Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 16(9-1)
АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНДАХ СЭТГЭЛ ГУТРАЛ БОЛОН ТҮРЭМГИЙ ТӨРХ ҮЙЛИЙН ИЛРЭЛИЙН ХАМААРЛЫГ СУДАЛСАН ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ
Өсвөр насны хүүхдүүдийн дунд элбэг тохиолддог боловч төдийлөн ил гаргаж яриад байдаггүй тулгамдсан асуудлын нэг бол бие биенээ дээрэлхэх төрх үйл буюу үе тэнгийнхний хүчирхийлэл юм. 1990-ээд оны эхэн үеийн судалгаануудаас үзвэл ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын 10 хүүхдийн нэг нь ойролцоогоор хүчирхийлэлд өртдөг гэжээ.
Мөн хөвгүүдийг охидтой харьцуулахад хүчирхийлэлд өртөх эсвэл хүчирхийлэл үйлдэх нь илүү байдаг бөгөөд бага болон дунд ангийн сурагчдын дунд ойролцоо тархалттай байдаг байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд цахим харилцааны хүчирхийлэл (cyberbullying) илүү их тохиолдох болжээ. Цахим харилцааны хүчирхийлэл гэдэг нь интернэтээр, гар утасны мессэжээр дамжуулан бусдыг дарамтлах, доромжлох зэрэг төрх үйлүүдийг хэлдэг.
Австралийн “Гэр бүлийн эмч” сэтгүүлийн 2011 оны 3 дугаар сарын мэдээнээс үзвэл Америкийн нэгдсэн улсын 8-15 насны хүүхдүүдийн дундах үе тэнгийнхний хүчирхийллийн тархалтын түвшин нь арьс өнгөөр ялгаварлах байдал, бэлгийн хүчирхийлэл, архи, мансууруулах бодисын хэрэглээ зэргээс илүү хүчтэй тулгамдсан асуудал болж байна гэжээ. Мөн Австрали улсад (1996) хийгдсэн судалгаагаар 6 хүүхэд тутмын нэг нь 7 хоног бүр ямар нэгэн дарамтанд өртдөг гэсэн бол Швед улсад хийсэн судалгаанд өсвөр насны хүүхдүүдийн нийт 15% нь үе тэнгийнхний хүчирхийлэлд өртдөг гэжээ. Австралийн засгийн газраас үндэсний хэмжээний 124 сургуулийн 7000 хүүхдийг хамруулж хүчирхийллийн байдлыг үнэлсэн судалгааны дүнгээс үзвэл дунд ангийн төгсгөл үед үе тэнгийнхний хүчирхийлэл дээд цэгтээ хүрдэг бөгөөд тэдний 32% нь хохирогчид байдаг гэж мэдээлжээ. Хэвлэлийн тоймуудаас харахад үе тэнгийнхний хүчирхийллийг дараах байдлуудаар хувааж үздэг байна. Үүнд:
• Бие махбодын хүчирхийлэл: бусдыг цохиж зодох, хатгах ёврох, түлхэх мөн эд зүйлсийг нь булаах, эвдэн сүйтгэх гэх мэт зэрэг ордог.
• Үг хэлээр үйлдэх хүчирхийлэл:  бусдад нэр хоч өгөх, хочилж дуудах, хэл амаар доромжлох, хараах зүхэх гэх мэт
• Олон нийтийн дунд ичгэвтэр байдалд оруулах: худал цуу тараах, гутаан доромжлох, гүтгэх, доог тохуу, тоглоом шоглоом хийх, даган дуурайх байдлаар шоолох гэх мэт
• Сэтгэлзүйн хүчирхийлэл: айлган сүрдүүлэх, голж доромжлох, нэр төрийг нь гутаах, хүний эрхийг нь үгүйсгэх, зальдаж хуурах гэх мэт
• Цахим харилцааны хүчирхийлэл: техник технологи ашиглан бусдыг дарамтлах (жнь:утсаар ярих, и-мэил, гар утасны мессэж, чат, social networking sites) гэх мэтээр олон хэлбэрүүдэд хувааж үздэг байна.
Үе тэнгийнхний хүчирхийлэл нь томчуудын нүдээр харахад бага залуу насанд тохиолдож  богино хугацаатай үргэлжилдэг энгийн зүйл мэтээр харагддаг хэдий ч энэхүү түрэмгийллийн алсын үр дагавар нь хоруу чанар өндөртэй, архаг явцтайгаар үргэлжилдэг, хувь хүний амьдралын чанарыг эрс доройтуулдаг өөртөө итгэлгүй байдлыг үүсгэж нийгмийн айдас, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал зэрэг олон эмгэгийг үүсэхэд ихээхэн нөлөөлдөг байна.
Аливаа хүчирхийлэл нь хүчирхийлэл үйлдэгч ба хохирогч гэсэн 2 хэсгээс бүрддэг. Гэтэл нийгэмд ихэвчлэн үе тэнгийнхний хүчирхийллийн хохирогчдыг илүүтэй анхаарахаас биш тухайн хүчирхийллийг үйлдэж буй түрэмгий төрх үйлтэй хүүхдүүдийг яагаад хүчирхийлэл үйлдэж байгааг өөрөөр хэлбэл тэдний сэтгэлзүй ямар байдалтай байгааг төдийлөн анзаардаггүй байна.
Сүүлийн үед судлаачдын анхаарлыг татаж байгаа нэг зүйл бол түрэмгийлэл үйлдэж байгаа хүүхдүүд яагаад түрэмгий авир гаргах болсон шалтгаан юм. Судлаачдын үзэж байгаагаар түрэмгий авирлагч хүүхдүүд дарамтлуулж буй хүүхдүүдээс илүү сэтгэл гутрал, амиа хорлох бодолтой байдаг гэсэн мэдээллүүд их байна. Харин  манай оронд үе тэнгийнхний хүчирхийллийн талаар хийгдсэн судалгаа цөөн байдаг төдийгүй түрэмгийлэл үйлдэж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг нь хөндсөн томоохон судалгааны ажил бараг хийгдээгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон юм.
ЗОРИЛГО
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дундах сэтгэл гутрал болон түрэмгий төрх үйл үйлдэл, тэдгээрийн хамаарлыг судлах
ЗОРИЛТ
• Ахлах ангийн сурагчдын сэтгэл гутралын түвшинг үнэлэх
• Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн үе тэнгийхэндээ гаргаж буй түрэмгий төрх үйлийг үнэлэх
• Ахлах ангийн сурагчдын дундах сэтгэл гутрал болон түрэмгий төрх үйлийн илэрлийн хоорондын хамаарлыг судлах
АРГА, АРГАЧЛАЛ
Бид уг судалгааг агшингийн судалгааны загвар ашиглан судалгаанд хамрагдсан сургууль болон анги, сурагчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгож гүйцэтгэв. Судалгаанд 2014 оны 10 сарын 6-аас 2014 оны 10 сарын 13-ны хооронд ерөнхий боловсролын 3-н сургуулийг хамруулсан. Үүнд: Орчлон дунд сургууль, 1-р сургууль, 13-р сургуулиудын ахлах ангийн 1318 насны 170 сурагчдаас 4 хэсэг бүхий 53 асуулттай асуумжаар судалгааг авсан боловч судалгааны картыг дутуу бөглөсөн 3 хүүхдийг хасаж нийт 167 сурагчийг судалгаандаа хамруулсан. Судалгааны асуумжийн бүтэц  I хэсэгт  ерөнхий хэсэг буюу хүн амзүй ба нийгмийн мэдээлэл (гэр бүлийн байдал, компьютер, хорт зуршлын хэрэглээний байдал гэх мэт), II хэсэг нь  сэтгэл гутралыг нийт 20 асуулт бүхий CES-D асуумж, III хэсэгт:  11 асуулт бүхий Aggression scale 1-ээр сүүлийн 7 хоногт илэрсэн төрх үйлийн өөрчлөлтийг  үнэлэх асуумж, IY хэсэгт сүүлийн 30 хоногийн дотор илэрсэн төрх үйлийн өөрчлөлт болон сөрөг сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг үнэлэх 7 асуулт бүхий Aggression scale 2 асуумжаар тус тус үнэлсэн болно.
Асуумжуудыг үнэлэх шалгуур:
• CES-D сорилд 1-14 оноо авбал сэтгэл гутралгүй боловч түр зуурын хариу урвал, 15-21 оноо авбал дунд зэргийн сэтгэл гутрал, 22-с дээш оноо авбал гүнзгий сэтгэл гутрал • Aggression scale 1- ийн хариултанд 12-оос дээш оноо авсан бол төрх үйлийн өөрчлөлттэй хэмээн үнэлсэн.
• Aggression scale 2-ын үед 0-2 оноо авбал төрх үйлийн өөрчлөлтгүй, 2-5 оноо авбал дунд зэрэг, 5-аас дээш оноо авбал төрх үйлийн өөрчлөлт хүнд хэлбэрээр илэрсэн гэж үнэлсэн.
Тайлбар:
Aggression scale-д түрэмгий үйл үйлдсэн эсэхийг дараах асуумжаар үнэлдэг. Үүнд:
1. Бусдыг уурлуулахын тулд тэднийг шоглосон
2. Хэн нэгэн цохиход эргүүлээд цохисон
3. Бусдыг уриалж зодолдуулсан
4. Бусдыг түлхсэн
5. Бусдыг зодно эсвэл цохино шүү гэж сүрдүүлдэг
6. Бусдыг муухайгаар нэр, хоч өгч дуудсан
7. Хэн нэгнийг алгадсан эсвэл өшиглөсөн
8. Уурлахаараа зодолдсон
9. Бусад хүүхдийн талаар муу, муухай зүйлс ярьж бусдыг инээлгэсэн
10. Бусад хүүдүүдийг зодно шүү, өвтгөнө шүү, ална шүү гэж сүрдүүлсэн
11. Уураа гэмгүй хүнд гаргадаг
12. Өдрийн ихэнхи үед ууртай байсан
13. Маш амархан уурласан гэх мэт зүйлсээс сүүлийн 1 сарын дотор 2-5-ыг нь үйлдсэн бол дунд зэргийн түрэмгийлэл үйлдсэн гэж үнэлдэг бол 6 ба түүнээс олон удаа дээрх түрэмгий үйлдлүүдийг үйлдсэн бол хүнд хэлбэрийн түрэмгийлэл үйлдсэн гэж үнэлдэг.
Судалгааны боловсруулалтыг SPSS 21.0 программыг ашиглан категорийн хувьсагчуудын хоорондын ялгааг Пийрсоны χ2 тестээр, тэдгээрийн хоорондын хамаарлыг энгийн логистик регрессийн аргаар, оношлогоо эмчилгээний хожимдлын дундаж хугацааг уг эмгэгийн анх эхлэн илэрсэн хамшинжтэй  нь холбож хамаарлыг Independent-samples T test-ээр тус тус тооцов. Хувьсагчуудын дундаж тооны хэлбэлзлэлийг стандарт алдааны дунджаар илэрхийлсэн. 
ҮР ДҮН
Бидний судалгаанд ерөнхий боловсролын I сургуулийн 98(58.7%), XIII сургуулийн 26(15.6%), Орчлон сургуулийн 43(25.7%)  13-17 насны эрэгтэй 84 (50.3%), эмэгтэй 83 (49.7) нийт 167  сурагч хамрагдсаны дундаж нас  14.7±0.1 байв.
Хүснэгт 1-ээс харахад эрэгтэй эмэгтэй хүйсийн хүүхдүүд ойролцоо хамрагдсан байгаа бөгөөд 14-15 насны хүүхдүүд арай түлхүү хамрагдсан байгаа ч нас хүйсийн хувьд онцын ялгаа байсангүй. Сургуулиудаас харвал 1 дүгээр сургуулийн хүүхдүүд түлхүү хамрагдсан байлаа. 
 Хүүхдийн хүмүүжлийн байдлыг нь судалж үзэхэд судалгаанд хамрагдагсдын 149 (89.2%) нь өв тэгш, 5 (2.9%) нь хатуу гарын, 8(4.8%) хэт эрхлүүлдэг, хараа хяналтгүй 3 (1.8%), амьдрал ярьдаг 1 (0.6%) зэрэг хүмүүжлээр хүмүүжсэн  гэж өөрсдийгөө үнэлсэн бол өөрийгөө өв тэгш хүмүүжилтэй гэж үнэлсэн 149 хүүхдийн 24 нь дунд зэргийн, 20 нь гүнзгий сэтгэл гутралын шинж илэрсэн ба эдгээр өв тэгш хүмүүжилтэй хүүхдүүдийн 24 (16%) нь сүүлийн 7 хоногт түрэмгий төрх үйл гаргасан байлаа.
Харин амьдралын тухай ярьж хүмүүжүүлсэн 1 хүүхэд, хараа хяналтгүй өсгөсөн 2 хүүхэд нь гүнзгий сэтгэл гутралын шинжтэй бөгөөд эдгээр хүүхдүүд нь бүгд сүүлийн 7 хоногт түрэмгий төрх үйл гаргасан байв. Гэтэл хатуу гарын хүмүүжлээр хүмүүжсэн нийт 5 хүүхэд нь сэтгэл гутралын шинжгүй байсан бөгөөд сүүлийн 7 хоногт түрэмгий төрх үйл гаргаагүй байсан. Дээрх үзүүлэлтүүд нь статистик ач холбогдол бүхий (p утга 0.000) хамааралтай байлаа. Судалгаанд хамрагдагсдын сэтгэл гутралын шинжийг CES-D асуумжаар шалгаж үзэхэд сүүлийн 7 хоногийн дотор сэтгэл гутралын шинж огт илрээгүй (0-оноо авсан) 5.4% (n=9), 1-2 хоногоор сэтгэл гутралын тур зурын хариу урвал илэрсэн (15-аас бага оноо авсан) 65.3% (n=109), дунд зэргийн сэтгэл гутралын шинж илэрсэн (15-21оноо авсан) 15% (n=25), гүнзгий сэтгэл гутралын шинж илэрсэн (21-ээс дээш оноо авсан) 14.4% (n=24)-ийг тус тус эзлэж байлаа. 
Харин судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн гаргаж байгаа түрэмгий төрх үйлийн онцлогийг 7 асуумжаар сүүлийн 7 хоногийн байдлыг судалж үзэхэд  82.6% (n=138) нь ямар нэгэн түрэмгий төрх үйл гаргаагүй байсан бол 16.8% (n=28) нь ямар нэг хэмжээгээр хэн нэгэн хүнд түрэмгий хэрцгий төрх үйл гаргасан байлаа. Ийм учраас бид сүүлийн 1 сарын дотор түрэмгий төрх үйл гаргасан эсэхийг судалгаанд хамрагдагсдаас тодруулж асуухад 28.7% (n=48) нь түрэмгий төрх үйл гаргаагүй гэсэн бол 29.9% (n=50) дунд зэргийн, 41.3% (n=69) нь өндөр зэргийн  түрэмгийлэл үйлдсэн байлаа.
Дээрх зургаас харахад Орчлон сургуулийн хүүхдүүдийн сэтгэл гутралын онооны дундаж (16.4±1.3), сүүлийн нэг сарын түрэмгий төрх үйлийг илрүүлэх онооны дундаж (7.4±0.7) зэрэг нь бусад 2 сургуулиасаа их байсан бол 13 дугаар сургуулийн хүүхдүүдийн дунд сүүлийн 7 хоногийн доторх түрэмгий төрх үйлийг илрүүлэх онооны дундаж (9.2±1.9) нөгөө 2 сургуулийнхаасаа бага зэрэг илүү байсан юм. Эдгээр дунджуудын зөрөөг Independent-Samples T test-ээр хамаарлыг нь шалгаж үзэхэд статистик ач холбогдолгүй өөрөөр хэлбэл сургуулиудын ялгаатай байдал нь ямар нэг хамааралгүй байлаа.
Харин бид сэтгэл гутралын байдал ба түрэмгий төрх үйл хоёрын хоорондын хамаарлыг шугаман регрессийн шинжилгээгээр шалгахад сэтгэл гутралыг илрүүлэх CES-D сорилын оноо 1-ээр нэмэгдэхэд сүүлийн долоо хоногийн түрэмгийллийг илрүүлэх сорилын оноо 0.33 өсдөг болох нь 28%-иар тайлбарлагдаж байгаа бол сүүлийн 1 сарын хугацаанд түрэмгий төрх үйл үйлдэх боломж нь 0.84-өөр  өсдөг болох нь 40%-тай харагдаж байна. Эндээс харахад сэтгэл гутралын шинж ихсэх тусам түрэмгий төрх үйл гаргах эрсдэлт холбоотойгоор нэмэгддэг болох нь статистик ач холбогдол  (p утга 0.000) бүхий батлагдав.   
Нийт судалгаанд хамрагдагсдын дунд компьютер тоглоом тоглодог 43.7% (n=73), тоглодоггүй 56.3% (n=94) байсан.  Харин бид компьютер тоглоом тоглодог нийт 73 хүүхдийн нэг хоногт тоглодог тоог судалж үзэхэд хамгийн их нь 10 удаа тоглодог 1 хүүхэд байсан бол 4 удаа тоглодог 3, 3 удаа тоглодог 10, 2 удаа тоглодог нь 17, өдөртөө 1 удаа тоглодог 42 хүүхэд тус тус байв.  Мөн тэдгээр хүүхдүүдийн нэг өдөрт тоглодог цагийг нь судалж үзэхэд 1 цаг хүртэл 36.4%(n=28), ойролцоогоор 
2 цаг 34.3%(n=25), 3 ба түүнээс дээш цаг 21.9%(n=16) нь тоглодог гэсэн өгүүлэмжтэй байлаа. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 15.6% нь тамхи татаж үзсэн гэсэн бол дөнгөж 3% (n=5) нь тамхи тогтмол хэрэглэдэг гэсэн өгүүлэмжтэй байлаа. Гэхдээ тамхи тогтмол татдаг 5 хүүхдийн 2 нь дунд зэргийн, 2 нь гүнзгий сэтгэл гутралтай байв.  Архины хэрэглээг судалж үзэхэд нийт хүүхдийн 14.4% нь амсаж үзсэн бол 0.6% (n=1) нь архи уудаг гэсэн өгүүлэмжтэй байлаа. Архи уудаг гэсэн 1 хүүхэд нь тамхи татдаг байсан бөгөөд  дунд зэргийн сэтгэл гутралтай хийгээд сүүлийн 7 ба 30 хоногийн дотор түрэмгий төрх үйлийг илүү ихээр үйлдсэн байлаа. 
ХЭЛЦЭМЖ
Бид энэхүү судалгаагаараа ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд сэтгэл гутрал болон түрэмгий төрх үйлдэл гаргах байдлын хоорондын харилцан хамаарлыг судлахыг зорьсон билээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн гаргаж байгаа түрэмгий төрх үйлийн онцлогийг судлаж үзэхэд сүүлийн 7 хоногийн байдлаар 16.8% (n=28) нь ямар нэг хэмжээгээр хэн нэгэн хүнд түрэмгий хэрцгий төрх үйл гаргасан нь тогтоогдсон бол сүүлийн 1 сарын дотор 29.9% (n=50) дунд зэргийн, 41.3% (n=69) нь хүндзэргийн түрэмгий төрх үйл үйлдсэн байсан бол сэтгэл гутралын шинжийг CES-D асуумжаар шалгаж үзэхэд судалгаанд хамрагдагсдын 15% (n=25)-д дунд зэргийн, 14.4% (n=24)-д нь гүнзгий сэтгэл гутралын шинж илэрсэн байлаа. Эндээс харахад судалгаанд хамрагдсан 13-17 насны хүүхдүүдийн  дунд сэтгэл гутралын шинж илрээгүй хүүхдийн эзлэх хувь маш бага байгаа нь хүүхдүүд стресст ихээр өртөж байгааг харуулж байна. Мөн хүнд болон дунд зэргийн сэтгэл гутралын шинж 30 орчим хувьд нь илэрч байгаа нь бага тоо биш юм. Энэ нь хүүхдүүдэд тохиолдож байгаа стрессийн хүч их байгааг харуулж байж болох юм гэж үзлээ. Бидний судалгааны дээрхи үр дүнг гадны  судлаачдын судалгааны дүнтэй ойролцоо гарч байна. Тухайлбал: Wienke Totura et.al-ын 2010 онд Малайз улсад хийгдсэн судалгаанд түрэмгий төрх үйл үйлддэг хүүхдүүдэд сэтгэл гутралын шинжих илэрдэг гэсэн бол Ikechukwu Uba, Siti Nor Yaacob et.al нарын 2011 оны Финлянд улсад хийгдсэн судалгаанд сэтгэл гутрал болон түрэмгий авир, төрх үйлийн хооронд эерэг хариу урвал үүсдэг бөгөөд сэтгэл гутралын түвшин хэдий чинээ өндөр байна, төдий чинээ түрэмгий төрх үйл гаргах байдал их байдаг гэсэн үр дүнтэй бидний судалгаанд гарсан  сэтгэл гутралын шинж ихсэх тусам түрэмгий төрх үйл гаргах эрсдэл нэмэгдэх хандлагатай  байгаа нь статистик ач холбогдолтой (p утга 0.000) байна  гэсэн үр дүн нийцэж байна. 
ДҮГНЭЛТ
Ахлах ангийн сурагчдын дунд хүнд болон дунд зэргийн сэтгэл гутралын шинж 30 орчим хувьтай илэрч байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд тамхи татах, архи уух, компьютер тоглоом тоглох зэрэг төрх үйлийн өөрчлөлтүүд бага хувьтай ажиглагдаж байгаа хэдийч үе тэнгийхэн рүүгээ чиглэсэн түрэмгий төрх үйлийг сүүлийн 1 сарын дотор судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 70 орчим хувь  нь гаргасан байв.
Ахлах ангийн сурагчдын дундах сэтгэл гутрал болон түрэмгий авир, төрх үйлийн хооронд шууд хамааралтай байдаг байна. Өөрөөр хэлбэл сэтгэл гутралын түвшин хэдий чинээ өндөр байна, төдий чинээ түрэмгий төрх үйл гаргах байдал нэмэгдэх хандлагатай байна.
 
Ном зүй

1. Measuring Bullying Victimization, Perpetration, and Bystander Experiences: A Compendium of Assessment Tools- 15, 18-р тал
2. Bullying, depression, and suicidal ideation in Finnish adolescents: school survey, Riittakerttu KaltialaH eino, Matti Rimpeld, Mauri Marttunen, Arja Rimpeld, Pdivi Rantanen
3. Adolescents’ perception of bullying: who is the victim? Who is thebully? What can bedone to stop bullying?Ann Frisen, Anna-karin Jonsson, and Camilla Persson
4. Bullying effects, prevalence and strategies for detection
5. Roles for Pediatricians in Bullying Prevention and Intervention
6. Bullying Interventions in schools: Sixmajor approaches
7. Bullying and Its’ Relationship with Depression among Teenagers Ikechukwu Uba, Siti Nor Yaacob and Rumaya Juhari, 2010
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2835
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК