Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 3(169)
БНМАУ-ын хүний гавъяат эмч, ШУА-ийн сурвалжлагч гишүүн, АШУ-ы доктор, профессор Вандан-Ишийн Ичинхорлоо
( Түүх )

Шавь Академич Н.Баасанжав

 

В.Ичинхорлоо 1914 онд одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг Хяраан гэдэг газар жирийн малчины гэр бүлд мэндэлжээ. Нялх бага насандаа өнчирч, айл дамжин зарцлагдан, амь зууж явсаар 1928 онд Улаанбаатар хотод байгуулагдаад удаагүй байсан, Их жанжин Д.Сүхбаатарын гэргий С.Янжмаагийн дэмжлэг туслалцаагаар Эх нялхсын газарт, орж, асрагч, сувилагчаар ажилласан нь монголын анагаах ухаанд 60 шахам жил зүтгэх их замынх нь гарааны эхлэл болжээ. Тэр үеэс эмнэлгийн мэргэжилд чин сэтгэлээсээ татагдаж, анхан шатны мэдлэгтэй болж, улмаар ахмад хүмүүс, багш мэргэжилтний хэлж зөвлөсний дагуу, өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлэн 1930-1933 онд ОХУын Эрхүү хотын Рабфакт амжилттай суралцаж дүүргээд, улмаар 1933 ондоо Ленинград хотноо Анагаах ухааны дээд сургуульд дэвшин сурч, 1938 онд сургуулиа амжилттай дүүргээд хүний их эмчийн мэргэжил эзэмшин, монголын анхны дээд боловсролтой мэс засалчдын нэг болж, эх орондоо ирж ажиллажээ.

Эмч В.Ичинхорлоо 1938-1947 онд Улсын төв больницын монгол талаасаа цорын ганц мэс засалч нь байв. Энд ажилласан эхний жилүүдэд буюу 1939 оны Халх голын дайны үед фронтын цэргийн мэс засалчаар давхар ажиллан, тэр үед Баянтүмэнд байрлаж байсан цэргийн госпитальд өдөр шөнөгүй мэс засал хийхийн зэрэгцээ Төв больницад нээсэн цэргийн 7-р тасагт шархтаныг илгээх онгоцоор нааш цааш байнга явж, яаралтай эмчилгээ хагалгаа хийж, хүнд шархтаны эмчилгээнд зөвлөгөө өгөн ажиллаж байжээ.

Чухам энэ л үед өөрийн багш профессор А.А.Вышневскийтэй мөр зэрэгцэн дайны хүнд бэрхийг туулж, багшаасаа өндөр үнэлгээ авч, цэргийн хээрийн эмнэлэг, эмчилгээний асуудлаар их зүйл сурч, мэдлэг дадлагаа дээшлүүлсэн нь хожим энэ сэдвээр ном сурах бичиг зохиох хөрс суурь болжээ.

1939 онд Улаанбаатар хотноо Улсын төв эмнэлгийн мэс заслын тасагт Зөвлөлтийн мэргэжилтэн дэд эрдэмтэн В.M.Глушенкогийн удирдлагын дор, доктор В.Ичинхорлоо өөрийн эмчилж байсан өвчтөн Лувсандоржид цусаа өгч, манай орны анхны донор болон эмнэлгийн түүхэнд үлджээ. 

Халх голын дайны дараа Төв больницдоо үргэлжлүүлэн ажиллахын хамт тухайн цаг үедээ мэс заслын дээд боловсролтой цорын ганц их эмч байсан болохоор бүх аймаг, сум, суурин газарт дуудлагаар очиж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, онгоц, машин, морь, тэмээ аль тааралдсан унаа, хөсгөөр явж, хүний амь, эрүүл мэндийн төлөө цаг хугацаа хожихыг чухалчлан зүтгэдэг байжээ. Ингэж явахдаа онгоцны жижиг осол, авто машины аваарт орж, дошгин морьноос унаж элдэв бэртэл, гэмтэл авсан тохиолдол цөөнгүй ажээ.

1945 онд Монголын арми дэлхийн II дайны эцсийг шийдвэрлэх их тулалдаанд оролцоход мэс засалчийн хувьд В.Ичинхорлоо үүргээ урьдын адил шуурхай биелүүлж, фронтын шархтнуудыг эмчлэн эдгэрүүлэхэд нөр их хөдөлмөрөө зориулсан байна.

В.Ичинхорлоо ард олноо эмчлэн эрүүлжүүлэх үйлсэд бүх хүч мэдлэгээ дайчлан ажиллахын зэрэгцээ эх орондоо шинээр нээгдсэн анагаах ухааны дээд боловсролтой мэргэжилтэнг сургаж бэлтгэх уурхай болсон МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетад мэс заслын хичээл орсон эхний жил буюу 1943 оноос дадлагын хэчээл зааж багшлан өөрийн мэдлэг, туршлагаа үе үеийн олон мянган залуус, ирээдүйн эмч нарт сэтгэл харамгүй сургаж, эмчийн мэргэжлийг эзэмшүүлж байжээ.

В.Ичингхорлоо 1947 оноос үндсэн багш, 1953 оноос Судалгаа, эмчилгээний мэс заслын тэнхимийн эрхлэгч, 1961-1964 онд Арга барилын ба эмчилгээний мэс засал тэнхимийн эрхлэгч, багш, 1967оноос Эмчилгээний мэс заслын хэсгийн ахлагч, ийнхүү 1987 он хүртэл тэргүүлэх профессороор ажиллаж, эрдэм судлал, сургах хүмүүжүүлэх ажлыг дагнасан боловч үүнийхээ зэрэгцээгээр Улсын төв больниц, Идэвхтний буюу Сайд нарын эмнэлэг, Мэс заслын дагнасан клиникийн III эмнэлэг, НАХЯ-ы эмнэлэг зэрэг тэргүүлэх төв эмнэлгүүд болон аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд зөвлөн туслах ажлыг тасралтгүй хийсээр байсан юм.

В.Ичинхорлоо багшлах, эмчлэх, зөвлөх цаг хугацаагүй хөдөлмөрийнхөө хажуугаар ноцтой гэгдэх зарим өвчнийг судлан үндсээр нь устгахад мэдлэг, оюунаа дайчилж, тухайн үед монголд нэн их тархацтай байсан бэтэг өвчнийг ул суурьтай судлан ард олноо хөнөөлт өвчнөөс эгнэгт салгахаар зориг шулуудаж, өөрийн судалгааны үр дүнгээр 1953 онд “Элэгний бэтэг өвчнийг хэсэг газрын мэдээ алдуулах замаар мэс заслаар эмчлэх нь” нэг сэдэвт бүтээлээрээ Москвад анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж, 1961 онд “ Элэгний бэтэг өвчнийг БНМАУ-д мэс заслаар эмчлэх аргууд “ сэдэвт бүтээлээрээ Анагаахын шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан /Анагаахын ШУ-ы анхны доктор/ эдгээр бүтээл нь монгол улсад бэтэг өвчин үүсэх, тархах замыг хаах, эмчлэн эрүүлжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулжээ. ХХ зууны 70-аад оны мэдээ судалгаанд доктор В.Ичинхорлоо арван мянга гаруй хүнийг бэтэг өвчнөөс салган эдгэрүүлснийг тэмдэглэсэн байдаг.

Доктор, профессор В.Ичинхорлоо эх орондоо хэвлийн хөндийн мэс заслын нарийн мэргэжлийн болон цэргийн хээрийн мэс заслын асуудлаар 10 гаруй ном сурах бичиг,  эрдэм шинжилгээ, судалгааны 100 гаруй илтгэл, өгүүлэл бичиж гадаад дотоодын хэвлэлд нийтлүүлж, 5 эрдэмтний эрдмийн ажлыг удирдан, 6 эрдэмтний албан ёсны шүүмж бичиж амжилттай хамгаалуулсан нь тухайн цагтаа яаж амжуулсан юм бол, гэхээр бүтээлч эрдэмтэн байжээ.

В.Ичинхорлоогийн боловсрол мэдлэг зүтгэлийг өндөр үнэлж, итгэл хүндэтгэл үзүүлэн 1949 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүнээр сонгож, Улсын Их Хурлын депутатаар 1951-1959 онд гурван удаа сонгогдож, 1953 онд Улсын Их Хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон, МҮЭ-ийн YIII, IX, X, XI Их Хурал, Монголын эмч нарын анхдугаар Их хуралд төлөөлөгчөөр оролцож, Дэлхийн Энх Тайваны зөвлөлийн их хурал, Дэлхийн эмэгтэйчүүдийн их хуралд монголоос төлөөлөгчөөр оролцож байсан төр нийгмийн зүтгэлтэн байсныг гэрчилж байна. 

В.Ичинхорлоогийн шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд байгуулсан гавъяа, нээлт бүтээлийг үнэлэн 1954 онд доцент цол, 1961 онд ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1962 онд профессор цол, 1971 онд БНМАУ-ын хүний гавъяат эмч алдрыг хүртээж, Сүхбаатарын одон, “Алтан гадас” одонгоор 3 удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Монгол, Зөвлөлтийн “Бид ялав” медаль, Улсын ударник, удаа дараагийн таван жилийн гавшгайч цол тэмдэг, шинжлэх ухааны тэргүүний  ажилтан, ойн медалиудаар урамшуулан шагнажээ.

Энэ их алдар хүндийн оргилд хүрсэн хирнээ В.Ичинхорлоо багш маань ёстой л “Эрдэмт хүн даруу Их мөрөн дөлгөөн” хэмээхийн учир утгыг ухааруулахуйц даан ч энгийн нэгэн ердөө л өвчтөн үзэж оношлох, эмчлэх, шавь нартаа зааж сургахын төлөө төрсөн хүн шиг өөрийгөө өчүүхэн ч анхаардаггүй, оюун бодол нь түмний төлөө явсаар нэг л мэдэхэд үүрд эргэж ирэхээргүй бурхны оронд заларсан байсан даа. Гэсэн хэдий ч Вандан-Ишийн Ичинхорлоо гэдэг алдарт мэс засалч эмчийг, эмчлүүлж байсан хүмүүс тэдний ар гэр, ахан дүүс, шавь нар нь өнөөдрийн монголын анагаахын салбарын түүчээ болж яваа эрдэмтэн мэргэд, эмч нар нь мартаагүй өнөөг хүрсэн мартах ч ёсгүй билээ.

Үүний тодорхой баримт бол Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 3-р сарын 9-ний өдрийн 42-р тогтоолоор “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг”-ийг Монгол улсын хүний гавъяат эмч Вандан-Ишийн Ичинхорлоогийн нэрэмжит болгон үйлсийг нь мөнхжүүлсэн явдал юм. 

Түүний мэндэлсний 100 жилийн ойг монголын ард түмэн, түүний мянга мянган шавь нар нь зүрх сэтгэлдээ санан дурсаж, Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэгээс зохион байгуулж уламжлал болсон Монголын мэс засалч эмч нарын олон улсын 10-р чуулганыг түүний нэрэмжит хурал болгон зохион байгуулахаар шийдвэрлэн бэлтгэл ажлыг нь ханган ажиллаж байгааг дурьдах нь зүйтэй.

Профессор В.Ичинхорлоо багш мөнхөд шавь нарынхаа дунд байсаар . . .

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 627
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК