Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2015, 2(172)
Хепатитийн С вирүсийн эсрэг өвөрмөц эмчилгээний шинэ эрин
( Редакцийн зурвас )

П.Нямдаваа

Монголын Анагаах Ухааны Академи

 
Абстракт

Дэлхий олон оронд хепатитын С вирүс (HCV) нь элэгний архаг эмгэгийн зонхилох шалтгаан болж байгаа бөгөөд ДЭМБ-ын мэдээлж буйгаар одоо Дэлхий дахинд 130-150 сая орчим хүн HCV-ийн халдвар авсан, үүнээс 350-500 мянга орчим хүн жил бүр энэ шалтгаанаар нас барж буй ажээ [1]. Энэ халдварын эсрэг найдвартай вакцин байхгүй, одоогийн стандарт эмчилгээний үр дүн муухан байгаа нь хөгжиж буй олон орны, түүний дотор Монгол улсын эрүүл мэндийн албыг энэ эмгэгийн өмнө хүчгүйдүүлж байна.

Сүүлийн арваад жилийн вирүс судлалын судалгааны дэвшил нь HCV-ийн геномын бүтэц, репродукцийн онцлогийг судлан тогтоож, HCV-ийг өвчтөний организмаас 90-100% зайлуулах чадвартай шинэ үеийн эмүүдийг эрүүл мэндийн үйлчилгээний практикт нэвтрүүлэх түвшинд хүрч ирээд байна [2-5]. Эдгээр эмийг мэргэжлийн хүрээнд “шууд үйлчлэх вирүсийн эсрэг бэлдмэлүүд” (DAA: direct acting antivirals) хэмээн нэрлэх болжээ.

Шинэ эмийг эмнэлгийн практикт нэвтрүүлэх хатуу шалгуураараа Дэлхийн жишиг болдог АНУ-ын Хүнс, Эмийн Хяналтын Агентлаг (FDA, USA) зөвхөн сүүлийн жил хагасын дотор л энэ бүлгийн 4 эмийг (Janssen компаний Olysio [Simeprevir], Gilead Sciences компаний Sovaldi [Sofosbuvir] ба Harvoni [Sofosbuvir+Ledipasvir], AbbVie компаний Viekira Pak [Ombitasvir+Paritaprevir +Ritonavir+Dasabuvir]) эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа бөгөөд цаана нь олон бэлдмэл эмнэлзүйн 2-3 дахь шатны судалгаанд яваагаас энэ ондоо багтаад 3-4 эмийг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөх бололтой гэж судлаачид таамаглаж байна [6-7]. Мөн саяхан ДЭМБ sofobuvir, semiprevir, daclatasvir, dasabuvir, ribavirin, ledipasvir+sofobusvir (Harvoni, Gilead Science), ombitasvir+paritaprevir +ritonavir (Viekira Pak, AbbVie) эмүүдийг “Нэн шаардлагатай эмийн загвар жагсаалт-15”-даа оруулан баталгаажууллаа [8]. Үүний цаана ургамлын гаралтай олон нэгдэл HCV-ийн репродукцийг саатуулах үйлдэлтэйг судлан тогтоогоод байгаа [9-10] тул шинэ эмийн давалгаа цааш үргэлжлэх төлөвтэй болоод байна.

HCV-т халдварын өвчлөл, эндэгдэл өндөртэй орнуудад, түүний дотор Монгол улсад DAA-г тууштай нэвтрүүлснээр HCV-т халдвар, түүний алсын үр дагавар болсон элэгний хатуурал болон өмөнгийн дарамтыг эрчимтэй бууруулж болно хэмээн судлаачид тооцоолсон байгаа [11].

Манай мэргэжлийн хүрээнийхний дотор HCV-ийн эсрэг шинэ эмүүдийн тухай мэдээлэл 2-3 жилийн өмнөөс эрчимтэй орчилд орсон боловч, эмийн зохистой хэрэглээний талаас бодож нэвтрүүлсэн эм бүртгэх зарим хатуу заалтуудын улмаас бүртгэх, хэрэглээнд оруулах явдал гацаанд орчихоод байсан юм. Одоогийн Засгийн газрын ЭМСЯ энэ гацааг бусад олон оронд хэрэглэдэг зарчмаар хурдан шийдвэрлэж чадсаны ачаар энэ 2015 оны эхний хагаст эм ханган нийлүүлэх “Омбол” ХХК импортлох улс дамнасан Gilead Sciences компаний Sovaldi, Harvoni эмүүд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээд байгаа бөгөөд “Ази-Фарм”, ХХК AbbVie компаний Viekira Pak эмийг энэ ондоо багтаж Улсын эмийн бүртгэлд оруулахаар ажиллаж байна. ЭМСЯ “Хепатитийн С вирүст халдварын илрүүлэг, оношлогоо, эмчилгээний заавар”-ыг ДЭМБ-ын удирдамжийн жишгээр боловсруулан батлаад [12] байгаа ба холбогдох мэргэжлийн эрдэмтэн судлаачид, ТББ-уудын хүчийг нэгтгэн зангидаж “Вирүст хепатиттай тэмцэх үндэсний хөтөлбөр” (2016-2030 он) боловсруулж эхлээд байгаа нь эдгээр шинэ эмүүдийг манай улсад энэ оноос хэрэглэж эхлэснээр Монгол улс С вирүст хепатитийн эмчилгээний Дэлхийн шинэ дэглэмд удахгүй нэгдэнэ гэдэг итгэлийг төрүүлж байна.

Гэхдээ эдгээр шинэ эмүүдийг манай эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэхдээ, ялангуяа түүний эхний шатанд, манай хүн амын доторхи эмчилгээний үр дүн, дагалдах болон гаж үйлдлийг сайтар судлан тогтоосны үндсэн дээр улс орон даяар үе шаттайгаар хэрэгжүүлэх, вирүс тоолох шинжилгээний стандартчилал, чанарын баталгаажилтыг хангах, төлбөрийн чадваргүй иргэдээ болон эмнэлгүүдээ “гамшигт хүргэх эрүүл мэндийн зардал” (catastrophic health expenditure) [13] нэр авсан эдийн засгийн ноцтой бэрхшээлд оруулчихгүйн тул үнийн болон эрүүл мэндийн даатгалын ухаалаг бодлого боловсруулан хэрэгжүүлэх зэрэг асуудлууд тулгамдсан зорилт болж байна.

Ном зүй

1. WHO (2014): Hepatitis C, Fact Sheet No 164, Updated April 2015, http://www.who.int/ mediacentre/ factsheets/fs164/en/ accessed on May 22, 2015;
2. Manns, M.P., von Hahn, T. (2013): Novel therapies for hepatitis C – one pill fits all? Nature- Review/Drug Discovery, 12:595-610;
3. Dore, G.J., Feld, J.J. (2015): Hepatitis C virus therapeutic development: In pursuit of “Perfectovir”, Clin.Infect.Dis.,60(12):1829-36;
4. Sadler, M.D., Lee, S.S. (2015): Revolution in hepatitis C antiviral therapy, Br.Med. Bull.,113(1):31-44;
5. Cornberg, M., Manns, M.P. (2015): New kids on the block – step by step to an ideal HCV therapy, Lancet,385:1050-2;
6. Cordek, D.G., Bechtel, J.T., Maynard, A.T., Kazmierski, W.M., Cameron, C.E. (2011): Targeting the NS5A protein of HCV: an emerging option, Drugs Future, 36(9): 691-711;
7. Pawlotsky, J-M., Feld, J.J., Zeuzem, S., Hoffnagle, J.H. (2015): From non-A, non-B hepatitis to hepatitis C virus cure, J.Hepatol, 62: S87-S.99;
8. WHO (2015): 19th WHO Model List of Essential Medicines (April 2015), http://www.who.int/ mediacentre/ news/releases/2015/new-essential-medicines-list/en/ , accessed on May 11, 2015;
9. Calland, N., Dubuisson, J., Rouille, Y., Seron, K. (2012): Hepatitis C virus and natural compounds: a new antiviral approach?, Viruses, 4: 2197- 2217;
10. Ajala, O.S., Jukov, A., Ma, C-M. (2014): Hepatitis C virus inhibitory hydrolysable tannins from the fruits of Terminalia chebula, Fitoterapia, 99: 117- 123;
11. Gane, E., Kershenobich, D., Seguin-Devaux, C. et al. (2015): Strategies to manage hepatitis C virus (HCV) infection disease burden, J.Viral Hep., 22(Suppl.S1): 46-73;
12. ЭМСЯ (2015): Хепатитийн С вирүст халдварын илрүүлэг, оношлогоо, эмчилгээний заавар (Монгол улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 5 дугаар сарын 14-ний 196 дугаар тушаалаар батлав), http:// www.moh.mn/index.php?option=com_ content&view=article&id=3020&Itemid=198-196 accessed on June 8, 2015;
13. Xu, K., Evans, D.B., Kawabata, K. et al. (2003): Household catastrophic health expenditure: a multicountry analysis, The Lancet, 362: 111-7;
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 208
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК