Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Сэргээн засах анагаах ухаан сэтгүүл, 2015, 1(5)
ЦЭЭЖ БОЛОН ХЭВЛИЙН ХӨНДИЙН МЭС ЗАСЛЫН ҮЕИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ
( Тойм өгүүлэл )

О.Батгэрэл

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг

 

Нэг. Эхлэл

Ихэнхи мэс заслын дараа биеийн ерөнхий үйл ажиллагаа буурах нь элбэг тохиолддог. Энэ нь өдөр тумын амьдралын үйл ажиллагааны бие даах чадварыг бууруулах1, алхах, бие засах болон бусад биеийн эргэн тойрны ахуйн үйлдлүүдийг хийж чадахгүйд хүргэх, өндөр настнуудын сэргээн засах нэгж болон сувилал, эмнэлэгт хэвтэлтийг ихэсгэх1,2, улмаар эмнэлгийн ор хоногийг уртасгах, мэс заслын дараах хүндрэлүүдийг бий болгох, эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг (HRQL) бууруулах болон нас баралтыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог байна3. Манай оронд мэс заслын салбар үүсч хөгжөөд даруй 70 гаруй жилийн түүхийг туулж өнгөрүүлж байгаа бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд хийгдэж байгаа мэс заслын эмчилгээний арга техник, төрөл, хамрах хүрээ өдрөөс өдөрт шинэчлэгдэн нэмэгдэж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд мэс заслын өмнөх, мэс заслын болон мэс заслын дараах үеүүдийн эмнэлзүйн менежментийн асуудал илүү чухал ач холбогдолтой сэдэв болж байна.

Мэс заслын дээрх үе шатуудад эд эрхтэний цусан хангамжийн дутагдал, цусны урсгалыг дахин

нээх, халдвар, өвдөлт, эдийн гэмтэл, цус алдалт зэрэг инвазив ихтэй асуудал элбэг тохиолддог. Ялангуяа цээж, хэвлийн хөндийн нээлттэй мэс засалд дээрх асуудлууд элбэг тохиолддог. Мэс заслын энэ инвазив байдлаас эргэн сэргэхэд аиьсгал, цусны эргэлт, бодисын солилцоо, дотоод шүүрэл, дархлаа зэрэг бие махбодийн олон үйл ажиллагааныг зохистой хянах шаардлагатай байдаг.       

Энэ өгүүлэлд манай оронд хамгийн элбэг хийгддэг дээр дурдсан цээж, хэвлийн хөндийн нээлттэй мэс заслуудын өмнө болон дараа хийгдэх сэргээн засах эмчилгээний үнэлгээ, түүний ач холбогдол, сэргээн засах эмчилгээний үндсэн зарчим, хийж явуулах арга зүйн талаас дурдах болно.

 

Хоёр. Мэс заслын өмнөх ба дараах үеийн сэргээн засалтын үнэлгээ

Мэс заслын өмнөх болох дараах үеийн үнэлгээг зохистой байдлаар хийж явуулах нь хагалгааны үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээг аюулгүй, үр дүнтэй үзүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой байдаг. Үүний чухал хэрэгцээ шаардлагыг ялангуяа цочмог үеийн яаралтай өвчтөн хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлдэг манай улсын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн сэргээн засах эмч, мэргэжилтнүүд өөрсдийн эмнэлзүйн практикт алхам тутамдаа мэдэрч, анзаарч байгаа болов уу хэмээн бодож байна.  

Мэс заслын өмнөх үеийн үнэлгээ

Мэс заслын өмнө, өвчтөний биеийн ерөнхий байдал, мэс заслын биемахбодид үзүүлэх хор хөнөөлөөс (инвазив) мэс заслын дараах байдлыг урьдчилан таамагласанаар, мэс заслын дараах хүндрэлийн (амьсгалын эрхтний) эрсдлийг үнэлэх, сэргээн засах мэргэжлийн эмч, мэргэжилтний интервенци хир зэрэг шаардагдах эсэх, ямар төрлийн дасгал эмчилгээг чухалчлах вэ гэх мэт асуудлыг илрүүлж тогтоох болно.

Цээж, хэвлийн хөндийн нээлттэй мэс засалд амьсгалын эрхтэнд интервенци хийх асуудал үндсэн зорилго нь байдаг. Хэвтрийн улмаас үүсэх уушигны эмгэгээс урьдчилан сэргийлсэнээр уушгины цулцангийн агааржилтийг хадгалж, сайжруулан, эрт үед хэвтрээс хөндийрүүлж мэс заслын дараах амьсгалын эрхтэний хүндрэлээс сэргийлэх боломжтой болно. Ингэснээр атлектаз,  уушгины үрэвсэл зэрэг амьсгалын эрхтэний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, улмаар богино хугацаанд хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн амьдралд эргэн оруулах нь цээж хэвлийн хөндийн мэс заслын үеийн сэргээн засалтын үндсэн зорилгоо хэрэгжүүлэх боломж бүрддэг байна.

Сэргээн засах эмчилгээнд мэс заслын улмаас өвчтөний бие махбодийн үйл ажиллагаанд ямар янзын өөрчлөлт орох нь вэ?, мэс заслын дараах сэргээн засалтын эцсийн зорилго нь мэс заслын өмнөх байдалд аль болох ойртуулах явдал уу? (хорт хавдарын үеийн цээжний хөндий болон хэвлийн хөндийн нээлттэй мэс засал зэрэг), мэс заслын өмнөх үеэс илүү сайн байдалд хүргэх үү? (зүрхний мэс засал) зэргийг урьдчилан олж тогтоох шаардлагатай байдаг. Үүний тулд өвчтөний биеийн ерөнхий байдал болон мэс заслын ямар арга техник хэрэглэх нь вэ гэдгээс мэс заслын дараах байдлыг таамаглах явдал ихээхэн чухал шаардлагатай асуудлын нэг болно. Мэс заслын үед  биеийн ерөнхий байдал, өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд бэрхшээлтэй өвчтөн элбэг тохиодлох учраас үнэлгээнд тулгуурласан дасгалын агуулга эрчмийг тохируулах, өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд сургах шаардлага зүй ёсоор тулгардаг.

Мэс заслын өмнө сэргээн засалтын үнэлгээнд ашиглагдах асуумж болон биеийн үзлэг болон бусад шинжилгээнүүдийг Хүснэгт 1-д харууллаа.

Өндөр настай уушгины архаг бөглөрөлтөт өвчтэй өвчтөн, зүрхний хавсарсан эмгэгтэй тохиолдол, алхааны чадвар алдагдалтай тохиолдол, биеийн ачаалал даах чадвар буурсан тохиолдол зэрэг мэс заслын эрсдэл өндөр байх магадлалтай тохиолдлуудад мэс заслын өмнөх болох дараах үеүүдэд онцгой анхаарч сэргээн засалтыг хийж явуулах шаардлагатай. Ялангуяа уушгины архаг бөглөрөлтөт өвчний цээжний хөндийн мэс заслын өмнө үед амьсгалын сэргээн засах эмчилгээ илүү чухал ач холбогдолтой. Амьсгалын булчингийн индикатор болох амьсгал авах (PImax) болон гаргах (PEmax) үеийн максимум даралтыг үнэлэх нь эдгээрийн хоорондын харилцан хамаарал,  ханиалгахад оролцох булчингийн хүчний хамааралыг мэдэх, мэс заслын дараах ханиалгах хүч, цэр гадагшлуулах зэрэгт хир хэмжээний дэмжлэг асаргаа шаардлагатайг урьдчилан мэдэхэд ач холбогдолтой. Мэс заслын өмнө хэвлийн амьсгал, өөрөө цэрээ гадагшлуулах арга, цээж мөрний бүслүүрийг суллаж тайвшржжлах, сунгалт хийх аргуудыг зааж сургах нь мэс засла болоод сэргээн засах эмчилгээний үр дүнд сайжруулна.  

Мэс заслын дараах үеийн үнэлгээ

Мэс заслын дараах үнэлгээ нь хагалгааны өмнө үнэлэгдсэн тавиланг магадлах, түүнийг засварлахын сацуу дахин шинээр сэргээн засалч мэргэжилтний тусламж үйлчилгээ үзүүлэх хэмжээ, нэн шаардлагатай дараалал болон интервенци хийх үеийн эрсдлийг хянах зорилгоор хийгдэнэ. Мэс заслын дараах үед зайлшгүй шаардлагатай мэс заслын агуулга, явцыг нягтлах, асуумж болон биеийн үзлэг болон бусад шинжилгээ үнэлгээг Хүснэгт 2-т харууллаа. 

Мэс заслын дараа өвдөлтийн талаар заавал асуумж цуглуулах шаардлагатай. Өвдөлтийн хэмжээ, байрлал, шинж чанар, өдрийн өөрчлөлт, эмчилгээнд үзүүлж буй хариу урвал, гүн амьсгалах болон ханиалгах үеийн нөлөө, өвдөлтийг нэмэгдүүлэх эсхүл өвдөлтгүй байлгах төрх, байрлал, үйл хөдлөл зэргийг сайтар мэдэж авсаны үндсэн дээр яавал өвдөлт мэдрүүлэхгүйгээр сэргээн засалтийг хийж болох вэ гэдгийг бодолцох шаардлагатай.

Мэс заслын үеийн зүрхний хүндрэл болж тосгуурын жирвэлзэх хэм алдагдал өндөр давтамжтай тохиолддог. Ихэнхдээ түр зуурын шинжтэй байх бөгөөд үүнд симпатик мэдрэлийн цочрол, цусны хүчилтөрөгчийн хангамжийн дутагдал, нийт цусны эргэлтийн тогтолцоонд цусны хэмжээ буурах, эрдсийн солилцооны тэнцвэр алдагдал, цээжний нээлттэй хагалгааны нөхцөл байдал зэрэг нөлөөлдөг.

Мэс заслын дараах амьсгалын эрхтний хүндрэлд атлектаз болон уушгины пневмони олонтой тохиолддог. Атлектазид ялгарах шингэний нэмэгдэлт болон мэс ажилбар, бүх биеийн мэдээ алдуулалттай хавсрах хагалгааны дараах уушгины агаарын багтаамж буурах, уушгины хэсэг газрын агаарын солилцоо зэрэг амьсгалын үйл ажиллагааны эмгэг өөрчлөлтүүд агаарын замыг бөглөсний улмаас, уушгины хамгийн зах хязгаарын хэсэг дэх агаарын хэмжээ буурдаг. Тогшиж үзэхэд дүлий чимээ байх бөгөөд чагнахад уушгины цулцангийн амьсгалын чимээ суларсан байдаг.  Цэрийг гадагшлуулах арга хэмжээ болон бронхийн дуран хийж ялгарч буй шингэний соруулж авах нь үр дүнтэй. Пневмонид бол тогших үед мөн дүлий дуу чимээ сонсогдох бол чагнаж үзэхэд хэржигнэх чимээ сонсогдох нь олонтой. Цэр гадагшлуулах заавар, дэмжлэгийг атлектаз, пневмони зэрэг байгаа эсэх, амьсгалын замд ялгарсан шингэний хуримтлал байгаа эсэх нь батлагдсан үед үзүүлэх бөгөөд өөрөө цэрээ гадагшлуулахад хүндрэлтэй, олон удаа нойтон ханиалга, амьсгал гаргах үеийн тасралттай хэржигнүүр амьсгал, тод биш нойтон хэржигнүүр амьсгал зэргийг үндэслэн үнэлгээ хийнэ. Ялангуяа хүчилтөрөгч өгч байсан ч, сатураци нь тогтвортой бус тохиолдолд богино хугацаанд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Ялгарч буй шингэн нь зуурамтгай гадагшлуулахад төвөгтэй байвал амьсгалын замыг чийглэх, бүлээцүүлэх, шингэний тэнцвэрийг зохицуулах, цэр хөөх болон гуурсан хоолой тэлэх эмийн эмчилгээ хийх нь үр дүнтэй.     

   Мэс заслын үеийн дэмийрлийн үнэлгээнд өвчний цочмог шинж байдал, гэнэтийн өөрчлөлт, анхааралгүйдэл, эмх замбараагүй бодол санаа, ухаан санааны түвшингийн өөрчлөлт зэргийг  үнэлдэг өндөр мэдрэг, өвөрмөц чанар бүхий Confusion Assesment Method (CAM) 4 үнэлгээг Олон улсын практикт өргөн ашигладаг. Эрчимт эмчилгээний өрөөнд зориулагдсан CAM-ICU5 гэж байдаг.

Мэс заслын дараа гүний хураагуур судасны тромбо эмболи үүсэх өвчний (Venous thromboembolism: VTE) хувьд өвчтөний нас, мэс заслын төрөл арга, эрсдэлт хүчин зүйлээр эрсдлийг ангилах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай байдаг. Эдгээр урьдчилан сэргийлэх арг ахэмжээнүүд тохиромжтой эсэх, цусны шинжилгээн дэх цусны бүлэгнэлтийн хурд,  амин үзүүлэлтүүд, амьсгалын байдлыг үнэлж, амьсгаадалт цээжээр өвдөх зовиур хэлж байвал яаралтай уушгины тромбоэмболи (pulmonary thromboembolism: PTE) сэжиглэж зохих арга хэмжээг богино хугацаанд авах хэрэгтэй.     

Сэргээн засах эмчилгээнд мэс заслын дараа үүссэн амьсгал, зүрх судас болоод бүх биеийн байдлыг үнэлж, амин үзүүлэлтүүдээс бодит байдал дээрх өөрчлөлтүүд, хариу урвалын хяналтыг хийж явуулна. Хэвтрийн байдалд байхаас нь эхлүүлэн амьсгалах, цэр гадагшлуулах дасгал зэрэгт дасгалжуулах, улмаар орноос босгож өдөр тутмын амьдралын дасгал, биеийн ачаалал даах чадвар, булчингийн хүч сайжруулах дасгал зэргийг хийж явуулна. Үүнд дээрх үнэлгээнүүд чухал ач холбогдолтой бөгөөд тухайн өвчтөний тохиолдол бүрийн эрсдлийг үнэлснээр эрт үед нь урьдчилан сэргийлэх боломжтой болно. Сэргээн засах эмчилгээг хийж явуулахдаа мэс заслын өмнө зааж сургасан зааварчилгааг хийж гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж хийлгүүлнэ.

Мэс заслын өмнө ба дараа үед зөвхөн хөдөлгөөний үйл ажиллагааны болон өдөр тутмын үйл ажиллагааны алдагдал төдийгүй өвчтөний биеийн байдал, мэс заслын төрөл, арга зэргээс үүсэж болох бэрхшээл асуудлыг зохистойгоор үнэлэх асуудал туйлын чухал ач холбогдолтой. Энэ нь эрсдлийн менежмент хийгээд хүндрэлээс урьдчилан сэргийлэх үр дүнд хүргэх юм. 

 

Гурав. Мэс заслын өмнөх ба дараах сэргээн засалт

Сүүлийн жилүүдэд анагаах ухааны өндөр хурдацтай хөгжил дэвшлийн үр дүнд биеийн байдал дорой, өндөр настай хүнд ч цээж болон хэвлийн нээлттэй хагалгаа элбэг хийгдэх болсон Ийм хүмүүс олон эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны дутагдал болон олон тооны хавсарсан эмгэгтэй байх тул хагалгааны дараах эрсдэл илүү өндөр байдаг. Улмаар мэс заслын өмнө үеэс эхлэн хагалгааны дараах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх үүднээс сэргээн засах эмч мэргэжилтний интервенци хийх шаардлагатай болдог.

Мэс заслын өмнөх сэргээн засалтын зорилго

Цээж болон хэвлийн хөндийн нээлттэй мэс заслын өмнөх сэргээн засалтын үндсэн зорилго бол биеийн ерөнхий байдлыг сайжруулах, мэс заслын дараах хүндрэлийг урьдчилан сэргийлж, эрт үеэс хэвтрийн байдлаас босгоход оршдог. Мэс заслын өмнөх үеэс эхлэн энэ зорилго дор өвчтөнд хандалт хийсэний хамгийн ашигтай тал нь эртнээс өвчтөний биеий байдлыг таньж мэдэх явдал, үүн дээр нэмэгдээд мэс заслын өмнө болон дараах өвчтөний сэтгэл зүйн санаа зовних явдлыг багасгах, мэс заслын дараа сэргээн засалтад өвчтөнтэй харилцах харилцаанд харилцан итгэлцлийг бий болгох явдал байдаг.

Мэс заслын өмнөх сэргээн засалт

1) Мэс заслын өмнөх чиглүүлгэ

Цээж, хэвлийн хөндийн нээлттэй мэс заслын дараа өвчтнүүдийн ихэнх нь хэвтэрийн дэглэм сахих шаардлагатай хэмээн боддог тохиодол цөөнгүй байдаг. Ийм учраас мэс заслын өмнөх үеэс биеийн идэвхитэй байдлыг хадгалахын зэрэгцээ, хагалгааны дараа эрт үеэс хэвтрээс хөндийрүүлэх шаардлагатай гэдгийг тэдэнд сайтар тайлбарлаж ойлголуулах асуудал чухал байдаг. Мэс заслын өмнө хийгдэх энэүү чиглүүлэгт мэс заслын дараах эргэн сэргэлтийг төсөөлүүлж чадах эсэх нь  их чухал. Өвчний талаарх тайлар материал, эмнэлзүйн хөтөч ашиглан эрт үед хэвтрээс хөндийрөхийн ач холбогдол болон мэс заслын өмнөөс дараах үе хүртлэх эмчилгээний хөтөлбөрийг танилцуулж тайлбарлах нь маш үр дүнтэй байдаг. Харин мэс заслын өмнө эмчлэгч эмч, мэдээгүйжүүлгийн эмч эмч, сувилагч зэрэг мэргэжилтнүүдийн мэс заслын өмнөх ижил төрлийн олон тооны чиглүүлэг давхцах тул, мэдээллийн хэмжээ олшросоны улмаас ялангуяа настай өвчтөний хувьд эдгээрийг хангалттай сайн ойлголгүйгээр мэс засалд орох явдал гарах хандлага байдаг. Үүний учир дээрх мэргэжилнүүдтэй харилцаа уялдаагаа сайжруулж өвчөнд өгөх заавар зөвлөгөөг аль болох давхардуулахаас зайлсхийж, аль болох чухал асуудлыг тоймлон хүргэх тал дээр анхаарах хэрэгтэй.

 

Венийн судасны тромбоэмболийгоос сэргийлэх

Мэс заслын дараа хэвтрийн дэглэмд хөлийн эрээн булчингийн динамик идэвхи буурсаны улмаас венийн судасны зогсонгошил үүсч, энэ нь венийн судасны тромбоэмболи үүсэх гол шалтгаан болдог. Венийн торобоэмболигоос урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол эрт үед хэвтрээс босгож алхуулах явдал байдаг бөгөөд мэс заслын дараах эрт үелд олон тооны гуурс гэх мэт зүйлийг тавьсан байдаг тул орноос босгох, алхуулахад бэрхшээлтэй асуудлууд олон тохиолддог. Алхуулахаас гадна эластик оймс, тодорхой үечлэлтэйгээр хийлэгдэж даралт өгдөг тусгай багажийн арга байдаг бол хөлийн шагайн үеийн хөдөлгөөн хийх нь венийн торобоэмболигоос урььдчилан сэрийлэхэд илүү тохироомжтой байдаг. Ялангуяа хөлийн шагайн үеийн тавхайгаар ээтийлгэх, махийлгах, дотогшлуулах болон гадагшлуулах хөдөлгөөнийг ээлжлэн өөрөөр нь хийлгүүлэх нь гуяны венийн цусны урсгалын хурдыг нэмэгдүүлээд зогсохгүй, венийн зогсонгишил үүсэхээс сэргийлэхэд үр дүн сайтай6. Мэс заслын дараах мэдээгүйжүүлэлт аажмаар сэргэх үеэс эхлэн хөлийн шагайн хэсгийн хөдөлгөөнийг зорилготойгоор хийхийг мэс заслын өмнөх үеэс зааж зөвлөж сургах хэрэгтэй.

Биеэ суллаж амраах

Мэс заслын дараа хүчилсэн амьсгал, хагалгаа хийсэн хэсэг газрын өвдөлт, биеийн хөдөлгөөний хязгаарлалт зэргээс амьсгалд оролцох бүлэг булчингийн чангарал ихсэх нь амархан байдаг. Амьсгалын дасгал хийхийн өмнө эдгээр булчингуудад иллэг, сунгалт дулаан эмчилгээ зэргийг хавсарч хийсэнээр булчингийн чангаралыг багасгаж, тайван чөлөөтэй гүнзгий амьсгал авахуулахад чиглэгдсэн биеийг суллаж амраах нөхцөл болдог.

Амьсгалын дасгал

Өрцний амьсгал (хэвлийн амьсгал ч гэдэг) нь өрц нэг удаагийн агаарын солилцооны 60 хувьд оролцож байдаг бөгөөд энерги зарцуулалт хамгийн бага, агаар солилцооны үр ашиг өндөртэй амьсгалын арга болдог. Цээж, хэвлийн хөндийн нээлттэй мэс заслын дараа, өрцний амьсгал нь ялангуяа хязгаарлагдаж, функционал үлдэгдэл агаарын хэмжээ болон уушгины багтаамж буурч, уушги шалчийж коллапсийн байдалд амархан ордог. Мэс заслын өмнөөс зориудаар өрцний амьсгалын аргад суралцуулсанаар хагалгааны дараа өрцний агшилтыг сайжруулж, өрцтэй хүрэлцэж буй хоёр талын уушгины доод дэлбэнгийн агаар солилцоог сайжруулж, атлектаз үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Өрцний амьсгалыг зааж сургахад эхлээд өвчтөний хоёр гарыг нэг нэгээр нь цээж, хэвлийн дээр байрлуулж, өвчтөнд өөрт нь амьсгалах аргыг зөв хийж мэдрүүлнэ. Эхлээд хошуу цорвойлгох амьгалааар удаан амьсгал гаргалтыг хийлгэж мэдрүүлнэ. Энэ үед хүчилсэн амьсгал хийхгүй байхыг анхаарах. Зөвхөн дээшээ харсан байрлал бус түрүүлгээ харсан, хажуугаараа харж цээж урагш бөхийсөн гэх мэт төрөл бүрийн байрлалд (цээжний хөндийн мэс засалд бол мэс заслын шархыг дээр нь гаргасан байрлалд хийлгэх) дасгалыг хийлгэж сургах, алгуур гүнзгийн амьсгалын аргыг эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй. Өвчтөнийг өрцний амьсгалд суралцаад хийж чаддаг болоод ирэхэд нь 500 гр аас 3 кг хүртлэх хүндрүүлэгч хэвлий дээр нь тавьж, өрцний булчингийн хүчийг сайжруулах арга хэмжээг бас авах нь үр дүн сайтай байна. Харин энэ үед уушгины тэлэгдлээс болоод өрц нь нэгэн хэвийн болсон өвчтөн дээр өрцний амьсгалын улмаас эсрэгээр амьсгалын чадвар буурах асуудал гарч болох тул анхаарах шаардлагатай. Мөн мэс заслын дараа хагалгааны шархны нөлөөгөөр хэвлийн амьсгал бэрхшээлтэй байх тул цээжний доод хэсгийн амьсгалын дасгал сургуулилтыг бас хийж сурсан байх нь ашигтай байдаг.

Хэнхэрцгийн хөдөлгөөний далайц

Ялангуяа настай хүмүүс дээр хэнхэрцгийн хөдөлгөөний далайц илүү хязгаарлагдсан байх нь элбэг байдаг. Хэнхэрцгийн хөдөлгөөний хязгаарлагдал нь амьсгалын үр ашгийг (Respiration efficiency) бууруулж, амьсгалын бэрхшээлийг нэмэгдүүлдэг. Хэнхэрцгийн далайцын хөдөлгөөн нь энэ байдлыг сайжруулахын тулд ашиглагддаг. Үүнд хавирга хоорондын булчингийн сунгалтын дасгал, амьсгалын дасгал зэрэг багтдаг. Мөн хэвлийгээр харж хэвтсэн болон хажуугаар харж бөхийж хэвтсэн байрлал гэх мэт олон байрлалд амьсгал дэмжих дасгалыг хийлгэвэл хэнхэрцгийн хөдөлгөөний далайц төдийгүй мэс заслын дараах тавиланд ч сайн үр нөлөөг үзүүлнэ. Уушги тайрах мэс засалд цээж нээсэн талд хэнхэрцэг тэлэгдэх чанар буурах, мөрний үений далайц буурах зэрэг асуудлыг бий болгодог тул дээд мөчний дээш өргөх буулгахыг гүнзгий амьсгал авахуулах дасгалтай зэрэгцүүлэн хийлгэх хэрэгтэй.

Инсэнтив спирометер

Цээж, хэвлийн хөндийн мэс заслын үе дэх биеийн ерөнхий мэдээ алдуулалтын улмаас гүнзгийн амьсгал авах (санаа алдах ч гэдэг ) нь ахарилах эсхүл хязгаарлагдах явдал гарах тул цулцан амархан шалчийж, атлектаз болон пневмони зэрэг хүндрэлүүдийг бий болгодог. Инсинтив спирометер гэдэг нь урт гүнзгий амьсгалыг үргэлжлүүлэн хийлгэхийн тулд гүнзгий амьсгал авахуулах буюу санаа алдуулах хэрэгслийн ерөнхий нэр юм. Мэс заслын өмнө инсинтив спирометерийг хэрэглэх нь мэс заслын дараах уушгины хүндрэлээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй болох нь хэд хэдэн санамсаргүй хуваарилттай туршилт судалгаагаар нотлогджээ7,8. Инсинтив спирометер нь агаар авалтын хэмжээг нэмэгдүүлэх агууламжийн хэлбэр, агаар авалтын урсгалыг нэмэгдүүлэх урсгалын хэлбэр гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Мэс заслын дараа гүнзгий амьсгал авалтыг удаан урт үргэлжлүүлэх зорилготой байдаг тул агууламжийн хэлбэр нь илүү тохиромжтой гэж үздэг.

Цэр гадагшлуулах

Амьсгалын зам дахь шингэний ялгаралтын гадагшлах давтамж нь цээж болон хэвлийн хөндийн мэс заслын дараа 4 цаг орчмоос ихсэж, өвчний 3-5 өдөрт хамгийн оргил үедээ хүрдэг гэж үздэг. Ханиалга нь бронхийн 5 дахь салаанаас гол төв хэсэг рүүгээ ялгарсан шингэнийг гадагшлуулахад үр дүнтэй байх бол харин захын амьсгалын замд ялгарч хуримтлагдсан шингэнийг төврүү шилжүүлэхэд huffing гэж хэлэгддэг арга үр дүнтэй байдаг. Энэ нь ердийн ханилгаас шархны өвдөлт багатай, цусны эргэлтийн хөдөлөл зүйд нөлөө багатай арга юм. Энэ үед дундаас доогуур уушгины багтаамжаас эхлэн хэвлийн булчингаа ашиглан удаан уртаар 「ха--- 」 гэж амьсгал гаргалтыг хийж явуулна. Зах хэсгийн мьсгалын замд байгаа ялгарсан шингэнийг төвийн амьсгалын замд ойртож ирэхэд хамгийн их уушгины агаарын багтаамжааас эхлэн аль болох боломжоороо хүчтэй「ха- ха-」 хэмээн 1-2 удаа хийнэ. Энэ үед шархтай хэсгаа гараараа дарж бэхэлж хамгаалсан байвал өвдөлт бага байна. Ингэхдээ цээжний мэс заслын үед цээжинд даралттай боолт хийгдсэн байх тул урьдчилаад шархны ам байгаа хэсгээ хаана байгааг мэдсэн байх хэрэгтэй болно.

Үйл хөдлөлийн зааварчлага

Мэс заслын өмнө үеэс хагалгааны дараах байдлыг төсөөлж үйл хөдлөлийн зааварчлагаа өгөх нь чухал ач холбогдолтой. Хоол боловсруулах дээд замын мэс засалд хүзүүний хэсгийн хөдөлгөөн чухал үүрэгтэй бөгөөд тухайлбал улаан хоолойн нөхөн сэргээх мэс засалд залгасан хэсгийн бүрэн бүтэн байдлыг сэргийлж хангахад хүзүүний тэнийлгэх буюу гэдийх үйлдлийг 1 сар орчим хийхгүй байхыг зааварлах. Цээжний эгц өмнө байрлалаар нээх мэс заслын хувьд хагалгаанаас хойш 2-3 сар орчим цээж, их биеийн эргэх, мушгих, цээжээ дэлгэж тэнийлгэх үйл хөдлөл, цээжний хөхний том булчингийн агших хөдөлгөөн (5 кг дээш юм өргөх) зэргийг хийхгүй байхыг зааварчлах. Дээшээ харсан байрлалаас өндийж босох үйлдлийг хийхдээ хоёр өвдөгөө босгож, хоёр гараараа өөрийнхөө цээжээ тэврэн өнхөрөнгөө хажуугаараа хармагц хоёр хөлөө орлуу унжуулж тохойлдож босох, энэ үед орны ирмэгээс хүчтэй татахгүй байхыг сануулах, хэвтэхдээ мөн үүний эсрэг дарааллаар үйлдэл хийхийг зааврачилж өгсөн байвал сайн.

Бүх биеийн тэсвэр хөгжүүлэх дасгал

Мэс заслын өмнөх үеэс зүрх амьсгалын нөөц чадвар буурах нь мэс заслын дараах хүндрэлийн эрсдлийг нэмэгдүүлж, амьдрах чадварт ихээхэн нөлөөлдөг байна. Цээжний хөндийн хоол боловсруулах эрхтний хавдрын мэс заслын өмнө зүрх амьсгалын үйл ажиллагааг дасгалжуулсанаар хүчилтөрөгчийн максимум зарцуулалтын хэмжээ, доод мөчний булчингийн хүч мэдэгдэхүйц нэмэгдэж, хагалгааны дараах хэвтрийн байдлаас хөндийрөх хугацаа богиносож, мэс заслын дараах хүндрэлийн эрсдэл буурдаг байна. Ийм учраас мэс заслын өмнөх үеэс зүрх амьсгалын үйл ажилагааг хүчжүүлж биеийн идэвхитэй байдлын хэмжээг нэмэгдүүлэх явдал чухал.

 

Дөрөв. Төгсгөл

Мэс заслын үеийн сэргээн засалтын зорилго нь зөвхөн「амьсгалын эрхтэний хүндрэлээс урьдчилан сэргийлэх」байсан бол сүүлийн жилүүдэд「бүх биеийн хяналт, хүндрэлээс урьдчилсан сэргийлэх」зорилго руу өөрчлөгдөж ирж байгаа бөгөөд мэс заслын дараах эргэн сэргэлтийг сайжруулах (Enhanced Recovery After Surgery; ERAS) хөтөлбөр болон fast –track rehabilitation 10 зэрэг олон мэргэжилтний цогц хандалт нь үр дүнгээ өгч байна. Хойшид мэс заслын үеийн сэргээн засалтыг хийж явуулахад дээр дурдсан олон мэргэжилтний багийн хандалтаар тусламж үйлчилгээг үр дүнтэй хүргэх шаардлагатай байгааг харуулж байна.  

 

Ном зүй

1. Sager MA, Franke T, Inouye SK, Landefeld CS, Morgan TM, Rudberg MA, Siebens H, Winograd CH. Functional outcomes of acute medical illness and hospitalization in older persons. Archives of Internal Medicine.1996; 156(6):645.
2. Suesada MM, Martins MA, Carvalho CRF. Effect of Short-Term Hospitalization on Functional Capacity in Patients Not Restricted to Bed. American Journal of Physical Medicine & Rehabilitation.2007; 86(6): 455-462 10.1097/PHM.0b013e31805b7566.
3. Valkenet K, van de Port, IG, Dronkers JJ, de Vries WR, Lindeman E, Backx FJ. The effects of preoperative exercise therapy on postoperative outcome: a systematic review. Clin Rehabil.2011;25(2):99-111.
4. Inouye SK, van Dykc CH, Alessi CA, et al : Clarifying confusion : the confusion assessment method. A new method for detection of delirium. Ann Intern Med 113 : 941-948, 1990
5. Ely EW, Margolin R, Francis J, et al : Evaluation of delirium in critically ill patients ; validation of the Confusion Assessment Method for the Intensive Care Unit (CAM-ICU). Crit Care Med 29 : 1370-1379, 2001
6. Sochart DH, et al : The raltionship of foot and ankle movements to venous return in the lower limb. J Bone Joint Surg Br 81 : 700-704, 1999
7. Hulzebos EH, et al : Preoperative intensive inspiratory muscle training to prevent postoperative pulmonary complications in high-risk patients undergoing CABG surgery. JAMA 296 : 1851-1857, 2006
8. Dronkers J, et al : Prevention of pulmonary complications after upper abdominal surgery by preoperative intensive inspiratory muscle training: a randomized controlled pilot study. Clin Rehabili 22 : 134-142. 2008
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3691
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК