Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 17(9-2.)
СУЛ МИОПИ БА МИОПИЙН АСТИГМАТИЗМИЙГ ЛАЗЕРААР ЭМЧИЛСЭН ҮР ДҮН
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ 
Нүдний гэрлийн хугарлын гажиг нь эмчлэгдэж болох сохролын үндсэн таван шалтгааны нэгд ордог, эмчилгээгээр засагдахгүй тохиолдолд сохролд хүргэх  2-рт орох  шалтгаан болдог.1.2 Нүдний гэрлийн хугарлын гажигт миопи, гиперметропи, астигматизм гэсэн харааны өөрчлөлтүүдийг хамруулна. Нүдний гэрлийн хугарлын  гажигтай хүн амын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.  2020 он гэхэд дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь миопи буюу холын харалган байх урьдчилсан тооцоо гарчээ.3    Орчин үед хараа засах лазерийн мэс засал (ХЗЛМЗ) нь нүдний гэрлийн хугарлын гажгийг засах хагалгааны хамгийн түгээмэл хэлбэр юм.7,8 Мэс заслын явцад нүдний эврэвч дээр зүслэг хийж 193 нм долгионы урт бүхий тусгай лазераар үйлчлүүлдэг. ХЗЛМЗ нь өвдөлтгүй, эдгэрэлт хурдан, сорвижилт үүсэх нь харьцангуй бага ба үр дүн сайтай мэс ажилбар юм.9 Монгол оронд ХЗЛМЗ 2005 оноос “Болор мэлмий” эмнэлэгт анх хийгдэж эхэлсэн бөгөөд энэ талаарх судалгааны ажил ховор байгаа нь бидний эрдэм шинжилгээний ажлын үндэслэл боллоо.
АРГА АРГАЧЛАЛ
Хараа засах лазерийн мэс заслын үр дүнг тогтоох тохиолдлын цуврал судалгааг “Болор мэлмий” нүдний эмнэлэгт судалгаа хийх зөвшөөрөл авсны дагуу хийсэн. Судалгаанд 2007 оны 1 дүгээр сараас 2011 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл  “Болор мэлмий “ эмнэлэгт сул миопи ба миопийн астигматизмтай 103 хүний 206 нүдэнд хийсэн ЛАЗИК Хараа засах лазерийн мэс заслын үр дүнг үнэлэв. 
Бидний судалгааны шалгуур үзүүлэлт нь:
• Миопи – 0,5 диоптроос – 3,0 диоптр хүртэл
• Астигматизм – 0,75 диоптроос – 5,0 диоптр хүртэл
• Эврэвчийн төвийн зузаан 460 нм-ээс багагүй
• Нүдний дотоод даралт хэвийн
• Мэс заслын эсрэг заалтгүй
• Мэс заслын дараа 1 жил хяналтанд бүрэн хамрагдсан байх. Хяналтын 1 жилийн хугацаанд нийт 5-6 удаа үзүүлсэн байх.
• Мэс заслын дараах сфер эквивалент эмметроп түвшинд хүрч засагдсан байх
ХЗЛМЗ-д орох шалгуур үзүүлэлтүүд. Үүнд: 18-45 насны, сүүлийн 2 жилд хараа тогтвортой,  хугарлын гажгийн хэмжээ 0,5 диоптроос ихгүй нэмэгдсэн, шилээр засарч буй харааны чадал 0,5 децимел буюу түүнээс дээш, нүдний үрэвсэлт өвчингүй, жирэмсэн болон хөхүүл биш, системийн холбогч эдийн ба аутоиммуний өвчний анамнезгүй, эврэвчийн төвийн зузаан 460 нмээс дээш, эврэвчийн хугалах хүч 40-47 диоптри байна.
Шинжилгээнд орохоос өмнө зөөлөн контакт линз хэрэглэдэг бол 14 хоног, хатуу контакт линз хэрэглэдэг бол 4 долоо хоног хэрэглээгүй байх шаардлагатай. Хүн бүрийн  харааны чадлыг нүд нэг бүрээр нь тодорхойлно. Харааны чадлыг  Децимел харааны чадал шалгах самбарыг 5 метр зайнаас дээрээс доош, нэг мөрнөөс 2-3 үсэг уншуулж шалгасны дараа  ауторефрактометр Topcon AR 8800 (Topcon Corporation, Tokyo, Japan) багажаар нүдний гэрлийн хугарлын гажгийн хэмжээг диоптроор тодорхойлж шилээр засарч буй харааг шалгана. Эврэвчийн өмнөд гадаргуугын хугалах хүчийг тодорхойлоход тусгай компьютерчлагдсан видеокератографи (Topographic Modeling System TMS-48 Tomey corporation, Nagoya, Japan) багажийг  ашиглана (Зураг 6). Нүдний оптикийн бүтцийн хамгийн чухал хэсэг нь эврэвч юм. Эврэвч нь нийт гэрэл хугалах хүчний 74%ийг нөхцөлдүүлдэг. Эврэвчийн оптикийн чанар, гэрэл дүрсийг дамжуулах үйл ажиллагааг тусгай топографи буюу эврэвчийн өнгөт зураглалын шинжилгээгээр тодорхойлдог. Миопийн гажигтай хүмүүсийн эврэвчийн хугарлын хүчийг хэмжиж өнгөт дүрслэлийн аргаар тодорхойлсноор кератоконусийг эрт илрүүлэх, контакт линзнээс шалтгаалсан өөрчлөлт гарсан эсэхийг тогтоох, миопитай  хүмүүст эврэвчийн хэвийн болон хэвийн бус зураглалын давамгайлах байдлыг тогтоох боломжтой юм.
ҮР ДҮН
Судалгааг “Болор мэлмий” нүдний эмнэлэгт ХЗЛМЗ-д 2007 – 2011 онд орсон  сул миопи ба миопийн астигматизмтай 18-45 насны нийт 265 (эрэгтэй 70, эмэгтэй 195) хүн байв. Үүнээс судалгааны шалгуур үзүүлэлтийн дагуу хяналтандаа бүрэн хамрагдсан 103 хүний 206 нүдэнд судалгаагаа хийлээ. (Хүснэгт 2). ХЗЛМЗ-ын дараа харааны чадал 0.5 –аас 1.0 децимел болж сайжирвал мэс заслыг үр дүнтэй гэж үнэлнэ. Бидний судалгаагаар мэс заслын өмнөх шилээр засрахгүй харааны чадал судалгаанд хамруулсан нийт 206 нүдэнд 0.04–өөс  0.45 децимел байсан бол мэс заслын дараах шилээр засрахгүй харааны чадал эхний өдөр 0.4 – 1.2 буюу дунджаар 0.93 децимел, 1 сарын дараа 0.45-аас 1.2 ( 0.97), мэс заслаас хойш 3 сарын дараа 0.45-аас 1.2 децимел буюу дунджаар 0.99, 6 сарын дараа 0.5-аас 1.2 децимел буюу дунджаар 0.99, 1 жилийн дараа харааны чадал 0.5-аас 1.2 децимел буюу дунджаар 1.0 болж сайжирсан байна. Мэс заслын явцад буюу шарх үүсгэх явцтай холбоотой гардаг хүндрэл тохиолдоогүй. Мэс заслын дараа эхэн үеийн тархмал үечилсэн эврэвчтэс, шархны үрчлээ хунираа, шархны доорх бохирдол, хучуур эсийн ургалт, эврэвчийн бүдэгшил, халдварт эврэвчтэсийн тохиолдол мөн бүртгэгдээгүй. Нүд хуурайших хам шинж нь ХЗЛМЗын дараа нийт өвчтөний 50%д тохиолддог хүндрэл юм. ХЗЛМЗ-ын өмнө нүд хуурайших хам шинжийн тохиолдлын хувь 38-75%, харин мэс заслын дараа эрт үед нүд хуурайших хам шинжийн тохиолдлын хувь 95% байна.  Үүний 60% нь мэс заслын дараах эхний 1 сард тохиолдож байна. Эврэвчийн мэдрэг чанар буурснаас нулимсны ялгаралт  багасдаг. Эврэвчийн мэдрэг чанар эргэж сэргэх хугацаа мэс заслын дараа 3 долоо хоногоос 12-16 сар хүртэл байна. Бидний судалгаагаар мэс заслын дараа эрт үед нүд хуурайших хам шинж 80% байсан нь аажмаар буурч 1 жилийн хяналтын хугацаанд 8 (3.9%) нүдэнд НХХШ үргэлжилсэн нь 2 нүдний (0.97%) харааны чадал 0.10 буюу 1 эгнээгээр буурах шалтгаан болсон байна. ХЗЛМЗ-ын дараа хожуу тохиолддог эргэн муудах хүндрэл нь миопи, гиперметропи, астигматизмийн өндөр зэрэглэлийг засах лазерийн мэс заслын дараа тохиолддог. Эрдэмтдийн хийсэн олон тооны судалгаагаар дахин муудах хүндрэлийн тохиолдол 5,527,7% байна.  Бидний судалгаагаар мэс заслын дараах хожуу үеийн хүндрэл буюу эргэн муудалт өндөр астигматизмтай байсан 1 нүдэнд (0.48%) тохиолдсон.  Мэс заслын өмнөх шилээр засарч буй харааны чадал нь 0,55 децимел байсан бол мэс засал хийлгэснээс хойш 1 жилийн хяналтын хугацаанд шилээр засрахгүй харааны чадал нь 0,4 децимел болж буурсан байв. Тухайн өвчтөний дахин муудсан баруун нүдний мэс заслын өмнөх нүдний гэрлийн хугарлын гажиг нь сфер – 0.75 цилиндр – 4.5 диоптри байсан нь мэс заслын дараа сфер 0, цилиндр -0,75 диоптри болж сайжраад 1 жилийн дараа цилиндр – 2.,25 диоптри болж эргэн муудсан байв.
 
ХЭЛЦЭМЖ
Ретроспектив судалгааны загвараар  энэхүү судалгааны ажил  “Болор мэлмий” нүдний эмнэлэгт 2007 оны 1 дүгээр сараас 2011 оны 12 дугаар сарын хооронд сул миопи ба миопийн астигматизмтай 103 хүний 206 нүдэнд  ХЗЛМЗ-ын үр дүнг хагалгааны дараа жилийн турш үзсэн үзлэг, шинжилгээн дээр үндэслэн хийсэн болно.
Бидний судалгаагаар мэс заслын өмнөх шилээр засрахгүй харааны чадал  0.04-0.45 децимел байсан бол мэс заслын дараах эхний өдөр дунджаар 0.93 децимел (0.4-1.2), 1 сарын дараа 0.97 децимел (0,451.2), мэс заслаас хойш 3 сарын дараа 0.99 децимел  (0,45-1.2), 6 сарын дараа 0.99 децимел (0.5-1.2), 1 жилийн дараа харааны чадал 1.0 децимел (0.5-1.2) болж сайжирсан.
Мэс заслын дараах харааны чадал нийт 206 нүдний 74%-д нь 1.0 децимел буюу түүнээс дээш болж сайжирсан,  15% нь 0.5-аас 1.0 децимел, 11% нь харааны чадал мэс заслын өмнөх шилээр засарч буй харааны чадал хэвэндээ буюу өөрчлөгдөөгүй байв. (Зураг 9,10) Мэс заслын дараах шилээр засрахгүй харааны чадлын сайжралаар ХЗЛМЗ-ын урьдчилан таамаглах боломжийг үнэлдэг. АНУ-ын Хүнс Эмийн Чанарын албаны мета-анализ судалгаагаар ХЗЛМЗ-ын дараа нийт мэс засалд орсон хүмүүсийн харааны чадал 97%-д нь 0.5 децимел, 62%д нь 1.0 децимел болж сайжирсан дүнтэй бидний судалгааг харьцуулахад 100%-д 0.5 децимел, 74% -д нь 1.0 децимел буюу түүнээс дээш болж сайжирсан нь бидний судалгааны ажлын үр дүн сайн байгааг илтгэж байна.9,10
АНУ-ын  Хүнс Эмийн Чанарын алба ХЗЛМЗ-ын дараа харааны чадал 1-ээс 2 мөр буурсан тохиолдол 5% хүртэл байвал аюулгүй гэж дүгнэдэг.93 Энэхүү дүгнэлтээр бидний судалгаанд хамрагдагсдын харааны чадал мэс заслын дараа 1-2 мөр буурсан тохиолдол 206 нүдний 4 нүдэнд буюу 1.9% байгаа нь ЛАЗИК мэс засал үр дүн сайтайгаас гадна аюулгүй гэдгийг дахин баталж байна.
АНУ-д хийсэн судалгаагаар 2009 онд 2007 онтой харьцуулахад ХЗЛМЗ-д орсон өвчтөний тоо 30 орчим хувь болж буурсан байна. Ялангуяа өндөр миопийн эмгэгтэй хүмүүсийн уг мэс засалд орох тоо буурсан нь өндөр миопийн эмгэгтэй хүмүүст мэс заслын үр дүн сул болон дунд зэргийн миопийн мэс заслын үр дүнтэй харьцуулахад хангалтгүй буюу мэс заслын дараах хүндрэл, дахин муудалт, давтан хагалгаанд орох нь их г.м шалтгаантай холбоотой гэжээ. АНУ-ын хүн амын дунд сул миопи 25.4%, нийт миопийн 17.4% нь – 5 диоптри <, 2020 он гэхэд энэ тоо 4.5% байхаар тооцоо гарчээ. Үүнээс харахад өндөр зэргийн миопийн эзлэх хувь багассанаар ХЗЛМЗ-д орох өндөр зэргийн миопитай хүний тоо мөн буурах хандлагатай байна.12
ДҮГНЭЛТ
Бидний судалгаагаар 2007-2011 онд хараа засах лазерийн мэс засалд орсон сул миопи, миопийн астигматизмтай 103 хүний 206 нүдийг 1 жилийн турш  хянасан хугацаанд сфер эквивалентийн дундаж нь  78.15%-д  ± 0.5 D, 18.9%  ± 1.0 D болж сайжирсан  нь хараа засах лазерийн мэс засал  аюулгүй,  үр дүн нь тогтвортой  болохыг харуулж байна. 
Мэс заслын явцад шарх үүсгэхтэй холбоотой гарсан хүндрэл тохиолдоогүй.   Мэс заслын дараа нүд хуурайших хам шинж  0,97% /2 нүд/, мэс заслын дараах хожуу үеийн хүндрэл болох эргэн муудалт 0.48% /1 нүд/, зөв бус астигматизм  0.48% /1 нүд/ , нийт 4 нүд буюу хүндрэлийн тохиолдол 1.9%   байна.
АНУ-ын Хүнс Эмийн Чанарын Албанаас гаргасан  үзүүлэлтээр харааны чадал 1-2 мөр буурсан тохиолдол 5%-иас ихгүй байх ёстой бол бидний судалгаагаар 1.9%, харааны чадал байвал зохих үзүүлэлтээс 3-12%иар илүү сайжирсан байна.
Бидний судалгааны ажил бусад судлаачид болон эмч нарт, оюутнуудад гарын авлага болох, ХЗЛМЗ-ын талаархи ерөнхий ойлголт, хагалгааны явц, үр дүнгийн үнэлгээ хийсэн анхны бүтээл болсоноороо, цаашид энэ төрлийн судалгааны эх сурвалж болохуйц эрдэм шинжилгээний ажил болсон гэж үзэж байна. Түүнээс гадна энэхүү өөрийн оронд хийгдсэн хагалгааны үр дүнг үнэлсэн судалгааны ажлыг ХЗЛМЗ-ын эмчилгээ хийлгэх гэж буй хүмүүст товч танилцуулж эргэлзээг нь арилгах, сэтгэл зүйн хувьд бэлтгэхэд ач холбогдолтой юм.
 
 
Ном зүй

1. Jane Gwiazda, PhD, FAAO.Treatment Options for Myopia. Optom Vis Sci. 2009 ;June; 86(6): 624–628
2. Hossein Ziaei, MD, Marzieh Katibeh, MD, MPH, Armen Eskandari, MD.Vision Related Quality of Life in Myopia; Photorefractive Keratectomy versus Nonsurgical Optical Correction. J Ophthalmic Vis Res. 2012 july; 7 (3):219-224.
3. Dandona R, Dandona L, refractive error blindness. Bull World Health Org. 2001;79: 237-242
4. Elliot H. Myrowitz, Juvenile myopia progression, risk factors and interventions, Saudi J Ophthalmol. 2012; July; 26(3): 293–29
5. Robert Wojciechowski and Pirro G Hysi, Focusing In on the Compleх Genetics of Myopia. PLos Genet. 2013;9 (4):e 1003442
6. Sanjeeva Wickrebasinghe, Paul J Foster, Davaatseren Uranchimeg, Pak San Lee, Joe G Devereux, Poul Helge Alsbirk, David Machin, Gordon J Jonhson, Jamyanjav Baasankhuu, Oc
ular byometry and refraction in Mongolian adults. Investigative Ophthalmol and visual science. 2004; 45(3):776-83
7. Elder B, Leaming D, Hoy B. New Zealand Cataract and Refractive surgery survey 2004, Clin Experiment Ophth 2006; 34:401-10
8. Yo C, Asian Americans; myopia and refractive surgery. Int Ophthalmol Clin. 2003; 43:173-87
9. Naoko Kato et all. 5 year outcome of LASIK for byopia. J American academy of Ophth;2008; 115-5
10. The Western Journal of Medicine, February 1997;166:139140
11. Gerard L Sutton and Peter Kim, Laser in situ keratomileusis in 2010 – a review, Clinical and Experimental Ophthalmology 2010; 38: 192–210
12. Irene C Kuo, Trends in refractive surgery at an academic center: 2007-2009, BMC Ophthalmology 2011;11:11
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 543
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК