Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 16(9-1)
ЭМНЭЛГИЙН ЧАНАРТАЙ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН НИЙГЭМД АЮУЛТАЙ ҮЙЛДЛИЙН ХЭЛБЭРҮҮД
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ
Монгол Улсын Эрүүгийн хуульд (2002 он) 22.1 “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй, өөрөөр хэлбэл сэтгэцийн архаг өвчтэй, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсхүл оюун ухааны хомсдолтой буюу өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу бусад үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон этгээдэд ял оногдуулахгүй. Ийм этгээдэд шүүх энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ”, Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулий (2013 он) 3.1.13-д “Сэтгэцийн өвчтөний нийгэмд аюултай үйлдэл гэж сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө хянах чадваргүй болж, өөрийн буюу бусдын амь нас, нийгэмд хор хохирол учруулахыг” хэлнэ гэж заажээ.
Сэтгэцийн өвчин бүхий этгээд гэмт хэргийн субъект (үйлдлийн эзэн) болж эс чадах ба хуулийн эсрэг үйлдлийг нь гэмт хэрэг гэхгүй сэтгэцийн өвчтөний нийгэмд аюултай үйлдэл гэж томъёолон хэрэг хариуцах чадваргүй байдлыг анагаах ухааны болон хуулийн шалгуур үзүүлэлтүүдээр тогтоон эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, зөвхөн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах хуультай.
Судлаачдын (Д.Лянхуа, Т.Ганцэцэг 2007) үзэж байгаагаар 1998-2006 онуудад стационараар эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдийн оношийн байдлыг авч үзвэл шизофрени 37.8%, органик шалтгаант сэтгэцийн эмгэг, оюуны хомсдол эмгэгтэй хүмүүс зонхилох хувийг эзэлж, сэтгэцийн эмгэг хурцадсан үедээ гэмт хэрэг үйлддэг байна. Гэмт хэргийн бүрдлийг авч үзвэл бусдын амь насыг хохироосон болон танхайрсан хэргүүд ихэнх хувийг эзэлж насны байдлыг харахад 25-29 насанд, хүйсний хувьд эрэгтэй, боловсролгүй хүмүүс давамгайлж ихэнхи гэмт хэргийг үйлджээ.
З.Хишигсүрэн, Л.Мөнхтуяа, С.Одонгэрэл нарын (2008) сүүлийн арван жилийн хугацаанд СЭМҮТ-ийн хуулийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн байдалд хийсэн зарим судалгааны дүнгээс зонхилох хувийг эрэгтэйчүүд эзэлж, насны бүлгээр үзвэл 76.6%-ийг 20-39 насны хүмүүс, харин 32.2% нь бага боловсролтой буюу боловсролгүй хүмүүс, өвчтөнүүдийн үйлдсэн нийгэмд аюултай үйлдлийн хэлбэрийг авч үзвэл танхайрах болон бусдын эрүүл мэнд, амь насанд халдах байдал хамгийн их буюу 53.5%-ийг эзэлж байна.
Иймд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан эмчлүүлэгчдийн нийгэмд аюултай үйлдлийн шалтгааныг судлах хэрэгцээ зайлшгүй байна гэж үзсэн болно.
ЗОРИЛГО 
СЭМҮТөвд эмнэлгийн чанартай албадан эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдийн нийгэмд аюултай үйлдлийн сэдэл, үйлдлийн хэлбэрийг судлан тогтооход оршино.
ЗОРИЛТ
1. Сэтгэцийн өвчний онош, тухайн үеийн сэтгэцийн байдлыг судлан тогтоох
2. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн нийгэмд аюултай үйлдлийн хэлбэрүүдийг судлан тогтоох
3. Эмнэлгийн чанартай албадан эмчилгээнд хамрагдагсдын эмчлүүлж буй хугацааг судлан тогтоох
ШИНЭЛЭГ ТАЛ, ПРАКТИК АЧ ХОЛБОГДОЛ
Уг судалгааг явуулснаар анагаах, хуулийн салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээллийг хүргэх ач холбогдолтой
АРГА, АРГАЧЛАЛ
Эмнэлэгт суурилсан судалгаа бөгөөд 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013 онуудад СЭМҮТөвд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдан эмчлүүлээд цуцлагдсан хүмүүсийн архивын материал болох шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлагаа хийсэн акт, өвчний түүх зэрэг баримтуудад ретроспектив судалгааны загварыг ашиглан хийв.
ҮР ДҮН
Судалгааг 2008-2013 онуудад нийгэмд аюултай үйлдэл үйлдсэний улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга  хэмжээ авагдан хэвтэн эмчлүүлсэн 33 эмчлүүлэгчдэд хийв. Эдгээр эмчлүүлэгчдийн оношийг өвчний олон улсын 10-р ангиллын дагуу оношоор нь авч үзвэл:
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдан хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийн оношоос үзвэл сэтгэцийн органик эмгэгүүд /F0/, шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэгүүд /F2/ зонхилж байна.
Хоёрдугаар хүснэгтээс үзвэл зонхилох хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа ба боловсролын хувьд дунд боловсролтой 42.5%, бага боловсролтой, боловсролгүй хүмүүс 39.2% эзэлж мэргэжилгүй 75.8%, ажилгүй 36.4%, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон 57.8%  хүн байна.
Эмчлүүлэгчдийн 15-29 насандаа 54.5% нь анх сэтгэцийн эмгэг оношлогдон, 63.6% нь сэтгэцийн эмгэгээр 11 ба түүнээс дээш жил өвдөж, сэтгэцийн эмнэлэгт 51.6% нь 2-4 удаа хэвтэн эмчлүүлж байсан ба хөдөлмөрийн чадвар алдалт 69.7% нь тогтоогдсон байна. Гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлаар нь авч үзвэл 60.6% зан төрхийн /төрх үйлийн/ өөрчлөлт, 21.3% нь хий үзэгдлийн хам шинж, хий үзэгдэл-дэмийрлийн хам шинжийн улмаас
Эдгээр үзүүлэлтүүдийг харьцуулахад 21.1% нь бусдын амь насыг хохироон, 27.4% бусдын бие махбодод гэмтэл учруулан, 24.2% танхайран нийгэмд аюултай үйлдэл үйлджээ. Үүний 42.4% танихгүй хүнд, 21.2% гэр бүлийн гишүүддээ гэмтэл учруулсны 2 тохиолдол нь төрсөн хүүхэддээ аюултай үйлдэл хийсэн байлаа. Эмнэлгийн чанартай албадан эмчилгээнд эмчлэгдсэн хүмүүсийн 36.4% нь 10-15 сар, 24.2% нь 22 ба түүнээс дээш сар эмчлэгдсэн ба хамгийн дээд хугацаа нь 108 сар буюу 9 жил эмчлүүлсэн байв.
ХЭЛЦЭМЖ
Энэхүү судалгааны материалыг манай улсад урьд нь хийгдэж байсан судалгааны дүнтэй харьцуулав.
З.Хишигсүрэн нар 1998-2008 онуудад СЭМҮТөвийн хуулийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн байдалд хийсэн судалгаанд зонхилох хувийг эрэгтэйчүүд, насны бүлгээр нь үзэхэд 20-39 насны хүмүүс эзэлж, 32.2%-ийг бага боловсролтой буюу боловсролгүй хүмүүс байжээ. Эмчлүүлэгчдийн үйлдсэн нийгэмд аюултай үйлдлийн хэлбэрийг авч үзвэл танхайрах болон бусдын эрүүл мэнд, амь насанд халдах байдал хамгийн их буюу 53,5 хувийг эзэлсэн байна. Оношоос үзвэл уураг тархины органик шалтгаант эмгэгүүд болон шизофрени түүний хүрээний эмгэгүүд хамгийн их хувийг эзэлжээ. Эмчилгээнд 1-3 сараас эхлэн 7 жил хүртэл эмчлэгдсэн өвчтөнүүд байна.
Харин бидний судалгааны дүнгээс үзвэл сэтгэцийн органик эмгэгүүд /F0/, шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэгүүд /F2/ зонхилж, бусдын амь насыг хохироох, бусдын бие махбодод гэмтэл учруулах, танхайрах хэргүүд зонхилж байгаа нь бидний судалгааны үр дүнтэй тохирч байна. Сэтгэцийн эмгэг анх 36.4% нь 15 хүртэл насандаа, 54.5% нь 15-29 насандаа оношлогдон сэтгэцийн эмгэгээр өвдөн цааш суралцаж боловсрол, мэргэжил эзэмшихэд мөн нийгмийн байдалд нөлөөлж байгаа нь харагдаж байна.
ДҮГНЭЛТ
1. Эмнэлгийн чанартай албадан эмчилгээ хийгдээд цуцлагдсан эмчлүүлэгчдийн материалаас үзвэл сэтгэцийн эмгэг нь орь залуу насанд эхэлж, удаан хугацаагаар үргэлжилсэн байна. Оношийн хувьд сэтгэцийн органик эмгэг (39.4%), шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэгтэй (36.4%) эмчлүүлэгчид нийгэмд аюултай үйлдлийг хийсэн байна.
2. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн нийгэмд аюултай үйлдлийн хэлбэрүүд бусдын амь насыг хохироох, бусдын бие махбодод гэмтэл учруулах, танхайрах гэмт хэргүүдийг үйлдсэнээс танихгүй хүнд, гэр бүлийн гишүүддээ гэмтэл учруулсан байна.
3. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд 30.3% нь 10-12 сар эмчлүүлж үүний 50% нь сэтгэцийн органик эмгэгтэй хүмүүс байхад 25 ба түүнээс дээш сар 18.2% нь эмчлэгдсэний 66.6% нь шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэгтэй хүмүүс байна. нийгэмд аюултай үйлдэл үйлдсэн байна.
 
 
Ном зүй

1. С.Бямбасүрэн “Сэтгэцийн эмгэг судлал”. УБ. 2013. х 294, 391
2. Н.Орёл, Г.Доржханд, Х.Хулан “Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын хичээлийн материалууд”. УБ. 2006. х 3-14 3.
З.Хишигсүрэн, Б.Жаргал, Р.Эрдэнэчимэг “Хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн зарим эмгэгийн оношлогоо эмчилгээний стандарт, хууль, тогтоомж”. УБ. 2013. х 181-191
4. Л.Эрдэнэбаяр “Шүүхийн сэтгэц эмгэг судлалын лекцүүд”. УБ. 2009. х 257
5. “Өвчний олон улсын 10-р ангилал
сэтгэцийн ба төрх үйлийн эмгэгүүдийн ангилал эмнэлзүйн тодорхойлолт ба оношлолтын заавар”. УБ. 2004.
6. ЭМШУИС. АУС. СЭМТ. СЭМҮТ. “Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн онол – практикийн бага хурал” (Илтгэлийн хураангуй). УБ. 2007. х 111-112
7. “Сэтгэцийн эрүүл мэндийн албаны тулгамдсан асуудлууд онол - практикийн хурлын хураангуй”. УБ. 2009. х 70-73
8. Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн мэдээллийн
төв. “Монгол улсын иргэний хууль, Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”. УБ. 2002.
9. Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн мэдээллийн төв. “Монгол улсын эрүүгийн хууль, Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хууль”. УБ. 2002. 10. Монгол улсын хууль. “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль”. УБ. 2013
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1355
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК