Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 16(9-1)
ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ХӨДЛӨЛ БОЛОН ЗАН ҮЙЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ SDQ АСУУМЖИЙН АРГААР ИЛРҮҮЛСЭН СУДАЛГААНЫ ДҮН
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ
Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал дэлхий дахинд эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэсэг болж байна. Өнөөдөр дэлхий дахинаа бүх хүүхдийн 20% нь буюу тавны нэг нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байгаа бөгөөд ихэнх сэтгэцийн эмгэг хүүхэд, өсвөр насанд эхлэн илэрдэг байна гэсэн ДЭМБ-ын тооцоо судалгаа байна. ДЭМБ-ын 2001 оны Эрүүл мэндийн тайланд дурдсанаар 9-17 насны хүүхдийн дунд сэтгэл түгших эмгэг 13%, зан үйлийн эмгэг 10.3%, сэтгэл хөдлөлийн эмгэг 6,2% тус тус зонхилон тохиолддог байна.
Хүүхэд, өсвөр үеийнхэнд сэтгэцийн хүнд болон хөнгөн хэлбэрийн эмгэг нь 5 хүүхэд тутмын 1-т тохиолддог (Brandenburg, Friedman, & Silver, 1990; McDermott & Weiss, 1995) бөгөөд бага сургуулийн насанд хөвгүүдэд, өсвөр насанд  охидод  сэтгэцийн эмгэг илүү их тохиолдож байна (Zahn-Waxler, 1993). АНУ-д анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг нь сургуулийн насны хүүхдүүдийн дунд 5-8%-ийг эзэлдэг.
Хүүхдийн зан үйлийн эмгэгийн тархалт нь 5-20%, хөвгүүдэд 6-16%, охидод 2-9% буюу хөвгүүдэд охидыг бодвол илүү, газар нутгийн хувьд хөдөөг бодвол хотод илүү тохилдож байна (Searight, 2001, Scott,2007). Манай оронд өсвөр үеийнхний хэрэгцээг тодорхойлох судалгаагаар тэдний 25.7% нь ганцаардал болон сэтгэл гутралд ордог, 6-11-р ангийн сурагчдын 70.6% нь согтууруулах ундааг ямар нэг хэмжээгээр хэрэглэсэн, тэдгээрийн 86.8% нь хортой үр дагавар өгөхүйц хэмжээнд, 8.5% нь аюултай хэмжээнд хэрэглэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 1999-2002 онд хийгдсэн “Амиа егүүтгэхийг завдсан, амиа егүүтгэсэн тохиолдлын тархвар судалгаагаар 10-17 насны хүүхэд нийт судалганд хамрагдагсадын 10.3% байсан бөгөөд үүнээс амиа хорлох оролдлого 11.4%, амиа егүүтгэсэн нь 8.2%-ийг тус тус эзэлж байсан.
Монгол улсад 2005 онд Сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоог ДЭМБ-ийн аргачлалаар үнэлэхэд “Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй байна. Цаашид хүүхэд, өсвөр насныханд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ явуулах, мэргэжлийн чадамжийг хөгжүүлэхэд  онцгой анхаарах хэрэгтэй байна” гэсэн нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм.
ЗОРИЛГО
Хүүхдэд зонхилон тохиолддог сэтгэл хөдлөл болон зан үйлийн тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг судлахад оршино.
ЗОРИЛТ 
1. Хүүхдэд зонхилон тохиолдох сэтгэл хөдлөл болон зан үйлийн тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх 
2. Хүүхдэд зонхилон тохиолдох сэтгэл хөдлөл болон зан үйлийн тулгамдсан асуудал үүсэхэд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг тодорхойлох
АРГА, АРГАЧЛАЛ
Судалгаанд Монгол улсын 11 аймгийн 46 сум, Улаанбаатар хотын 5 дүүргийн 4-16 настай хүүхдүүдээс санамсаргүйгээр сонгогдсон 4-17 насны 3500 хүүхэд хамрагдлаа. Хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх, судлах судалгаанд Улаанбаатар хот болон Төв, Баруун, Зүүн, Хангайн бүсийн аймгууд, эрэгтэй ба эмэгтэй, 4нас-10нас, 11нас-17насны хүүхдийг төлөөлж чадахуйц байхаар олон үет санамсаргүй түүврийн аргаар сонгож авсан
Судалгаанд хамрагдсан 4-17 настай хүүхдийн сорилыг асрамжлагч болон хүүхэд бүрээс авсан. Үүнд: Хэрвээ хүүхэд 4-10 настай бол: хүүхдийн сэтгэл хөдлөл болон зан үйлийн тулгамдсан асуудлыг илрүүлэх “Strengths and Difficulties Questionnaire (SDQ)’’ 25 асуулт бүхий сорилыг асрамжлагч бүрээс авсан. (Асрамжлагчийн хувилбар)
Хэрвээ хүүхэд 11-17 настай бол: хүүхдийн сэтгэл хөдлөл болон зан үйлийн тулгамдсан асуудлыг илрүүлэх “Strengths and Difficulties Questionnaire (SDQ)’’ 25 асуулт бүхий сорилыг асрамжлагч бүрээс авсан. (Асрамжлагчийн хувилбар)
Хэрвээ хүүхэд 11-17 настай бол: хүүхдийн сэтгэл хөдлөл болон зан үйлийн тулгамдсан асуудлыг илрүүлэх “Strengths and Difficulties Questionnaire (SDQ)’’ 25 асуулт бүхий сорилыг хүүхэд бүрээс авсан. (Хүүхдийн хувилбар)
Үнэлгээ: Сорил нийт 40 оноотой байна. Үүнд:
Хэрвээ хүүхдийн хувилбарын нийт оноо 0-15, асрамжлагчийн хувилбарын нийт оноо 0-13 онооны хооронд байвал “Хэвийн хариу урвал” гэж үзнэ. Хэрвээ хүүхдийн хувилбарын  нийт оноо 16-19, асрамжлагчийн хувилбарын нийт оноо 14-16 онооны хооронд байвал “Завсрын” гэж үзнэ. Хэрвээ хүүхдийн хувилбарын нийт оноо 20-40, асрамжлагчийн хувилбарын нийт оноо 17-40 онооны хооронд байвал “Хэвийн бус хариу урвал” гэж үзнэ. Судалгааны боловсруулалтыг SPSS-17.0 программ ашиглан гүйцэтгэлээ.
ҮР ДҮН
Судалгаанд  4-17 насны нийт  3500 хүүхдээс судалгааг авсан боловч шаардлага хангасан 2920 (83.2%)-т судалгааны үр дүнг тооцож үзлээ. Үүнээс эрэгтэй-49,9%, эмэгтэй 50,1%-ийг тус тус эзэлж байлаа. Судалгаанд хамрагдсан асрамжлагчдын бүтцийг авч үзвэл 78,6% нь эмэгтэй, 21,4% нь эрэгтэй хүмүүс эзэлж байна. Асрамжлагчдын дундаж нас 39,2 боловсролын хувьд дийлэнх нь бүрэн дунд-40.3% болон дээд боловсролтой-25.6% хүмүүс хариулсан байна. Мөн асрамжлагчдын 42.7% нь мэргэжилгүй, 24.3% ажилгүй болон албан хаагч 22.5%, ажилчин-17.1%, хувиараа хөдөлмөр эрхлэгчид-17.8%-ийг тус тус эзэлж байна.  
Асрамжлагчдын 38.6% нь гэрт, 36.8% нь өвлийн байшинд, 23.3% нь орон сууцанд тус тус амьдарч байна. Судалгаанд хамрагдсан асрамжлагчдын ам бүлийн тоо 4-5 гишүүнтэй байсан бөгөөд өрхийн сарын дундаж орлого нь 572725.9-839112.8 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Хүүхдийн дундаж нас 10.9+- 4. Судалгаанд хамрагдсан 2920 хүүхдийн 382 /13%/ нь цэцэрлэгт, 2423 /82.9%/ нь сургуульд суралцдаг байна. Судалгаанд хүүхдийн сэтгэл хөдлөл болон зан үйлийн өөрчлөлт илэрч байгаагаар нь хэвийн, завсрын, хэвийн бус хариу урвал гэсэн 3 ангилалд хуваан үзлээ. SDQ сорилын асуулгыг асрамжлагч болон 11-17 настай хүүхдийн өөрийн үнэлгээнд нь дүн шинжилгээ хийж, сэтгэл хөдлөлийн шинж, төрх үйлийн шинжүүдээр нь задлан бичлээ
Сэтгэл хөдлөлийн шинж: Судалгаанд хамрагдсан 2920 хүүхдийн 1506 нь сэтгэл хөдлөлийн шинж хэвийн хариу урвалтай бөгөөд үүний 782 /51,9%/ нь хөвгүүд байхад, сэтгэл хөдлөлийн шинж завсрын 592 хүүхдийн 304 /51,4%/ болон сэтгэл хөдлөлийн шинж хэвийн бус хариу урвалтай 820 хүүхдийн 433 /52,8%/-ийг нь охид тус тус эзэлж байна. р<0.001
Насны хувьд сэтгэл хөдлөлийн шинж нь хэвийн болон завсрын хариу урвалтай  хүүхдийн 38,5-40%-ийг 11-15 насныхан, хэвийн бус хариу урвалтай 39,6%-ийг 6-10 насныхан тус тус эзэлж байна. р<0.001
Байршлын хувьд сэтгэл хөдлөлийн шинж хэвийн бус хариу урвалтай 44,5% нь хотынхон, хэвийн болон завсрын  хариу урвалтай 41,9-43,8%-ийг хөдөө суманд амьдардаг нь дийлэнх хувийг эзэлж байна. р<0.001 Төрх үйлийн шинж: Судалгаанд хамрагдсан 2920 хүүхдийн төрх үйлийн шинж хэвийн хариу урвалтай (53,4%) нь охид байхад,  завсрын /52,4%/ болон хэвийн бус хариу урвалтай /53,8%/-ийг нь хөвгүүд тус тус эзэлж байна. р<0.001 Насны хувьд төрх үйлийн шинж нь хэвийн 39,6% болон 
завсрын хариу урвалтай 43,5%-ийг 11-15 насныхан, хэвийн бус хариу урвалтай 33-38%-ийг 6-15 насныхан эзэлж байна. р<0.001
Байршлын хувьд төрх үйлийн шинж хэвийн бус хариу урвалтай 43,1% нь хотынхон, хэвийн болон завсрын хариу урвалтай 40,7-44,9%-ийг хөдөө суманд амьдардаг нь дийлэнх хувийг эзэлж байна.р<0.001 Хүүхдийн сэтгэл хөдлөл болон зан үйлийн тулгамдсан асуудал үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэх асуумжийн хариултыг дүгнэхэд хот, хөдөөд ялгаатай байлаа. Гэр бүлийн доторх маргаан будлиан хөдөөд “эцэг-эхийн хооронд”, хотод “хүүхэд-хүүхдийн хооронд” илүү үүсдэг байна. p<0.001 Хүүхдийн өөрөө шийдвэр гаргах оролцоо нь хотынхонд “өөрөө шийдвэр гаргадаг” болон “өөрийг нь оролцуулахгүйгээр шийдвэр гаргадаг” нь илүү байхад хөдөөд “насанд хүрэгчдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг” нь статистик магадлалтай байлаа.p<0.01
Хот болон аймгийн төвийн хүүхдүүд гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг үнэлэхдээ “миний саналыг эцэг, эх маань үргэлж хүндэлж үздэг”, би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг” гэж үнэлэхийн зэрэгцээ “эцэг эх маань намайг ойлгодоггүй” гэж хариулжээ. p<0.01
Харин сумын хүүхдүүд “эцэг эх маань намайг хайхардаггүй, ганцаарддаг, сэтгэл тайван биш байдаг, надаас ихийг шаарддаг” гэж үнэлэхийн зэрэгцээ “би өөртөө итгэлтэй байдаг” гэж хариулсан нь ялгаатай байлаа. p<0.05 
ДҮГНЭЛТ
1. Сэтгэл хөдлөлийн хэвийн бус хариу урвал нь 6-10 насны хотын охидод давамгайлан илэрч байна.
2. Төрх үйлийн хэвийн бус хариу урвал нь 6-15 насны хотын хөвгүүдэд давамгайлан илэрч байна.
 

 

Ном зүй

1. Бямбасүрэн С. Сэтгэцийн эмгэг судлал. 2007.р. 748-753
2. Доржжадамба Ш, Бямбасүрэн С, Орёл Н, Эрдэнэбаяр Л. Хорьдугаар зууны үеийн Монгол улс дахь сэтгэцийн эмгэгийн тархалтын байдал
3. Хишигсүрэн З, Туяа Най., Бямбасүрэн С, Аюушжав Б, Эрдэнэбаяр Л, Цэцэгдарь Г, Монгол улсын сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоог ДЭМБ-СЭМТҮА-аар үнэлсэн тухай тайлан. Улаанбаатар 2006. 9-10
4. SUMMARY REPORT “Asia-pacific community mental health development project” 2008.р.67
5. Хишигсүрэн З, Туяа Най, Бямбасүрэн С, Аюушжав Б, Эрдэнэбаяр Л, Цэцэгдарь Г, “Амиа егүүтгэхийг завдсан, амиа егүүтгэсэн тохиолдлын тархвар зүйг судласан нь” судалгааны ажлын тайлан. 2003. ДЭМБ, ЭМЯ
6. Эрүүл мэндийн анхны тусламжинд зонхилон тохиолдох сэтгэцийн өвчний оношлогоо, эмчилгээний удирдамж , Хишигсүрэн З, Туяа Нац, УБ 2004
7. Ustin T.B., Privett M., Costa e Silva J.A, болон бусад Mental disorders in primary care, 1998
8. “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний 2 дахь хөтөлбөр. УБ хот. 2009.х.4
9. Goodman R, Ford T, Simmons H, Gatward R, Meltzer H (2000) Using the Strengths and Difficulties Questionnaire (SDQ) to screen for child psychiatric disorders in a community sample. British Journal of Psychiatry, 177, 534-539.
10. Goodman R, Scott S (1999) Comparing the Strengths and Difficulties Questionnaire and the Child Behavior Checklist: Is small beautiful? Journal of Abnormal Child Psychology, 27, 17-24.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2162
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК