Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 17(9-2)
АГААРЫН БОХИРДЛООС ҮҮДЭЛТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ ӨВЧЛӨЛӨӨР АЛДСАН АМЬДРАЛЫН ЖИЛЭЭР ТООЦСОН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг боловч эрүүл мэндийн тоон мэдээгээр манай улсын нийт хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны эмгэгүүд тэргүүлэх байр эзэлж, жилээс жилд тогтвортой нэмэгдэж байна.
Дэлхийн өвчлөлийн ачааллын (ДӨА) судалгаагаар агаарын бохирдол болон түүнээс үүдэлтэй үндсэн таван төрлийн өвчлөлийн хоорондын тоон хамаарлыг тогтоосон. Үүнд. Уушгины хатгалгаа буюу амьсгалын доод замын цочмог халдвар (АДЗЦХ) (5 хүртал насны хүүхэд), зүрхэнд цус хомсрох эмгэг (ЗЦХЭ), тархи судасны эмгэг, уушигны архаг бөглөрөлтөт өвчин, уушигны хавдар.
Эдгээр таван өвчлөлөөс гурав нь Монгол улсын хувьд ихээхэн чухал ач холбогдолтой юм. Дэлхийн Өвчлөлийн Ачааллын (ДӨА) судалгаагаар Монгол улсын өвчлөлийн ачааллыг  2010 оны байдлаар нь жагсаахад ЗЦХЭ,АДЗЦХ, тархи, судасны эмгэг эхний гурван байранд эрэмбэлэгдсэн байна.
ЗОРИЛГО
Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөр алдсан амьдралын жилүүдийг (ӨААЖ) тооцох 
ЗОРИЛТ
Энэхүү судалгааныхаа зорилгын хүрээнд дараах 3 зорилтыг дэвшүүлсэн болно.
• Төлөв 2013: Өнөөгийн төлөвлөлтөөр хүрэх үр дүн (Business as usual – 2013 оны 6 дугаар сарын байдлаар)
• Хувилбар 1: Илүү дэвшилтэт технологи нэвтрүүлснээр хүрэх үр дүн
• Хувилбар 2: Эрс шийдэмгий сайжруулалтаар хүрэх үр дүн 
АРГА, АРГАЧЛАЛ
Судалгааг ретроспектив, аналитик судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Нөлөөллийг илүү үнэн зөв гаргах зорилгоор хүн амзүйн болон эрүүл мэндийн цаашдын төлөв байдлыг өвчлөлийн төрлөөр нь нарийвчлан гаргасан болно. 
Хувилбар  тус бүрийн хүрээнд эрүүл мэндийн нөлөөллийг өвчний ангиллаар болон насны бүлэг тус бүрт ялгаатай байдлаар тооцлоо. Эрүүл мэндийн нөлөөллийг тооцох аргачлалыг Бэркэлэй дэх Калифорнийн Их сургууль болон Нэгдсэн Үндэсний Сангийн эрдэмтэд хамтран боловсруулсан (Пилларисетти нар, 2013).
Мөн бид судалгаандаа Өрхийн Агаарын Бохирдлын Интервенц Аргын (ӨАБИА – HAPIT) шинэчилсэн хувилбарыг  ашигласан. Энэхүү аргыг ашиглан 20142024 оны хооронд хийсэн хувилбар тус бүрээр Улаанбаатар хотын хүн амын дунд үүсч буй уушгины хавдар, зүрхэнд цус хомсрох эмгэг, шигдээс, уушгины архаг бөглөрөлтөт өвчин, хүүхдийн (0-4 насны) амьсгалын доод замын цочмог халдвар зэрэг өвчлөлүүдийн эрсдэлийн хувийг тооцлоо.
Дээрх таван төрлийн өвчлөлийн эрүүл мэндийн ачааллыг агаарын бохирдлоос үүдэлтэй цаг бус нас баралт (ЦБНБ) болон өвчлөлөөр алдсан амьдралын жилүүдээр (ӨААЖ) тооцсон ба энэ нь Эрүүл Мэндийн Хэмжилт, Үнэлгээний Хүрээлэнгийн 2010 онд гаргасан Дэлхийн Өвчлөлийн Ачааллыг Үнэлэх судалгааны улс орон, бүс нутаг, дэлхийн өвчлөлийн тооцоонд үндэслэн сонгосон (Муррай нар, 2012).
Эдгээр нь өртөлтийн харьцангуй бодит хэмжээнд функцын стандартад тохирч буй өвчлөлүүд боловч нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) өртөлттэй холбоотой уушгины сүрьеэ өвчнөөс шалтгаалсан нас баралтын эрсдэл нэмэгдэж буй талаар судлаачид тэмдэглэх болсон. Иймээс уушгины сүрьеэ өвчнийг агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийн хоёрдогч үр дагавар гэж авч үзсэн.
ҮР ДҮН
Судалгааны хүрээнд нэгдүгээрт, одоогийн байгаа агаарын бохирдлын түвшинд (Суурь түвшин – Baseline) нийслэл хотын иргэдийн нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) өртөлтийг үнэлэн улмаар агаарын бохирдлын түвшинг бууруулах гурван хувилбар тус бүрээр тооцон эрүүл мэндийн ачааллын үзүүлэлтүүдийг үнэлсэн.
Суурь түвшин: Нийслэлийн хүн амын нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) өртөлтийн жилийн дундаж хэмжээ одоогийн байдлаар 68.0 мкг/м3 (МССийн сайжруулсан зуухаар бүрэн сольсон тохиолдолд) байна. Нийт өртөлтийн ойролцоогоор 71.9% нь дотоод орчинд, 7.3% нь гадаад орчноос үүдэлтэй байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол нь өвчний үндсэн шалтгаан болж Хүснэгт 1-ийн эхний багананд үзүүлсэнчлэн цаг бус нас баралт болон ӨААЖ-д нөлөөлж байна.
Цаг бус нас баралтад зүрх судасны өвчин (зүрхэнд цус хомсрох эмгэг, шигдээс) давамгайлж байгаа бол ӨААЖ-д хүүхдийн уушгины хатгалгаа буюу АДЗЦХ давамгайлж байна. Төлөв 2013: Дараагийн 10 жилд дотоод болон гадаад орчны үүсвэрүүд болон тамхи таталтын харьцаа хэвээр байх ба өртөлтийн хэмжээ одоо байгаа түвшингөөс бага зэрэг өөрчлөгдөх хэдий ч хүн амын өсөлттэй холбоотойгоор гадаад орчны агаарын бохирдлын хэмжээ ихэснэ. Иймд агаарын бохирдол болон түүнээс үүдэлтэй эрүүл мэндийн нөлөөлөл нэмэгдэнэ. 
Хувилбар 1: Дараагийн 10 жилд тодорхой зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр агаарын бохирдлын хэмжээ багасч жилийн эрүүл мэндийн нөлөөлөл Төлөв 2013-тэй харьцуулахад аажмаар буурч байгаа нь харагдаж байна. Зураг 1-т үзүүлснээр Хувилбар 1-ийг амжилттай хэрэгжүүлснээр цаг бус нас баралт нийт 2000 гаруй нэгжээр буурна. 
Зураг 2-т үзүүлснээр 5 хүртэл насны хүүхдийн уушгины хатгалгаанаас үүдэлтэй ӨААЖ багасах төдийгүй насанд хүрэгчдэд ч мөн адил эрүүл мэндийн эерэг нөлөө үзүүлэхээр байна.
Хувилбар 2: Энэ хувилбарын дагуу агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр илүү эрчимтэй үйл ажиллагаа явуулснаар хүн амын эрүүл мэндийн агаарын бохирдлын нөлөөлөлд өртөх байдал 71.2%аар, Хувилбар 1-тэй харьцуулахад эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл Суурь түвшнөөс 60%-аар буурах юм. Хувилбар тус бүрийн хэрэгжилт нь хүүхдийн уушгины хатгалгаа болон насанд хүрэгчдийн зүрх судасны өвчлөлийн бууралтад хамгийн ихээр нөлөөлнө. Зураг 3-т судалгааны хугацаан дах хүн амын өсөлтөд тулгуурлан нэг хүнд ногдох ӨААЖ-ийн цаашдын хандлага Төлөв 2013 ерөнхийдөө өөрчлөгдөхгүй нэг түвшинд байхаар ажиглагдаж байгаа бол Хувилбар 1-ийн хувьд эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл хүн амын өсөлттэй ижил хувиар буурч байгаа бол Хувилбар 2-ыг хэрэгжүүлснээр нэг хүнд ногдох эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл мэдэгдэхүйц хэмжээнд буурч байгаа нь харагдаж байна.
ХЭЛЦЭМЖ
Судлаач Б.Бурмаа (1998, 2001), Н.Сайжаа (1992, 2004) нар Улаанбаатар хотын агаар дах, тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, тухайлбал хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушигны үрэвслийн нэг шалтгаан болж буйг судлан тогтоосон. С.Лодойсамба, П. Зузаан, Д. Шагжжамба нар зөвхөн нэг цэгээс дээж аван PM-ийг хэмжиж эхэлсэн ба тухайн судалгаагаар хүйтний улиралд PM10 нь агаарын чанарын стандартаас 2008 оны байдлаар их байгаа нь ажиглагджээ.
Г.Энхжаргал нарын 2009-2010 онд хийсэн судалгаагаар PM2.5-ын удаан хугацааны нөлөөллийн улмаас уушгины, зүрх-уушгины хавсарсан өвчний шалтгаант нас баралтад 28,8%, уушгины хавдарт 39,9%-аар, агаар бохирдлын өнөөгийн түвшин нийслэлийн хүн амын нийт нас баралтад 9,2-аар нөлөөлж байгааг баталсан байдаг. 
Эдгээр судалгааны үр дүнтэй бидний судалгаа таарч байгаа юм.
ДҮГНЭЛТ 
Улаанбаатар хотын агаарын бохирдлын нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) өртөлтийн дундаж хэмжээ олон улсын стандарт түвшингөөс олон дахин хэтэрсэн байна. Хэрвээ ямар нэгэн эрс шийдэмгий цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол дараагийн 10 жилд энэ хэмжээ нь аажмаар ихсэх ба эрүүл мэндийн нийт нөлөөллийн нэг хүнд ногдох хувь мөн адил нэмэгдэх болно.
Судалгааны ажлын хүрээнд төлөвлөсөн (Хувилбар 1) агаарын бохирдлын агууламжийг тодорхой хэмжээнд зохицуулалттай бууруулах багц арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлснээр нэг хүнд ногдох ӨААЖ-ийг 25%аар бууруулж байгаа ч олон улсын стандартаас мөн л өндөр байхаар байна.
Судалгааны хүрээнд төлөвлөсөн (Хувилбар 2) илүү эрс шийдэмгий арга хэмжээ авах хувилбар нь айл өрхүүдийн хатуу түлшний хэрэглээг бүрэн халах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлснээр судалгааны тооцооллын түвшинд эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг 60%, түүний нэг хүнд ногдох хувь хэмжээг 70%-аар тус тус бууруулж өртөлтийн түвшинг олон улсын жишигт нийцүүлэх боломжтой байна.
 

 

Ном зүй

1. Allen, R. W., Adar, S. D., Avol, E., Cohen, M., Curl, C. L., Larson, T., & Liu, L. S.. Modeling theresidential infiltration of outdoor PM2.5 in the Multi-Ethnic Study of Atherosclerosis and Air Pollution (MESA Air). Environmental Health Perspectives, 2012.824(6), 824-830.
2. Baigalmaa, D., Nishimura, A., & Ito, K. Smoking cessation rate 12 months after a group counseling program in Mongolia. Asian Pacific Journal of Cancer Prevention : APJCP, 7(3), 399-402. (2006). Retrieved from http://www.ncbi.nlm.nih.gov/ pubmed/17059330
3. Burnett, R. T., Pope, C. A., Ezzati, M., Olives, C., Lim, S., Mehta, S., Cohen, A. An integrated risk function for estimating the Global Burden of Disease attributable to ambient fine particulate matter exposure. Environmental Health Perspectives. (forthcoming, 2014).
4. Chilkhaasuren, B., & Baasankhuu, B.Population and economic activities of Ulaanbaatar.Ulaanbaatar, Mongolia: Statisticts Department of Ulaanbaatar. (2010). 5. Cowlin, S., Kaufmann, R., Edwards, R., & Smith, K. (2005). Impact of Improved Stoves on Indoor Air Quality in Ulaanbaatar, Mongolia. Washington, DC: Environmental
Sector Management Assistance Program (ESMAP).
6. Desai, M. A., Smith, K. R., Prьss-ьstьn, A., Campbell-lendrum, D., Corvalбn, C., & Woodward, A.(2004). Indoor smoke from solid fuels: Assessing the environmental burden of disease at national and local levels. Geneva, Switzerland: World Health Organization.
7. Guttikunda, S. K., Lodoysamba, S., Bulgansaikhan, B., & Dashdondog, B. (2013). Particulate pollution in Ulaanbaatar, Mongolia. Air Quality, Atmosphere & Health, 6(3), 589-601. doi:10.1007/s11869013-0198-7
8. Smith, K. R., Bruce, N., Balakrishnan, K., Adair-rohani, H., Balmes, J., Dherani, M., Risk, C. R. A. (in press, 2014). Millions dead : how do we know and what does It mean? Methods used in the comparative risk assessment of household air pollution. American Review of Public Health, (January), 1-23. doi:10.1146/annurev-publhealth-032013-182356
9. Social Impact (SI). (2013a). Impact evaluation final results report - MCA Mongolia Energy and Environment Project Energy Efficient Stove Subsidy Program (not yet finalized). Ulaanbaatar, Mongolia: Social Impact (SI).
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 787
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК