Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 17(9-2.)
УРГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ ДЭХ НҮДНИЙ АЛИМНЫ БҮРХҮҮЛҮҮДИЙН БҮТЭЦ, ЯЛГАРАН ХӨГЖИЛ БА СУДАСЖИЛТЫГ СУДАЛСАН ДҮН
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ 
ДЭМБ-ын статистик тоо баримтаас харахад жилд 15 сая хүүхэд дутуу төрдөгөөс 1 сая гаруй нь дутуу төрөлтийн хүндрэлээс шалтгаалж нас бардаг байна. Дутуу төрөлт нь нярайн эрт үеийн өвчлөл эндэгдлийн гол шалтгаан болдог.1 Манай улсын хувьд дутуу төрөлтийн тоо жил ирэх тутам нэмэгдсээр байна. ЭХЭМҮТ-ийн статистик мэдээгээр 2006 – 2011 онд ЭНЭМТ-д дутуу төрөлт нь нийт төрөлтийн 7.3 – 9.5% түүнээс дутуу нярайн эндэгдэл 73.6 – 88.1 хувийг эзэлж байна.2 Дутуу төрсөн нярай хүүхдийн нүдний алимны торлог бүрхүүлийн судасжилт гүйцэд хөгжөөгүйгээс дутуу нярайн ретинопати эмгэг (ROP-Retinopathy of Prematurity) үүсдэг ба дэлхийн хэмжээнд хүүхдийн сохролын 6-18% тохиолддогоос3 улсын хэмжээнд хүүхдийн нүдний тусламж үзүүлдэг ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлсэн хүүхдийн хувьд дутуу нярайн ретинопатийн тохиолдол ихэсч байгаа гэсэн мэдээ нь бидний судалгааны ажил явуулах үндэслэл боллоо.
ЗОРИЛГО
14-38 долоо хоногтой ургийн нүдний алимны бүрхүүлүүдийн бүтэц, ялгаран хөгжил, судасжилтыг судлах
ЗОРИЛТ
• Ургийн нүдний алиманд макроморфометрийн хэмжилт хийх. • Ургийн  нүдний алимны бүрхүүлүүдийн бичил бүтцийн хэмжил зүй, бүтцийн ялгаран хөгжлийг тодорхойлох. • Ургийн нүдний алимны судасны үүсгэврийг  антиVEGF эсрэгбие холбон илрүүлэх
АРГА АРГАЧЛАЛ
Бид судалгаагаа эпидемиологийн дескриптив судалгааны “Нэг агшингийн (Cross-sectional study) загварыг ашиглан явуулсан. Судалгаанд 14.9-38.0 долоо хоногтой эрэгтэй, эмэгтэй хүйсийн нийт 33 ургийн цогцост доорхи аргуудыг ашиглан 2030 нэгжид судалгааг хийж гүйцэтгэлээ. • Гаргалгааны арга: Ургийн цогцосноос нүдний алимыг энуклеаци хийж бүтнээр нь аван 4%-ийн саармаг формалины уусмалд 14 хоног бэхжүүлэв. • Макроморфометрийн арга: Ургийн нүдний алимны жин, тэнхлэгийн урт, бүслүүр урт, эвэрлэг бүрхүүлийн голчийг миллиметрийн хуваартай шугам, штанган циркуль, жин хэмжүүрийн 
тусламжтайгаар хэмжилтүүдийг хийлээ. • Ерөнхий эд судлалын арга: Бид судалгаанд хамрагдсан ургуудын нүдний алимны бүрхүүлүүдээс бичил бэлдмэл бэлдэж Гематоксилин-Эозиноор будаж Discus программ ашиглан бүрхүүлүүдийн зузаан, голч, уртыг хэмжин тодорхойлов. • Иммуногистохимийн арга: Судасны эндотель эсийн гадаргуу дээр илрэх эндотель эсийн өсөлтийн хүчин зүйлээр судасны үүсгэврийг илрүүлэх зорилгоор анти-VEGF моноклон эсрэгбие ашиглан иммуногистохимийн дан будалт хийсэн. Будагдалтын зэргээр их хүчтэй, дунд, сул эерэг гэж тооцов. • Цэгэн тооцооны арга: Эдийн дэд бүтцийн харьцааг тооцдог Г.Г.Автандиловын аргаар 20х өсгөлттэй зураг дээр 100 мкм² талбайтай тор тавьж илчлэгдсэн эсүүдийн арифметик  үзүүлэлтийг тооцов. Тоон үзүүлэлтүүдийг биостатистикийн үндсэн аргуудаар арифметик дундаж, дунджийн алдааг бодож хамааралт түүврийн t шалгуур (Paired- Samples T-test),  үл хамааралт түүврийн t тест (Independent-Samples T-test), нэг хүчин зүйлийн вариацийн шинжилгээгээр (one-way ANOVA) тооцон боловсруулалт хийлээ.
ҮР ДҮН
Судалгаанд хамрагдсан 14.9-38.0 долоо хоногтой нийт 33 ургаас гаргалгааны арга ашиглан нүдний алимыг авч нүдний алимны макроморфометрийн хэмжилтийг тодорхойлов. (Хүснэгт 1) Дээрхи тоон үзүүлэлтээс ургийн эрт үеийн тоон үзүүлэлтийг хожуу үеийнхтэй харьцуулахад нүдний алимны гадна тэнхлэгийн урт, эвэрлэг бүрхүүлийн голч харьцангуй бага нэмэгдэж байхад нүдний алимны бүслүүр хэмжээ 1.232 см-ээр уртсаж нүдний алимны жин 1.09 гр-аар нэмэгдсэн байна. Бүслүүр урт, жин статистикийн хувьд бодитой ялгаатай (P<0.05) ихэсч, гадна тэнхлэгийн урт, эвэрлэг бүрхүүлийн голч ургийн нас ахихад ихэсч байгаа боловч статистик ач холбогдолтой ялгаа байсангүй (P>0.05). Бичил бэлдмэл бэлтгэж морфометрийн үндсэн үзүүлэлтүүдийг Discus программаар тодорхойлов. Нүдний алимны гадар бүрхүүлийн өмнөд хэсэг болох эвэрлэг бүрхүүлийн зузаан (Зураг 1). Нүдний алимны гадар бүрхүүлийн ар хажуу хэсэг болох уураглаг бүрхүүлийн зузаан ургийн эрт үед эвэрлэг бүрхүүлтэй нийлэх хэсэгт буюу 1100, 100 цагийн орчимд хамгийн нимгэн буюу дунджаар 335.02 ± 4.70 мкм байж байгаад аажим зузаарч харааны мэдрэлийн гарах хэсэгт буюу 500, 700 цаг орчимд хамгийн зузаан буюу дунджаар 390.84 ± 31.59  мкм болж байна. Ургийн хожуу үед уураглаг бүрхүүлийн зузаан 1100, 100 цагийн орчимд дунджаар 458.84 ± 52.12 мкм байсан ба цааш аажмаар зузаарч харааны мэдрэлийн ойролцоо 500, 700 цаг орчимд  хамгийн зузаан буюу дунджаар 600.9 ± 22.59 мкм болсон (P>0.05) (Зураг 2А, Б). 
 
Нүдний алимны дунд бүрхүүлийн өмнөд хэсэг болох солонгон бүрхүүлийн зузаан (Зураг 4). Жинхэнэ судаслаг бүрхүүлийн зузаан ургийн эрт үед сормослог биетэй нийлэх хэсэгт буюу 1000, 200 цаг орчимд хамгийн нимгэн, дунджаар 68.11 ± 8.59 мкм, харааны мэдрэлийн гарах хэсэгт буюу 500, 700 цаг орчимд хамгийн зузаан, дунджаар 121.42 ± 2.05 мкм байна (Зураг 2А). Ургийн хожуу үед энэ бүрхүүлийн сормослог биетэй нийлэх хэсэгтээ дунджаар 96.74 ± 19.24 мкм, харааны мэдрэлийн гарах хэсэгт 170.36 ± 0.62 мкм болон зузаарсан байна (Зураг 2Б). Ургийн эрт ба хожуу үед статистик ялгаа бүхий утгууд гадна, дотно, хажуугийн хэсгүүдэд гарсан (P<0.05). Харин бусад хэсэгт статистик ялгаатай утга ажиглагдсангүй (P>0.05). Дээрхи судаслаг бүрхүүлийн зузааныг дутуу нярайн насны бүлгүүдээр ялгаж үзэхэд тодорхой хэсгүүдэд бодитой ялгаатай хэмжигдэхүүн байсан (Зураг 3). Нүдний алимны дотор бүрхүүл болох торлог бүрхүүлийн зузааныг тодорхойлж үзэхэд дунджаар 209.58± 47.11 мкм байна. 14.9 долоо хоногтой урагт торлог бүрхүүлийн зузаан 297.8 мкм байгаад цаашид аажим буурсаар 38.0 долоо хоногийн үед 219.2 мкм болж нимгэрч байна (Зураг 6). Эвэрлэг -солонгон бүрхүүлийн өнцөг дунджаар 36.27± 20.53° байсан бөгөөд 14.9 долоо хоногтой ургийн өнцөг 27.20°, 38.0 долоо хоног гэхэд 48.04° болж ихэсч байна (Зураг 15). Анти-VEGF моноклон эсрэгбиеэр эерэг будагдсан эсүүд судаслаг бүрхүүлд дунджаар 36.93%, торлог бүрхүүлд 67.05%, уураглаг бүрхүүлд 6.97% тодорхойлогдлоо.
ХЭЛЦЭМЖ
Польш улсын судлаач Ewa Tomasik нар 17-28 долоо хоногтой ургийн нүдний алимны хөгжлийг нүдний аяганы хөгжилтэй холбож судалсан бөгөөд нүдний алимны гадна тэнхлэг, бүслүүр хэмжээ, ургийн нас ахих тутам нэмэгдсэн байна. Энэ нь ухархайн гүн, өргөн өссөнтэй холбож тайлбарласан байна.4
Бидний судалгаагаар 14.9 долоо хоногтой ургийн нүдний алимны эвэрлэг бүрхүүл бүрэн хөгжсөн байсан бөгөөд эвэрлэг бүрхүүлийн төвийн хэсэг ургийн эрт болон хожуу үед жигд зузаарч байсан бол зах хэсгээрээ ургийн хожуу үедээ зузаан нь бага нэмэгдэж төвийн хэсгээсээ хоцрон харьцангуй нимгэрч байсан. Үүнийг бид Польш улсын судлаач Andrzej Styszyñski нарын хийсэн судалгаатай харьцууллаа. Тэдний судалгаагаар 36-56 хоногтой үр хөврөлийн нүдний алимны эвэрлэг бүрхүүлийн зузааныг тодорхойлж 38 хоногтой үр хөврөлийн эвэрлэг бүрхүүл харагдаж эхэлсэн ба 41 хоногтойд төв ба захын зузаан ижил байсан байна. Харин 44, 46 хоногтойд эвэрлэг бүрхүүлийн төв хэсэг зузаарч үр хөврөлийн 8 долоо хоногийн үед эвэрлэг бүрхүүлийн төв хэсгийг бодвол зах хэсэг илүү зузаарсан байна. Энэ нь эвэрлэг бүрхүүлийн 5 давхарга хэлбэрждэгтэй холбоотой гэж үзсэн байна.5 Casari нар 7 долоо хоногийн дараагаас уураглаг бүрхүүлийн эх үүсвэр тавигдаж хөгжиж эхэлдэг бөгөөд хойш сунаж 2 сарын сүүлээр экваторт хүрээд 5 сарын сүүлээр нүдний алимны арын туйлд хүрнэ. Захын хэсгээр шинэ ширхгүүд аажмаар нэмэгдснээр уураглаг бүрхүүл цааш хурдацтайгаар зузаардаг гэжээ.6 Бидний судалгаагаар уураглаг бүрхүүл ургийн нас ахих тутам аажим зузаарсан үзүүлэлт гарсан боловч эвэрлэг бүрхүүлтэй нийлэх хэсэг болон харааны мэдрэл гарах хэсэгт харьцангуй нимгэн, хажуу хэсгээрээ зузаан байсан. Эвэрлэгтэй нийлэх хэсэгтээ нимгэн байгаа нь ургийн хожуу үед статистик бодит ялгаатай багассан утга гарсан нь ургийн нүдний өмнөд хорго, трабекулын зай ихэсч сунан, трабекулыг хучсан эндотель эсийн хоорондох нүх завсар ихэссэнтэй холбоотой байж болох юм. Энэ талын судалгааг Австралийн их сургуулийн судлаач P G Mcmenamin нар 12-22 долоо хоногтой 17 урагт эвэрлэг – солонгон бүрхүүлийн өнцгийг тодорхойлсон. Тэд ургийн нүдний өмнөд хорго, трабекул хоорондын зай, судаслаг бүрхүүлийн трабекулыг хучсан судасны эндотель эсийн хооронд нүх завсар үүсдэг байна. Энэ нь ургийн нас ахих тутам нүхнүүдийн хэмжээ, тархалт ихэсдэг гэж үзсэн байна.7 Франц улсын судлаач Allouch C нар насанд хүрсэн 50 хүний эрүүл 100 нүдний алимны эвэрлэг – солонгон бүрхүүлийн өнцгийг микроскопоор (Orbscan) хэмжихэд 42.8 ± 6.7° гарчээ.8 Бидний судалгаанд хамрагдсан насны ургийн үед эвэрлэг – солонгон бүрхүүлийн өнцгийг хэмжихэд 20.9 (5 сар) долоо хоногтойд 44.47° байгаа нь Burean, Allen нарын үзсэнээр нүдний алим хөгжихдөө ургийн 5 сараас эзлэхүүн нэмэгдэх тутам өнцгийн хэмжээ 6 дахин нэмэгдэж насанд хүрсэн хүний эвэрлэг – солонгон бүрхүүлийн өнцгийн хэмжээнд хүрч байна гэсэн дүгнэлттэй таарч байна.9      Германы судлаач К. SELLHEYER нар судаслаг бүрхүүлийн хориокапиляр 12 долоо хоногтойгоос тодорч эхэлдэг ба 15 долоо хоногтойд судаслаг бүрхүүлийн хөгжил илэрхий болж артериол, венул, хориокапилярын давхарга ялгарч харагдаж эхэлдэг байна. 22 долоо хоногоос артери, вен бүрэн ялгарч эхэлдэг байна гэж үзжээ.10 Mann нар торлог бүрхүүлийн эрт хөгжлийн үед нүдний цэврүүнд дан баганан эсүүд 7 долоо хоног хүртэл  насанд хүрсэн хүний зузааны хэмжээнд хүртлээ эрчимтэйгээр зузаарна. 8 сарын үеэр торлогийн дотор давхарга судасжилттай болдог байна. Төрсний дараа эсийн хуваагдлын эрчим багасаж, нүдний алим насанд хүрэгчдийн хэмжээнд хүртэл томрох үед торлог бүрхүүл талбайгаараа томорч нимгэрнэ гэж үзжээ.11 Энэхүү судалгаа нь бидний гарсан үр дүнтэй ойролцоо байгаа бөгөөд ургийн нас нэмэгдэж торлог бүрхүүлийн хэмжээ нимгэрч байсан.
ДҮГНЭЛТ
Ургийн эрт үед нүдний алимны гадна хэмжээсүүд тэгш хэмтэй, зэрэг жигд ихсэж байхад ургийн хожуу үед нүдний алимны тэнхлэг бага зэрэг, бүслүүр хэмжээ эрчимтэй ихэсч байна.
Ургийн нүдний алимны бүрхүүлүүдийн хэмжээ ургийн эрт үеэс хожуу үе хүртэл жигд ихэсч судаслаг бүрхүүл, торлог бүрхүүл нь нүдний алимны хэсгүүдэд жигд биш зузаантай хэлбэржиж байна.
Ургийн эрт үед нүдний алимны жинхэнэ судаслаг бүрхүүл, торлог бүрхүүлд анти-VEGF моноклон эсрэгбие хүчтэй эерэг будагдалттай, хожуу үед дунд эерэг будагдалттай байлаа.
 

 

Ном зүй

НОМЗҮЙ
1. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллийн төв Fact sheet №363. 2013.
2. ЭХЭМҮТ, Нярай судлалын тасаг 2013. www.saveinfants.mn p=1364
3. Foster A. How Can Blind Children Be Helped? Community Eye Health. 1998; 11: 33-4.
4. Tomasik E, Czepita D, Zejmo M and Czerwinski F. Development of the human eyeball and orbit during the fetal life. Annales Academiae Medicae Stetinensis. 2005; 51: 37-40.
5. Andrzej Styszyсski, Malgorzata Bruska, Witold Wo.niak. Folia Morphol.Vol 60, No 1,Morphometric study of the cornea in human embryos, p 57-59
6. Casari. Arch.Anat. (Strasbourg), 35, 203 (1953)
7. P G McMENAMIN, British Journal of Ophthalmology, Human fetal iridocorneal angle: a light and scanning electron microscopic study 1989, 73, 871-879
8. Allouch C, Touzeau O, Borderie V, Puech M, Ameline B, Scheer S, Laroche L, J Fr Ophtalmol. Orbscan: a new device for iridocorneal angle measurement, 2002 Oct; 25(8): 799806
9. Burean et al., 1954-56; Allen et all., 1955
10. К. SELLHEYER Eye: Development of the Choroid and Related structures. (1990) 4, 255-261
11. Mann. Development of the Human eye, Camb; 2nd ed. (1949)
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 732
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК