Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (005) 2000.No1(005)
УУШГИНЫ АТЕЛЕКТАЗ, ТҮҮНИЙ ШАЛТГААН БА РЕНТГЕН ШИНЖҮҮД
( Судалгааны өгүүлэл )
О.Ганхуяг, Д.Гончигсүрэн
 
 
Абстракт
Ателектаз нь Грек гаралтай үг бөгөөд Ateles-бүрэн бус, Ectasis-тэлэлт гэсэн утгатай юм. Ателектазыг төрөлхийн, олдмол гэж ангилах боловч сүүлийн үед шалтгаанаар нь бөглөрлийн, дарагдлын, тэлэгдлийн буюу үйл ажиллагааны , рефлексийн гэж ангилах болсон. Харин байршлаар нь тархмал, дэлбэнгийн, сегментийн, дэлбэнцрийн гэж ангилдаг.
1. Бөглөрөлийн шалтгаант ателектаз
(Гуурсан хоолойн доторхи идэвхит ателектаз)
Гуурсан хоолой - бронхийн салс, үрэвслийн шингэн, өтгөрсөн цэр, хавдар, гадны биет зэргээр бөглөрсний улмаас үүсдэг, харьцангуй элбэг тохиолддог хэлбэр юм. Эдгээр шалтгаануудын дотроос гол ба дэлбэнгийн гуурсан хоолойн салст бүрхэвчийн гаралтай уушгины төвийн өмөн 40-50%-ийг нь эзэлдэг. Мөн уушгинд хийгдэж буй төрөл бүрийн мэс ажилбаруудын үед буюу түүний дараа эрт үед дунджаар 2 хоногийн дараа ателектаз үүсэх магадлал өндөр байдаг. Мэс ажилбарын дараа гуурсан хоолой нарийсах, нугаларах, тэрчлэн мэдрэл-рефлексийн хүчин зүйлсийн улмаас бөглөрөлийн шалтгаант ателектаз үүсдэг.
2. Дарагдлын шалтгаант ателектаз(Гуурсан хоолойн гаднах идэвхгүй хэлбэрийн ателектаз)
Гуурсан хоолой - гол судасны цүлхэн, голтын эрхтэн ба гуурсан хоолой орчмын томорсон тунгалагийн зангилаанууд, гялтангийн хөндийд хуралдсан их хэмжээний хий, шингэн болон зэргэлдээх эрхтнүүдэд үүссэн хавдараар гаднаасаа шахагдсан үед дарагдлын шалтгаант ателектаз үүсдэг. Энэ хэлбэрийн ателектаз нь тавилан сайтай, засал хурдан авдаг.
3. Тэлэгдлийн буюу үйл ажиллаагааны шалтгаант ателектаз
Энэ хэлбэр нь хүчтэй өвдөлт, гэдэсний саажилт зэрэг эмгэгүүдийн үед тохиолддог ховор хэлбэр юм. Энэ тохиолдолд шинжлүүлэгчийг гүн амьсгал авахуулахад өрц болонцээжний хөндийн экскурс мэдэгдэхүйц багассан байдаг.
4. Рефлексийн шалтгаант ателектаз нь ховор тохиолддог хэлбэр юм.
Мэс ажилбарийн дараа тохиолддог бөглөрөлийн шалтгаант ателектаз нь ууушгины аль хэсэгт мэс ажилбар хийсэнтэй холбоотой үүсдэг. Жишээ нь : Баруун уушигны дээд дэлбэнг тайрахад, дунд дэлбэн дээш татагдах ба уушигны угаар шингэн хуримтлагддаг. Баруун уушигны дунд дэлбэнг авах хагалгааны дараа үлдсэн уушгинд нь илэрхий шилжилт ажиглагддаггүй бөгөөд энд үүссэн ателектаз нь ердийн уушигныхтай адил байна. Баруун уушигны доод дэлбзнг тайрч авахад, дунд дэлбэн ар тийш татагдаж, дээд дэлбэн эзэлхүүнээрээ томорч, ар тийш шилжих ба ателектаз дунд дэлбэнд үүсдэг.
 

5. Ателектазын рентген шинжүүд
Ателектазын үед илэрч буй рентген шинжүүдийг шууд ба шууд бус гэж 2 ангилна. Ателектазын үндсэн рентген шинжийн нэг бол уушгины тархмал сүүдэр юм. Энэ тархмал сүүдэр нь нэг төрлийн , тод, жигд, тодорхой дэлбэн ба сегментийн хэлбэрийг давтсан, сууриараа гялтан хальс руу шахаж, оройгоороо ихэвчлэн голтын сүүдэртэй нийлж байрласан байх ба энэхүү тархмал сүүдрийн суурин дээр уушгины зураглал тодорхойлогддоггүй.
Тархмал сүүдэр нь уушгийг бүхэлд нь буюу дэлбэн сегмент, дэлбэнцэрийг хамарч болно. Хавирга хоорондын зай эмгэгтэй талд нарийсах нь ателектазын хоёр дахь гол шинж юм. Энэ тохиолдолд ателектаз үүссэн талын хавирга хоорондын зай нарийссанаас тэдгээрийн байрлал өөрчлөгдөж, босоо байрлалтай болно. Гурав дахь гол шинж бол эмгэгтэй талын өрц өргөгдөж, уушгины угийн байрлал өөрчлөгдөн, өрцний төвгөр дээшлэх шинж юм.
Уушгины ателектазын үед гарах шууд бус, дагалдах рентген шинжүүдэд уушгины ателектаз үүссэн уушигны талбай ба эзэлхүүн хэмжээгээрээ багасах, эрүүл уушгинд нь викарный эмфизем үүсэх болон голтын эрхтнүүд эмгэг тал руу татагдан шилжих зэрэг шинжүүд багтана. Дээрхи бүх рентген шинжүүд нь сегмент дэлбэн болон нэг уушгийг бүхэлд нь хамарсан ателектазын үед илрэх ба харин дэлбэнцэр болон цулцангийн ателектазын үед уушгинд жижиг голомтот сүүдрүүд тодорхойлогдох ба энэ хэлбэрийг хатгааны нэвчдэст сүүдрээс ялган оношлох шаардлагатай болдог.
Ателектазын үйл ажиллагааны шинж. Гуурсан хоолойн том салаа бөглөрсөн үед рентген харалт хийж оношлохдоо шинжлүүлэгчийг гүн амьсгал авахуулахад голтын эрхтнүүд эмгэг тал руу шилждэг ба үүнийг
Гольцнехта- Якобсоны шинж гэдэг.
 

 

Ном зүй

1. Веретенникова В - _1а~иро И.А. Дифференциальная рентгенодиагностика ателектазов в ра-ном периоде после операций на легких. Вестник рентгенологий и рад.юлогий 1976: 11
2. Гинзбург М.А., Киношенко Ю.Т. Синдромная рентгено-диагностика заболеваний легких. 1987: 75-76
3. Дьяченко В.А. Рентгено-диагностика заболеваний внутренных органов.1967г
4. Кишковский А.Н.,Тютин Л.А. Неотложная рентгенодиагностика.1989: 432
5. Михайлов A.M.- Справочник по рентгенодиагностика. 1980
6. Розенштраух и др. Рентгенодиагностика заболеваний органов дыхания.1987: 56
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2668
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК