Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 16(9-1)
АСРАМЖИЙН ГАЗАРТ ХҮМҮҮЖИЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН БИЕ ХҮНИЙ ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТИЙГ СУДАЛСАН НЬ
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ
Манай орны хувьд сэтгэц оношилгоо харьцангуй залуу салбар ба судалгааны шинэ арга, аргачлал хийгээд монгол хүний сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээллийн сан хуримтлагдсаар байгаа билээ. Сэтгэц оношилгооны нэг чиглэл болох эмгэг сэтгэл судлалын шинжилгээнд одоогоор сэтгэцийн үзэгдэлд чанарын дүн шинжилгээ хийх аргачлалуудыг голчлон хэрэглэж байгаа бөгөөд мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалын хэрэглээг өргөтгөх, компьютерийн технологи ашиглах, хүүхдийн сэтгэц оношилгооны аргачлалууд нэвтрүүлэх зэрэг тулгамдсан олон асуудал байгаа юм. Асрамжийн газарт өсч хүмүүжиж буй хүүхдүүд гэр бүлтэйгээ цуг амьдардаг хүүхдүүдийг бодвол сэтгэцийн гэмтэл авсан байх магадлал өндөр, нөгөө талаар хувь хүний сэтгэцийн чанарт өөрчлөлт орох хандлагатай байдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг. Ингээд, асрамжийн газарт хүмүүжиж буй 45 хүүхдийн бие хүний үзүүлэлтүүдийг HSPQ аргаар, түгшүүрт чанарыг Спилбергер-Ханины тестээр судалсан судалгааны үр дүнг танилцуулж байна.
ЗОРИЛГО
Асрамжийн газарт хүмүүжиж буй хүүхдүүдийн бие хүний зарим онцлогийг судлан илрүүлэхэд чиглэнэ. 
ЗОРИЛТ
Бие хүний үзүүлэлтүүдийг Кеттелийн хүчин зүйлийн асуулгын өсвөр насны хүүхдэд зориулсан хувилбараар (HSPQ) судлах. Нөхцөл байдлын болон бие хүний түгшүүрийг судлах.
АРГА, АРГАЧЛАЛ
Судалгааны хамрах хүрээ: Асрамжийн газарт хүмүүжиж буй 45 хүүхэд.
Мэдээлэл цуглуулсан арга: Судалгаанд HSPQ тестийн компьютерийн хувилбар, Спилбергер-Ханины тестүүдийг ашиглан, үр дүнг SPSS 21.0 программыг ашиглан категорийн хувьсагчуудын хоорон дахь ялгааг Пийрсоны χ2 тестээр,  тэдгээрийн хоорондын хамаарлыг энгийн логистик регрессийн аргаар тус тус боловсруулав.
HSPQ сорил: Америкийн сэтгэл зүйч Р.Кеттел анх 1949 онд бие хүний үзүүлэлтүүдийг 16 хүчин зүйлээр хэмжих асуулгаа хэвлүүлж байсан бөгөөд үүнээс хойш сэтгэц оношилгооны салбарт үнэ цэнээ алдаагүй байна. Уг тестийг сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх ухаан, бизнесийн болон сэтгэцийн эмгэгийн практикт өргөн хэрэглэдэг. Тестийн баталгаат чанарын кэоффициентийг 0.71-0.91 болохыг тогтоосон байна. Сэтгэц оношилгооны хөгжлийн түүхээс харахад 19631970 онд анх компьютерийн технологи нэвтрэх болсон ч манайд 2000 он гарсаар хэрэглэж эхэлсэн байдаг. Энэ нь судлаачийн гараар хийх ажиллагааг хөнгөвчлөх, үр дүнг богино хугацаанд боловсруулахын зэрэгцээ хамгийн гол нь судлуулагчийн судалгааны үр дүнд итгэх чанарт сайнаар нөлөөлдөг байна. 16PF тестийн өсвөр насны хүүхдэд зориулсан хувилбар нь (HSPQ) нийт 142 асуулттай бөгөөд үр дүнг компьютерийн програмд боловсруулдаг. Энэ аргаар бие хүний дараах хүчин зүйлийг (бие хүний шинж чанар) хэмжин илрүүлдэг.
A – нийтэч, нээлттэй зан
B – оюун ухаан C–сэтгэлийн хөдөлгөөний тогтворжилт
D - тэвчээр
E – бие даасан байдал
F – эрч хүч, идэвх
G – хариуцлагатай чанар
H – шийдэмгий зоримог зан
I – уян зөөлөн зан
O – өөрийгөө үнэлэх үнэлэмж
Q3 – зан байдлаа хянах чадвар
Q4 – сэтгэл зүйн ачаалал
Спилбергер–Ханины сорил: Энэхүү тест нь хүний сэтгэлийн түгшүүрийн хэмжээг илэрхийлэх найдвартай хийгээд мэдээлэл өндөртэй, олон улсад дэлгэрсэн, психоанализын оношлогооны аргын нэг юм. Хүний сэтгэлийн түгшүүрийг стрессээс бий болсон ба төрөлхийн гэж хоёр ангилдгийн алиныг нь ч хэмжих боломжтой гэж зөвхөн ганц энэ тестийг л 8 жилийн турш боловсруулсан АНУ-ын сэтгэлзүйч Spielberger C. D боловсруулсан бөгөөд уг тест нийт 40 бодомжоос бүрдэх ба эхний 20 бодомж нь стрессээс үүссэн буюу нөхцөл байдлын, дараах 20 бодомж нь төрөлхийн буюу бие хүний түгшүүрийг судлан илрүүлэхэд зориулагдсан болно.
ҮР ДҮН
Судалгаанд хамрагдагчдын талаар ерөнхий мэдээлэл: Бидний судалгаанд асрамжийн газарт хүмүүжиж буй 9-18 насны, 22 эрэгтэй, 23 эмэгтэй, нийт 45 хүүхэд хамрагдсан.
Бие хүний шинж чанарын үзүүлэлт: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн бие хүний шинж чанарын нэгдсэн үзүүлэлтийг авч үзье (хүснэгт 1).
Бие хүний үзүүлэлтүүдийг нэгтгэсэн дээрх хүснэгтээс харахад хүүхдүүдийн 8.9% нь хийсвэр сэтгэхүйн хөгжил сайтай, 91.1% нь сэтгэхүйн хөгжил дундаж буюу сул түвшинд байна. Нэгэн сонирхол татсан үзүүлэлт илэрч байгаа нь хүүхдүүдийн 60% нь өөрийн сэтгэлийн хөдөлгөөн, зан байдлыг хянах чадвар сайтай байв. Түүнчлэн 55.6%-д уян зөөлөн, ургуулан бодох хандлага, санаагаар өвдөх магадлал бүхий шинжүүд илэрч байна. Хүүхдүүдийн 51.1% нь бие даасан бус, даган дуурайх хандлагатай, захирагдамтгай хэв шинж илэрч байгаа нь анхаарал татсан үзүүлэлт болж байна.
Бие хүний үзүүлэлтүүд өөр хоорондоо хамааралтай эсэхийг судлан үзэв. Мэдэгдэхүйц хэмжээний хамааралтай үзүүлэлтүүдийг дараах хүснэгтээр харууллаа (хүснэгт 2).
Сэтгэл зүйн хувьд ачаалал ихтэй байх нь дотогш чиглэсэн зан байдал, өөрийгөө буруутгах хандлага зэргээс хамаарч байгаа бол, зоримог дайчин бус чанар нь хүүхдийг өөрийгөө буруутгах мэдрэмжигд нөлөөлдөг байна.
Асрамжийн газрын хүүхдүүдийн түгшүүрт чанарын үзүүлэлт: Асрамжийн газрын хүүхдүүдийн хувьд нөхцөл байдлын түгшүүр 34.1 хувь нь их, 12.2 хувь нь бага байсан бол, бие хүний түгшүүрт чанар 36.6 хувьд өндөр, 7.3 хувьд нь бага байв (зураг 1).
Бие хүний түгшүүр нь нөхцөл байдлын түгшүүрт чанараас гадна нээлттэй нийтэч байдалтай мэдэгдэхүйц хэмжээний хамааралтай байв.
ХЭЛЦЭМЖ
Бид энэхүү судалгаагаараа асрамжийн газарт хүмүүжиж буй хүүхдүүдийн бие хүний зарим шинж чанарын онцлог болоод сэтгэл түгшилтийн түвшнийг судалсан юм. Судалгааны дүнгээс харахад хүүхдүүдийн 33.3% нь үг дуу цөөн, дотогш чиглэсэн хандлагатай байв.
Энэ зан чанар нь хүүхдэд сэтгэлийн тэнцвэр сул, хүчин мөхөсдсөн мэт мэдрэмж үүсгэдэг, зүүд нойрны асуудалтай байх (C), сэтгэл зүйн ачаалал ихтэй байх, ядрах (Q4); өөрийгөө бусдаас доогуур үнэлэх, голох (O) зэрэг үзүүлэлтэд нөлөөлсөн дүр зураг харагдаж байна. Мөн хүүхдүүдийн хувьд бие хүний түгшүүр нь нөхцөл байдлын түгшүүртэй харьцуулахад яльгүй өндөр үзүүлэлт илэрч байна. 
 Өөрөөр хэлбэл түгшүүр нь хэвийн хэмжээнээс их үзүүлэлт хүүхдүүдийн 36.6%-д илэрч байгаа юм. Түгшүүр багатай хүүхдийн тоо хэт бага (7.3%) байсан үзүүлэлтүүд нь асрамжийн газар өсч буй хүүхдүүдийн хувьд түгшүүрийг багасгах, нээлттэй илэн далангүй, бие даасан болгоход чиглэсэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд цаашид анхаарах цаг нь болсон байгааг харуулж байна. Тиймээс цаашид хийх судалгааны ажлуудыг эцэг эхтэйгээ амьдарч буй хүүхдүүдийн бие хүний онцлогтой харьцуулан судлах шаардлагатай байна.   
ДҮГНЭЛТ
Асрамжийн газрын хүүхдүүдийн бие хүний үзүүлэлтүүдийг Кеттелийн хүчин зүйлийн асуулгын өсвөр насны хүүхдэд зориулсан хувилбараар (HSPQ) судлахад 50-аас илүү хувь нь өөрийн зан байдал болон сэтгэлийн хөдөлгөөнийг хянах чадвартай ч бусдаас хамааралтай, бие даасан бус, даган дуурайх хандлагатай, захирагдамтгай; уян зөөлөн сэтгэлтэй, ургуулан бодох хандлага бүхий шинжүүд давамгайлан илэрч байна.
Асрамжийн газар өсч буй хүүхдүүдийн хувьд түгшүүр багатай хүүхдийн тоо хэт бага (7.3%) байгаа нь хүүхдүүдийг нээлттэй илэн далангүй, бие даасан болгоход чиглэсэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарах цаг болжээ.
 
Ном зүй

1. А.А Рукавишников, М.В.Соколова. Факторный личностный опросник Кеттела. М.,2006
2. Н.Орёл, Д.Цогзолмаа. Эмгэг сэтгэл судлал, сэтгэц физиологийн зарим үндсэн шинжилгээг эмнэл зүйн практикт хэрэглэх арга зүй. –УБ.,2006
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2038
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК