Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(5)(2)
БАЙГАЛИЙН БОЛОН ТАРИМАЛЖУУЛСАН МОНГОЛ ХУНЧИР (ASTRAGALUS MONGOLICUS BUNGE)-ИЙН АНАТОМИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Н.Орхон1, Г.Гантогтох1, Б.Баасанжав1, А.Баянмөнх1, Л.Лхагва1, Л.Хүрэлбаатар2, Г.Цэрэнханд3

1Эм судлалын хүрээлэн, 2Монос групп
3Ботаникийн хүрээлэн

 
Абстракт

Introduction: This plants distributed about 2500 species in worldwide and 69 species of those grow in Mongolia. In case of medicinal application of this plant is commonly used
traditional medicine in European and Asian. For example, the different preparations of Astragalus mongholicus root, the most commonly used Astragalus species in Chinese medicine. Other Astragalus species which are being investigated for their anti-cancer properties are the Turkish species, and include Astragalus brachypterus, Astragalus cephalotes, Astragalus microcephalus and Astragalus trojanus. Nowdays, this plant source from nature is decreased and areal square de-escalated in Mongolia.
Goals: Our main goal was conserves domesticates and improves plant genotypes of local wild medicinal specie and provides raw plant material for scientific testing from the cultivation site without depleting wild sources. Including that main goal we put a purpose of the make comparative study of vegetative organ’s anatomy morphological study on wild and planted type.
Materials and Methods: The wild Astragalus mongolicus bunge was collected from Bayanchandmani sum, for Tuv province. Cropped plant was grown medicinal botanical garden of Drug research institute, Monos. Anatomy structure of vegetative organs was identified by plant anatomic method.
Result: The article presents the data on structure of vegetative organs of cultivated Astragalus mongolicus Bunge and compared with wild type. Comparative studies were made on the leaf, root, stem and flower and the anatomical structure of vegetative organs of Astragalus mongolicus Bunge and wild type, which were the similar plants on botany and had the great value of medicine. The results indicated that the anatomical structures of their vegetative organs were basically the same, but there are some obvious differences on leaf and stem it depended from geographical influences. Planted plant in particular could alter their environment by affecting light and water avialablity, soil nutrient availability due to uptake.
Discussion: Tserenkhand.G was studied Astragalus mongolicus root anatomy in 2003. Our root anatomy study was same to Tserenkhand.G.
Conclusion: The results from this study, we are concluded that, the cultivated Astragalus mongolicus Bunge is greatly cultivated in our Botanical garden.
Key words: cultivated, anatomy, epidermis

Түлхүүр үг: тарималжуулалт, анатоми, эпидерм
Судалгааны ажлын үндэслэл: Дэлхийд Буурцагтаны овгийн Хунчирын төрөлд хамаарагдах 2500 орчим зүйл, Монголд 69 зүйл ургадаг. Монгол орны ургамал-газарзүйн мужлалаар Хөвсгөл, Хангай, Монгол Дагуур, Монгол Алтай, Дундад Халх, Их нууруудын хотгор (Увс нуур, Зүүн Жаргалантын нуруу), Олон нуурын хөндий, Говь-Алтайн тойргуудад экологийн нишийн хувьд элс, элсэрхэг хээр, хайргархаг дэнж, сайрын элслэг ёроол, чулуурхаг нураг, хад чулуу, сөөгөн ширэнгэ, шинэсэн ойн захаар алаг цоог ургана гэж тус тус тэмдэглэгджээ. (В.И.Грубов 1982). Монгол хунчир (Astragalus mongolicus Bunge.)-ийн үндсийг Өрнө болон Дорнын анагаах ухааны практикт өргөн ашигладаг байна. Тухайлбал уг ургамлын үндэс нь төв мэдрэлийн тогтолцоог тайвшруулах, биеийн дархлааг дэмжих, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цус алдалтыг зогсоох мөн вирусын эсрэг үйлчлэлтэй. Сүүлийн жилүүдэд Монгол хунчирын тархац тархац нутагтаа хумигдаж байгаа тул эмчилгээний өндөр идэвхитэй уг ургамлыг тарималжуулах шаардлага тулгарч байна. Тарималжуулалтын явцад ургамлын экологи-анатомийн судалгааг хийснээрээ тухайн ургамлын дасан зохицох механизмыг
илрүүлэх, ангилалзүйн онцлог шинж болонтухайн орчны өөрчлөлтийг тогтооход чухал үүрэгтэй. Одоогоор уг ургамал нь тухайн дэлхэц нутагтаа эмийн түүхий эдэнд ашиглах нөөц багатай, эгц доошоо голлосон үндэстэй учир ухаж авахад бэрхшээлтэй, ухаж авсан газраа байгалийнхаа аясаар сэргэн ургадаггүй. Уг эмийн ургамлын генфондыг хадгалж, устах аюулаас хамгаалах ажлын хүрээнд бид тус эмийн ургамлыг тарималжуулан улмаар эмийн түүхий эдийн шаардлага хангасан түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэлийн зориулалтаар тариалах зорилго тавин ажиллалаа.
Зорилго: Нутагшуулан тарималжуулж байгаа Монгол хунчир (Astragalus mongolicus Bunge)-ийг байгальд зэрлэгээр ургаж буй тухайн зүйлтэй нь харьцуулан анатомийн судалгаа гүйцэтгэх зорилт тавин ажиллав.
Судалгааны материал, арга зүй: Монос Эмийн ургамлын ботаник цэцэрлэгийн талбайд тарималжуулсан Монгол хунчирын ургал эрхтний бие бүтцийг Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байгальд зэрлэгээр ургаж буй тухайн зүйлийн ургал эрхтний бие бүтэцтэй харьцуулсан судалгааг хийлээ. Судалгааг ургамлын анатомийн судалгааны уламжлалт арга зүйн дагуу электрон микроскопоор тодорхойллоо.
Үр дүн: Навчны анатомийн бүтцийн харьцуулсан дүн: Байгалийн нөхцөлд ургаж байгаа тухайн зүйлийн навч дорзовентраль хэлбэрийн бүтэцтэй (1,2-р зураг). Хлоренхим хоёр эгнээгээр байрласан баганалаг эд болон 3-4 эгнээгээр байрласан хөвсгөр эд зэргээс бүрдэнэ. Эпидермийн эстэй нэг түвшинд байрласан аномоцит хэлбэрийн амсрууд навчны дээд ба доод гадаргууд жигд тархана (3-4-р зураг). Амсрын хөндий том. Энгийн нэг эст үсэнцрүүд навчны зөвхөн доод гадаргууд тохиолдоно. Эпидермийн эсийн хана долгиотсон (5-6--р зураг). Хөвсгөр эдийн дунд каллатераль хэлбэрийн дамжуулах багц оршино. Навчны анатомийн бүтцийн ялгаа:
• Байгалийн нөхцөлд ургаж байгаа тухайн зүйлийн навчны баганалаг эд 2 эгнээ үүсгэсэн байхад, таримал ургамал нь баганалаг эд 2-3 эгнээ үүсгэсэн;
• Амсрын хөндий том байхад, тарималжуулсан ургамлын-амсрын хөндий харьцангуйгаар жижиг (1, 2-р зураг).
• Амсар эпидермийн эстэй нэг түвшинд байрласан байхад, тарималжуулсан ургамалд-амсар далд байрласан зэрэг шинжээрээ ялгаатай.

Ишний анатомийн бүтцийг харьцуулан судалсан дүн: Байгалийн нөхцөлд ургаж
байгаа Монгол хунчирын (Astragalus mongolicus Bunge) иш хөндлөн огтлолоороо ховилтой дугуй хэлбэртэй (7, 8-р зураг). Гадна талаараа нэг эгнээгээр байрласан эпидермтэй. Түүний дотор талд зузаан ханатай гадаргын паренхимийн эсүүд 3-5 эгнээгээр шигүү  байрлана. Гадаргын паренхимийн эсийн дотор талд хэсэг хэсгээр байрласан жигд биш зузаарсан ханатай тулгуур эдийн эсүүд оршино. Дамжуулах багцны үндсэн элемент болох долон модлог ишээ тойрч битүү хүрээ
үүсгэн байрлана. Ишний анатомийн бүтцийн ялгаа:
• Байгалийн нөхцөлд ишний хөндлөн огтлолын хэлбэр зуувандуу хэлбэртэй, ховилтой дугуй байхад, тарималжуулсан ургамлын- иш нь дугуйдуу хэлбэртэй, олон өнцөг үүсгэсэн;
• Байгалийн нөхцөлд гадаргын паренхимийн эсүүд зузаан ханатай байхад, тарималжуулсан ургамлын-гадаргын паренхимийн эсийн хана нимгэн (9, 10-р зураг);

Үндэсний анатомийн бүтцийн харьцуулан судалсан дүн: Байгалийн нөхцөлд ургаж байгаа тухайн зүйлийн үндэс хөндлөн огтлолоороо дугуй хэлбэртэй (13, 14-р зураг).
Гадна талаараа хэд хэдэн эгнээгээр шигүү байрласан эсээс бүрдсэн перидермийн давхраатай. Перидермийн дотор талд хэмжээгээр жижигхэн эсүүд шигүү байрлана.
Үндэсний ихэнх хэсгийг гол цилиндрийн хэсэг эзэлнэ. Үндэсний гол цилиндрт дамжуулах багцны үндсэн элемент болох модлог, долон цацраг байдлаар тус тус байрлана(11, 12 -р зураг). Тарималжуулсан ургамлын үндэс хөндлөн огтлолоороо дугуй хэлбэртэй (13-зураг), гадна талаараа олон эгнээгээр шигүү байрласан перидермт давхараатай. Түүний дотор талд маш сийрэг байрласан паренхимийн эсүүд оршино. Үндэсний гол цилиндрт орших дамжуулах багцны модлог, долон цацраг байдлаар байрлана (14-р зураг).

Монгол хунчир (Astragalus mongolicus Bunge)-ын цэцгийн шилбийн анатоми: Цэцгийн шилбэ хөндлөн огтлолоороо олон өнцөгт хэлбэртэй (15, 16 -р зураг). Гадна талаараа нэг эгнээгээр байрласан эпидермтэй. Эпидермийн эсийн дотор талд 3-4 эгнээгээр байрласан паренхимийн эсүүд байрлана. Цэцгийн шилбийн өнцөг үүсгэсэн хэсэгт хэсэг хэсгээр байрласан склеренхимтэй (17, 18 -р зураг). Дамжуулах багцны модлог, долон шилбээ тойрч байрлана.
• Байгалийн ургамлын цэцгийн шилбийн төв хэсэгт олон өнцөгт хэлбэртэй эсүүд оршино.
• Тарималжуулсан ургамлын цэцгийн шилбийн төв хэсэгт хэмжээгээр харьцангуй том эсүүд оршино.

Хэлцэмж: 2003 онд Г.Цэрэнханд Монгол хунчирын үндэсний анатомийн бүтцийг судласан бөгөөд үндэсний хөндлөн огтлол бөөрөнхийвтөр хэлбэртэй, гадна талаараа
хэд хэдэн эгнээ үүсгэсэн дөрвөлжин жигд хэмжээтэй хоёрдогч бүрхүүл эд болох перидермийн давхраа байрлана. Үндэсний төв цилиндр ойртох үед харьцангуй
жижгэвтэр хэмжээтэй, нимгэн ханатай голын паранхимийн хэсэг түрж орж, хамгийн гадна талаар нь эндодермийн давхраатай, гол хэсэгт модлог, долон харагддаг болохыг
судалсан. 2007 онд Монгол оронд ургадаг Хунчирын төрлийн 15 зүйл ургамалд Г.Цэрэнханд навчны анатомийн бүтцийг судлан тогтоосон байна. Бидний хийсэн судалгаанаас Монгол хунчирын үндэсний анатомийн бүтэц нь дээрх судалгааны үр дүнтэй ижил байна. Бид энэхүү судалгаагаар тарималжуулсан Монгол хунчирын навч, иш, үндэс, цэцгийн шилбэ зэрэг эрхтний анатомийн бүтцийг байгалийн зэрлэг зүйлтэй нь харьцуулан судалснаараа онцлогтой.
Дүгнэлт
Байгалийн болон тарималжуулсан Монгол хунчирын навч, иш, цэцгийн шилбэ, үндэсний анатомийн бүтцийг харьцуулан судлахад бүтцийн өөрчлөлт төдийлөн илрээгүй. Байгалийн нөхцөлд ургасан тухайн зүйлийн баганалаг эд 2 эгнээ үүсгэсэн байхад, тарималжуулсан ургамалд баганалаг эд 2-3 эгнээ үүсгэсэн; амсрын хөндий том байхад, тарималжуулсан ургамлын - амсрын хөндий харьцангуйгаар жижиг; амсар эпидермийн эстэй нэг түвшинд байрласан, тарималжуулсан ургамалд- амсар далд байрласан зэрэг шинж илэрлээ. Энэхүү ялгаа нь тухайн зүйлийн ургах орчны онцлогийг илэрхийлж байна. 

 

Ном зүй

1.Байгалийн шинжлэл №4, УБ. 2007 он, х103-113.
2. Василеевская В.К. Анатомический метод при экологическах исследованиях. Рефераты докл. Всесоюз. Межвуз. Конф. По морфологий растений. М. 1968, стр 58-59.
3. Грубов В.И. Монголын гуурст ургамал таних бичиг. УБ. 2008 он. х 190.
4. Жамсран Ц, Ургамлын бүтэц. УБ. 2000 он.
5. Лигаа У, Даваасүрэн Б, Нинжил Н, Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй. УБ.2006 он. х 448-450.
6. MNS 5237:2003, Монгол хунчирын эмийн түүхий эдийн стандарт, УБ, 2003 он.
7. Мөнхжаргал.Б, Монгол орны ашигт ургамлын тархац-нөөцийн атлас, УБ. 2014. х17,97.
8. Өлзийхутаг Н. Бобовые Монголий (таксономия, экология, география, филогения и хозяйственное значение). УБ, 2003. х 586.
9. Өлзийхутаг Н. Цэцэгмаа Д. Хунчирын төрлийн ургамлын навчны бариулын анатомийн онцлогийг ангилалзүйд ашиглах боломж, Ботаникийн хүрээлэнгийн бүтээл №3, УБ, 1977, х587.
10. Суран Д. Ургамлын анатоми морфлоги. УБ. 2007 он.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : БУ-ы доктор Б.Дэнсмаа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2925
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК