Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 17(9-2)
ХАРАА, ОРХОН ГОЛЫН УСНЫ БОХИРДОЛТЫН ТҮВШИН, СУМДЫН ХҮН АМЫН ДУНДАХ ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ХООРОНДЫН ХАМААРЛЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ
Хөгжиж буй улс орны хүн амын дундах нийт өвчин эмгэгийн 80 гаруй хувь, нас баралтын гуравны нэг  баталгаагүй ундны ус, ариун цэврийн байгууламжаас үүдэлтэй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна.
Дэлхийн хэмжээнд 750 сая хүн буюу 9 хүн тутмын нэг нь аюулгүй ундны усаар дутагдаж байгаа бөгөөд тэдгээрийн 82% нь хөдөө орон нутагт, 18% нь хот суурин газарт амьдардаг хүмүүс байна.
Тухайлбал дэлхийн хэмжээнд жил бүр 842000, өдөрт 2300 хүн суулгалт халдварын улмаас амь насаа алдаж байна. Ялангуяа 5 хүртэлх насны хүүхдийн дундах 5 нас баралт тутмын 1 нь устай холбоотой өвчнөөр нас барж байна.
Усаар дамжих халдвар тэр дундаа суулгалт халдварыг ундны усны чанар, аюулгүй байдал, хувь хүний болон өрхийн ариун цэвэр, эрүүл ахуйн байдал, усны хэрэглээ, хүрэлцээ, хангамжийн байдалтай харьцуулан судалсан судалгааны ажлууд хөгжиж буй орнуудад нилээд хийгдэж байна. Манай улсын нийт хүн амын усны хүртээмж, эх үүсвэрийг нь авч үзэхэд 35.7% нь ус түгээх байр, 30.8% нь төвлөрсөн усан хангамж, 24.8% нь зөөврийн усан хангамж, 9.1% нь булаг шандны усыг унд ахуйдаа хэрэглэж байгааг Усны Хэрэг Эрхлэх Газраас тогтоожээ. 2000 онд Өвөрхангай аймагт устай холбоотой вируст гепатит А дэгдэлт хэлбэрээр гарч, эдгээр өвчлөгсдийн 35.5% нь ил задгай ус хэрэглэснээс үүдэлтэй болох нь тогтоогдсон байна.
Манай улсын томоохон гол мөрөн болох Сэлэнгэ мөрний цутгал Хараа, Орхон голын эрэг, сав дагуу хот суурин газар, аймаг, сумдын төв, үйлдвэр, аж ахуй байрладаг нь тухайн гол мөрний ус бохирдох нэг хүчин зүйл болж байна. Иймд Сэлэнгийн сав газрын Хараа, Орхон голын усны бохирдлын түвшинг тодорхойлж, ойролцоох сумдын хүн амын дундах гэдэсний халдварын өвчлөлтэй холбон судлах зорилго тавилаа.
 АРГА, АРГАЧЛАЛ
Сэлэнгэ мөрний сав газрын Хараа, Орхон голын усны хими, биологийн бохирдолтын түвшинг тогтоож, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох зорилгоор 2012-2013 онд голын уснаас хими, биологийн дээжийг 6, 8,10-р саруудад ижил давтамжтайгаар авч  нийт 252 сорьц дээж цуглуулан шинжилж, эрүүл ахуйн үнэлгээ дүгнэлт өгсөн. Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Хушаат, Түнхэл, Орхон, Орхонтуул сумдын хүн амын дундах устай холбоотой халдварт өвчнийг судлахдаа бичиглэлийн судалгааны аргаар 2009-2013 онуудад ХӨСҮТ-ийн статистикийн албанд болон сумын эмнэлгийн HealthInfo программд бүртгэгдсэн гэдэсний халдварт (цусан суулга, балнад, сальмонеллёз, вируст гепатит А, суулгалт халдвар) өвчний тоон мэдээлэлд дүн шинжилгээг хийлээ.
Зорилтот сумдын хүн амын 2009-2013 онд бүртгэгдсэн гэдэсний халдварт өвчний тоон мэдээлэл болон тухайн хугацаанд харгалзах Хараа, Орхон голын усны бохирдлын түвшингийн хоорондын хамаарлыг SPSS-19 программыг ашиглан корреляцийн шинжилгээ хийж, үр дүнг боловсруулав.
ҮР ДҮН
Хараа голын усны лабораторийн шинжилгээний дүн:
Хараа голын усны дээжинд хийсэн судалгааны дүнгээр усны температур 6-8 сарын жилийн дунджаар 11.6оС, өнгө болон булингарын хувьд хур тунадасны байдлаас шалтгаан тус бүр 5.2-30.0 градус, 0.1-6.7 мг/л хооронд хэлбэлзэж байна. Хараа голын усны рH улирал болон байршлаас үл хамааран 7.26-7.71, эрдэсжилт (96-134 мг/л) болон хатуулаг (1.3-2.5 мг-экв/л нь) байна.
Голын усны сульфатын агууламж 9.5-74.5 мг/л, хлор 5.1- 11.3 мг/л, шим бохирдолтын үзүүлэлт болон нитрат, нитрит, аммиакын агууламж тус бүр 0.014.02мг/л, 0.005-0.011 мг/л, 0.01-0.30 мг/л байгаа нь усны ангиллаар бага бохирдолтой буюу усны чанарын стандарт хэмжээнд байгааг харуулж байна.  Мөн эдгээр үзүүлэлтүүд нь голын урсгалын дагуу буюу дээрх 3 сумдын дагуу ихэссэн зүй тогтол ажиглагдаагүй (Зураг 1).
Усны бохирдолтыг тогтоох үзүүлэлтийн нэг болох ууссан хүчилтөрөгчийн агууламж Түнхэл, Мандал, Баянгол сумдын дагуу багасч 11.3-11.82 мг/л байна.  Хараа голын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж (БХХ) 1.43 -1.87 мг/л -ийн хооронд байна.
Орхон голын усны лабораторийн шинжилгээний дүн: Орхон голын усны дээжинд хийсэн судалгааны дүнгээр усны температур 6-8 сарын дундаж температур 11.1оС, өнгө болон булингарын хувьд хур тунадасны байдлаас шалтгаалан тус бүр 9.8-32.4 градус, 0.2-3.6 мг/л хооронд дунд хэлбэлзэж байгаа нь Хараа голтой харьцуулахад бага зэрэг их байна.  Орхон голын усны рH улирал болон байршлаас үл хамааран 7.42-7.85, эрдэсжилт 103-176 мг/л, хатуулаг 1.4-2.65 мг-экв/л нь байгаа нь усны эрдэсжилтийг А. М. Овчинниковын ангиллаар авч үзэхэд нэн цэнгэг буюу алимгүй эрдэсжилтэй усны ангилалд хамаарагдах ба хатуулгын хувьд мөн зөөлөн усны ангилал (О.А. Алекины ангилал)-д багтаж байна.
 Сульфатын агууламж 14.8-66.1 мг/л, хлорын хэмжээ 8.7- 22.0 мг/л, шим бохирдолтын үзүүлэлт болон нитрат, нитрит, аммиакын агууламж тус бүр 0.01-13.52мг/л, 0.005-0.013 мг/л, 0.01-0.91 мг/л буюу ба Хушаат голын шим бохирдолт 6-р сард харьцангүй их байсан хэдий ч нитрат, нитритийн хувьд эдгээр үзүүлэлтүүд нь усны 
чанарын стандарт шаардлагын хэмжээнд байна. Хүчилтөрөгчийн горимын үзүүлэлтийн нэг болох ууссан хүчилтөрөгчийн агууламж 6 сард хамгийн их буюу 12.912.44 мг/л, БХХ5 1.88- 2.45 мг/л- ийн хооронд байна. 2012 болон 2013 оны Орхон голын шинжилгээний дүнг харьцуулахад зарим үзүүлэлт үл ялиг ихэссэн байдал ажиглагдсан ч цаг агаарын нөхцөл байдал болон бусад хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалсан байх магадлалтай юм.       Хараа, Орхон голын усны нян судлалын шинжилгээний дүн:
Зураг 2-оос харахад зуны улиралд Баруун-Хараа голын дунд хэсгээс авсан дээжинд бусад цэгүүдээс хамгийн их нянгийн бохирдолттой байгаа нь тус суманд хүн амын төвлөрөл их, үйлдвэр уурхай ажилладаг, ус цэвэршүүлэх байгууламжууд байдаг зэрэг нь бактерийн бохирдлын хэмжээнд нөлөөлж болох юм.
Зураг 3-аас харахад хаврын улиралд авсан усны дээжийг зуны улиралтай харьцуулахад Орхонтуул сумын Орхон голын дунд  орчмын усны дээжинд нянгийн бохирдолт 
2 дахин их, ялангуяа  8-р сарын дээжинд нянгийн тоо бусад саруудаасаа хамгийн их нэмэгдсэн байна.
Хүснэгт 1-ээс голын усны нянгийн бохирлолтоос гэдэсний бүлгийн бактерийн тоо улирал, сараар үзэхэд 6 сард их бохирдолтой байгаа нь хаврын цагт гол мөрөн гэсэхэд шар усны үер болон бусад хүчин зүйлээс хамаарч бохирддогтой холбоотой байж болох юм.
Баруун хараагийн голын дунд хэсэгт 8 сард хийсэн шинжилгээгээр Proteus –ийн төрлийн бактери илэрч байгаа нь голын ус ахуйн болон үйлдвэрийн ялангуяа хог хаягдал, бохир ус, органик хаягдлаар бохирдож байгаагийн илрэл юм.  Нийт 5 цэгийн дээжүүдэд Proteus vulgaris, Citrobacter freundi, Enterobacter agglomerans-ууд илүүтэйгээр илэрсэн байна.
Хүснэгт 2-оос харахад Орхон голын дагуу бүх саруудад Proteus төрлийн бактериар бохирдсон, 10 –р сард Орхонтуул сумын Орхон голын дагуу, Орхон голын дунд хэсгийн дээжүүдэд Enterobacter –ийн төрлийн бактер илэрсэн нь хүн амьтны ялгадсаар ихээр бохирлогдсон холбоотой юм. 6, 8 саруудад  Citrobacter –ийн төрлийн бактерийн бохирдол хамгийн их байгаа нь хүхэрт устөрөгч ялгаруулдаг нянгуудаар бохирдсон байна.  
Зорилтот сумдын хүн амын гэдэсний халдварт өвчнийг судалсан дүн:
Судалгаанд хамрагдсан Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Хушаат, Түнхэл, Орхон, Орхонтуул сумдын хүн амын дунд 2009-2013 онд бүртгэгдсэн гэдэсний халдварт өвчнүүдийн /цусан суулга, суулгалт халдвар, вируст гепатит А, салмонеллёз, балнад/ тохиолдлыг авч, дүн шинжилгээ хийлээ.
Вируст гепатит А-гийн өвчлөл: Судалгаанд сонгогдсон 6 сумдад ВГА-гийн өвчлөл сүүлийн 5 жилийн байдлаар 2011 онд хамгийн их бүртгэгдэж,  2013 онд буурсан үзүүлэлттэй байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2011 оны байдлаар 10000 хүн амд ногдох ВГА-гийн өвчлөл 36.84 байхад Орхон (74.46), Орхонтуул (48.86) суманд аймгийн дунджаас 1.3-2 дахин ихэссэн үзүүлэлттэй байна. Мандал, Баянгол, Хушаат зэрэг суманд ВГА-гийн өвчлөл сүүлийн 5 жилийн байдлаар аймгийн дунджаас доогуур байгаа бөгөөд өвчлөлийн ерөнхий зүй тогтол аймгийн түвшинтэй адилхан байна.
Зорилтот сумдын хүн амын дундах ВГА-гийн нийт өвчлөлийн 89.9%-ийг хүүхдүүд, 10.1%-ийг насанд хүрэгчид эзэлж байна. Хүүхдүүдийн хувьд гол төлөв 3- 4 насныханд өвчлөл хамгийн их бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 50% нь сургуульд, 32.7% нь цэцэрлэгт хүмүүждэг бол 17.2%-ийг гэртээ байдаг хүүхдүүд тус тус эзэлж байна. ВГА-гийн өвчлөлийг хүйсийн хувьд авч үзвэл нийт тохиолдлын 52.9% нь эрэгтэй, 47.1% эмэгтэй байна.
Цусан суулгын өвчлөл: Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2009-2013 онд цусан суулгын өвчлөл буурч байгаа нь ажиглагдсан. Тухайлбал 2009 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 10000 хүн амд ногдох цусан суулгын өвчлөл 11.27 байсан бол энэ үзүүлэлт жилээс жилд буурч 2013 оны байдлаар 0.76 болж эрс буурсан байна. Сэлэнгэ аймгийн хувьд сүүлийн 5 жилийн байдлаар цусан суулгын өвчлөл нь улсын дунджаас бага байна. Цусан суулгаар өвчлөгсдийн 67.4%-ийг 0-5 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд гол төлөв 1-2 насныханд өвчлөл хамгийн их /17.9-27.5%/ бүртгэгдсэн байна. Хүйсийн хувьд 45.4% нь эрэгтэй, 54.6% нь эмэгтэй байна. Сэлэнгэ аймгийн хувьд Мандал сум болон аймгийн төвд  цусан суулгын өвчлөл зонхилон бүртгэгдсэн байгаа боловч сүүлийн 5 жилийн байдлаар Мандал сумын өвчлөлийн түвшин 10000 хүн  амд 2.82 буюу аймаг, улсын дунджаас бага байна. 2010 онд цусан суулгын тохиолдол Баянгол суманд 1, Орхон суманд 2, 2011 онд Орхон суманд 1 тус тус бүртгэгдсэн байна. 
 

Цусан суулгаар өвчилсөн хүүхдүүдийн ихэнх нь /67.1%/ гэртээ байдаг байна.
Суулгалт халдвар: Сэлэнгэ аймгийн хэмжээнд 20122013 оны байдлаар суулгалт халдварын тохиолдол 10000 хүн амд 57.14 бүртгэгдсэн байгаа нь улсын дунджаас /0,3/ харьцангуй их байна. Хушаат суманд суулгалт халдварын өвчлөл хамгийн их буюу аймгийн дунджаас 2.18-3.8 дахин их бүртгэгдсэн байна. Насны хувьд гол төлөв 0-4 насныхан өвчилсөн байна.
Орхон, Хараа голын бохирдолт, хүн амын өвчлөлийн хоорондын хамаарлыг тодорхойлсон дүн: Хараа болон Орхон голын усны шим бохирдлын зарим үзүүлэлт нь ойролцоох сумдын хүн амын дундах гэдэсний халдварын өвчлөлтэй шууд хамааралтай байна. Тухайлбал голын усны нитритийн агууламж нь цусан суулга болон суулгалт халдварын өвчлөлтэй шууд бага зэргийн (r=0.38, p=0.022; r=0.291, p=0.005), вируст гепатит А-гийн өвчлөл нь голын усны нянгийн ерөнхий тоотой шууд дунд зэргийн (r=0.403, p=0.015) хамааралтай байна.
 

ХЭЛЦЭМЖ
Судлаач Ш.Энхцэцэг, Б.Бурмаа нарын “Усаар дамжих халдварт өвчний судалгааны ажлын тайланд (2005) гэдэсний халдварын өвчлөлд ус түгээх байрны ус болон ил задгай усыг унд ахуйдаа хэрэглэх нь шууд дунд зэргийн хамааралтай байна гэж тодорхойлсон бол манай судалгааны дүнд мөн адил шууд хамааралтай байгаа нь тодорхойлогдсон.
Мөн энэхүү судалгаагаар Улаанбаатар хотод ВГА-аар өвчлөгсдийн 85.7%-ийн 0-14 насны хүүхдүүд эзэлж, өвчлөл хүүхдийн цэцэрлэг, сургууль, зуны амралтын газарт голомтлон гарч байна гэсэн бол бидний судалгааны үр дүнд ВГА-ын нийт өвчлөлийн 89.9%ийг хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд дээрх судалгааны адил сургууль (50%), цэцэрлэгт (32.7%) голомтлон гарч байгаа нь тодорхойлогдсон.
2006-2009 онд НЭМХ-д хийсэн “Хүн амын гэдэсний халдварт өвчний хөдлөл зүйг судалсан дүн” судалгаагаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд гэдэсний халдварын өвчлөл 1999-2003 онд сүүлийн 5 жилд нь өссөн үзүүлэлттэй байсан бол бидний судалгаагаар 2009-2013 онд буурсан үзүүлэлттэй байна.
Мөн энэхүү судалгаагаар ВГА-ын өвчлөл 9-р сараас 1-р сарын хооронд хамгийн их бүртгэгдэж байгаа бол бусад гэдэсний халдварт өвчнүүд нь 5-10 сарын хооронд оргил цэгтээ хүрч байна гэсэн бол бидний судалгааны дүнд Сэлэнгэ аймгийн зорилтот 6 сумын хүн амын дундах ВГА-ын өвчлөл 10-р сараас 1-р сарын хооронд хамгийн их, харин суулгалт, цусан суулга зэрэг бусад гэдэсний халдварын өвчлөл нь 6-9-р сард их бүртгэгдсэн байгаа нь адилхан байна.
ДҮГНЭЛТ
Хараа болон Орхон голын усны чанар нь физик, химийн үзүүлэлтээр зөөлөн усны ангилалд орж байна. Нян судлалын шинжилгээгээр зуны улиралд усан дах нянгийн ерөнхий тоо их, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч илэрсэн бохирдолтой байна.
Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул болон Хушаат сумдын хүн амын дунд болон бага насны хүүхдүүдийн дунд вируст гепатит А болон суулгалт халдварын өвчлөл аймгийн дунджаас 1.3-3.8 дахин өндөр байна.
Зорилтот сумдын хүн амын дундах гэдэсний халдварын өвчлөл нь Хараа болон Орхон голын усны шим бохирдлын зарим үзүүлэлттэй /нитрат, нитрит, сульфат гэх мэт/ статистикийн магадлал бүхий хамааралтай байна.
 
Ном зүй

1. НЭМХ. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл- IX, 20092010
2. Болормаа И. Өрхийн усны чанар, ариун цэвэр эрүүл ахуйн байдал, хүн амын мэдлэг, дадал, хандлага судалгаа. Судалгааны тайланв Улаанбаатар хот, 2011
3. Энхцэцэг Ш, Бурмаа Б нар “Усаар дамжих халдварт өвчний судалгааны ажлын тайлан-2005.
4. Эрүүл мэндийн яам ба бусад. “Хөдөөгийн хүн амын ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй”, Улаанбаатар. 2007
5. Craun and Calderon. “Water borne disease”. 1999.
6. “Guidelines for drinking-warer quality second edition’’ World Health Organizatiom Geneva. Vol. 2, 3
7. http://www.who.int/water_sanitation_health/diseases/ diarrhoea/en/
8. http://water.org/water-crisis/water-facts/water/ 9. http://thewaterproject.org/health
10. http://www.cdc.gov/healthywater/global/healthburden.html
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 738
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК