Шинжлэх ухаан технологийн ерөнхий хөгжлийн хурд улам нэмэгдэж буй өнөө үед хүний эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх, өвчин эмгэгийг оношлох, сэргийлэх эмчлэх, алдагдсан бүтэц үйл ажиллагааг нөхөн сэргээх арга ажиллагаа байнга шинэчлэгдэн эрүүл мэнд-анагаах ухааны технологийн дэвшил ч хурдацтай өөрчлөгдөж байна.
Энэ нь шинжлэх ухааны шинэ мэдээллийг тусламж, үйлчилгээнд тухай бүрд нэвтрүүлэхийг шаардаж байгаа бөгөөд үүнийг хангах гол хэрэгсэл нь цахим болон хэвлэмэл сэтгүүлүүд байдаг. Эдгээр сэтгүүлийг хөгжүүлэх нь анагаах ухааны салбарт ажиллагсдын анхаарал татаж буй нэг асуудал билээ.
Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан олон улсыг хурал, чуулган,мсургалтыг 2014 оны 8 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Манай улсад зохион байгуулав.
Манай улс дээрх байгууллагуудын гишүүн бөгөөд 2008 оноос хойш үйл ажиллагаанд нь тогтмол оролцож, анагаах ухааны 11 сэтгүүлээ бүртгүүлж, эдгээр сэтгүүлийн цахим мэдээний сан байгуулж, шинжлэх ухааны нотолгоог эрүүл мэндийн салбарын бүх шатанд цаг алдалгүй шуурхай ашиглах боломжийг бүрдүүлээд байгаа билээ.
Хурал, чуулганд ази, номхон далайн бүсийн 15 орны 50, манай орны 150 гаруй төлөөлөгч оролцож, сургалтад манай орны 50 залуу судлаачийг хамрууллаа.
Өргөн уудам нутагтай хүн ам нь тархай бутархай оршин суудаг манай оронд анагаахын сэтгүүлүүдийн цахим мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд, олон нийтэд анагаах ухааны шинэ мэдлэг, мэдээллийг түгээж, дэлхийн бусад орны судлаачид, манай эрдэмтэн судлаачдын бүтээлтэй танилцах, шинжлэх ухааны нотолгоог эрүүл мэндийн бүх шатанд цаг алдалгүй шуурхай ашиглах боломжийг бүрдүүлж байна.
Манай улсад анхлан зохион байгуулсан энэ удаагийн олон улсын хурал, чуулганаар анагаахын сэтгүүлүүдийн өнөөгийн стандарт болон хэтийн төлөв, олон улсын стандартад нийцсэн мэдээллийн нэгдсэн санг баяжуулах, анагаах ухааны эрдэм судлалын ажлын чанар үр дүнг сайжруулахад зөвхөн монголын төдийгүй Ази, Номхон Далайн бүсийн хэмжээнд чухал ач холбогдолтой боллоо.
Ази, Номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагуудын хамтарсан хуралдаанд оролцогсод, 2014-8-15, Улаанбаатар зочид буудал
Ази, номхондалайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбооны 2014 оны чуулганд оролцогсод, 2014 оны 8 дугаар сарын 16-17, Улаанбаатар, Тусгаар тогтнолын ордон
Анагаах ухааны бүтээл бичих аргазүйн сургалтад оролцогсод, 2014 оны 8 дугаар сарын 13-14-ний өдрүүд, Улаанбаатар, ЭМЯ