Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 17(9-2)
ЦЭВЭРШИЛТИЙН НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ БА ГИПОФИЗ-ӨНДГӨВЧНИЙ ДААВРЫН ХООРОНДЫН ХАМААРАЛ
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ 
Ясны нягтрал өсвөр насанд эрс нэмэгддэг, харин 30 наснаас хойш аажмаар буурч эхэлдэг1. Наслалт ахих тусам ясны нягтрал буурдаг. ОХУ-д гэмтлийн бус гаралтай хугарлын 98%, яс дахин хугарсан тохиолдлын 75% нь ясны сийрэгжилт гэж оношлогддог байна. АНУын 50-аас дээш насны эмэгтэйчүүдийн дунд ясны сийрэгжилт 13-18%, остеопени 37-50% байгаа бөгөөд тэдний 50 хувь нь амьдралынхаа туршид хамгийн багадаа нэг удаа ясны сийрэгжилтийн  шалтгаант хугаралд өртдөг байна. Ясны сийрэгжилт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд цаашдаа 2020 он гэхэд АНУ-д эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсэнд одоогийн түвшнээс 15%-аар нэмэгдэнэ, ДЭМБ 2025 он гэхэд 1990 оны түвшингээс 25-30% нэмэгдэх хандлагатай байна2. Цэвэршилтийн үеийн эстроген дааврын дутагдал нь ясны эдийн нягтаршил багасалтыг хурдасгаж, улмаар ханиах, найтаах, огцом хөдлөх зэрэг нь яс хугарах эрсдлийг нэмэгдүүлдэг байна3,4. Манай орны хувьд эмэгтэйчүүдийн цэвэршилтийн шинж тэмдэг, нөлөөлөх хүчин зүйл болон эмчилгээний талаар судалгаа хийгдсэн5,6 боловч тэдний дунд тархсан ясны сийрэгжилтийн талаарх мэдээ мэдээлэл, эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөгөөр бие махбодын тухайлбал эмэгтэйн бэлгийн даавар болон ясны эдийн солилцоонд оролцох зарим эрдэс ба амин дэмийн хэвийн үйл ажиллагаа алдагдах жам зүйг судлах эхлэл тавигдаагүй байгаа нь энэхүү ажлыг хийх үндэслэл боллоо. Иймээс бид цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилт, ийлдсэн дэх эстрадиол дааврын хэмжээтэй хамаарал байгаа эсэхийг судлах зорилго дэвшүүлэн тавьж судаллаа.
АРГА АРГАЧЛАЛ
АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Физиологи, Эмгэг физиологийн тэнхмийн “Насжилт судлал-Үйл оношийн лаборатори” болон Бичил-Амь дархлаа судлалын тэнхмийн Дархлаа судлалын “Антиген” төв лабораторийг түшиглэн нэг агшингийн судалгааны загвараар судалгааг хийлээ. Судалгаанд Улаанбаатар хотын 45-65 насны харьцангуй эрүүл, нийт 300 эмэгтэйчүүдийг шодох замаар, түүврийн аргаар сонгож, судалгааны шалгуур хангасан эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулав. 
Судалгаанаас хасах шалгуур:
1. 40 наснаас эрт цэвэршсэн эмэгтэйчүүд (мэс заслын болон бусад)
2. Нэг жилээс илүү хугацаагаар биеийн юм ирээгүй 42-45 насны эмэгтэйчүүд
3. Орлуулах даавар эмчилгээ хийлгэж байгаа 
4. Эрхтэн тогтолцооны хүнд архаг өвчинтэй
5. Сэтгэцийн өвчинтэй
6. Хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэж буй эмэгтэйчүүд
7. Дотоод шүүрлийн булчирхайн өвчинтэй
8. Залуу насандаа яс хугарч байсан ба ясны эмгэг өвчинтэй
Ийлдсэн дэх үзүүлэлтүүдийг тодорхойлсон аргачлал
Судалгаанд хамрагдагсдын ийлдсийн эстрадиол дааврыг АНУ-ын Eucardio Laboratory, Inc. компанид үйлдвэрлэсэн UC Estradiol EIA цомгийг ашиглаж ФХУын аргаар тодорхойлсон.
Багажийн шинжилгээгээр ясны сийрэгжилтийг тогтоосон аргачлал
Шуу болон шилбэний ясны хатуу эдийн нягтыг Sunlight, Mini-omni, (Beammed, Israel) ясны хэт авиан оношилгооны багажаар тодорхойлов. Тэмдэглэл хийсэн хэсэгт гель түрхэн шуу болон шилбэний ясанд 3-5 удаа SOS-г бүртгэн, дундаж утгыг тооцон, T ба Z-оноог тодорхойлов. Speed of sound (SOS) - ясны эдийн дууны долгионыг дамжуулах хурдыг илэрхийлсэн хэмжигдэхүүн ба ясны хатуу эдтэй шууд хамааралтай.
Судалгааны ажлын ёс зүй
Судалгааг “Биоанагаахын судалгаанд хүнийг хамруулах тухай олон улсын ёс зүйн удирдамж”-ийн дагуу судалгааны зорилго, аргачлал, мэдээллийг хэрхэн хадгалах тухай таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авсны үндсэн дээр судалгаанд хамруулах талаар ЭМШУИС-ийн Анагаах Ухааны Ёс зүйн салбар хорооны 2010 оны 05 сарын 07-ны өдрийн №79/43 тоот хурлаар хэлэлцүүлж судалгаа эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл авсан.
Үр дүнгийн статистик боловсруулалт
Үр дүнгийн статистик боловсруулалтыг хийхэд боломжтой болгохын тулд дааврын шинжилгээгээр гарсан үр дүнг 10 суурьтай логарифмд шилжүүлж тооцоолов. Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалт, дүрс зураглалын хэсгийг SPSS-20 программаар, текст бичиглэлийг Microsoft 2013 программыг ашиглан хийж гүйцэтгэлээ. Үр дүнг дундаж утга, голч утга, стандарт хазайлтыг тодорхойлж, тоон үзүүлэлт хоорондын хамаарлыг Pearson-ы корреляцийн коэффицентоор, бүлэг хоорондын дунджийн ялгаатай байдлыг нэг чигийн вариацийн анализаар (ANOVA) тодорхойлов. 
ҮР ДҮН
Судалгаанд оролцогсдын ерөнхий үзүүлэлтүүд
Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дундаж нас 50.1±4.4, боловсролын түвшингийн хувьд 4.6% (n=12) нь магистраас дээш зэргийн, 38.1% (n=99) нь бакалаврын түвшний боловсролтой, 87.3% (n=227) нь халх, 3.8% (n=10) нь дөрвөд үндэстэн байлаа. Ажлын нөхцөл байдлыг судлахад 45.8% (n=120) нь оюуны хөдөлмөр, 32.3% (n=84) нь биеийн хүчний ажил, 11.2% (n=29) нь байнгын суугаа ажил, 10.4% (n=27) нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй байв. Судалгаанд оролцогсдыг БЖИ-ээр нь ангилахад, БЖИ нь 18.5-аас бага буюу туранхай 1.9% (n=5), хэвийн жинтэй 32.7% (n=85), илүүдэл жинтэй 37.7% (n=98), таргалалттай 27.7% (n=72) байлаа.
Цэвэршилтийн үеийг тодорхойлохдоо олон улсад өргөн хэрэглэгддэг STRAW ангиллын дагуу, цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах эрт үе, цэвэршилтийн дараах хожуу үе гэж 4 бүлэгт хуваав. Судалгаанд хамрагдагсдын 60.4% нь цэвэршсэн байсан бөгөөд цэвэршилтийн дундаж нас нь 48.4±3.4 байлаа. 
Эстрадиол дааврын түвшинг судалсан дүн Ийлдсийн эстрадиол дааврын дундаж хэмжээг тодорхойлж үзэхэд цэвэршилтийн үе шат ахих тусам эстрадиол дааврын хэмжээ багасах зүй тогтол ажиглагдлаа (Хүснэгт 2).  Биеийн жингийн индексийн ангиллаар 
эстрадиол дааврын хэмжээг харьцуулж үзэхэд биеийн жин ихсэх тусам эстрадиол дааврын хэмжээ багасах хандлага ажиглагдлаа (Зураг 1). Мөн эстрадиол дааврын хэмжээ, настай дунд зэргийн урвуу хамааралтай (r=-0.166, p<0.01) байлаа
Ясны хатуу эдийн нягтыг тодорхойлсон дүн
ДЭМБ-аас гаргасан оношилгооны шалгуураар үнэлэхэд 11,2%-д нь ясны сийрэгжилт, 34,6%-д остеопени илэрсэн. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үе шатыг STRAW ангиллын дагуу ангилж, үе тус бүрийн ясны хатуу эдийн дундаж нягтыг (SOS) тодорхойлж үзлээ. Цэвэршилтийн өмнөх үед ясны хатуу эдийн нягт нь (SOS) 3785±801 м/с байснаа, цэвэршилтийн дараах хожуу үед 3728±184 м/с болж, 1,5% буурч байгаа бөгөөд эдгээр нь бүлэг бүрт статистикийн ач холбогдол бүхий (p<0.05) ялгаатай байлаа. Ясны хатуу эдийн нягт нь судалгаанд оролцогчдын настай урвуу дунд зэргийн хамааралтай байсан (r=-0.5 p<0.01) ба цэвэршилтийн үе тус бүрт статистикийн ач холбогдол  бүхий ялгаатай (p<0.01) байлаа. Ясны хатуу эд нь эмэгтэйчүүдийн нас ахих тусам багасч байгаа нь Зураг 3-аас харагдаж байна. Харин биеийн жингийн индекс ба ясны сийрэгжилтийг судалж үзэхэд биеийн жин ихтэй таргалалтын зэрэгтэй эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт илэрсэн тохиолдол 29 гарсан байна (Хүснэгт 3) .
 
ХЭЛЦЭМЖ
Бидний судалгааны үр дүнгээс харахад цэвэршилтийн дундаж нас нь 48.4±3.4 байгаа нь бусад Монгол судлаачдын үр дүнтэй ойролцоо байна7,8,9. Цэвэршилтийн дараах үед хамрагдах эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилт, цэвэршилтийн өмнөх үетэй харьцуулахад илүү байна. Энэ нь цэвэршилтийн үе шат ахих тусам нас ахиж, ясны сийрэгжилт ихсэнэ гэсэн эрдэмтэн C.F.Njeh нарын дүгнэлттэй тохирч байлаа10. Мөн эстрадиол дааврын түвшин буурч байгаа нь цэвэршилттэй холбоотой ясны хатуу эдийн нягтрал багасч байгааг илтгэж байна10. Ясны хатуу эдийн нягт нь судалгаанд оролцогчдын настай урвуу дунд зэргийн хамааралтай байсан ба нас ахих тусам ясны хатуу эд буурна гэсэн дүгнэлт нь бусад судлаачдын үр дүнтэй тохирч байлаа10. Ясны сийрэгжилтийг үнэлдэг ДЭМБ-ын гол шалгуур болох Т-оноо нь цэвэршсэн эмэгтэйчүүдэд цэвэршээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад статистик ач холбогдолтойгоор буурсан байв. Нас ахих тусам өндгөвчнөөс ялгарах эстрадиол дааврын хэмжээ буурч байгаа бөгөөд энэ нь гипофизөндгөвчний эргэх холбоо алдагдах, өндгөвчний үйл ажиллагааны бууралтаас шалтгаалдаг байна7,9,11.
 
ДҮГНЭЛТ
Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд ийлдсэн дэх эстрадиол дааврын түвшин буурсан суурин дээр нас ахих тусам ясны хатуу эд багасч, улмаар ясны сийрэгжилтэнд өртөх боломж бүрдэж байна.

 

 
Ном зүй

1. John David Gordon; “Endocrinology gynecology” 2002
2. WHO reports 2000 3. National Osteoporosis foundation. http://www.nof. org/
4. Fadoua Allali et al “Menopause clinic and menopause management” 2009
5. Цэвэршилтийн үеийн оношлогоо, эмчилгээний удирдамж, Улаанбаатар, 2010
6. Монгол улсын статистикийн эмхтгэл, 2010
7. Л.Үнэнцацрал. Монгол эмэгтэйн цэвэршилтийн үе, нөлөөлөл хүчин зүйлс. Магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. 2008
8. О.Халиун. 50-65 насны эмэгтэйчүүдэд яс сийрэгжилтийн эрсдэлт зарим хүчин зүйлийг тодорхойлсон нь. Магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. 2010
9. Д.Батнаран. Эмэгтэйчүүдийн насжилтын үеийн фолликул идэвхижүүлэгч даавар болон эстрадиолын түвшинд гарах өөрчлөлт, хоорондын хамаарал. Магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл 2010
10. C.F.Njeh, I.Saeed, M.Grigorian, D.L.Kendler, B.Fan, L.Shepherd, M.McClung, W.M.Drake, H.K.Genant. Assessment of bone status using speed of sound at multiple anatomical sites. Ultrasound in Medicine and Biology. Vol. 27, Issue 10. P 1337-1345 11. Bone health and osteoporosis. A report of the Surgeon general.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1728
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК