Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 16(9-1)
НАСАНД ХҮРЭГЧДИЙН ОЮУНЫ КОЭФФИЦЕНТ /IQ/ ТОГТООХ ВЕКСЛЕРИЙН СЭТГЭЦ ХЭМЖИЛТИЙН МЭДЛЭГ ШАЛГАХ СОРИЛ БОЛОХ 25 АСУУЛТ БҮХИЙ СОРИЛЫН АСУУЛТНУУДАД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ 
Танин мэдэх, оюун сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол давамгайлсан сэтгэцийн дутуу хөгжил бүхий эмнэлзүйтэй, даамжирдаггүй явцтай, янз бүрийн шалтгаантай бүлэг эмгэгүүдийг оюуны хомсдол гэнэ. 1992 оноос эхлэн дэлхийн 100 гаруй оронд мөрдөгдөж байгаа өвчний олон улсын 10-р ангилал (ICD-Х)-д оюуны хомсдлын хэлбэр, хүнд хөнгөний зэргийн оношлогооны шалгуурыг тодорхой зааж өгчээ.
Уг ангилалд оюуны хомсдлыг хүнд, хөнгөнөөр нь F70- Оюуны хөнгөн хомсдол (IQ 50-69), F71- Оюуны хүндэвтэр хомсдол (IQ 35-49), F72- Оюуны хүнд хомсдол (IQ 20-34), F73- Оюуны гүнзгий хомсдол (IQ 20 хүртэл) гэж 4 ангилсан байдаг юм. Бид насанд хүрэгчдийн оюуны хөгжлийн түвшинг «Weksler Intelligent Scale for Adults» /WAIS/, Айзенкийн зэрэг сорилыг ашиглан стандарчлагдсан, тодорхой арга технологиор мэргэжсэн мэргэжилтэн тодорхойлж байна. Үүнд: Векслерийн оюуны түвшин тогтоох сорил нь IQ= сэтгэл зүйн нас / биологийн нас Х 100% гэсэн тэгшитгэлээр хариу нь гардаг.
1992 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ)  оюуны хомсдлыг оношлох, ялган оношлох эмнэл зүйн багц шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан боловсруулж тухайн улс үндэстнийхээ сэтгэцоюуны хөгжлийн унаган төрх шинжийг өөрийн соёл иргэншилтэйгээ уялдуулан үнэлж эмнэл зүйн онцлогийг нь тодорхойлох арга зүйг зөвлөжээ. Иймд бид оюуны хомсдолтой хүмүүст үзүүлэх эмнэлэгнийгмийн олон талт тусламжуудыг сайжруулахын тулд ДЭМБ-аас зөвлөсөн зөвлөмжийн дагуу Монгол улс өөрийн үндэстнийхээ оюуны хөгжлийн унаган төрх шинжийг өөрийн соёл иргэншилтэй уялдуулан нутагшуулах хэрэгцээ шаардлагыг үндэслэж энэхүү судалгааг хийх болсон юм.
Манай улсын эрдэмтдийн судалгаанаас үзэхэд оюуны хомсдолтой хүүхдүүдийн оюуны ерөнхий коэффицентийн дундаж 55,9+10,14 байсан бөгөөд бүх хүүхдийн 95%-н IQ=66,04% буюу 70 дотор багтаж байна (Л.Насанцэнгэл, 2008). Тархалтын түвшингээр нь авч үзвэл оюуны хомсдол өвчин нь 1000 хүн тутамд 7,26 ноогдож байна (Д.Оюунтуяа., Ш.Доржжадамба., 
С.Бямбасүрэн., 1989).
ЗОРИЛГО
Насанд хүрэгчдийн оюуны коэффицент /IQ/ тогтоох Векслерийн сэтгэц хэмжилтийн сорилыг ашиглан насанд хүрэгчдийн оюуны коэффицентийг тогтоон, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлан тогтоох. 
ЗОРИЛТ
1. Ерөнхий мэдлэгийн сорилын хариултанд хот, хөдөөгийн шинжлүүлэгчдийн дунд ялгаа буй эсэхийг үнэлэх.
2. Харьцангуй эрүүл болон оюуны хомсдол оноштой үйлчлүүлэгчдийн сорилд өгсөн хариултанд харьцуулсан үнэлгээ өгөх.
АРГА, АРГАЧЛАЛ
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн стационар болон амбулатори, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлэг, хүүхэд асран хамгаалах төв зэрэг газруудаас онош тодруулах зорилгоор сэтгэцийн эмчийн заалтаар IQ тогтоох шинжилгээ хийлгэсэн нийт 340 үйлчлүүлэгчийг судалгаанд хамруулж 1-р шатанд Векслерийн сэтгэц хэмжилтийн сорилоор оюуны коэффицент /IQ/ тогтоох шинжилгээг хийсэн. 2-р шатанд Векслерийн нийт 11 сорилоос 25 асуулт бүхий ерөнхий мэдлэг шалгах дэд сорилыг асуумжийн аргаар авч шинжлүүлэгчийн өгсөн хариулт нэг бүрийг тусгай бэлтгэсэн шинжилгээний бланк хуудас дээр үг бүрчлэн бичиж, стандарт хариулттай тулгаж 0-1 оноо /зөв бол 1-оноо, буруу эсвэл мэдэхгүй бол 0-оноо/ өгөх байдлаар үнэлгээг өгсөн. Судалгааны статистик боловсруулалтыг компьютерийн 
SPSS 21.0 программаар хийв.
ҮР ДҮН
Бидний судалгаанд 15-аас 58 насны (дундаж нас нь 30.0±0.07) нийт 340 хүн хамрагдсанаас эрэгтэй 178 (52.4%), эмэгтэй 162 (47.6%) шинжлүүлэгч байв. Судалгаанд хамрагдагсдын оюуны ажиллах чадварыг Векслерийн сорилоор судлан үзэхэд IQ нь 32-оос 120 ын хооронд хэлбэлзэж, дундаж IQ=59.6%±0.8 байлаа. Оюун ухааны хомсдолыг хүнд хөнгөний зэргээр нь ангилж үзэхэд оюуны хүнд хомсдолтой 3 (0.9%), оюуны хүндэвтэр хомсдолтой 78 (22.9%) хүн, оюуны хөнгөн хомсдолтой 191 (56.2%) хүн, оюуны хоцрогдолтой 52 (15.3%) хүн байсан бол оюуны коэффицент (IQ) нь 85-аас дээш буюу хэвийн оюуны чадвартай 16 (4,7%) хүн хамрагдсан байна. Хүснэгт нэгээс харахад судалгаанд хамрагдагсдын ерөнхий мэдлэг шалгах сорилын нийт 25 асуултаас “Нисэх онгоц зохион бүтээсэн хүний нэр, Америк тивийг нээсэн хүний нэр” гэсэн 2 асуултыг хотын болон хөдөөний харьяалалтай шинжлүүлэгчдийн хооронд ялгаагүй бүгд хариулж чадахгүй байсан бол “Гамлет жүжгийг зохиосон зохиогчийн нэр”-ийг 98.2% (n=334) огт хариулж чадаагүй боловч зөв хариулсан 5 хүний 4 нь хотын хүмүүс байлаа. Харин “10 дм хэдэн см-тэй тэнцэх вэ?” гэсэн асуултанд 85% нь (n=289) огт хариулж чадаагүй хэдий ч хөдөө орон нутгийн нийт хүний 92.2% (n=167, р=0,001) огт хариулж чадахгүй байсан.
Хүснэгт 2-оос харахад  35-аас дээш IQ-тэй нийт 337 шинжлүүлэгчдийн 83.1% (n=280, p=0,001) нь “термометр” гэсэн үгийн утгыг хэлж чадахгүй байсан бөгөөд 85 ба түүнээс дээш IQ-тэй нийт 16 
шинжлүүлэгчийн 68.7% нь (n=11) мөн тайлбарлаж чадахгүй  байгаа нь тогтоогдсон. “Гамлет” жүжгийг бичсэн зохиолчийн нэрийг 93.7% нь мэдэхгүй байсан бол 85-аас дээш IQ-тэй нийт шинжлүүлэгчийн 93.7% нь (n=15; p=0,007)  нь хэлж чадахгүй байлаа. Америк тивийг нээсэн хүний нэрийг 85-аас дээш IQ-тэй хүний 93.7% (n=15) нэрлэж чадаагүй бол “Тунгалаг тамир” романы зохиогчийг хэвийн IQ-тэй нийт шинжлүүлэгчийн 81.3% (n=13; p=0,037) нь нэрлэж чадахгүй байв. 
ХЭЛЦЭМЖ
Бид IQ тодорхойлдог Векслерийн сорилын ерөнхий мэдлэг шалгах 25 асуулт бүхий зөвхөн нэг сорилыг СЭМҮТөвд хандаж шинжилгээг хийлгэсэн IQ-ийн янз бүрийн түвшинтэй хүмүүст хийсэн юм. Бидний судалгаанд хамрагдагсдын дийлэнх хувийг оюуны хомсдолтой (n=272, 80%)ба оюуны хоцрогдолтой 
(n=52, 15.3%) оноштой хүмүүс хамрагдсан бөгөөд маш бага хувийг (n=16, 4.7%) хэвийн оюун ухаантай хүмүүс хамрагдсан нь зөвхөн онош тодруулах зорилгоор СЭМҮТөвд хандсан хүмүүсийн материалд хийсэнтэй холбоотой юм. Ийм учраас бид цаашид IQ үнэлэх сорилыг нутагшуулахын тулд харьцангуй эрүүл (хэвийн IQ) хүмүүст хийх зайлшгүй шаардлага урган гарч байна гэж бид үзлээ. Мөн бидний судалгаанд “термометр, Америк тивийг нээсэн хүний нэр”-ийг асуусан асуултуудад 80% нь хариулж огт чадахгүй байгаа нь цаашид дээрх асуултуудыг нутагшуулахын тулд өөрийн орны соёл иргэншилтэй холбоотой зүйлсийг илүү түлхүү хэрэглэх шаардлага урган гарч байна. Мөн Векслерийн IQ үнэлэх 11 дэд сорилыг дэлхийн олон улс орон тухайлбал Орос, Энэтхэг зэрэг орнууд өөр өөрийн онцлогт тохирсон хувилбаруудыг боловсруулан эмнэлгийн практикт өргөн ашиглаж байна. Гэтэл манай улс уг сорилыг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулсан албан ёсны хувилбар одоогоор байхгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг зайлшгүй мөн болохыг бидний судалгаа харуулж байна. Тиймээс сорилыг нутагшуулахын тулд өөрийн орны онцлогт тохирсон хувилбарыг боловсруулж харьцангуй эрүүл хүмүүст туршилт, шинжилгээ хийх шаардлагатай байна. 
ДҮГНЭЛТ
Сорилын үр дүн нь хувь хүний оюуны коэффицентийн түвшингээс хамаарч байна. Хөдөөгийн шинжлүүлэгчид нь зарим нэг асуултанд хотын шинжлүүлэгчдээс эрс муу хариулж байгаа (огт хариулж чадахгүй байх үзэгдэл) нь 
хувь хүний авч буй мэдээллийн эх сурвалж, цар хүрээ, боловсролын орчин, түвшин зэрэгтэй холбоотой байна. Термометр, Америк тивийг нээсэн хүний нэр, Гамлет жүжгийг бичсэн зохиолчийн нэр зэрэг мэдээллүүдийг хэвийн IQ-тэй хүмүүсийн 80-аас дээш хувь нь хариулж чадахгүй байгаа нь цаашид дээрх асуултуудыг өөрчлөн нутагшуулах эсвэл хэвээр нь нутагшуулахын аль нь болохыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа тул цаашид хэвийн IQ-тэй хүмүүст Векслерийн IQ үнэлэх сорилыг хийж үнэлгээг хийх шаардлагатай байгааг харуулж байна.
 

 

Ном зүй

1. С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал. УБ. 2007 он Хуудас 761-763, 771-775
2. Л.Насанцэнгэл. Оюуны хомсдол. Эрдэм шинжилгээний ажлын тайлан. УБ. 2008 он. Хуудас 6, 122-123
3. Ш.Доржжадамба, С.Бямбасүрэн, Н.Орёл, Л.Эрдэнэбаяр “Хорьдугаар зууны үеийн Монгол улс дахь сэтгэцийн эмгэгийн тархалтын байдал” УБ 1996 он. Хуудас 63-67
4. Л.Эрдэнэбаяр “Сэтгэцийн эрүүл мэнд судлалын лекцүүд”
УБ. 2011 он. 272-273
5. З.Хишигсүрэн, Б.Жаргал, Р.Эрдэнэчимэг “Хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн зарим эмгэгийн оношлогоо, эмчилгээний стандарт, хууль тогтоомж” УБ. 2013 он. Хуудас 62-67
6. Майкл Гельдер, Деннис Гэт, Ричард Мейо “Оксфордское руководство по психиатрии том 2” 1999. Хуудас 311-314
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2752
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК