Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 17(9-2.)
НҮДНИЙ ШАР ТОЛБОНЫ НАСЖИЛТЫН СӨНӨРӨЛД НӨЛӨӨЛӨХ ЗАРИМ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС, ЭМНЭЛЗҮЙ, ОНОШЛОГООНЫ АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ 
Дэлхийд  50-иас дээш насны хүмүүсийн хараа буурах гол шалтгаан нь нүдний торовчийн  шар толбоны сөнөрөл бөгөөд уг сөнөрлөөр жилд  25-35 сая хүн хараа буурдаг байна.1-2 ДЭМБ-  ын мэдээгээр хүн амын дунд нүдний шар толбоны насжилтын сөнөрөл 8,7%, Ази номхон далайн баруун бүсийн орнуудын хувьд уг сөнөрөл 15 % -тай  байна.. 1994 оны байдлаар 33.2 саяд хүрээд байсан бол 2050 он болоход  80 сая болж өснө гэсэн урьдчилсан тооцоо байна.15 Тархалтын судалгаануудаас харахад олон эрсдэлт хүчин зүйлүүд нөлөөлдөг ба үүнд: арьс өнгө, яс үндэс, амьдралын хэв маяг, архи, тамхины хэрэглээ, нарны хэт ягаан туяаны нөлөө, хооллолт, амин дэмийн хэрэглээ, цусны даралт ихсэлт зэрэг нөлөөлдөг болох нь тогтоогдсон юм. Дүрс оношилгооны салбарт Оптикийн Кохерент Томографи (OКT) нэвтэрснээр шар толбоны өөрчлөлтийг эрт илрүүлж цаашдын хүндрэлээс сэргийлэх боломжтой болсон. Манай орны хүн амын дунд нүдний шар толбоны эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс, эмнэл зүйн талаар хараахан судлагдаагүй байгаа нь энэхүү ажлыг хийх  үндэслэл боллоо.
АРГА АРГАЧЛАЛ
Судалгаанд “Болор Мэлмий” эмнэлэгт 2012-2013 оны хооронд үйлчлүүлсэн шар толбоны сөнөрөлтэй 50 хүн, хяналтын бүлэгт ойролцоо насны шар толбоны  эмгэггүй 50 хүнийг сонгон авсан.  Багажийн шинжилгээний аргуудаар биеийн өндөр, жин, цусны даралт, биеийн жингийн индекс тодорхойлсон.  Судалгаанд хамрагдсан хүний  харааны чадлыг нүд тус бүрээр Log MAR харааны чадал шалгах самбарыг 5 метр зайнаас шалгав. Нүдний дотоод даралтыг агаараар үлээлгэдэг, нүдний эврэвч бүрхүүлд хүрэлцдэггүй (Noncontact- tonometer Topcon, Tokyo, Japan)  аппаратаар  3 удаа хэмжиж дундажаар үнэлэв. Нүдний угийг дурандахын өмнө хэсгийн мэдээ алдуулах үйлчилгээтэй дусаалга Дикайн 1% дусааж, хүүхэн хараа өргөсгөгч 1% тропикамидыг дусааж 30 минутын дараа угийн шинжилгээ  хийж  үзүүлэлтийг тодорхойлсон. Нүдний угийг 20 диоптри өсгөгч линз, шууд бус офтальмоскопийг ашиглан дурандаж шар толбоны сөнөрөлтэй ба сөнөрөлгүй бүлэгт хамруулсан. Нүдний торовч ба шар толбоны төвийн зузааныг  тодорхойлохдоо Оптик Кохерент Томографигаар (Cirrus HD-OCT- 4000, Zeiss, German) аппаратыг ашиглан  стандарт ангилалын дагуу  үнэлсэн. Судалгааны үр дүнгийн боловсруулалт хийхдээ SPSS-17.00, Microsoft Excel программаар боловсруулж, номын ишлэлийг Endnote X5 программ ашиглан хийлээ.
ҮР ДҮН
Судалгааг “Болор мэлмий” нүдний эмнэлэгт 2012 – 2013 онд үйлчлүүлсэн 45 – 80 насны нүдний шар толбоны насжилтын сөнөрөлтэй 50 хүн ба хяналтын бүлэгт ойролцоо насны шар толбоны  эмгэггүй 50 хүн болох нийт 100 хүнийг  хамруулсан. Судалгаанд тохиолдол, хяналтын нийт 100 үйлчлүүлэгч хамрагдсанаас хүйсийн хувьд тохиолдлын бүлэгт 34% (17) эрэгтэй, 66% (33) эмэгтэй, харьцуулсан бүлэгт 24% (12) эрэгтэй, 76% (38) эмэгтэй (P<0.001) байв. Судалгаанд хамрагдагсдын дундаж наслалт тохиолдлын бүлэгт 70.56±8.4, харьцуулсан бүлгийн дундаж наслалт 64.2±6.6 (P< 0.001) байсан. Нүдний шар толбоны насжилтын сөнөрөлтэй 50 хамрагдагсдын ерөнхий өвчлөлийн байдлыг асуумжаар асуухад элэг цөсний өөрчлөлттэй 23, үе мөч нуруу өвддөг 9, зүрх судас, бөөрний эмгэгтэй 6 хүн байлаа. Нүдний торовчийн  төвийн зузаан дундаж  тохиолдлын бүлэгт эрэгтэйчүүдийн баруун нүдэнд  236 ± 55 мкм, зүүн нүдэнд 248 ± 25 мкм ба эмэгтэйчүүдэд баруун нүдэнд  247 ± 62 мкм, зүүн нүдэнд 277 ± 28 мкм байсан. Хяналтын бүлэгт  эрэгтэйчүүдийн баруун нүдэнд  247 ± 57 мкм, зүүн нүдэнд 247 ± 28 мкм ба эмэгтэйчүүдэд баруун нүдэнд  278 ± 62 мкм, зүүн нүдэнд 276 ± 65 мкм байгаа нь эмэгтэйчүүдэд торовчийн төвийн зузаан их байна. Бидний судалгаанд  нүдний угийн эмнэлзүйн шууд бус офтальмоскопийн  шинжилгээгээр оношилоход тохиолдлын бүлэгт баруун нүдэнд Ангилал-1 - 48% (24),  Ангилал-2 - 40% (20), Ангилал-3 – 6% (3), Ангилал- 4 - 6% (3) ба зүүн нүдэнд Ангилал-1 - 40% (20), Ангилал-2 - 42% (21), Ангилал-3 - 10% (5), Ангилал- 4 - 8% (4) байв. Хяналтын бүлэгт баруун нүдэнд Ангилал-1 - 98% (49),  Ангилал-2 - 2% (1) байсан. Шар толбоны төвийг хамарсан газрын зурган хатангиршил, судсавчийн шинэ судасжилт, торовч бүрхүүлийн доорхи цус харвалт, торовчийн нөсөөт давхрагын сийвэнт хууралт, липидийн шүүрэл, фиброваскуляр сорвижилт. Хүснэгт 2-д үзүүлсэнээр нүдний угийг шууд бус офтальмоскопийн  шинжилгээгээр оношилоход тохиолдлын бүлэгт шар толбоны хуурай хэлбэрийн сөнөрөл буюу Ангилал-1 - 40%, Ангилал-2 - 42%, Ангилал-3 - 10%, Ангилал-4 - 8%  байсан бол ОКТ-ийн шинжилгээний дараа: Ангилал-1 - 32%, Ангилал-2 - 38%, Ангилал-3 - 14%, Ангилал-4 - 16%  болж  байгаа нь торовчийн нөсөөт давхрагын доорхи бижрүүний шүүдэст, хатангиршилт хэлбэрүүдийг ОКТ шинжилгээгээр илүү нарийвчлалтай оношилж байгааг харуулж байна.
ХЭЛЦЭМЖ
Шинжлэх ухаан, техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед улс орнуудын хүн амын дундаж наслалт нэмэгдснээр үүнтэй холбоотой үүсэх өвчлөл өссөн бөгөөд дэлхийн улс орон бүр өөрсдийн хүн амын дундах наснаас хамааралтай эмгэгүүдийг судалж хүн амынхаа эрүүл мэндийн чиг хандлагыг тодорхойлох болсон.  Манай улсад 1991-1992 онд Ж.Баасанхүү нарын 
эрдэмтэд 40-өөс дээш насны Монгол хүмүүсийн дунд сохрол, сул харааны шалтгаан ба тархалтын судалгааг хийсэн нь манай оронд насжилттай холбоотой үүсэх нүдний эмгэгүүдийн тархалтын талаарх тоо баримтыг анх удаа олон улсын түвшинд дүгнэн танилцуулсан явдал байв. Уг судалгааны үр дүнгээс дурдвал  нүдний сохролын шалтгааны 20%-ийг болрын цайлт, 12.2%ийг нүдний даралт ихсэх өвчин, 10.4%-ийг эврэвчийн эмгэг, нүдний шар толбоны насжилтын сөнөрөл 2.7%, 41%-ийг нүдний гэмтлийн тохиолдол эзлэж байв.6 Харин БНХАУ-ын Бээжин хотод хийсэн тархалтын судалгаанаас үзэхэд болрын цайлт 36.7%, холын харалганаас шалтгаалсан торовчийн сөнөрөл 32.7%, нүдний даралт ихсэх өвчин 14.3%, эврэвчийн бүдэгшил 15.4%, харааны мэдрэлийн хатангиршил 7.7%,  нүдний шар толбоны насжилтын сөнөрөл 2.0%, чихрийн шижингийн шалтгаант торовчийн өөрчлөлтүүд 0,7% зэрэг тохиолдлууд бүртгэгдсэн байдаг харахад манай орны хувьд нүдний даралт ихсэлтийн хувь өндөр бөгөөд харин нүдний шар толбоны насжилтын сөнөрөл ойролцоо тохиолдсон байна.   Тамхи бол уг сөнөрөлийн гол эрсдэлт хүчин зүйл болохыг баталсан олон тооны судалгаанууд байдаг. Урьд нь тамхи хэрэглэж байсан болон одоо хэрэглэж байгаа нь хоорондын ялгаа ажиглагдаагүй. Бидний судалгаанд нийт хамрагдагсдад 27% (27) тамхи татдаг харин 73% (73) татдаггүй гэсэн ба үүнээс тохиолдлын бүлэгт 34%  (17) татдаг харин 66% (33) нь татдаггүй байна. Хяналтын бүлэгт тамхи татдаг 20% (10) татдаггүй 80% (40)  зэргээс харахад тамхи татдаг хүн тохиолдлын бүлэгт илүү байгаа нь тамхи таталт уг сөнөрөлд нөлөөлж байгаа нь дээрхи судалгаануудтай адил байна (Р<0.001). Нүдний насжилттай холбоотой эмгэгийн судалгаанд цусны даралт ихсэх  нь шар толбоны сөнөрөл үүсэхэд холбоотойг нотолсон ба эрсдэлт хүчин зүйлийн судалгаанд архаг хэлбэрийн даралт ихэсдэг хүмүүст хоёр дахин шүүдэст хэлбэрийн сөнөрөл үүсэх эрсдэлтэйг судалсан байдаг ба бидний  судалгаанд нийт хамрагдагсдад цусны даралт ихэсдэг 64% (64), даралт ихэсдэггүй 36% (36), тохиолдлын бүлэгт даралт ихсэлт 74% (37) ихэсдэг, 26% (13) ихэсдэггүй бөгөөд үүнээс 60% (30) даралт бууруулах эм хэрэглэдэг, 40% (20) эм хэрэглэдэггүй байгаа нь даралт ихсэлт нь уг сөнөрөлд нөлөөлж байгаа ба дээрхи судалгаатай дүйж байна.   Беавер Дамын судалгаанд өөх тос их хэмжээгээр хэрэглэх нь шар толбоны сөнөрөлийн эхэн үеийн шинж ихсэхэд сул холбоотойг илрүүлсэн ба өөр судалгаануудын зөвлөмжөөр зарим зүрх судасны эрсдэлт хүчин зүйлүүд шар толбоны сөнөрөлтэй холбоотой гэжээ. Бид уураг, өөх тосны хэрэглээний талаар нэмэлт асуумжаар нийт хамрагдагсдын 31% (31) үхрийн мах хэрэглэдэг, 69% (69) хонины мах хэрэглэдэг бөгөөд үүнээс тохиолдолын бүлэгт 18% (9) үхрийн мах хэрэглэдэг, 82% (41) хонины мах хэрэглэдэг гэсэн тооцоо гарч байна. Харин харьцуулсан бүлэгт 44% (22) үхрийн мах хэрэглэдэг, 56% (28) хонины мах хэрэглэдэг байгаа нь хонины маханд агуулагдах холестрин уг сөнөрөлд нөлөөлөх магадлалтай нь харагдаж байгаа ба цаашид анхаарах, судалж үзэх шаардлагатай байна. Нүдний шар толбоны сөнөрөлтэй 50 тохиолдлын өвчлөлийн байдлыг асуумжаар авахад элэг цөсний өөрчлөлттэй 23%, үе мөч нуруу өвддөг 9%, зүрх судас, бөөрний эмгэгтэй 6%  байлаа. Эдгээрээс манай судалгааны тохиолдлын бүлэгт элэгний үрэвсэл, хатууралтай хүмүүс илүү байгаа нь анхаарал татаж байлаа. Фрамингхэмийн судалгаанд нүдний шар толбоны хуурай хэлбэрийн сөнөрөл 90%, шүүдэст буюу хожуу хэлбэрийн сөнөрөл 1.5% тохиолдсон гэсэн бол бидний судалгаанд  тохиолдлын бүлэгт Ангилал 1-2 шатны хуурай хэлбэрийн сөнөрөл  32% (16) - 38% (19), Ангилал 3-4 шатны шүүдэст хэлбэрийн сөнөрөл 14% (7) - 16% (8)  байгаа нь хуурай хэлбэрийн сөнөрөл  давамгайлан  ажиглагдсан нь  дээрхи судалгааны үр дүнтэй ойролцоо байгаа ч шүүдэст хэлбэрийн сөнөрлийн хувьд  уг судалгаатай харьцуулахад бага зэрэг өндөр харагдаж байгаа нь манай хамрагдагсад хожуу үедээ оношилогдсон байх магадлалтай юм . Дэлхийд Оптикийн кохерент томографи (OКT)-ийн шинжилгээг 1995 оноос нэвтрүүлсэн бөгөөд манай орны хувьд 2012 оноос энэхүү шинжилгээний аргыг нэвтрүүлсэн ба жил ирэх тусам уг сөнөрлийн тоо нэмэгдсээр байгаа билээ. Тиймээс энэ удаад өөрийн оронд хийгдсэн шар толбоны сөнөрөлтэй болон сөнөрөлгүй хүмүүст ОКТ шинжилгээний байдлыг бусад орны судлаачдын ажилтай харьцуулан үнэлсэн юм. ОКТ-ийн шинжилгээг үнэлэхэд торовчийн төвийн зузаан (ТТЗ) дунджаар монгол  эрэгтэй хүний  баруун нүдний  ТТЗ дундажаар 236 ± 55 мкм, зүүн нүдний  ТТЗ 248 ± 25мкм, монгол эмэгтэй хүний баруун нүдний ТТЗ  247 ± 62мкм, зүүн нүдний  ТТЗ 277 ± 28 мкм байсан.  Үүнээс эмэгтэй хүний торовчийн төвийн зузаан их  байна. Насжилтын шар толбоны сөнөрлийг эрт илрүүлсэнээр зохих эмчилгээг цаг тухайд нь хянахад уг өвчин хожуу хэлбэрт шилжих магадлалыг 25%-аар, уг сөнөрөлөөс шалтгаалсан хараа алдалтыг 19%-аар бууруулдаг байна. Манай оронд нүдний шар толбоны насжилтын сөнөрлийн талаархи судалгаа хийгдэж байгаагүй. Бидний судалгаанд хамрагдагсдын тоо харьцангуй цөөн байсан ба бид цаашид  урт хугацааны хяналттай, стандарт эмчилгээ болох шилэнцэрийн тарилгатай хослуулан харьцуулсан, олон төвт судалгаа хийх шаардлагатай байна.
ДҮГНЭЛТ
Нүдний шар толбоны насжилтын сөнөрөл үүсэхэд тохиолдлын бүлэгт 74% (37) цусны даралт ихэсдэг, тамхи татдаг 34%  (17), хяналтын бүлэгт тамхи татдаг 20% (10) байгаа нь тамхи таталт, цусны даралт ихсэлт нь уг сөнөрөл үүсэхэд  нөлөөлж байгаа бөгөөд 60-аас дээш насны эмэгтэй хүмүүст илүүтэй тохиолдож байна (Р<0.001). Нүдний шар толбоны насжилтын сөнөрөл эмнэлзүйн хувьд хуурай хэлбэрийн сөнөрөл 38% (19), шүүдэст хэлбэрийн сөнөрөл 16% (8)  байгаа нь хуурай хэлбэрийн сөнөрөл  давамгайлан  ажиглагдсан. Нүдний шар толбоны насжилтын сөнөрлийн эмнэлзүйн үе шатыг оптик кохерент томографигаар шинжлэхэд торовчийн нөсөөт давхрагын доор бодисын солилцооны хуримтлал  бижрүүнүүд их хэмжээгээр үүсдэг нь тогтоогдов. Монгол  эрэгтэй хүний  баруун нүдний  ТТЗ дундажаар 236 ± 55 мкм, зүүн нүдний  ТТЗ 248 ± 25мкм, монгол эмэгтэй хүний баруун нүдний ТТЗ  247 ± 62мкм, зүүн нүдний  ТТЗ 277 ± 28 мкм байсан.  Үүнээс эмэгтэй хүний торовчийн төвийн зузаан их байна.
 

 

Ном зүй

1. Friedman DS, O’Colmain BJ, Munoz B, Tomany SC, McCarty C, de Jong PT, Nemesure B, Mitchell P, Kempen J. Prevalence of age-related macular degeneration in the United States. Arch Ophthalmol 2004; 122:564-72. [PMID:15078675]
2. Bird AC. The Bowman lecture. Towards an understanding of age-related macular disease. Eye 2003; 17:457-66. [PMID:12802343]
3. Donders FC: Beitrage zur pathologischen Anatomie des Auges. Arch Ophthalmol 1855; 1:106
4. Haab O: Erkrankungen der Macula lutea. Centralblat Augenheilkd 1885; 9:384-391
5. Duke- Elder S: Disease of the uveal tract. In System of Ophthalmology, St. Louis, Mosby-Year Book, 1966; 9- 60
6. Baasanhu J, Johnson GJ, Burendei G, Minassian DC. Prevalence and causes of blindness and visual impairment in Mongolia: a survey of populations aged 40 years and older. Bull World Health Organ. 1994;72(5):771-776.
7. Klein R, Peto T, Bird A, Vannewkirk MR. The epidemiology of age-related macular degeneration. Am J Ophthalmol 2004; 137:486-95. [PMID: 15013873]
8. Seddon JM, Chen CA. The epidemiology of age-related macular degeneration. Int Ophthalmol Clin 2004; 44:17-39. [PMID: 15577562]
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1121
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК