Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 3(169)
ЦЭВЭГМИДИЙН СҮРЭНЖАВ (1929-2014)
( Түүх )
 

Профессор Ц.Сүрэнжав 1929 оны 12 сард цахар чуулганы Шанд Адуучин хошууны Ар хашаатын Цэвэгмидийн хүү болон мэндэлжээ. Тэрээр 7-14 нас хүртэл гэртээ бичиг үсэг заалгаж, 1943-1949 он хүртэл тус хошууны Бор цээж сүмийн алдарт эмч Ламжав болон Баваа /Гончиграш/ эмчийн шавь болж монгол эмнэлэгт сайтар суралцаж төгсөөд 1949-1952 он хүртэл тус хошууны 5-р суманд эмчээр ажиллав. Түүнийг 7 настайд эцэг нь өвчний улмаас нас барж, 14 настайд нь ээж нь халдварт өвчнөөр нас нөгчив. Тэрээр халдварт өвчтэй өнчин хоцорч, туйлдаж байхад нь садан төрлийн Гомбо хэмээгч түүнийг Зүүн цагаан овооны Хонхын энгэр гэх эзгүй ууланд аваачиж хагас жил асран сувилснаар түүний өвчин нь Гомбо өвгөнд халдварлаж ертөнцөөс ангижрав.

Энэхүү туйлын зовлонт үед Гомбо настны дүү Ванчиндалай өнчин хоцорсон хүүхдийг гэртээ аваачиж эмчлүүлээд, эмчилж байсан эмчид нь шавь оруулсан байна.

Тэрээр 1952-1957 он хүртэл Цахар аймгийн мянган Тайвас хошууны эмнэлэгт эмчээр ажиллав. 1957- 1984 он хүртэл Өвөр монголын эмнэлгийн дээд сургуульд багшилж, заан сургах тасгийн эрхлэгч, намын ерөнхий үүрийн гишүүн, хятад-монгол эмнэлгийн салбарын дэд дарга зэрэг тушаалыг хариуцахын зэрэгцээ монгол эмнэлгийн ангид анхан шатны сурах бичгийн оношлох ухаан “Халуун өвчин”-ий хэсгийг найруулан бичсэнээс гадна “Эм эмнэлгийн гар дэвтэр”, “Монгол анагаах ухааны дотор өвчний судлал”, “Зүрхний өвчин” зэрэг зохиолуудыг эрхлэн найруулж хэвлүүлсэн байна. 1984-1996 он хүртэл Өвөр монголын үндэсний эмнэлгийн дээд сургуульд намын хорооны байнгын гишүүн, сургуулийн дэд захирал зэрэг албан тушаалыг хариуцжээ. Энэ хугацаанд уул сургуулийг өөрчлөн Өвөр монголын монгол эмнэлгийн дээд сургуулийг байгуулах зэрэг засаг захиргааны ажлыг хийж, бас алдарт эрдэмтэн Ишбалжирын нас нөгчсөн 200 жилийн ойг тохиолдуулан хандивын мөнгө цуглуулж түүний хөшөөг гантиг чулуугаар сийрүүлж сургуулийн хүрээндээ сүндэрлүүлэв. Түүнчлэн монгол эмнэлгийн дээд сургуулийн нэгдэлтэй заах 25 дэвтэр бичгийн ерөнхий найруулагч болж “Дотор өвчний судлал”, “Өвчнийг засах ёс болон арга” зэрэг бичгийг эрхлэн найруулж хэвлүүлэв. “Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь”- ийн “Монгол  анагаах ухааны боть” ийн дэд эрхлэн найруулагч бөгөөд түүний доторх 93 зурвас өгүүлэлүүдийг туурвин бичив.

Ц.Сүрэнжав профессор “Монгол анагаах ухааны бүхэл цогцот үзэлтийн тухай анх өгүүлэхүй ба дахин өгүүлэхүй нь” болон “Монгол анагаах ухааны үндсэн гурван онцлог” зэрэг 20-д өгүүллийг орон нутгийн сонин сэтгүүл, хэвлэлд нийтлүүлжээ. 

1996 онд тэрбээр Өвөр монголын эмнэлгийн дээд сургуульд шилжиж ирээд тэтгэвэртээ гарч, хувийн эмнэлэг байгуулан тогтсон цагтайгаар эмчилгээ хийхээс гадна төрөлх нутаг Хонхын энгэртээ ачит багш, хүндэт хүмүүсээ дурсахын тулд “Насан хутаг” гэх хөшөө босгож, нарс майлс ургуулан мөнх ногооруулсан байна. Бас 1998 онд тус хошууны бага сургуульд “Хонх сурган хүмүүжлийн шагналын мөнгө”-ийг жил бүрийн 6 сарын 1-нд шилдэг сурагчийг шагнахаас гадна гавьяа зүтгэл гаргасан шилдэг багш нарыг нэг удаа шагнахаар тогтсон байна.

Олон түмнээ зүрхний Сүрэнжав хэмээн мэрэгжлээрээ алдаршсан эл ачтан эмч, алдартай эрдэмтэнд түүний мэндэлсний 80 насны ойн баярын үеэр “Улсын эмчийн их багш” хэмээх хүндтэй цол хүртээжээ

Нэгэн насныхаа амьдралыг Монгол анагаах ухааныг хөгжүүлэх, хүн зоныхоо эрүүл мэндийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр тэмцэж явсан энэ буянтай буурлыг насан өөд болсонд бид гүнээ харамсаж байгаагаа түүний үр хүүхэд, төрөл садан, түг түмэн шавь нарт нь илэрхийлье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

НОМУН ГЭРЭЛ ТӨВ.

Хөх морин жилийн намрын дунд сарын 17-ны өлзий бэлэгтэй сайн өдөр.

(2014.10.10)

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 312
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК