Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2015, 1(6)
НУРУУНЫ ӨВДӨЛТ
( Лекц )

Э.Тунгалаг

ЭЗШУИС

 

Нурууны өвдөлт нь олон янзын өвчнүүдийн үед тохиолдох түгээмэл зовиуруудын нэг юм. Практик дээр ахимаг настай бараг хүн болгонд нурууны өвдөлт байдаг. Нурууны өвдөлтийн түгээмэл шалтгаанууд: • Остеохондроз • Нугалам хоорондын жийргэвчийн ивэрхий • Булчин-хальсны өвдөх хам шинж • Спондилоартроз • Сколиоз болон бусад нурууны хэлбэрийн өөрчлөлт • Нугасны язгуурын дарагдал (Радикулопати) • Шморлийн ивэрхий • Ясны сийрэгжилт (Остеопороз) Нурууны остеохондроз гэж нугалам хоорондох дискийн мөгөөрсийн сөнөрөл, түүнээс шалтгаалсан хөрш зэргэлдээх нугалмуудын хариу өөрчлөлтийг хэлнэ. Байнгын хүнд зүйл өргөх, өндрөөс унах мөн нас ахихын хэрээр нугалам хоорондын дискэнд эмгэг өөрчлөлт явагдаж байдаг. Энэ нь дискний төв хэсэг болох цэлцгэр бөөм бага багаар хатаж, уян чанараа алдаж байдгаас болдог. Үүний хариуд булчинд чангарал үүснэ. Ихэндээ энэ нь нурууны тухайн үеийг тогтворжуулах хамгаалах шинж чанартай байдаг боловч, сүүлдээ өвдөлтийг дэмжих хүчин зүйл болдог. Булчин хальсны өвдөлтийн хам шинж- диск, үе холбоос, нурууны үенүүдийн мэдрэлийн төгсгөл цочирсноос болж үүссэн булчингийн хариу урвал юм. Энэ хам шинжийн онцлог нь тухайн булчингийн тодорхой хэсэгт өвдөлт сэдээх цэг бий болох явдал бөгөөд түүнийг олж дарахад алсад ойх өвдөлт өгнө. Булчин ийнхүү чангарах физиологийн үүрэг нь биеийн тухайн хэсгийг хөдөлгөөнгүй болгоход оршино. Гэхдээ чангарсан булчин нь сүүлдээ нурууны өвдөлт үүсгэх нэмэлт эх үүсвэр болдог. Нурууны баганын эмгэгээс хамааралгүйгээр булчин хальсны өвдөлт дангаар илэрч болдог. Мөн нурууны баганын эмгэгээс болсон өвдөлтийг даамжруулдаг. Эмгэг процесст бүсэлхийн бүх булчингууд оролцож болдог. Илүү өртөмтгий нь лийр хэлбэрт булчин, дунд өгзөгний булчин, бүсэлхийн нугаламын ойролцоох булчингууд хамаарна. Нугалам хоорондын жийргэвчийн ивэрхий гэдэг нь дискний мөгөөрсөн цагираг нимгэрч, улмаар цагирагт цууралт үүсэн, цэлцгэр бөөм нурууны сувагруу шахагдан, хажуу хойшоо чиглэлээр бүлтийх(протрузи) юмуу иврэхийг (ивэрхий) хэлнэ. Ийнхүү эмгэг өөрчлөлттэй үелбэрийн хэсэгт нуруу харьцангуй тогтворгүй байдалтай болж, нугалмуудын захаар ясны ургацаг үүсэн(спондилез), үе холбоос , нугалам хоорондын үеүүд (спондилоартроз) гэмтдэг. Ихэвчлэн бүсэлхий нурууны доод хэсгээр ивэрхий үүсэх ба ховор тохиолдолд хүзүүний доод, бүсэлхий нурууны дээд хэсгээр үүсдэг. Дискийн ивэрхийг оношлоход дараах асуудлыг авч үзэх шаардлагатай. • Урьд нь гэмтэл бэртэл авч байсан. • Өвдөлт нь суух, ханиалгах найтаалгах урагшаа тонгойх, хөлөө шулуун болгоход ихэсдэг. • Ирвэгнэх бадайрах зэрэг мэдрэхүйн алдагдал илэрдэг. • Булчингийн хүч багасах, хатингарших ( хожуу үедээ ) • Ласегийн шинж илрэх. • MRI CT шинжилгээнд дискийн ивэрхий, болон ёзоорын дарагдал илэрдэг. Дискийн ивэрхийн эмнэлзүйн шинж нь ивэрхийн зэрэг ( бүлтийх, иврэх), чиглэлээс шалтгаална. Шморлийн ивэрхий гэж нугалмын их бие рүү үүссэн дискийн ивэрхийг хэлнэ. Радикулопати-хойшоо болон хажуу хойш чиглэлтэй дискийн ивэрхий нь нурууны ёзоор нугас болон тэдгээрийн судсыг дарахыг хэлнэ. Радикулопатигийн улмаас үүссэн нурууны өвдөлт нь мэс засал хийх заалт болдоггүй ба эмийн эмчилгээнд үр дүнтэй байдаг. Тиймээс нурууны өвдөлт, бага зэргийн мэдрэлийн статусын өөрчлөлттэй өвчтнүүд эмээр эмчлэгдэх боломжтой. Харин эмийн эмчилгээнд үр дүнгүй MRI CT ийн шинжилгээнд дарагдал нь батлагдсан тохиолдолд мэс засал хийлгэх боломжийг авч үздэг.

Ном зүй

1. Подчуфарова Е.В., Яхно Н.Н. Боль в спине.- М.: ГОЭТАР-Медиа, 2010. 368 с.
2. Алексеев В.В., Баринов А.Н., Кукушкин М.Л., Подчуфарова Е.В., Строков И.А., Яхно Н.Н. Боль. Руководство для врачей и студентов / под ред. акад. РАМН Н.Н. Яхно. - М.: МЕДпресс- информ, 2009. - 303 стр.
3. Вознесенская Т.Г. Депрессия и боль: Депрессия в неврологической практике. - Изд. 3, перераб. и доп. - М.: МИА, 2007. - С. 93-113.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2412
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК