Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2002, (013) 2002.No1(013)
Монголд гэр бүлийн хүчирхийллийн талаар асуумж авч судалсан байдал
( Судалгааны өгүүлэл )
Дэд доктор, дэд профессор Д. Одонтуяа (АУИС) Дэд профессор Брадли Ихриг (JCS олон улсын байгууллага)
 
Абстракт
Дэлхийн бараг бүх улс оронд эцгийн эрхт ёс ноёрхож байгаатай холбоотой хүчирхийлэл, ялангуяа эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл байсаар байна. Манай нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл урьд нь ч байсан, одоо ч хэвээр байна. Олон улсын судалгаагаар хүчирхийллийн 98%-ийг эрүүл хүн, 2 %-ийг сэтгэцийн өвчтэй хүн үйлддэг ба нийт хүчирхийллийн 95%-ийг эрчүүд үйлддэг байна.
Хүчирхийллийг биеийн хүчирхийлэл (алгадах, цохих, үсдэх, зодох, гэмтээх, амь насыг хөнөөх зэрэг), сэтгэл санааны хүчирхийлэл ( нэр хоч өгч, үгээр доромжлох, өндөр дуугаар загнах, хардаж сэрдэх, мөрдөн мөшгөх) мөн бэлгийн хүчирхийлэл (хүчиндэх, хувцас тайлах, эрх мэдлээ ашиглан бэлгийн таагүй байдал үүсгэх, биеийг үнэлэн худалдах) гэж ангилан хуваадаг. Биеийн ба бэлгийн хүчирхийлэл нь хааяа нэг тохиолддог бөгөөд гол төлөв айл, хөрш, ах дүү хамаатан садан зэрэг гэрчтэй байдаг бол сэтгэл санааны хүчирхийлэл нь тогтмол, байнгын үргэлжилж, далд явцтай байдгаараа илүү хортой.
Хүчирхийлэл нь гэмт хэрэг бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн асуудал болсоор байна. Удаан хугацаагаар гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүд сэтгэл санаагаар хямарсан, толгой өвдөмтгий, нойронд муу, хоолны дуршил өөрчлөгдсөн, даралт ихсэх эсвэл буурах хандлагатай, зүрхээр нь хатгуулж өвддөг, анхаарлаа төвлөрүүлэх чадвар муутай, ой тогтоолт нь буурсан шинжүүдийг агуулдаг бөгөөд зарим нь зүрхний шигдээс, сэтгэцийн гүн хямрал, бамбай булчирхайн хордлого зэрэг өвчтэй болж, эрүүл мэндээрээ хохирч байдгаас гадна богино насалдаг зүй тогтолцоотой. Зарим нь амь насаа өөрсдөө хөнөөхөд хүрдэг тохиолдлууд ч бий.
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд аймхай, цочромтгой, ээрүү, нойр муутай, толгой өвдөмтгий, орондоо шээдэг, бамбайн хордлоготой болохоос гадна цаашид өөрөө хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг.
Бид гэр бүлийн хүчирхийллийн талаар судлах зорилгоор 34 асуулттай асуумж боловсруулж 184 хүнээр асуумжийг бөглүүллээ. Судалгаанд оролцсон 184 хүн ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүмүүстэй холбоотой ажилладаг хүмүүс (өрхийн эмч, нийгмийн ажилчид, цагдаагийн байгууллагын ажилчид, хуульчид, хүүхдийн болон эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчид. хүчирхийллийн эсрэг төвийн ажилчид) байсан. Судалгаанд хамрагдсан 184 оролцогсдын 15% нь гэр бүлийн хүчирхийллийн талаар ямар нэг сургалтанд хамрагдаж байсан бол 85% нь урьд өмнө гэр бүлийн хүчирхийллийн талаар ямар нэг сургалтанд хамрагдаагүй байсан атлаа гэр бүлийн хүчирхийлэл манай улсад хэдэн хувийг эзэлдэг вэ?- гэсэн асуултанд оролцогсдын 52% нь 40-оос дээш хувийг эзэлдэг гэж хариулсан нь сонирхолтой юм. Оролцогсдын 60% нь "Монголд архидалттай холбоотой хүчирхийлэл 40-с дээш хувь эзэлдэг" -гэж үзэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үүсэхэд нөлөөлдөг шалтгаануудаас оролцогсдыг дурьдахыг хүссэн юм. Ингэхэд. 67% нь архидалт, 29% нь нийгэм. эдийн засгийн байдал, 26 % нь боловсрол, мэдлэг доройгоос, 25% нь ёс суртахуун, хүмүүжил, ухамсар доройгоос, 23% нь ядуурал, 15% нь ажилгүйдэл буюу хайр халамж, харилцан хүндэтгэх, ойлголцох чадвар дутагдсанаас гэж үзэж байв.

 

Судалгаанд хамрагдсан 184 хүний 65% нь хүүхэд байхын хэн нэгэн хүн эхнэрээ зодож байхыг харсан, 43% нь ангийнхаа хүүхдэд зодуулдаг, үг хэлээр доромжлуулдаг байсан, 24% нь хүүхэд байхын эцэг эхдээ зодуулдаг байсан, 6%-д нь хоол, хувцас, хайр , халамж дутагдаж байсан нь биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд хүүхэд байхын өртөж байсан нь харагдаж байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 21% нь хүүхэд байхын бэлгийн ажил үйлдэж байгаа хүнийг харсан бөгөөд 11% нь хүүхэд байхад хэи нэгэн хүн нууц эрхтэнд хүрэх гэж оролдсон буюу хүрсэн, 4%-г хэн нэгэн хүн садар самуунд уруу татаж байсан бөгөөд 4%-г сурагч, оюутан байхад багш нь оролдож, дүнгээр хавчин, бэлгийн дарамт үзүүлдэг байсан зэргээс үзэхэд багагуй хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсныг нотолж байна.
Судалгаанд хамрагдсан 184 хүний 42% нь өөрсдөө. 16%-ийн нөхөр буюу эхнэр нь. нийлээд 58% нь хүүхдээ зоддог байхад тэдний танил буюу найз нөхдийн 53% нь хүүхдээ зоддог гэсэн мэдүүлэг өгснөөс үзэхэд хүүхдийн эсрэг хүчирхийлэл манай улсад нилээд элбэг нь харагдаж байна. Судалгаанд хамрагдсан 184 хүний 16% нь эхнэрээ зоддог буюу харддаг бол тэдгээрийн танил, найз нөхдийн 66% нь хань ижлээ харддаг, 51% нь хань ижлээ зоддог, 41% нь хань ижлээ үгээр доромжилдог. 66% нь хараалын үг хэлдэг, 8% нь хүүхдэд порно сэтгүүл, бичлэг зэрэг үзүүлж садар самуунд уруу татдаг гэсэн хариултаас үзэхэд судалгаанд хамрагсдын дөнгөж 16 нь эхнэр, нөхрөө хүчирхийлдэг боловч тэдний 41-66% нь гэр бүлийн хүчирхийллийг танил, найз, нөхөд, хамт ажилдаг хүмүүсийн дунд ажиглаж байдаг нь харагдлаа. Гэр бүлийн хүчирхийллээс гадна судалгаанд хамрагсдын 10% нь ажлын байранд хүчирхийлэл мэдэрдэг бөгөөд тэднийг дарга, эрх мэдэлтэнгүүд нь бэлгийн дарамт үзүүлэн, хавчдаг гэдгээ илэрхийлжээ.
Судалгаанд хамрагсдаас тэдний гэр бүлд гэр орны ажлыг хэн зонхилон хийдэг вэ? - гэсэн асуулт тавихад хоолоо хийх, юмаа угааж , индүүдэх, гэрээ цэвэрлэх, дэлгүүр , хоршоонд явах, өглөө босож, цайгаа чанах зэрэг өдөр тутмын ажлыг 41-52% эхнэр нь, 0,5-24% охин нь, 7-24% ээж нь хийдэг байхад , 1-11% нөхөр нь, 0,5-4% хүү нь, 0,5-7% нь аав нь хийдэг гэж хариулснаас үзэхэд эцгийн эрхт ёс зонхилж байгаа манай оронд эмэгтэйчүүд улсын ажлаас гадна, гэр орны өдөр тутмын ажилд ихээр оролцдог нь харагдаж байна. Гэр орны ажилд дарагдсан эмэгтэйчүүдийн амрах, боловсрох, мэдээлэл авах, эрүүл мэнддээ зарцуулах цаг хугацаа нь хомс байх нь мэдээж юм.
 
Эмч болгон хүйсний тэгш эрхийг хүндэтгэн үзэж, ард түмний дунд гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдлэг олгож, бие биенээ хайрлан хүндэтгэх сэтгэлгээг хэвшүүлэх нь гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс үүдэж буй хорт уршгийг багасгахад нөлөөлөх юм.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4807
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК