Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2(2)
Helicobacter pylori-ийн эсрэг пробиотикийн үйлчлэлийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Мандхай.Б1, Дүгэрсүрэн.Ж2, Бира.Н3, Сарантуя.Ж3

 1“Ач”АУДэС, 2Мал эмнэлгийн хүрээлэн, 3ЭМШИУС

 
Абстракт

Background

The evidence that some strains of Lactobacillus and Bifidobacteriumare able to inhibit H.pylori growth through the release of bacteriocinsor organic acids. Therefore, it is important to in vitro study develop low-cost, large-scale, alternative probiotic to the at-risk population to prevent or decrease H. pyloricolonization.

Methods

18 samples of gastric biopsies were cultured according to standard microbiological proceduresand were grown under microaerophilic conditions on selective Pylori agar. An in vitro disk diffusion assay was employed to assess the lactic acid bacteria LBO1, 2, 3, 4, 6, 7 cells and cell free supernatants (CFS) and bifidobacteria BFO1, BFO4  anti-H.pylori activity.

Results

 Ability of LBO1 strain to inhibit growth of H.pylori  is 55,5% [95% CI 32.5-78.4], LBO-2 88,8% [95% CI 74.2-103.3], LBO-3 50%[95% CI 26.9-73.0]and LBO-4 38,8% [95% CI 32.5-78.4]. Then LBO 6 and LBO7 strains had no inhibitory activity against H.pylori. Average inhibition zone is 8-14mm (11,6 mm) for LBO1 strain, 10-16mm (11.3mm) for LBO2 strain  , 8-12mm (10,2mm) for LBO3 strain  and 10-12mm (10,5mm) for LBO4 strain.Inhibitioryactivity of Lactobacillus LBO1 supernatant against H.pylori  accounts for 61.1% (n=11), LBO2 supernatant for 72,2% (n=13), and LBO3 supernatant for 33,3% (n=6) , while LBO4 supernatant inhibits only HP78 strain. LBO6 and LBO7 supernatants were both Lactobacillus LBO cultures. Average inhibition zone is 8-12mm (10 mm) for LBO1 supernatant, 10-16mm (11.3mm) for LBO2 supernatant  , and 10-12mm (10,3 mm) for LBO3 supernatant.Bifidobacterium BFO1 strain was 83.3% inhibition activity. But BFO4 was not inhibit against all H.pylori strains.

Conclusion

 Lactobacillus LBO2  and Bifidobacterium BFO1 strains were isolatedfrom Mongoliantraditional fermented milk product were obtained more inhibition  against H.pylori  strains other LactobacillusLBO and Bifidobacterium BFO strains.

Үндэслэл

H.pylori-ийн халдвар нь ходоодны архаг үрэвсэл, шархлаа, ходоодны аденокарцином ба мальтлимфом үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог. Нийгэм-эдийн засгийн доод давхрагын өрх гэрт H.pylori-ийн халдвар илүү тархалттай байдаг бөгөөд эмчилгээний өртөг өндөр учраас H.pylori-ийн халдварыг хязгаарлаж чадахгүй байна. Энэхүү бичил биетнээр халдварлагдсан хүмүүсийн ихэнх хувьд нь шинж тэмдэг илэрдэггүй учраас эмчилгээ хийлгэдэггүй. Шинж тэмдэг илэрсэн өвчтөнд антибиотик эмчилгээ хийдэг боловч 100 хувийн  үр дүнтэй биш, өндөр өртөгтэй, антибиотик тэсвэрт чанар үүсгэх зэрэг дутагдалтай талтай байна1. Пробиотик гэдэг нь харьцангуй шинэхэн нэршил бөгөөд “амьд” хэмээх агуулгатай ба хүн болон амьтны эрүүл мэндэд ашиг тустай амьд нянг илэрхийлдэг. Хүний биед ашигтай нянд сүүн хүчлийн болон хөрөнгийн нянгууд ордог. Сүүн хүчлийн нянгаас хамгийн их судлагдаж танигдсан нь Lactobacillus  (LAB) юм.  Сүүн хүчлийн нянгууд нь гэдэсний хананд бэхлэгдэн органик хүчлүүд гарган, орчний рН-ийг хүчиллэг болгохын хамт өөрийн биеэс лактолин, ацидофиллин, ацидолин зэрэг антибиотик төстэй бодисууд ялгаруулах замаар эмгэгтөрүүлэгч нянгуудын үржлийг саатуулдаг ажээ2.  Пробиотик эмчилгээг эмнэл зүйлд нэвтрүүлэхийн урьд “Хоол хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага”-аас болон ДЭМБ-аас гаргасан санамж зөвлөмжийн дагуу in vitro нөхцөлд туршсан байх шаардлагатай байдаг3. Судлаачдын үзэж байгаагаар пробиотикууд нянгийн эсрэг бодис ялгаруулах, өрсөн наалдах, салстын хориг үүсгэх болон дархлааны механизмуудын замаар H.pylori-ийг дарангуйлж байгааг харуулсан байна4. H.pylori–ийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд ашиглах өртөг бага, өндөр үйлчилгээтэй пробиотикийн тохирох бэлдмэлийг сонгон хэрэглэхийн тулд in vitro нөхцөлд судалсан байх шаардлагатай. Манай оронд пробиотик бүтээгдэхүүний үнэт чанар болсон эмчилгээ сувиллалын үр нөлөөг тогтоосон  орчин үеийн эмнэл зүйн шинжилгээ судалгаанд суурилсан ажлууд ховор байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо.

Зорилго

Монгол орны исгэлэн сүүн бүтээгдэхүүнээс ялгасан сүүн хүчлийн бактерийн нутгийн омгууд in vitro нөхцөлд H.pylori нянг дарангуйлах үйлдлийг судалж, пробиотик бүтээгдэхүүнд хэрэглэх идэвхтэй өсгөврийг сонгох

Материал арга зүй 

Бид судалгаагаа Лабораторын туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэлээ. Мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгааны багийн хамт олон Монголын уламжлалт аргаар бэлтгэсэн эсгэлэн сүүн бүтээгдэхүүнээс нийтдээ 360 гаруй сүүн хүчлийн бактер ялган авсан. Үүнээс өсгөвөржилт, хэлбэр зүй, каталаз үүсгэлт, хүчил ялгаруулалт зэргээрээ  хамгийн идэвхтэй Сүүн хүчлийн бактерийн LBO1, LBO2, LBO3, LBO4, LBO6, LBO7 дугаартайөсгөврүүд  болон Бифидобактерийн БФО-1 болон БФО-4 дугаартай өсгөврүүдийг Мал Эмнэлгийн Хүрээлэнгээс авсан (Хүснэгт 1). Дээрх өсгөврүүдийг туршилтанд хэрэглэхийн өмнө урьдчилан -70°С хэмд хөлдөөж хадгалсан өсгөврүүдээс Rogos-ийн болон Blourok-ийн шингэн шөлөнд сэлгүүлэн 24 цаг 390С-т өсгөвөрлөсөн.

Хүснэгт 1. Сүүн хүчлийн болон бифидобактерийн омгууд

H.pylori  нянгийн омгийг биж хам шинжтэй үйлчлүүлэгчдийн ходоодны биопсын сорьцыг авч, уреазын сорилоор хадварыг илрүүлэн халдвартай сорьцийг сонгомол тэжээлт орчинд 370С-т микроаэрофиль орчинд 3-5 хоногийн турш өсгөвөрлөн гарган авсан.

In vitro нөхцөлд пробиотик бактериудH.pylori-ийг дарангуйлах туршилт

Сүүн хүчлийн бактер болон бифидобактерийнin vitro нөхцөлдH.pylori-ийг дарангуйлах үйлдлийг диск нэвчүүлэх аргаар хийж гүйцэтгэсэн. 24-72 цаг өсгөвөрлөсөн сүүн хүчлийн бактерийн LBO1, LBO2, LBO3, LBO4, LBO6, LBO7 дугаартай өсгөврүүдийг туршилтанд хэрэглэхийн өмнө 2 дэд хэсэгт хуваав. Эхний хэсгийг 15000*g хурдтайгаар 10 мин, давтан 5 мин 4°С-д центрифугдэн, 0.22 μm-ийн нүх бүхий шүүлтүүрээр шүүж эсгүй супернатантуудыг (CFS-1, CFS2, CFS3, CFS4, CFS6, CFS7) гаргалаа. Нөгөө өсгөврийн рН=5 байхаар NaOH-аар тохируулав.

Нян судлалын шинжилгээгээр ургасан Н.pylori-ийн цэвэр өсгөврөөс  0.85%-ийн NaCl-ийн уусмалд хийн MacFarland 0,5-тай тэнцүүлсэн бактерийн булин бэлтгэв. Бэлтгэсэн булинг 5%-ийн

хонины цус бүхий антибиотик агуулаагүй цэвэр Колумбиа тэжээл бүхий агарын гадаргууд нэлэнхүйд нь тараан тарьж, 3-15 мин хатаав. Хатаасан тэжээлийн агарт 6 мм-ийн цаасан дискүүдийг ариун хямсаа ашиглан байрлуулсны дараа сүүн хүчлийн бактерийн LBO 1, 2, 3, 4, 6, 7 өсгөврүүдийг тус тусад 50µl-ийг цаасан дискэнд нэвчүүлэн шингээв. Эсгүй супернатантууд (CFS-1, CFS2, CFS3, CFS4, CFS6, CFS7) болон бифидобактерийн БФО1, БФО 2өсгөврүүд тус бүрийг дээрх аргачлалын дагуу цаасан дискэнд нэвчүүлэв. Үүний дараа  +37°С хэмд бичил агаарсаг орчин бүрдүүлэн, 3-5 хоногийн турш өсгөвөрлөсөн. Үр дүнг тооцохдоо пробиотик бактер шингээсэн цаасан дискийг тойрсон дарангуйлах хүрээ буюу цэвэр бүс үүссэн байдлыг хэмжиж, дарангуйлсан хүрээний диаметр 8мм түүнээс их байгаа тохиолдолд пробиотик бактер H.pylori-ийн ургалтыг тэжээлт орчинд дарангуйлж байна гэж үзэв.

Үр дүн

Сүүн хүчлийн бактерийн эстэй болон эсгүй супернатант, бифидобактерийн H.pylori-ийг дарангуйлах үйлдлийг H.pylori-ийн 18 өсгөвөрт тодорхойлсон. Сүүн хүчлийн бактерийн эстэй өсгөврүүдийн дарангуйлсан хүрээг хүснэгт 2-т харууллаа.

Хүснэгт 2. Сүүн хүчлийн бактерийн эстэй өсгөврүүд H.pylori-ийг дарангуйлсан хүрээний диаметр

a-дарангуйлах үйлдэл үзүүлээгүй.

 

Хүснэгтээс харахад сүүн хүчлийн бактерийн өсгөврүүд H.pylori-ийн эсрэг үзүүлсэн дарангуйлсан байдал харилцан адилгүй байна. Тэжээлт орчинд ургасан H.pylori-ийн эсрэг LBO1 өсгөврийн дарангуйлах хүрээ 10-14.5мм, LBO2 10-16мм, LBO3 8.5-12мм, LBO4 10-12 мм хооронд байлаа.

Сүүн хүчлийн бактерийн LBO1 өсгөвөр нь нийт H.pylori-ийн 55.5%  [95% CI 32.5-78.4] ,LBO2 өсгөвөр 88.8% [95% CI 74.2-103.3] ,LBO3 өсгөвөр 50.0%  [95% CI 26.9-73.0], LBO4 өсгөвөр 38.8%  [95% CI 16.2-61.3] тус тус дарангуйлах үйлдэл in vitro нөхцөлд үзүүлсэн байна.

Сүүн хүчлийн бактерийн эсгүй супернатант буюу бодисын солилцооны бүтээгдэхүүнүүдийн H.pylori-ийн эсрэг дарангуйлах үйлдлийг судлахад дараах үр дүн гарлаа.

Хүснэгт 3. Сүүн хүчлийн бактерийн эсгүй супернатантын дарангуйлсан хүрээний диаметр

a-Сүүн хүчлийн бактерийн эсгүй супернатант

b-дарангуйлах хүрээ үүсээгүй


H.pylori-ийн ургалтыг CFS1 өсгөврийн дарангуйлсан хүрээ 8-12мм, CFS2 9.5-16.5 мм, CFS3 9.5-11.5мм хооронд байлаа. Сүүн хүчлийн бактерийн эсгүй супернатантын дарангуйлах үйлдэл CFS-1  өсгөвөр 61.1% [95% CI 38.5-83.6], CFS-2 өсгөвөр 72.2% [95% CI 51.5-92.8], CFS-3 өсгөвөр

33.3%[95% CI 11.5-55.0], CFS-4 өсгөвөр зөвхөн  HP78 сорьцонддарангуйлах хүрээ үүсгэж бусад сорьцуудад дарангуйлахгүй байлаа. Дээрх 2 хүснэгтээс харахад Сүүн хүчлийн бактерийн LBO6  ба LBO7 зэрэг өсгөврүүдийн эс болон эсгүй супернатантын аль аль нь H.pylori-ийн ургалтыг дарангуйлсан үйлдэл үзүүлэхгүй байлаа.

Зураг 1. Сүүн хүчлийн бактерийн эс болон эсгүй супернатантын

дарангуйлсан үйлдэл хувиар

Бифидобактерийн H.pylori-ийн эсрэг үзүүлсэн дарангуйлсан хүрээг хүснэгт 4-т харуулав.

Бифидобактерийн БФО-1 өсгөвөр нь H.pylori-ийн 83.3%-д [95% CI 66-100] дарангуйлах үйлдэл үзүүлсэн бөгөөд БФО-4 өсгөврийн хувьд бүх өсгөвөрт сөрөг нөлөө үзүүллээ.

Хүснэгт 4. Бифидобактерийн өсгөврүүд H.pylori-ийг дарангуйлсан хүрээний диаметр 

Бифидобактерийн БФО1 өсгөврийн диаметр 9-17мм-ийн хооронд  хэлбэлзэж байна.

Дүгнэлт

Монгол орны эсгэлэн сүүн бүтээгдэхүүнээс ялган дүйсэн LBO2 ба БФО1 омгууд нь сүүн хүчлийн болон бифидобактерийн бусад омгуудаас илүү H.pylori-ийн өсөлт, үржлийг тэжээлт орчинд  саатуулах үйлчлэлтэй  нь тодорхойлогдсон. Манай орны нөхцөлд H.pylori-ийн эсрэг үйлчилгээ үзүүлэх чадвартай пробиотик бактерийн өсгөврийг in vitro нөхцөлд баталсан нь цаашид  in vivo болон эмнэл зүйн туршилт судалгаа хийх суурь судалгаа болохын хамт Н.pylori-ийн эсрэг үйлчилгээ бүхий эх орны пробиотик бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлж байна.

Хэлцэмж

2006 онд S.Rokka нарын Финланд улсад хийсэн туршилтаар Lactobacillus plantarum-ийн хэд хэдэн төрлийн өсгөврүүд H.pylori-ийн өсөлтийг in vitro нөхцөлд дарангуйлах үйлдлийг нүх үүсгэн нэвчүүлэх аргаар  тодорхойлсон.  Эс болон эсгүй супернатантын L.plantarum-ийн өсгөврүүд харилцан адилгүй дарангуйлах үйлдэл үзүүлж байсан. Тус судалгаанд дарангуйлах хүрээ нь дунджаар 9мм-ээс бага буюу дарангуйлах үйлдэл сул үзүүлж байв. L.plantarum MLBPL1 өсгөвөр хамгийн илүү идэвх үзүүлж байсан бөгөөд дарангуйлсан бүсийн диаметрийн хэмжээ 22мм, 15мм, 12мм. Эсгүй супернатант нь эстэй супернатантаас илүү үйлдэл үзүүлж байсан байна.5Бидний судалгааны ажилд эстэй өсгөврүүд нь эсгүй супернатантыг бодвол дарангуйлах үйлдэл илүү үзүүлж байсан нь ялгаатай байлаа. Бусад үр дүн тус судалгааны ажлын үр дүнтэй дүйж байна. Сүүн хүчлийн бактер болон бифидобактерийн H.pylori-д үзүүлэх нөлөөг  in vitro  болон in vivoорчинд хийсэн судалгааны ажилд Бифидобактер нь H.pylori-ийн 8 өсгөвөрт бүгдэд нь дарангуйлах үйлдэл үзүүлсэн боловч сүүн хүчлийн бактер нь дарангуйлаагүй байна. Мөн сүүн хүчлийн бактерийн эсээс ялгарч байгаа супернатант адил үйлчилгээ үзүүлэв. Тухайн бактериудыг тарганд нэмэн, уулган хэрэглэхэд 6 долоо хоногийн дараа H.pylori-ийн уреазын идэвх багассан байна6. (p<0.0001) Эндээс бифидобактер нь сүүн хүчлийн бактераас илүү дарангуйлах үйлдэл үзүүлсэн байдал нь бидний судалгааны ажлын БФО1 бифидобактерийн үр дүнтэй тохирлоо.

Ном зүй

1. Perez-Perez GI RD, Brenner H. Epidemiology of Helicobacteri pylori infection. Helicobacter. 2004;9:1-6.
2. Gupta V, Garg R. Probiotics. Indian J.Med Microbiol 2009;27(3):202-209.
3. Food and Agriculture Organization of the United Nations and World Health Organizations2001.
4. Drahoslava Lesbros-Pantoflickova InCs-T, and Andre´ L. Blum. Helicobacter pylori and Probiotics. J Nutr. 2009;137:812-818.
5. S.Rokka AP, H.Korhonin. In vitro growth inhibition of H.pylori by lactobacilli belonging to the Lactobacillus plantarum group. Letters in applied microbiology. 2006;43:508-513.
6. X. Chen FT, X. Liu , J. Zhao , H.-P. Zhang , H. Zhang , and W. Chen In vitro screening of lactobacilli with antagonistic activity against Helicobacter pylori from traditionally fermented foods. J. Dairy Sci. 2010;93 5627-5634.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Буянхишиг.Б


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 858
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК