Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2014, 1(15)
Монгол улсын гавьяат багш, анагаах ухааны доктор, профессор, монголын эх барих-эмэгтэйчүүдийн анхны эмч, анхны эрдэмтэн Мижидийн Дамбадоржийн эгэлхэн амьдрал
( Түүх )

Бадамхандын Шижирбаатар

Монгол улсын гавьяат багш, Анагаах ухааны доктор, профессор

 
Абстракт

Мижидийн Дамбадорж 1925 онд Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын нутаг “Хоёр овоо” гэдэг газар Тагарын Жалбаагийн 5 дахь хүү болон мэндэлсэн. 8 настайдаа Улаанбаатар хотод аав ээжийн хамт шилжин, үлгэр жишээ бага сургуульд суралцан, 1943 онд 10-р ангиа төгсгөсөн. 1939 онд МХЗЭ-ийн гишүүнд элссэн 00880 тоот бат илэрхийлэхтэй. 1943 оны намар МУИС-ийн хүн эмнэлгийн факультетын оюутан болж МУИС-ийн 3 дахь төгсөлтөөр Хүний их эмчийн диплом гардаж авсан байна. Харин 1947 оны 9 сард төрөх тасгийг түшиглэн эх барих-эмэгтэйчүүдийн өвчин судлалын тэнхим байгуулагдсан.  Тэнхимийн анхны эрхлэгч нь Ленинград хотоос уригдан ирсэн доцелет В.А.Анисимов байжээ. 1949 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетыг төгсөөд, эх барих-эмэгтэйчүүдийн өвчин судлалын тэнхимд аспирантаар үлдэж, төв больницын дэргэдэх төрөх тасагт ажилласан нь эх барих-эмэгтэйчүүдийн үндэсний (Монгол) анхны эмч гэгдэх хувь тавилан тохиосон байна. Дараа нь өөрийн хүсэлтээр хөдөөг зорьж, Баянхонгор аймагт 3 жил ажиллаад ирэхэд нь сургуульдаа багшлах томилолт олгосон боловч эх барих-эмэгтэйчүүдийн тэнхимд багшлах орон тоо байгаагүй тул эмгэг анатомын тэнхимд 3 жил ажилласны дараа сонгосон мэргэжлээрээ ажиллах боломж олдсон. Мөн Хэнтий аймагт Арьс өнгөний бригад ахлаж 1953 онд 10 сар ажилласан. 1956 оны 9-р сарын 1-нээс эх барих-эмэгтэйчүүдийн тэнхимд багшаар томилогдон очиход Д.Цэвэлмаа, С.Дунгаамаа нар багшаар томилогдон очоод хэдэн сар ажиллаж байсан байна. Энэ үед дэд эрдэмтэн, доцелет В.С.Соловьёв томилогдон ирж 3 жил ажилласан. 1959 оны 9-р сарын 1-нээс М.Дамбадорж тэнхмийн эрхлэгч, зөвлөхөөр нь зөвлөлтийн мэргэжилтэн П.С.Бернацкий ажилласан байна.

            М.Дамбадорж 1961 оноос Москва хотын Н.И.Пироговын нэрэмжит эмнэлгийн II дээд сургуулийн эх барих-эмэгтэйчүүдийн тэнхимд ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатар, Белорусын шинжлэх ухааны гавъяат ажилтан, академич Л.С.Персианиновын удирдлаган дор “Течение беременности и родов у желецин с артериальной гипотонией” сэдвээр 1964 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалж ирээд, 1965 оноос 1989 он хүртэл эх барих-эмэгтэйчүүдийн өвчин судлалын тэнхмийн эрхлэгчээр 24 жил ажилласан байна.

Удирдаж хамгаалуулсан дэд эрдэмтэд:

Б.Лувсан-Ёндон (1972), Б.Шижирбаатар (1975), С.Дорж (1976), Ч.Шагдар (1977), Т.Зэвгээ (1979), М.Онолбаатар (1979), Д.Ичинхорлоо (1981), Д.Баттогтох (1981), Д.Дариймаа (1987), Ө.Жүгдэр (1988), 10 эрдэмтний ажил удирдаж хамгаалуулсан ба Мо.Шагдарсүрэн, И.Санжаадорж, Р.Бямбаа, А.Хишигдорж нарын эрдмийн зэрэг хамгаалах бүтээлд албан ёсны шүүмжлэгчээр ажилласан байна.

Төлөөлөгчөөр оролцсон хурал зөвлөлгөөн:

Эмч, эмнэлгийн ажилчдын 2, 3 (1976), 4-р (1990) Их хурал, Эх нялхсын тэргүүний ажилтны улсын анхдугаар зөвлөлгөөн (1984), Монголын хүүхэд, эх барих-эмэгтэйчүүдийн эмч нарын эрдмийн анхдугаар чуулган (1995), Бүх холбоотын эх барих-эмэгтэйчүүдийн XII их хурал (Кишенев, 1969), УБ хотын ҮЭ-ийн XVII бага хурал (УБ, 1982), МҮЭ-ийн XII их хурал (УБ, 1982), УБ хотын намын XXII бага хурал (1986), МАХН-ын XIX их хурал (1986).

Сонгуулиар гүйцэтгэсэн ажлууд:

Монголын эмч нарын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, Эмч нарын нийгэмлэгийн эх барих - эмэгтэйчүүдийн салбарын дарга, Эрдмийн зэрэг цол хамгаалах эрдмийн зөвлөлийн гишүүн, АУДС-ийн намын хорооны товчооны гишүүн, намын хорооны гишүүн, Эмчилгээний факультетын намын үүрийн дарга.

·         Урамшил, шагнал: Засгийн газрын жуух бичиг, хөдөлмөрийн хүндэт медаль (1960), Алтан гадас одон (1981), Ардын хувьсгалын 40,50,60,70 жилийн ойн медаль, эмнэлгийн сайчуул (1975), Ардын боловсролын тэргүүний ажилтан (1984), МУЗН-ийн хүндэт тэмдэг (1986), Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг (1986), Клиникийн 1-р амаржих газрын хүндэт дэвтэрт (1988), ЭХЯ-ны хүндэт жуух, БНМАУ-ын “Гавъяат багш” (1990), Улсын ЭНЭШТ-ийн нэрэмжит бүтээлийн шагнал (1997) №001, АУИС-ийн хүндэт дэвтэрт (1999), АУИС-ийн хүндэт профессор (2001), Эрүүл мэндийн 80 жилийн ойн медаль (2001), Профессор цол (2002), АУИС-ийн 50 жилийн ойн медаль.

·         Багш шавийн уулзалт: Анхдугаар уулзалт- Дорнод (1975), Говь-Алтай (1977), Сүхбаатар (1978), Увс (1979), Архангай (1984), Орхон (1985), Хөвсгөл (1986), Баянхонгор (1987).

Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн шавь нараас нь Б.Жав- хөдөлмөрийн баатар, Н.Жамбал- ардын эмч, Б.Шижирбаатар- гавъяат багш, Ц.Цэрэндорж, Б.Хэнмэдэх, Д.Цэрэндэжид, Л.Нарантуяа, Д.Чулуун, И.Янжин, Д.Дамдиндорж, Б.Бүлтэн, Б.Үйлст, Д.Авирмэд, О.Должинсүрэн, Б.Бадам, Д.Дариймаа, Т.Жимсээ, Дамба, Авдыкадр, Нямхүү, Буян-Өлзий, Бадарч нарын “гавъяат эмч” алдрыг хүртсэн байлаа.

Дамба, Даваабал, Хишгээ, Одончимэд, Чулуун, Баасанхүү, Марав, Дамдиндорж нар АИХ-ын депутатаар сонгогдон төр барилцаж, Одончимэд, Чулуун, Даваабал, Марав нар ардчилсан шинэ үндсэн хууль батлалцаж, Даваабал, Хишгээ нар 2 удаа, Одончимэд 4 удаа АИХ-ын депутатаар сонгогдсон байна.

Б.Шижирбаатар АУИС-ийн оны шилдэг багшаар 6 удаа шалгарсан, 1997-1998 онд Монгол улсын “Тэргүүний судлаач” багшаар тодорч, бичсэн “Эх барих” сурах бичиг нь Боловсрол Шинжлэх Ухааны яам, эрүүл мэндийн яамны шилдэг бүтээлээр удаа дараа шалгарч байсан байна.

Эмч хүн, аливаа хүний сэтгэл санааг эзэмдэн жолоодож, хүний сэтгэлийн гүнд нэвтрэн орж, түүнийг хэрэгтэй зүгт чиглүүлж чадах авъяас ухааныг эзэмшин сэтгэл зүйч байх хэрэгтэй. Ямармаа мэргэжлийн хүн гаргасан алдаагаа засах боломжтой. Харин эмчийн алдаанаас хүний алтан амь хохирвол засах бололцоогүй байдагт бидний мэргэжлийн бас нэг онцлог байнаа. Багш хүн шавийнхаа тухай сайныг сонсвол магнай тэнийн баярлаж, саарыг сонсвол шаналж зовж байдаг юм гэсэн багшийн захиасаар тэмдэглэлээ өндөрлөе. 



Нийтлэлийн нээгдсэн тоо: 11
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК