насны хувьд авч үзвэл: 15-17 насны сурагчид дээрх нөлөөлөлд илүү өртөж байна.
Практик зөвлөмж
  1. Өсвөр насны сурагчдад зориулсан нийгэм, сэтгэлзүйн ур чадварын сургалт бий болгох, явуулах.
  2. Үе тэнгийн сургагч багш нарт зориулсан сурагчдын гарын авлага бэлтгэх шаардлагатай байна.
  3. Мөн сургуулиудын эрүүл мэндийн сургалтын  хөтөлбөрөөр дамжуулан  I, II дагч шатны сэргийлэлтийг бий болгох.
  4. Багш сурагчдын хоорондох харьцааг сайжруулах.
  5. 15-17 насны охидод сэтгэлзүйн сургалт явагдах хэрэгтэй юм.
  6. Багш, нийгмийн ажилтан нарт сурагчидад бэрхшээлтэй үе тохиолдоход туслах, хичээл хийж ирээгүй буюу хичээлдээ анхаарал хандуулж чадахгүй байгаа цаад сэтгэлзүйн үндсэнд нь туслах зорилгоор гарын авлага болон сургалт явуулах.
  7. Сурагчдад өөрийнхөө амьдарч, сурч байгаа орчноо зөв танин хүндэтгэх сэтгэхүйг бий болгох.
Ном зүй

1. Р. Хендрен бусад Сургууль дахь сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрүүд ДЭМБ Женев хот 1994 он 10х, 12х
2. Д. Бямбадорж БЗД-ын 79-р сургуулийн Нийгмийн ажилтны судалгаа 2006 он
3. Lauren B. B. Alloy Abnormal Psychology 2003 он 283х.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5163
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК